Д.МЯГМАР
Тендер орой зарласнаас болж нийслэлийн бүтээн байгуулалтын ажил саатлаа гэсэн яриа цаашид дахин гарахгүй болов уу. Учир нь нийслэлд энэ асуудлыг цогцоор нь шийдэж, хариуцахаар Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад дөрвөн сар болжээ. Тус газрын дарга Ю.Идэрцогттой шинэ албаных нь талаар ярилцлаа.
-Нийслэлд анх удаа тендерийг зохицуулдаг албан ёсны байгууллагатай боллоо. Шинэ газар ажлаа базааж, төвхнөж чадсан уу?
-Засгийн газраас төрийн худалдан авалтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, бие даасан байдлаар ажиллуулахаар шийдвэр гарч нийслэлд Худалдан авах ажиллагааны газрыг анх удаа байгуулаад байна. Тендер нь араасаа байнга хэл ам, хардлага сэрдлэг дагуулж байдаг. Үүнийг л арилгах нь манай газрыг байгуулсны нэг зорилго. Тендер буюу худалдан авалтыг бүр мэргэжлийн байгууллага мэргэжлийн төвшинд сайн зохион байгуулдаг болъё гэж шинэчлэлийн Засгийн газраас зорьж байна. Байгууллага бүрийн даргын чадвар, үзэмж, мэдлэг зэргээс үүдэж алдаа гарах магадлал их байсан л даа. Байгууллага хоорондын ажлын уялдаагүй зэрэг шалтгаанаар ч мөн мөнгө зарж хийсэн ажил дутуу, дулимаг болох, тендер дахих, маргаан, алдаа гарах зэргээр олон асуудал дагуулдаг байсныг зогсоох шаардлагатай. Авлига, хээл хахуультай холбоотой асуудал ч гардаг. Энэ олон асуудлыг дахин гаргахгүйн тулд нэг байгууллагаар, нэгдсэн удирдлагатайгаар мэргэжлийн байгууллага ил тод зохион байгуулдаг болох юм. Манай толгой байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар гэж байгаа, аймаг, нийслэл дүүрэгт бас газар, алба байгуулагдсан. Манай бүтэц гэхэд одоогоор 50 хүнтэй. Тамга, тэмдэг авахаас эхлээд, хүний нөөцөө бүрдүүлж сургах, байр, тасалгаагаа тохижуулах, хөрөнгө оруулалтын төлөвөгөөт ажлуудыг хүлээж авах, хавартаа багтаж тендерүүдээ зарлах зэрэг бүх ажлыг бид эхний цэгээс нь эхэлж олон ажлыг амжууллаа.
-Өмнөх тендерийн шалгаруулдаг арга өөрчлөгдөж байгаа юу
-Тийм. Оны өмнөөс хэрэгжиж байгаа шинэ хуулиар үнэлгээний хороо хараат бусаар ажиллах заалтыг илүү тодорхой болгосон. Мэргэжлийн байгууллагын төлөөлөл, иргэний төлөөлөл аливаа тендер шалгаруулалтын багт орсон байх ёстой. Ингэж байж бусдын нөлөөнд автахгүй байх нэг алхам болно. Иргэний болоод мэргэжлийн холбоодын төлөөллийн гол зорилго нь тендерийн шударга явагдаж байгаад хяналтаа тавих.
-Иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллийг танай тендерийн хороонд ямар шалгуураар авав?
-Манай багт ажиллах эрх хэнд ч нээлттэй, чөлөөтэй. Аль компанийг хэрхэн шалгаруулах нь Үнэлгээний хорооны ажил. Энэ хороо хамгийн гол нь хараат бусаар ажиллах ёстой. Хуулийн дагуу НИТХ-аас иргэдийн нэрс ирсэн бол харин төрийн бус байгууллагууд өөрсдөө мэдээлэлтэй учраас, бид үнэлгээний хороонд ийм хүмүүсийг ажиллуулъя гэж нэрсээ ирүүлж байна. Нэг дутагдал нь манайхаас энэ л хүнийг оролцуулна гэж төрийн бус байгууллагаас санал ирүүлдэг. Бид үнэлгээний олон хороо байгуулах ёстой. Сонголттой байхын тулд олон хүний нэр шаардаж авч байгаа. Тэрнээс биш үнэлгээний хороонд дандаа нэг хүнийг оруулж болохгүй. Ингэснээр тухайн үнэлгээ бусдын нөлөөнд автахгүй, хэт давуу байдал үүсэхгүй.
-Нийслэлийн хэмжээнд энэ жил хэчнээн ажил гүйцэтгэхээр тендер зарлав?
- Одоогоор бидэнд эрх шилжиж ирсэн 100 ажил байна. Бидний үүрэг бол гүйцэтгэгчийг шалгаруулаад захиалагчид зөвлөмж хүргүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 23 ажлын гүйцэтгэгч компанийг шалгаруулж зөвлөмж хүргүүлжээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа 13 ажил байгаа. Тендерийн материал хүлээж авч байгаа буюу тендер зарлачихсан 31 ажил байна. Тендерийн материал боловсруулж байгаа есөн ажил байна. Хойшлогдож түр хүлээгдэж байгаа хэдэн тендер байгаа. Шалтгаан нь тендер зарлахын өмнө бүрдүүлэх ёстой зарим ажил дутуу байгааг хүлээж байна. Тухайлбал газрын асуудлаа шийдэж, захирамж гарсан байх ёстой. Зураг, төсөл нь боловсруулагдсан байх ёстой. Экспертизийн дүгнэлт ажлын даалгавар нь бүрэн гарсан байх ёстой. Дээрх ажлаас аль нэг нь дутуу учраас тэр зарим тендерийг зарлалгүй хүлээхээс өөр арга алга. Түр хойшилсон ажил гэж хэлж болно. Манай үнэлгээний хорооны гишүүд энэ дутуу ажлын араас явж, яаравчлуулах, хаана юун дээр гацаж байгааг тогтоож хурдавчлуулах ажлыг зохион байгуулж байна.
-Тендерийн ажлыг зохион байгуулдаг газартай болсноор өмнөх жилүүдийн ажлаас ялгарах зүйл байна уу?
-Мэргэжлийн багийг бид байгуулчихлаа. Мэргэжлийн байгууллага энэ ажлыг дангаар хариуцсанаар худалдан авалтын чанар өөр болно. Тэр хэрээр нийгэмд бүтээн байгуулж байгаа ажлууд чанартай болно. Ялагчийг шударгаар шалгаруулна. Нийгэмд таатай байдал бий болно. Нийслэлд бүх мэдээллийг нээлттэй болгох талаар хотын дарга Э.Бат-Үүл шаардаж байгаа. Манай газар цахим хуудастай болсон. Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүдийг нээлттэйгээр цахим хуудаст байрлуулдаг болно. Ямар компани тендерт оролцоод яаж ялав, ямар учраас ялагдав гэдгийг бид тухай бүрт нь цахим хуудастаа мэдээлнэ. Үнэлгээний хорооны гишүүд ажилдаа хандах, хуралд оролцохдоо бусдын нөлөөнд автахгүй шударга байгаа эсэхийг ажиглагч хөндлөнгийн иргэн хараад сууж байна. Төрийн бус байгууллагынхан байр сууриа барьж, тэр хурал ном дүрмээрээ явж байгаа эсэхийг ажиглана. Өнөөдрийн байдлаар энэ ажлаа асуудалгүй зохион байгуулж байгаа. Хотын удирдлагуудаас тухайн чиглэлийг хариуцсан Засаг даргын орлогч тендерийн хорооны хурлыг удирдах жишээтэй. Манайхаас зарлаж байгаа тендер шалгаруулалтын комисст тал талын бүрэлдэхүүн орсон учраас элдэв хэл ам гомдол гарахгүй л болов уу.
-Тендер шалгаруулалтын нэг зовлонтой тал нь хамгийн хямд үнийг баримталдаг. Эргээд хийсэн ажил нь чанаргүй болох тохиолдол олонтаа гарч байсан. Үүнийг өөрчлөх цаг болоогүй юм уу?
-Таны хэлсэн шүүмжлэлийг бид өөрчлөхөөр ажиллаж байна. Гэхдээ ганц дайралтаар бүх ажлыг сайхан болгох амаргүй. Манай газарт ажлын хэсэг байгуулж хямд үнийн асуудлыг яаж зөвөөр зохицуулах талаар зөвлөлдөж байна. Хямд үнэ үнэндээ чанаргүй ажил гэсэн логик байна. Үнийг дагаж чанар явдаг. Үүнийг бид зохицуулахын тулд хуульд заасан “харьцуулсан хямд үнэ”-ийг яаж тооцохоо ярилцаж байна. “Харьцуулсан хямд үнэ”-ийг хамгийн чанартай үнэ болгомоор байна. Үүнийг цаашид яаж сайжруулах талаар гарц хайж байгаа. Мөн цаасан дээр байгаа материалаас илүү энэ компани газар дээрээ хэрхэн ажиллаж, ямар бүтээн байгуулалтыг хэрхэн хийж байгааг бид анхаарч байна. Ямар технологи материал ашиглах вэ, хэр туршлагатай инженер удирдах вэ, санхүүгийн чадвар сайн уу, хүн хүч, техникийн хүчин чадал, ажиллах боломж нь хэр байгаа талаар харгалзаж бид цааснаас хальж, цаадахыг нь хармаар байна.
-Борооны усыг өнгөрүүлж чадахгүй эвдэрдэг, тааруу зам барьчихаад улсын мөнгийг сордог компаниуд Монголд цөөнгүй бий. Тэдний толгойг цаашид илсээр байх уу?
-Ажлыг чанартай хийлгэхийн тулд байгууллага хоорондын уялдаа сайн байх ёстой. Манайх тендерийг шалгаруулаад гэрээ хийх зөвлөмжийг нь өгдөг. Гэрээг нь хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг Авто замын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцна. Боломжийн хэрээр хяналтад нь манай газар давхар оролцох санал гаргаж байна. Тухайн компани бидэнд нэг их мундаг зүйл амлаж, сүрхий ажил хийнэ гээд цаасан дээр бичсэн ажлын төлөвлөгөө ирүүлдэг. Бодит байдал дээр ажлаа хийж чадаж байгаа эсэхийг бид хянана. Үнэхээр тааруу ажилласан бол “Та уучлаарай” гэж хэлээд дараа нь дахин тендерт оролцох эрхийг нь хасъя. Манайх бас нэг ажил сэдсэн. Тендерт шалгарагсдын ажилд ажлаа хэрхэн хийж байгаа талаар иргэд хяналт тавих боломжийг цахим хуудсаараа дамжуулан олгож байна. Хаана ямар ажлыг, ямар компани хэдий хугацаанд төсвийн хэчнээн төгрөгөөр хэрхэн барьж байгаа талаарх мэдээллийг бид цахим хуудастаа бүрэн байршуулж эхэлсэн. Хотын газрын зураг дээр харилцах утсыг нь оруулсан байгаа. Элдэв санал, сэтгэгдэл байвал манай газрын цахим хуудсаар орж мэдээллээ үлдээж болно. Бид эргээд хариу мэдэгдэх болно. Иргэний оролцоо гэж үүнийг хэлж болно. Нийслэлийнхний төлөө хийж байгаа ажилд иргэд сэтгэгдлээ хэлдэг, санал шүүмжлэлээр оролцдог байх ёстой.