Ч.ГАНТУЛГА

“Хүннү молл” төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Эдгээр өдрүүдэд Монгол Улс анх удаа эх орондоо Дэлхийн өсвөрийн шатарчдын олимпиадыг зохион байгуулж байна. Дэлхийн  23 орны 16 нас хүртэлх өсвөрийн 170 гаруй шатарчин манай улсад иржээ. Тоглолтын гурав дахь өдөр учир тоглогчид харьцангуй бага байв. Зарим нь ээлжээ хүлээн буудалдаа тухалж байгаа бол нэг хэсэг нь өглөөний ээлжинд тоглоод буцсан тухай зохион байгуулагчид тайлбарласан. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил энэ олимпиадыг эх орондоо зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст  тус эрхийг авсан юм байна. Энэ нь Монголын шатрын хөгжлийг тодорхойлох, тоглогчидоо дэлхийд сурталчлах, дэлхийн тамирчидтай өрсөлдөх боломжийг нээх зорилготой аж. Дэлхийн 186 орныг нэгтгэсэн Олон улсын шатрын холбоо нь жилд тив, дэлхийн төвшний 50 гаруй тэмцээнийг зохион байгуулдаг юм. Анх 2008 оноос Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулж эхэлжээ. Харин тус холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжинов “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа өсвөрийн шатарчид ур чадвараараа дэлхийд манлайлах төвшинд ирж. Тиймээс энэ удаагийн тэмцээнээ Монголд зохион байгуулах нь зөв шийдвэр байсан” гэв. Түүнээс Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуухад “Монгол Улсын тухай би сайн мэднэ. Ард түмэн нь сайхан сэтгэлтэй, уужуу тайван улс. Хөгжлөөрөө ч бусад улстай эн тэнцэхүйц хурдан хөгжиж байна. Өндөр барилга, зам талбай ч олон болж” гэлээ.

Энэ удаагийн олим­пиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг төвшнөөрөө дэлхийд манлайлдаг томоохон багууд оролцож байна. Харин манай улсаас 10 багийн 50 тамирчин тэдэнтэй оюун ухаанаараа өрсөлдөж буй. Монголын шатрын холбоо 1955 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 21 аймагт салбартай, нийт 3500 гишүүнтэй болжээ. Эдгээрээс авьяас чадвараараа шилэгдсэн зөвхөн “мундгууд” энэ удаагийн олимпиадад өрсөлдөж байна. Холбооныхоо тухай УИХ-ын гишүүн Я.Санжмятав: “Өнгөрсөн жил бид Завхан аймагт 9999 өсвөрийн шатарчид цугласан наадам зохион байгуулсан. Үүнийг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлсэн. Ерөнхийлөгч Кирсан  Илюмжинов өөрийн биеэр хүрэлцэн ирж манай хүүхдүүдэд шагнал гардуулж байлаа. Мөн 10182 хүүхдийг дэлхийн шатрын холбоонд гишүү­нээр элсүүлхээр болсон” хэмээв. Тоглолтын үеэр зарим тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Монголын тамирчин, 14 настай Э.Болдоо:

ГУРАВ ДАХЬ УДААГАА ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

-Анх найман настай­гаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Энэ спорт оюун ухаан төлөвшүүлэх, тэвчээртэй болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой. Энэ олимпиад миний оролцож байгаа гурав дахь удаагийн олон улсын тэмцээн. Өнгөрсөн жил сонирхогчийн ДАШТ-ээс Зүүн Азийн аваргаас хүрэл медаль авсан. Мөн улсын  гурван  удаагийн аварга болж байсан. Одоогоор Солонгос улс руу Азийн аваргад явах бэлтгэлээ хангаж байна.

Монголын тамирчин, 15 настай Б.Мөнгөнзул:

УДАХГҮЙ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

-2010 оноос таван настайгаасаа энэ спортоор хичээллэсэн. Анх цэцэрлэгт байх үед н.Энхжаргал багш шатрын дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж авсан юм. Одоо би “Хангарьд” клубын н.Баттулга багштайгаа бэлтгэлээ хийж байна. Анх Азийн аваргад оролцож мөнгөн медаль авсан. Өнгөрсөн онд Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. Шатар тоглохоор математикийн хичээлд их сайжирдаг юм билээ. Миний хувьд ирэх аравдугаар сард дэлхийн аваргын тэмцээнд явна. Тиймээс энэ удаагийн олимпиад туршлага, бэлтгэл болж байна.

Монголын тамирчин, 10 настай Б.Номин:

КАНАДЫН ТАМИРЧИД ХҮЧТЭЙ БАЙНА

-Энэтхэгийн Дошмак гэдэг их сайн тоглогч байдаг. Гэхдээ энэ тэмцээнд оролцоогүй. Оролцож байгаа орнуудаас гэвэл Канад, Вьетнам, Орос улсын тамирчдыг л хамгийн том өрсөлдөгчид гэж бодож байна. Ялангуяа Канадын тамирчид илүү хүчтэй, туршлагатай санагдаж байна.

Канадын тамирчин, 12 настай Том:

МОНГОЛ ТАМИРЧИДТАЙ АНХ УДАА ТОГЛОЛОО

-Би Канад улсаас ирсэн. Монгол Улсад анх удаа ирж байна. Энэ тэмцээнд оролцох болсноор тив, тивийн олон найзтай бол­сон шүү. Өмнө нь монгол тамирчинтай тоглож үзээгүй. Тэмцээний өмнө туршлага солилцож, тоглож үзлээ. Танай улсын тамирчдыг хурдацтай хөгжиж байгаа гэж цахим ертөнцөөс сонссон нь үнэн юм билээ.

Хятадын тамирчин, 15 настай Ху Жин:

МАНАЙ БАГ ЗААВАЛ ЯЛНА

-Би Хятад улсаас энэ удаагийн олимпиадад ороцож байна. Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагатай. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм олон хүүхдүүдтэй өрсөлдөж байгаагүй ч манай баг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би энэ удаагийн тэмцээнд заавал амжилт гаргана гэж ээждээ амласан.

Энэ удаагийн олим­пиа­дыг зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагджээ. Үүний  70 сая төгрөгийг Засгийн газрын төсвөөс, үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлүүдээс гаргасан байна. Дэлхийн хэмжээний тэмцээн учир сайн чанарын шатар, ширээний цагийг шинээр авах шаардлагатай тул Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг захиалж хийлгэжээ.  Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин