Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат уригдлаа.

 

-МАН Бага хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх вэ. Хамгийн гол нь Ерөн­хийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаа эцэслэх үү?

-Бага хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцэнэ. Мэдээж нэгдүгээрт, нэр дэвшигчийн асуудал бай­гаа. Ардын нам Ерөн­хийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ асуу­сан. Гарсан дүнг нь Бага хурлаараа хэлэлцэж, хэн жагсаалтын хаана  байгааг ярина. Хоёрдугаарт, МАН-аас Ерөнхийлөг­чийн сонгуульд дэвшүү­лэхдээ ямар мөрийн хөтөлбөртэй оролцохоо хэлэлцэнэ. Өмнө нь бид эрх барьж байх үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ирсэн. Тэр үед дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр болон  өнөөгийн нөхцөл байдал өөр юм. Бид мөрийн хөтөлбөртөө олон сонир­холтой асуудал хөндөж байгаа. Дараагийн асуудал бол намын бүтэцтэй холбоотой. Эдгээр асууд­лын дундуур гишүүдийн санал, бодолтой зэрэг­цүү­лэн хэлэлцэх зүйлүүд бий.

-Нэр дэвшигчээ ард түмнээс асууж байгаа нь хууль зөрчсөн гэж сөрөг намынхан шүүмжилсэн. Харин та ямар  тайлбар хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийг ард түмэн  сонгодог. Тиймээс ард түмэн хэнийг нэрлэж байна вэ  гэсэн дүгнэлтийг гаргаж ирж байгаа юм. АН  нэг хүнээ, одоо Ерөн­хийлөгчийн албыг хашиж байгаа Ц.Элбэгдоржийг дэвшүүлнэ гэж байна.  Тэр мессеж нь ч олон нийтэд тарчихсан байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр, манай нам хүмүүсийн шүүмжлээд байгаачлан боловсон хү­чин муутайдаа биш,  мөн дэвшүүлэх хүн олдох­гүйдээ асуугаад бай­гаа юм биш. Ерөн­хийлөгч ард түмнээсээ сонгогддог, ард түмний Ерөнхийлөгч уч­раас ар­даараа овоглосон Ардын нам хэн байвал үр дүнтэй вэ гэдгийг асуусан юм.

Бид хоёр шатны сон­гуульд гавьтай дүн үзүүл­сэнгүй. Одоо  Ерөн­хий­лөгчийн сонгуульд ам­жилт­тай оролцох шаард­лага байна, үүнийгээ ард түмнээсээ асуух хөдөл­гөөн өрнүүлсэн. Үүнд хууль зөрчсөн зүйл байх­гүй. Бид рейтинг тог­тоо­гоогүй. Шууд ард түмнээр сонгуулчихаж байгаа хэрэг биш. Ард түмэн юу хүсч, хэнийг нэрлэж байгаа талаар судалгааг хэн ч авч болно шүү дээ. Намын удирдлагаасаа дэвшүүлж болно, аймаг орон нутгаас лидерээ дэв­шүүлж ч  болно. Жирийн иргэн  нэрээ  дэвшүүлэхэд ч болохгүй юм үгүй. Тэгэхээр ардын нам ард түмэн дундаасаа нэр дэвшүүлсэн. Ардчилсан нам харин нэг хүний нэр л яриад байх юм. Магадгүй нэр дэвшье гэсэн хүн цаана нь хэд ч байгаа юм билээ. Бүхэл бүтэн АН дотор аймаг, орон нутгийн удирдлагууд байж болно, бие даасан фракцийн тэргүүнүүд ч байж болно. Гэтэл тэднийгээ та нар болохгүй, ганцхан  хүнийг дэвшүүлнэ гэж байгаа. Үүгээрээ Ардчилсан нам ардчилалгүй нэр дэвш­лүүлэлт хийж байна.

-Ингэхэд танай нам Бага хурлаар хэлэлцсэн, хэлэлцээгүй нэр дэвшиг­чээ тодруулчихаад байгаа юм биш үү. Эмэгтэй Ерөн­хийлөгчийг санал болгох сураг байна?

-Би тэгж харахгүй бай­на. Бага хурал дээр яриад ард түмнээс хамгийн их санал болгосон хүнийг шударгаар тогтооно. Түү­нээс биш ганц хүний нэр дээр тогтоод тэрийг энийг дэвшүүлье гээгүй. Бага хурал хүртэл хэн нэгэн намайг дэвшүүлж өгөөч гэх юм уу, мөн хэн нэгэн хэсэг хүн цуглуулж хурал хийгээд  намайг дэмжиж өгөөч гэж байгаа бол тэр нь Ардын намын ард түм­нээсээ асууж шударгаар нэр дэвшүүлэх гэсэн зарч­мыг зөрчиж байна гэсэн үг.

-Сонгуулийн тоймууд хэвлэлээр яваад эхэлчих­сэн. Улстөрчид ч дотроо нэгийг бодож тунгааж уралдааны мориор бол дүйз гаргаж байгаа байх. Та энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?

-Ерөнхийлөгчийн сон­гууль зарлагдаж, нэр дэв­шүүлж эхэлснээс хойш сонгуулийн гараа эхэллээ гэж үзэх ёстой. Гэтэл одоо­гийн Ерөнхийлөгч улирч нэр дэвшинэ гэдгээ  бүтэн жилийн өмнөөс зарлаж сонгуулийн пиараа хий­лээ. Сайд нарыг дуудаж үүрэг өгч байна, Ерөнхий сайд шиг Засгийн газрын ажил руу орж хутгалдаж байна. Өөрийнхөө байгаа бүрэн эрхийн хэмжээнд  байгаа Ерөнхийлөгч, бу­сад намаас нэр дэвшиж гарч ирж байгаа хэн нэ­гэнтэй харьцуулахад га­раа­ны хоёр өөр нөхцөлтэй байгаа. Гэхдээ мэдээж  сонгуулийн сурталчилгаа эхлэхээр бүгд нэг гараан дээр очно. Өөрөөр хэлбэл, тэдний хэн нь ч хууль эрхзүйн талаас нэг статус­тай болчихож байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа ингэж явагдах байх. Олон намын төлөөлөл нэр дэв­шүүлэх нь сайн талтай. Харин миний түрүүний хэлснээр АН-ын бүх бү­лэглэл, фракц нийлээд  “чөдрийн ганц” гэдэг шиг  нэг хүнээ нэр дэвшүүлбэл ямар юмных нь ардчилал, сонголт  байх вэ дээ. Энэ байдлаас ард түмэн дун­даасаа сонгогдсон гэх дүр зураг харагдахгүй байгаа биз дээ.

-Та ард түмнээсээ асуух гэдгийг ихээхэн онцолж байна. Түүнийг чинь Ардын нам лидергүй болчихож гэж шоологсод одоо ч байгаа шүү дээ?

-Ардын нам 90 жилийн түүхтэй. Энэ олон жил төр, засгийг удирдаж ирсэн улс төрийн нам. Чи бод л доо, улс орноо 90 жил удир­даж, 90 жил хөгжүүлж ирсэн хүчтэй ч, том ч нам. Түүхийн өчүүхэн цаг хуга­цаанд  шат, шатны сон­гуульд амжилт муутай оролцлоо. Түр зуурын цаг үе тохиогоод байна. Ардын нам 250 мянган гишүүд, дэмжигчтэй. Тэдэн дотор Монгол Улсын Ерөнхий­лөгч болчих мэдлэг, чад­вартай хүн олон бий. Тэр олон хүн дотроос ард түм­нээрээ шигшүүлж,  Бага хурлаараа ярьж, тэндээ­сээ нэр дэвшүүлнэ.

-Тэгвэл улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүнээ бэлддэг вэ?

-Уламжлагдаж ирсэн зарчим, нэр дэвшүүлж ир­сэн туршлагаас  үзэхэд намын дарга, Ерөнхий сайдаа дэвшүүлдэг. Ма­найхан нам, улс төрийн хүчнүүдийн уламжилж ирсэн харьцааг авч үзнэ. Нэр дэвшүүлэх хүмүү­сийн дотор МАН-ын дарга Ө.Энхтүвшин байж болох талтай. 90 жилийн түүхтэй том намын дарга, лидер учраас тэр. Хоёр дахь хувилбар бол төрд алба хашиж байгаа хамгийн том албан тушаалтнаа нэр дэвшүүлдэг. МАН сөрөг хүчин болсон өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд манай намаас төрд хам­гийн том албан тушаалыг хашиж байгаа хүн бол УИХ-ын дэд дарга М.Энх­болд байна. Өмнө нь на­мын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан. Одоо сөрөг хүчин болсон хүнд хэцүү үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа. Энэ утгаа­раа тэр байх боломжтой. Ард түмний амаар бол аварга Б.Бат-Эрдэнийн нэрийг ихээхэн ярьж бай­на. Түүний хувьд төрийн­хөө их наадамд босоо тү­рүүлж, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон. Хүн болгон хайрлаж, хүндэт­гэж явдаг. Хүмүүс бөх талаас нь  хараад байдаг ч аварга маань  УИХ-ын  сонгуульд хоёр ч удаа сонгогдсон. Дахин давтан сонгогдсон хүнийг улс төрч биш гэж хэлж болохгүй. Ард түмэндээ хүндлэгдэж, тэдний итгэл хүндэтгэлийг авсан, УИХ-д сонгогдон ажиллаж ирэхдээ олон чухал асуудлыг хөндөж тавьсан.Хүйсийн тэгш бай­дал, уул уурхайн та­лаар зоригтой дуугарч, олон том хуулийн са­наач­лагч, төсөл боловсруу­лагчийн нэг. Эх орныхоо бүрэн бүтэн байдал, газар шорооныхоо асуудлаар байр сууриа илэрхийлж, тэмцэж ирсэн улстөрч. Эмэгтэйчүүдийн төлөөл­лөөс Д.Оюунхорол гишүү­ний нэр  байгаа. Эмэг­тэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг өлгийдсөн хүний хувьд хэлэхэд монголчууд эмэг­тэй Ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж.

Гэхдээ намын зүгээс явуулсан судалгаа, сун­гааны дүнд маш олон хү­ний нэр гарч ирж байгаа. Маш олон гэдгийг зориуд хэлье. Сайд дарга нарынх ч бус малчин, тариалан­чийн нэр ч гарч ирсэн байна лээ. Тал бүрээс нь ярьж, олон талын шал­гуурыг шүүж байж нэр дэвшүүлнэ.

-Ө.Энхтүвшин даргаас өөр хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд Ардын нам лидергүй, намын дарга нь лидер биш гээд л  танай намын нэр хүнд навс унах юм биш үү?

-Тэгж үзэж болохгүй. Яахав сөрөг хүчнээс хэр их хар пиар хийж дав­шилна вэ. Манай нэр дэв­шигч өрсөлдөгчөөсөө илүү, рейтинг өндөр байна. Сө­рөг хүчин сандарч байна л  гэж харна. Гэхдээ түрүүнд хэлсэн олон шалгуураар нэр дэвшигчээ тодруулна. Хүн чанар, ёс зүй, энэ­рэнгүй, эрх тэгш харил­цаа, мэдлэг боловсрол, туршлага, олон түмний итгэл үнэмшил гээд олон талаас Бага хурлаар маш сайн ярина.

-Монгол Улсын Ерөн­хий­лөгч ямар хүн байх ёстой вэ. Заавал гадаадад өндөр  боловсрол эзэмш­сэн, олон хэл мэддэг, англиар ус цас шиг ярьдаг байх ёстой юу?

-Гадаадад сургууль төгс­сөн хүмүүсийг шүтдэг цаг өнгөрчихсөн шүү дээ. Хэлтэй устай хүн ч олон болсон. Заавал дөрөв таван хэлээр ярьдаг, эсвэл хэлэмгий доломгой ард түмнийг уриалдаг хүнийг сонгоно  гэсэн  тэр сонголт ард хоцорсон. Намуудаас эсвэл бие дааж нэр дэв­шиж ч болно шүү дээ. Мэ­дээж намууд ард түмэнд хүрсэн хүнийг нэр дэв­шүүлэх  байх. Мэдлэг бо­ловсрол, оюуны цар хүрээ, улс орноо удирдаад аваад явчих, хоёр их гүрний дунд оршиж буй харьцааг зо­хицуулах хүнийг сонгоно гэсэн шалгуурууд бий. Хувийн бодлоо хэлэхэд ард түмэн маань  өнөөдөр Ардын намдаа нэг удаа саналаа өгөх цаг нь  бол­сон болов уу. Ямар ч мон­гол хүний сэтгэхүй унасан нэгнээ дахиж дэвсдэггүй гэдэг байх аа. Хоёр бөх барилдахад унасан нэгээ татаад босгодог. Хоёр за­луу гар зөрүүлэхэд нө­гөөгөө унахад нэмж дээр нь дэвсдэггүй, зодооноо дуусгадаг. Улаан армид монголчууд тусалж байх үед хөдөөний малчин өв­гөн “Ялж яваа улаан ар­мид нь таван морь өг­чихъе, ялагдаж яваа гит­лер хүүд хоёр өгье хөөр­хий” гэсэн нь дэлгэцэд мөнхөрсөн, бас болсон явдлаас сэдэвлэсэн бүтээл шүү дээ. Монголчуудын сэтгэхүй тийм. Түүн шиг ард түмэн аливааг тэн­цүүлэхдээ мэргэн. Тэр нь монголчуудын уужуу ухаан, тал шигээ сэтгэлд одоо ч байгаа.

-Тэгж  үзэх ямар үн­дэс­лэлүүд бодитой  байна?

-Улс төрийг тодор­хойл­дог гурван том сонгууль бий. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гэж байна. Яг одоогийн нөхцөл байдалд Ерөн­хий­лөгч нь АН-аас дэвшиж тэр албанд тавигдсан, одоо ч дахиад АН-аас нэр дэв­шихээр ярьж байгаа, ийм хүн байна. УИХ-ын дарга З.Энхболд  мөн АН-ын хүн. Ерөнхий сайд ч АН-аас томилогдсон, тус на­мын дарга  Н.Алтанхуяг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь  бас л АН-ын улстөрч байгаа шүү дээ. Шат шатны сон­гуульд хэтэрхий туйлшир­чихав уу даа, гэсэн бодол ард түмэнд байна, түү­нийгээ ч захаасаа хэлж байгаа. Тиймээс тэнцвэр­жүүлэх талаас, бүрэн эр­хээ авсан хүмүүст  хажуу­гаас нь зангарагтай үг хэлдэг байх бодлого мон­гол түмний мэргэн ухаанд бий байх аа. Иймэрхүү үг яриа ч хөдөө орон нутгаар явж байхад дуулддаг. Гэх­дээ хамгийн гол нь нэр дэвшигч маань ард түм­нийхээ төлөө юу хийж чадах вэ, ахмадуудынхаа төлөө, өрх толгойлсон эмэг­тэйчүүд, эмзэг бүл­гийнхний төлөө юу хийж чадах вэ, улс орны хөгж­лийг дэлхийн төвшинд яаж авч явж чадах вэ гээд шалгуурууд голлоно.

-Тэгвэл, тэр хүртэл  ард түмний итгэл үнэмш­лийг татаж чадах ямар үзүүлэлт, давуу тал Ардын намд байна. УИХ, орон нутгийн сонгуулиас хойш алдаандаа дүгнэлт хийж, шинэчлэгдэж, хариуц­лагатай болж чадсан уу?

-УИХ-ын сонгуулийн дараа намын удирдлагууд хариуцлагаа хүлээж ог­цорсон. Дараагийн удирд­лагууд гарч ирж ажлаа явуулж байна. Тодорхой хэмжээнд шинэчлэл хий­сэн. Өмнөх сонгуультай ойр зайнд болсон учраас янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж орон нутгийн сонгуулиар амжилт үзүү­лээгүй. Гэвч би түрүүн хэлсэн, тодорхой хэм­жээнд өөрчлөлт, шинэчлэл хийж сөрөг хүчний байр сууриас хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхойлсон, тэр дагуу ажиллаж байна. Мэдээж алдаа оноо бий л байх. Гэхдээ сөрөг хүчний байр сууриас аливаад хан­даж, ард түмний дуу хоолой болж явна гэдэг өөрөө том хариуцлага, том сургууль юм. Бид “Сүүд­рийн Засгийн газар”-ыг байгуулж, орон нутагт танхимуудаа байгуулж, хяналтаа тавьж байна. Өнөөдөр  АН бүх шатанд МАН-ын угшилтай, тэгж нэрлэгддэг хүмүүсийг халж, сольж 9000 төрийн албан хаагч ажлаасаа ха­лагдсан байна. Уг нь тө­рийн албан хаагч  на­маасаа татгалзчихсан бай­гаа шүү дээ, хуулиараа. Бид иргэдийнхээ  эрх аш­гийг хамгаалж, сөрөг хүч­ний байр сууриас дуу хоо­лойгоо хүргэж байгаа. Бид хариуцлага үүрч, зүтгэж байна. Ард түмэн харж байгаа, тэд дүн тавьж бай­гаа байх.

-Гэхдээ л сонгуульд  ялагдсан шокноосоо гарч чадаагүй гэж МАН-ынх­ныг  шоолох хүн цөөнгүй байдаг шүү дээ?

-Ялагдсан үед нь на­маа авч явна гэдэг том асуудал юм. ялсан үед нь орж гарч гүйгээд байсан хүмүүс алга болчихсон. Бүгд л сургуульд суралцах, хэл сурах нэрээр гадаг­шаа, дотогшоо хувиа бо­доод явчихсан. Зарим нь гэр бүлээрээ тэнд энд амь­дарч байгаа дуулдах юм. Намын төлөө ажиллаж, бууриа сахиж үлдсэн хү­мүүс сэтгэл гаргаж, хүнд даваануудыг давж л явна. Хүмүүсийн хэлээд байгаа шок гэдэг үг эмнэлгийн хэлээр ухаан алдчихсан, юу ч хийж чадахгүй бол­чихсон байдлыг хэлдэг. Тэгэхээр шок гэх нь хаа­шаа юм, хямрал гэвэл үнэнд нийцэх биз. Тэгвэл МАН хямралаас гарсан, одоо өмнөө зорилготой ажиллаж байна. Хамгийн чухал зүйл дараагийн шат­ны сонгуульд ялах, бидний зорилго ийм л байна.