Э.ӨНӨР
Ерөнхийлөгчийн сонгуулиас ганц сарын өмнө тохиож буй онцгой айлчлалын нэг нь хойд хөршийн ган замын удирдагчийнх байх нь. Төрийн тэргүүний сонгуулийг угтсан өнгө өнгийн пиарын давалгаа Ардчилсан орнуудын сайд нарын хурлаар үргэлжилсэн бол ирэх долоо хоногт Кремлийн төлөөлөгчийн уулзалтаар буухиалах юм.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн В.Путины нөгөө “тал” гэгддэг Д.Медведев манайд зочлоод буцсан. Ингэхдээ ярьсан гол сэдэв нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж авахад шаардлагатай 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл байх тухай Сангийн сайд асан С.Баярцогт хэлж байв. “Женко” Х.Баттулга тухайн үед “Оросын талаас төмөр замд оруулах 1,5 тэрбум ам.долларын хөрөнгийг шийдэх байх” гэж найдлагаа хуваалцаж байлаа. Ингэснээр Тавантолгойн нүүрсийг хил давуулах олон зуун км ган замын анхны шат тавигдана хэмээн тэрээр үзэж байв. Гэвч эдгээрийн үр дүн нь зөвхөн Өмнөд Солонгосын 300 сая “ногоон”-ы хөнгөлөлттэй зээлээр солигдсон юм. Энэхүү зээлийг агаарын бохирдол бууруулах төсөлд зарцуулах бөгөөд эргэн төлөх хугацаа 35 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм билээ. Ингэхээр Москва хотын анхны баримлын хивс нь болсон алдарт улаан талбайн удирдагчдын цаг заваа заран байж ирсэн айлчлал аялал төдийхөн болоод өнгөрсөн хэмээн судлаачид дүгнэсэн нь бий. Нөгөө талаар Тавантолгойн Зүүн Цанхид оросуудыг ойртуулаагүй болохоор энэ зээл нь “царцсан” гэж улстөр судлаач зарим хүн хэлж байна.
Энэ удаад “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Улаанбаатарт ирэх амралтын өдөр ганц хоног саатаад нутаг буцна. В.Путиний баруун гар, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар В.В.Магдей агсныг томилуулж байснаар нь түүнийг бид мэднэ. Тэрээр Ерөнхий сайдад бараалхах хүсэлтээ хоёр ч удаа тавьж удаах захидлаа “гарт нь өгөөрэй” гэж захисныг гадаад, дотоодын хэвлэлүүд мэдээлэв. Энгийн хурал, уулзалтад тэгтлээ анхаарал хандуулахгүй байх. Ахмад төмөр замчин, эдийн засагчид эл уулзалтыг Тавантолгойгоос эхлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбон тайлбарлаж буй ч гол сэдэв нь хөшигний цаана үлдэнэ хэмээн зарим хүн тааварлаж байна. Барилга угсралтын “Хялман” компанийн зөвлөх Б.Гантөмөр “Шинэ төмөр замын тендерт 20-иод компани саналаа ирүүлснээс Оросын тал түрүүлж дуугарлаа. Мөн Монголын өргөн царигийн бодлого дээр В.Якунин тоглохыг үгүйсгэхгүй” гэсэн бол төмөр замын ахмад инженер Д.Дашзэвэг “Энэ салбарт манайх Оростой хамтрах нь оновчтой. Гэхдээ тэд “Шинэ төмөр зам” компанийн хувьд давуу талаа ашиглаж 49 хувийг 50 болго гэж шахах вий” гэжээ. Тэгвэл “Даашинзтай сурвалжлагууд”-ын эзэн, нийтлэлч Л.Болормаа “Якунин яагаад ирэх болов” нийтлэлдээ “Монгол Улсад шинээр байгуулах төмөр замын суурь бүтцэд Орос улс урьдын адил том хувь эзэмших ёстойг дуулгахаар шамдсан гэсэн үг. Тендер зарлаж олон компани урих тусам “Оросын төмөр замууд” нэгдлийн оролцоо хувь жижигрэнэ гэдгийг тайлбарлахыг тэрбээр хүсч байна” хэмээн дурдсан байв.
Орос эрхмийн айлчлалыг арай өөр талаас тайлбарлах бас нэг өнцгийг судлаачид хэлээд байна. Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан олборлогч “Чалко”-гийн гэрээ, “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрсний экспорттой холбоотой гэж үзэх нэг нь ч байна. Монголын Засгийн газар Хятадын төрийн өмчийн компанитай хийсэн гэрээг эргэн харж, Тавантолгойн нүүрсийг дахин өмнөд рүү зүглүүлэх сургаар хойд зүгийн элч айлчлах хүсэлтээ дахин илгээсэн. Илгээлт ирснээс хойш тав хоногийн дараа Тавантолгойн нүүрс 56 ам.доллараар урд хөршийг зорихоор болов. Монголчууд Хятадтай гэрээгээ сэргээж, нүүрсээ гаргахад дахин нэгдэх төлөв эхнээсээ ажиглагдсан болохоор тэрээр ийн яарсан ч байж мэдэх. Эдийн засгийн ашиг сонирхлын огтлолцлууд ийнхүү олон цэгт давхцаад байна. Харин улс төрийн дэвжээнд бодит үр дүнгийн эрэл үү, Ерөнхийлөгчийн сонгуулийн оноо цуглуулж өгөх буухиа юу гэдгийг В.Якунин өөрөө хэлээд өгөх биз.