Д.ЦЭРЭННАДМИД

ӨВ СОЁЛЫН ӨЛГИЙ-ЭНЭТХЭГ

Энэтхэгийг эрдэмтэн мэргэд Жагарын орон хэмээн бичсэн нь бий. Үүний учрыг тунгаавал Энэтхэг хэмээх нэрийг санскритаар нэрлэсэн нь тэр юм билээ.  Энэ орны тухай дунд сургуульд бай­хаасаа л уншиж мэдсэн, бид. Харин нүдээрээ үзэх завшаан олдсон нь аз бай­лаа. Энэтхэг өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх орон. Чухамхүү энэ улсад хиндү болон буддын шашин, синх, жайни зэрэг хавсрага шашнууд бий болжээ. Ерөөс маш эртний орон юм гэдэг нь өнөөдрийн дүр төрхөөсөө ч харагдаж байна лээ.

Олон зуун жилийн турш бусдын эрхшээлд байсан энэтхэгчүүд өнгөр­сөн зууны эхээр тусгаар тогтнолынхоо төлөө тэм­цэж эхэлсэн. Энэтхэг түм­ний эцэг хэмээгддэг Махатма Гандигийн удирдсан хөдөлгөөн 1947 оны наймдугаар сарын 15-нд ялалт байгуулж бүрэн тусгаар улс болсон  нь түүхийн алтан үе нь юм.

1950-иад оны эхээр Үндсэн хуулиа баталж парламентийн засаглал­тай төр, улсаа байгуулжээ. Өнөөдрийн Энэтхэгийн тухай бараг хүн бүр мэдэх болсон цаг дор олныг нурших нь илүүц биз ээ. Гэхдээ товчхон өгүүлбэл дэлхийн 100 гаруй оронтой улс төр, эдийн засгийн өргөн харилцаатай. Нэг үе тэрбум хүрч буй иргэдээ тэжээхэд багагүй бэрх­шээл­тэй тулгарч байсан бол одоо эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа орны тоонд яваа юм билээ. Дэлхийн олон оронд хөрөнгө оруулалт хийж байна.  Гадаад худалдаа нь ч өсч Монгол Улстай өргөн холбоотой байдаг. Бас нэг онцлог нь тус орны зүүн хойд хэсгээр Монгол уг­саатнууд олон амьдардаг аж. Дарамсала болон өм­нөд мужид ч 700-800 жи­лийн өмнө очсон монгол­чууд  бий  гэж судлаа­чид хэлдэг.

Энэ бүхэн хоёр улсын өнөөгийнхөнд ч элэг нэгтэй байх үндэс нь аж. Энэтхэгчүүд хэл, соёл,  зан заншлаа өвлөн хад­галж үлдсэнээрээ бусдаас онцлоготой гэдэг. Тийм болохоор гадны хүний нүдэнд илүү содон байдаг бололтойг бид аяллынхаа явцад анзаарч явлаа. Эртний соёлын нэг нь гар урлал, оёмол бүтээгдэхүүн байдаг нь уламжилсан хэвээр юм. Нийслэл Дели хот ч мөн л дээхнэ үеийнх­нээрээ. Орчин үеийн өн­дөр байшин ховор.  Гудам­жаар нь явахад барилгын орой дээвэр харах  гэж хүзүүгээ чилээх хэрэггүй. Зүгээр л замын хоёр талын ногоон  төглийг харж явах юм билээ.

Харин тэрбум давсан  хүнтэйг илчлэх мэт гудамжаар хүн, машин нь холилдох шахам урсах. Зам тээврийн аюулгүй байдал гэж нэг их анзаар­даггүй янзтай. Машин тэргэнд зүүгдсэн, мото­цикльд хэдээр хамаагүй сундалсан залуус гудам­жийг цирк мэт болгож байх шиг санагдуулна. Үүнийг нутгийнхан нь тайлбарлахдаа хамгийн сайн сигналдсан жолооч л хамгийн урд явдаг юм даа гэж байна лээ.

Бас энэтхэгчүүд унаа машинаа ар талыг өнгө бүрийн будгаар эрээлж, туг цацгаар чимсэн байх юм.

Энэтхэгт бас нэг онц­лог юм нь гудамж талбайд худалдаа хийх эрх чөлөө. Бараа туруунаас эхлээд хоол унд ер юу ч зарж болох янзтай. Эд юмны үнэ тун хямдавтар юм. Бидэнд үйлчилж явсан Жамц гэдэг жолоочийн хэлснээр өөрөө сард 100-хан рупийн цалин авдаг гэдэг хэтэрхий бага юм шиг. Үүгээрээ болгож л амьдарч байгаа гэх нь Энэтхэгт угаасаа амьжир­гааны өртөг өндөр бишийг илтгэж байна.

Их аз жаргалтай хү­мүүс тэнд байдаг ч тэднийг харах гэж энд гадаадынхан ирдэг гэвэл худлаа юм шиг. Харин ядуу зүдүү, хээр хоносон, хөл нүцгэн тэнэмлүүд дэн­дүү олон. Зам хөндөлсөн алгаа тосч зогсох гуйл­гачин алхам тутамд таа­ралдана. Энэ бүхнийг ха­раад Брэн Чандын “Ядуу­гийн зовлон”,  Кришан Чандарын “Мянган эрийн сэтгэл булаасан бүсгүй” хэмээх олон жи­лийн өмнө  уншсан алдар­тай зохиолуудын үйл яв­дал сэргээгдэн бодогдож явлаа.

Дели хотын төв гудам­жаар алхах явцад өнгөр­сөн, ирээдүй хоёрын заа­гийн мэдрэх шиг л болно. Ер нь энэ газар аялахын утга учир нь урьдын үзээ­гүйгээ хараад өөрийн эрх­гүй дуу алдах сэтгэл хөд­лөл биш дэлхийн нэгэн жинхэнэ эрх чөлөө, жин­хэнэ бай­галь, жинхэнэ уугуул амьд­­ралын хэмнэ­лийг харах явдал ажээ.

 

ХАЙРЫН СҮМ ХЭМЭЭХ ТАЖ МАХАЛ

Бид Делид саатах хугацаандаа өдөр бүр л содон бүхнийг үзэж мэдэрч явлаа. Түүний нэг нь Энэтхэг орны нэрийн хуудас болсон алдарт сүм Таж Махал. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон энэ сүмд Дели хотоос 250 км явж хүрнэ. Замдаа Энэтхэгийн хөдөөг тольдож болох аж. Ой мод багатай газар бүхэн л тариалангийн талбай юм.

Овоолсон будаа, сүрэл хааяагүй нь жилийн нэгэн ээлжийн тариа хураалт дуусч буй бололтой. Үхэр, илжиг хөллөсөн тэрэг зө­рөлдөж харагдана. Хөдөө­гийн тариачдын сууц ха­рин догь юм шиг. Сүрлээр барьсан гэрүүд айлсан бөмбийнө. Тэмээнд ач­маар том ачааг толгойдоо өргөсөн бүсгүйчүүд хэд гурваараа явах юм. Хөдөөд өнгө нэмсэн. Тэр гэж ч болохоор. Аялалын зам эвхэгдсээр бид Агра хотод очлоо. Энэ хот их Могол Улсын үеийнх гэдгийг сонссон.

Энэ хотын дүр зураг нь гэвэл гэрэл сүүдэр хосолсон амьдралын элдэв өнгө төрх, гудамж замын эмх замбараагүй хөдөл­гөөн, утга учиргүй чих­цэлдээн зэрэгцэн оршсон газар байв. Хуучирч нураагүй байшин ховор. Тэр дунд орчин үеийн гэгдэхээр барилга байшин хуруу дарам цөөн юм. Түүх сөхвөл энэ хот Утар Эрдеш муж улсын гол хот нь байж. Тухайн үедээ 800 мянган хүнтэй, гар урла­лаар Энэтхэгтээ алдартай, торгон нэхмэлийн их сургуультай тийм том газар байсан юм гэдэг.

Могул буюу Жахан шах хааны алтан урагтны тэнгэр нутаг ч гэх нь бий. Тэнд XVI-XIX зуу­ны эх хүртэл Их Монгол Улсын өргөө орд байрлаж байсан тухай түүхэнд бич­сэн бий. Одоо энэ хотын­хон алдарт Таж Махалыг зорьсон гийчдийн хөлд дарагдсан шинжтэй ёстой “хоормог шиг” холилдсон газар байна. Оршин суугчдын нэлээд нь гадна, дотны жуулчдын хаялгад түшиглэн хоолны мөнгөө олж яваа нь Таж Махал сүмийн төв хаалга хүрэх хэдхэн зуун метр замд “Камель” хэмээх ганц бөхтэй тэмээ, луус гэх морь хөлөглөсөн гоёмсог тэргээр бас тэргэнцэр, дугуйгаар гийчдийг зөөж байгаагаас харагдах юм. Далан хэлийн хүмүүс энд хөлхөх аж.

Уран барилгын бүтээ­лийн дээд Таж Махал нь дэлхийн долоон гайхамш­гийн нэг гэгдэх болсноор хүн бүхэн үзэхсэн, харах­сан гэх. 1620-1652 оны үед босгосон юм билээ. Бүр тодруулбал баригдсан хугацаа нь 23 жил гэдэг. Цул цагаан гантигаар баригдсан сү­мийн бүтэц, уран барилгын архитектур нь үнэхээр гайхамшиг гэлтэй. Дотор хэсэг нь гантиг чулууг сийлбэрлэж хийсэн дугуй хашмал дунд хаан хатан хоёрын бунхан байна. Үзмэр нь ердөө тэр гэж болох ч сүмийн хаалга цонх, хана, шат гишгүүр нь ч хийцийн хувьд хосгүй юм.

Яагаад энэ сүмийг барьсан тухай бол Жахан шах буюу бидний Могул гэж хэлдэг хаан бага хатан Мумтазаа нас барсанд уйлан гашуудаж их хай­рынхаа бэлгэдэл болгон Таж Махалыг бариулсан гэдэг. Таж Махалыг хайрын сүм гэх болсны учир  ч тийм. Таван бөмбөгөр оройтой гол сум. 74 метр өндөр аж. Цул цагаан гантигаар, үнэт чулуугаар хээ, шигтгээ хийсэн олон мянган урчуудын бүтээл. Дөрвөн талдаа мөн улаан ган­тигаар бүтээсэн орд байх. Гол сүмын дунд нь Жахан шах хаан, хатан хоёрын сийл­бэртэй бунхан зэрэг­цэн байрлаж, түүнийг жуул­­чин, гийчид зөвхөн хараад л өнгөрөх учиртай. Зураг хөргийг нь авах хориотой юм билээ. Сү­мийг сонирхоод хойшоо нэвт гарахад их ус цэлийх. Энэ нь Ямуна мөрөн. Энэ мөрнийг түүхэнд Ямна бас Жамна ч гэсэн бий.

Дөчин хэмийн халуу­ныг тэсч ядсан үхрийн сүрэг их мөрний усанд загас шиг наадаж хараг­дана. Зах хэсгээр нь сармагчин үсчиж өдрийг өнгөрөөх мэт.

Ийм л сонин дүр зураг, урьд нь нүдээр хараагүй амьдралын элдэв төрх тэмдэглэлийн дэвтэрт, бас гэрэл зургийн аппаратад маань бөөн олз болж бай­лаа. Аливаа аялал богинохон байх тусмаа сонирхолтой байдаг гэх. Үнэхээр ч тийм санагдаж явсаан. Бидний дараагийн зорьсон газар буддын шаш­ны гол төв, ариу­сахуйн орон Дарамсала.

 

Дели хот. Дөрөвдүгээр сарын 28.

Үргэлжлэл бий