Б.СОЛОНГО

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридыг хэвлэлийн эрх чөлөөний өдрийн зочноор урьж ярилцлаа.

 

-Ойрын өдрүүдэд хэв­лэлийн эрх чөлөөний өд­рийг угтсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээ олон боллоо. Энэ бүгдээс ажиг­лахад хэвлэлийн эрх чө­лөөг төр тушдаг байсан бол сүүлийн жилүүдэд мөнгө тушдаг болж гэсэн шүүмжлэл их байна?

-Сэтгүүлчдийн эв­лэлийн ерөнхийлөгч болс­ноос хойшхи жил хагасын хугацаанд би юу олж ан­заар­сан бэ гэхээр сэтгүүл­зүй өөрсдийгөө бохирдуу­лаад, сэтгүүлчид болохгүй юм хийгээд байгаа биш юм байна.

Яг үнэндээ Монго­лын нийгэм тэр чигтээ бохирджээ. Бохирдохын эх үүсвэр нь улс төр юм байна гэдгийг олж харсан учраас улс төрийнхөн оюун са­наа, ёс суртахууны хувьд цэвэршихгүй бол Монго­лын нийгэм тэр чигээрээ балрах нь. Ялангуяа сэт­гүүл­зүйн салбар. Тиймээс би сүүлийн үед удаа дараа улстөрчдөд “Та нар болиоч ээ” гэж хэлж байна. Ард­чил­лын амин сүнс нь хэв­лэлийн эрх чөлөө. Хэв­лэлийн эрх чөлөө байж иргэд мэдэх эрхээ эдэлж, үнэн бодит мэдээллийг олж авч, нийгмээ хянаж, өөрсдөө оролцож чадна. Гэтэл та нар энэ бүгдийг замаас нь янз бүрийн ар­гаар гажуудуулаад, өөр өөр үнэнийг бий болгоод олон нийтийг төөрөлдүүлээд байж болохгүй ээ. Улстөр­чид та нарт эрх мэдэл бай­на, та нарт боломж байна, та нар жирийн иргэдийг бодвол аливаа мэдээллийг түрүүлж авч байна. Энэ давуу байдлыг та нар эрийн сайндаа олж аваа­гүй шүү. Ард түмний сон­гол­тоор та нарт итгэж най­даж өгсөн давуу тал юм шүү. Гэтэл сонгосон хү­мүүс нь өөрсдөө ийм зүйл хийж байна. Буруу, бул­хай­гаа нуун дарагдуула­хын тулд хэвлэл мэдээл­лийн хэрэгслийнхнийг ашигладаг, амыг нь үдэхийг оролддог бай­дал бий болчихож. Дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдөртэй холбоо­тойгоор зо­хион байгуулаг­даж арга хэмжээнүүдэд үүсч буй уур амьсгал үүнийг бат­лаад байгаа юм.

-“Глоб интернэшнл” аль ч Засгийн газар хэв­лэлийн эрх чөлөөг дэмж­дэг­гүй гэсэн дүгнэлтийг хий­сэн нь анхаарал татлаа?

-Миний хувьд арай өөр бо­долтой байна. Хэвлэ­лийн эрх чөлөөний индек­сийн хувьд хоёр байраар ураг­шилсан. Эрүү­гийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд байгаа гүт­гэж, доромжлох зүйл заал­тыг хасчихвал ирэх жи­лийн манай эрх чөлөөний индексэд нэлээд том нө­лөө үзүүлэх байх. Мэдээл­лийн ил тод байдлын тухай хууль 2011 онд батлагдсан. Өнөөдөр зарим улстөр­чийн хувьд мэдээллийн ил тод байдлыг дэмжих соёл дэвшүүлэх гэж оролдож байгаа нь харагдаж байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэр том жи­шээ нь. 72 цагийн дотор олон нийтэд мэдээлээгүй шийдвэр, захирамжийг цуцална гэж байна. Энэ соёлыг дэлгэрүүлбэл цаа­шид боломжийн санагдаж байгаа.

-Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний мэдэх эр­хийг хамгаалдаг хамгийн чу­хал зүйл. Тэгвэл энэ эрхийг улс төрөөс хэрхэн хамгаалах вэ?

- Сэтгүүлчдийн хувьд хэцүү шүү дээ. Улс төр, бизнес, эздийн ашиг со­нир­хол гэдэг хувь сэтгүүл­чийн боломж, чадамжаас ха­маагүй давчихаад бай­на. Улстөрчид сэтгүүлчид­тэй биш эзэдтэй тохирол­цохыг оролддог. Эзэд ч улстөрчтэй тохиролц­сон тохиролцооноос олсон аш­гаа сэтгүүлчидтэй ху­ваал­цахыг хүсдэггүй. Ийм зүйлийг жирийн сэтгүүлч шийдэх чадамжид би эр­гэл­зэж байна. Сэтгүүлчид өнөөдөр нэн даруй анхаа­рах зүйлс нь цалин, ор­лого, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцаа, хамтын гэрээнд хуулийн хүрээнд ажиллаж чаддаг болох. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаг болох нь нэн тэргүүний зорилт гэж харж байна. Тэгэхгүй бол давхар давхар хохи­роод байх шинжтэй.

Хам­гийн бага хөлсийг нь аваад, хамгийн хүнд хө­дөл­мөрийг эрхэлж бай­на. Олж ирсэн мэдээллийг нь бизнесийн зорилгоор ашиг­лаад дамладаг. Эсвэл нуун дарагдуулдаг, эсвэл янз бүрийн амлалт өгч олон нийтэд хүргэхгүй байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө гэдэг улс төрөөс, улс төрчид, эздийн ёс сурта­хуу­наас, энэ салбарын тө­лөө ажиллаж байгаа сэт­гүүлчид, тэдний төлөө яв­даг төрийн бус байгуул­лага, холбоод гээд их олон зүйлээс хамааралтай бол­чи­хоод байгаа юм. Дээрээс нь хууль эрхзүй хэтэрхий учир дутагдалтай байна л даа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болохын хэрээр сэтгүүлчийн ажлын байр нэмэгдсэн. Үүнийгээ да­гаад улам тархай бутар­хай болоод байх шиг. Үйлдвэрчний эвлэл бай­гуу­лахад хүртэл идэвх санаачлага гаргадаггүй. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө ядуу гэдэг. Эвлэлдэн нэг­дэж чадахгүй байгаа уч­раас сэтгүүлчид ядуу бай­гаа юм. Саяын хурал дээр та өөрөө хүртэл хатуу үг гэж онцолж байгаад хэлсэн энэ үгний учрыг асуумаар байна?

-Сэтгүүлчид ерөөсөө өөрсдийнхөө төлөө зүтгэ­дэг­гүй, эрхээ мэддэггүй, ойлгодоггүй, эвлэлдэн нэгд­дэггүй. Би яагаад ийм хатуу үг хэлсэн бэ гэхээр Сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэл юу ч хийсэнгүй гээд шүүмжлээд байдаг. Сэт­гүүлч­дийн эвлэл юу хийх эрхзүйн чадамжтай вэ гэд­гийг нь эхэлж тодорхойл­чихоод тэр хийх ёстой юмаа хийгээгүй бол юу ч хий­сэнгүй гэж шүүм­жилж болно. Сэтгүүлч­дийн эвлэл төрөөс давсан байгууллага биш. Төрийн бус байгууллагын хуу­лийн дагуу, өөрсдийн ба­тал­сан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ байгуул­лага өөрийн чадал хүрэх­гүй юмыг хийж чадахгүй шүү дээ. Би түрүүнд хэл­сэн. Хөдөлмөрийн харил­цааны асуудал дээр бид үнэхээр хүч хүрэхгүй бай­на, хууль эрхзүйн чадамж нь алга, манайх бол зүгээр л мэргэжлийн холбоо, үйлд­вэрчний эвлэл биш гэдгийг хэллээ. Харин олон улсын сэтгүүлчдийн байгууллага бол цэвэр үйлд­вэрчний эвлэл. Энэ олон жил Монголын сэт­гүүлчдийн байгууллага олон улсын сэтгүүлчдийн байгууллагыг хулхидаж өнөөдрийг хүрсэн. Анх элсэхдээ манайх цэвэр үйлдвэрчний эвлэл гэж хэлээд элсчихсэн. Манай сэтгүүлчдийн эвлэлийн удирдах зөвлөлийн 23 хү­ний 20 нь ажил олгогч гэд­гийг мэдэх юм бол бид шууд хасагдана. Би сүү­лийн үед бодож байна. Шууд үнэнийг нь хэлээд олон улсын байгууллагаас уучлалт гуйгаад, гишүүнч­лэлээсээ татгалзья. Тэгэх­гүй бол дээр үеийн мундаг том малгайтай үйлдвэрч­ний эвлэл ажиллахгүй бай­на гэсэн шүүмжлэл над дээр буугаад байдаг. Урд хүмүүсийн олон улсад худлаа хэлсэн, эрээ цээр­гүй загнасны төлбөрийг би үүрч чадахгүй. Би сэт­гүүлч­дийн төлөө хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүт­гэ­сэн. Одоо бол миний уур хүрч байна.

-Яагаад, та илүү то­дор­хой тайлбарлаж өгөөч?

-Хийх тусам улам үгүйс­гэ­дэг тогтолцоо бай­на. Өөрс­дийнх нь төлөө гүйгээд байхад. Мөнгөгүй ямар байгууллага хүлээл­гэж өглөө. Түрүүчийн их хур­лаар сэтгүүлчдийн ор­дон байгуулах гэж байна гээд, Галаарид ямар азтай хүн бэ, бөөн мөнгөн дээр буу­чихлаа гээд л шаг­ширц­­гаагаад байсан гэж дуулд­даг. Гэтэл яг үнэн­дээ, аж­лаа аваад ордон байгуулах газар чинь хаа­на байна гэхэд зөвшөөрөл байхгүй байсан шүү дээ. Хотын дарга Г.Мөнх­баяр­тай дөрвөн удаа уулзсан. Тэ­гэхэд дөр­вөн удаа янз янзын амлалт өгч байгаад бултчихсан. Ордон барих гэж байсан олон тэрбум төгрөг нь хаана байсан юм бүү мэд. Би шинээр энэ байгуул­лагыг бүртгүүлээд, өнөөд­рийг хүртэл зүтгээд, чад­лаараа л явж байна. Гэхдээ дүрмийнхээ дагуу хийх ёстойгоо л хийе, ча­дахгүй юмыг амлах­гүй. Тэр сэтгүүлчдийн ордон гэдэг тухайн үеийн толгой эр­гүүлж байсан хэсэг нөх­дийн сонгуулийн өмнөх шиг амлалт байж. Тэрэнд сэтгүүлчид минь битгий найдаарай. Сэтгүүлчдийн эв­лэл нь өөрөө толгой хор­годох байргүй байгаа шүү гэдгийг хэлье. Хоёрду­гаарт, сэтгүүлчдийн эвлэл үйлдвэрчний эвлэл шиг ажиллах боломж нь байх­гүй. Хуулиар хаалттай шүү. Гуравдугаарт, олон улсын сэтгүүлчдийн бай­гуул­лагын өмнө худлаа хэлж байсан бурууг зал­руулж үнэнээ хэлэх ёстой. Дөрөвдүгээрт, жинхэнэ үйлдвэрчний эвлэлийг сэтгүүлчид өөрсдөө, сайн дурын үндсэн дээр бай­гуулаад, байгууллагадаа гишүүнээр элсүүлэхэд бид дэмжинэ.

-Энэ салбар дахь идээ бээрийг тэр чигт нь дэлгэе гэж үү?

-Сүүлийн үед жудаг бодож явснаа больё гэж бодох боллоо. Энэ салбарт болохгүй байсан, бугш­сан, уламжилж ирсэн ашиг сонирхол, зөрчлийг нээлттэй ярих ёстой юм байна. Залуучууд цаашид энэ байгууллагыг авч яваа­сай гэж бодож байна. Энэ салбарт өнөөдөр 4-5 мянган хүн ажиллаж бай­гаа. Энэ олон хүний эрх ашгийг хамгаална, чиний үйлдвэрчин би шүү гээд туг бариад, улс төр хийгээд, нэр хүндээ өсгөөд гүйх мөн ч амархан байна. Гэхдээ би тэгэхийг хүсэхгүй бай­на. Хоёр ал­хал­гүй бариг­дах юман дээр худлаа хэлж болох­гүй. Урт удаан хугацаанд энэ салбартаа ажиллаж, та бүхэнтэй хамтрах учраас нэр бүтэн, цэвэр баймаар байна.

-Өнгөрсөн жилийн гол үйл явдал бол яах аргагүй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл бай­сан. Санаачлагч нь буцаан татсан. Зарим хүн энэ хуулийг Их Хурал бат­лахгүй нь хэмээн санаа зовж байна?

-Энэ хуулийн төсөл бол үзэл санааны хувьд боломжийн байсан. Эз­дийн ашиг сонирхол бага туссан шиг байгаа юм. Тэгээд эздийн зүгээс эсэргүүцэл гарсан байх, Их Хуралд сууж байгаа нөх­дүү­дийн нэлээд хувь нь хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүдийн ил далд эзэд юм байна. Тэдний ашиг сонирхол ороод ирсэн уч­раас хуулийн төслийн анх­ны үзэл санаа гуйвах вий, өөрийнх нь нэрээр үл бүтэх хууль гарчих вий гэсэн болгоомжлол байсан юм болов уу гэж ойлгож бай­гаа. Энэ хууль гарах ёстой. Хүссэн ч хүсээгүй ч шаар­даад, аяндаа хуультай бо­лох цаг ирэх байх. Үйлд­вэрчний эвлэлийн асуудал ч олон жил урс­галаараа яв­лаа. Эзэд үйлдвэрчин л байгуулж болохгүй шүү гэж эрхлэгч, гүйцэтгэх захирал нартаа захисан бай­даг. Гэтэл өнөө­дөр жин­хэнэ утгаараа үйлд­вэр­чин байгуулагдах эхлэл тавигдаж байна шүү дээ.

-Сэтгүүлчдийн ёсзүйн талаар жил бүр асуудаг л даа. Дахиад асуухгүй байж болохгүй нь?

-Учиргүй цэвэр тун­га­лаг, ёсзүйтэй байх орчин нөхцөл нь байна уу даа. Би бол алга л гэж харж байна. Улс төр, бизнесийн бүлэг­лэлийн нөлөө ийм хүчтэй, улс төр нь ийм бохир за­ваан, улаан цайм худлаа хэлээд тэр нь баригдаад байхад улайх ч үгүй суу­гаад байдаг ийм л цаг үед амьдарч байна шүү дээ. Ёсзүйн асуудлыг доо­роо­соо дээшээ шийдэхгүй бол дээрээс нь тунхагийн ча­нартай баримт бичиг гар­гаад, Монголын сэт­гүүл­чид дагаж мөрдөнө гээд их хурлаараа батлаад нэмэр­гүй юм билээ. Сэт­гүүлч­дийн 15 дугаар их хурлаар ёсзүйн дүрэм ба­тал­сан. Даанч амьдрал дээр хэ­рэгж­дэггүй. Тэгэ­хээр ту­хайн сэтгүүлч би ийм ёс­зүйн алдаа гаргах эрхгүй гэдгээ дотоод хуу­лиараа бий болгох хэрэг­тэй. Тухайн редакци өөрийн ёсзүйн дүрмээ зохиодог, мөрдөхийг хи­чээ­дэг байх ёстой. Дараа нь мэргэжлийн байгуул­лага нь гишүүдийнхээ дүр­мийг хамтдаа боловс­руулдаг. Ингэж доороосоо дээшээгээ хэрэгжих ёстой юм байна.

-Бид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Үйлд­вэрчний эвлэлтэй бо­лох талаар ярилцаж эхэл­лээ. Дандаа муу муу­хайг ярих гэхээс ололт амжил­таа бас дүгнэмээр байна. Ярилцлагын төгсгөлд мэр­гэжил нэгт нөхөддөө баярын мэндчилгээ ч дэв­шүүлэх байх?

-Сайн, муугаар сав дүүр­дэг гэдэг. Өнгөрсөн нийг­мийн үеийн сэт­гүүлч­дийн ажиллаж бай­сан, үзэл бодлоо илэр­хийлж байсан тэр нөхцөл байдалтай харьцуулвал бид өнөөдөр диваажинд байгаа шүү дээ. Би ганц­хан жишээ хэлье. 1988 оны сүүл хавьд одоогийн МУБИС, тэр үеийн баг­шийн дээд сургуулийн оюутан Дарь Сүхбаатар гэдэг залуу хэдэн нөхөд­тэйгээ хамтраад жижиг­хэн хэвлэмэл сонин гарга­сан юм. Сониныхоо нэгдү­гээр нүүрэнд Дашдоржийн Нацагдоржийн “Гагцхүү наран хэвээр үлдмой” гэ­сэн шүлгийн мөрийг бич­сэний төлөө НАХяам дуу­даад за та нар ганцхан нарыг үлдээнэ гэсэн бай­на гээд хардаж сэрдээд, гурав дахь дугаараас нь тэр сониныг хаасан юм. 25 жилийн өмнө тийм л эрх чөлөө байсан. Харин өнөө­дөр хүн болгон дуртай юмаа бичих, тэр битгий хэл зохиох гүтгэх, байж болох бүх эрхийг нэг тал­даа эдэлж байгаа. Нөгөө зүйл нь техник технологи, мэдээлэл олж авах, түгээх боломжийн хувьд сэтгүүл­чид ямар ололтуудыг ашиг­лаж байна. Ийм сай­хан боломж байна. Техно­логийн хувьд гайхамшиг­тай өндөр төвшинд хүрлээ. Энэ бол гайхамшиг. Ийм сайхан гэгээн зүйлс бай­на. Дээрээс нь цахим ер­төнц гээд гайхамшигтай зүйлд зэрэгцэн амьдарч байна. Тэгэхээр уламж­лалт сэтгүүлзүйд тавигдаж байгаа ёсзүй, хууль эрх­зүйгээ цэгцэлчихвэл бусад боломжууд бидэнд хан­галт­тай байна. Тиймээс би сэтгүүлзүйг гэгээн талаас нь хардаг. Сэтгүүлчид хөрвөх чадвар сайтай, хэл устай, технологийн мэдлэг сайтай болсон байна. Өчиг­дөр болсон асуудал өнөөдөр энгийн болж ху­вир­даг. Тэгэхээр түрүүний бид хоёрын халагласан олон асуудал маргааш гэ­хэд аль хэдийнэ шийдэгд­чихсэн, манай дараа үеийн­хэн тэр нөхцөлд ажил­лах байх. Монголын сэтгүүлзүйд өөдрөг, гэгээн ирээдүй байгаа шүү. Энэ салбарынхандаа бүгдэд нь хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.