Б.СОЛОНГО

 Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг маргааш дэлхий нийтээр 20 дахь удаагаа тэмдэглэнэ. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ өдрийг тэмдэглэхийг тунхагласан байдаг. Дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийг цагдан хянах, торгууль ногдуулах, мөрдөн мөшгих, эрх чөлөөнд нь халдах, амь насыг нь бүрэлгэх зэрэг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд, улс орны Засгийн газруудад нэхэн сануулах гэж энэ өдрийг тэмдэглэх болжээ. Өчигдөр 20  дахь жилийн эрх чөлөөний өдрийг угтаж “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдах ажилт­ны төлөөлөл, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагчид, иргэний сэтгүүлчид, блогчид хэ­лэл­цүүлэгт оролцлоо. Тэд монгол иргэн бүр үзэл бодлоо илэрхийлэх, айдас хүйдэсгүйгээр үгээ хэлэх эрх өнөөдөр баталгаатай бус, ялангуяа цахим ор­чинд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах ханд­лагатай байгааг бу­руу­шааж байв.

 

 НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЮУ ТУУЛАВ?

Нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны тавду­гаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийд бид тэмдэглэсэн. Харин энэ жил өмнөх жи­лээсээ дордсон байдалтай угтаж байгааг хэлэлцүү­лэгт оролцсон хүмүүс хэлж байлаа. Өнгөрсөн нэг жи­лийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан олон үйл явдал болж өнгөр­чээ. Юуны түрүүнд бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хэв­лэлийн хагас эрх чөлөө­тэй, хэвлэлийн эрх чөлөө­ний мэдэгдэхүйц асуудал­тай орон хэвээр угтаж бай­гааг олон улсын судал­гааны байгууллагууд дүг­нэ­ж байна. Тэгвэл учир битүүлгээр амиа алдсан NBS теле­ви­зийн захирал агсан С.На­ран­баатар. Түү­ний үхлийн шалтгаа­ныг цагдаагийн байгуул­лага одоо болтол тодорхой болгоогүй байна. Хэв­лэлийн эрх чөлөөний өдрөө шоронд угтаж бай­гаа сэт­гүүлч До.Чулуун­баатар. Өнгөрсөн жил болсон хам­гийн дуулиан­тай хэргээр УИХ-ын ги­шүүн Б.На­ран­хүү­гийн нэ­хэмж­лэлтэй “Зууны мэ­дээ” сонины сэтгүүлч Д.Болормаад хол­богдох хэргийг Глобынхон нэрлэ­жээ. “Сэтгүүлчид 8.5 сая төгрөгийн торгууль ног­дуул­сан нь яах аргагүй өн­гөр­сөн жилийн хамгийн асуудалтай үйл явдал бол­лоо. Шүүх хур­лын про­цесс Б.Наранхүүг УИХ-ын гишүүн болсноос хойш маш хурдацтайгаар явагд­сан. УИХ-ын ги­шүүн бо­ло­хоосоо өмнө Б.Наранхүү шүүх хуралд оч­доггүй бай­сан” гэж “Глоб интер­нэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал хэлсэн юм. Мөн өнгөрсөн нэг жилд зөрчилтэй гэсэн шалтгаанаар 37 сайтыг хааж, 21 телевизийг түд­гэл­зүүлж, зургаад нь са­нуулга өгчээ. Удаан хуга­цаанд яригдсан Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн боловч са­наа­чил­сан хүн нь болох Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж хуулийн төслөө бу­цаан татсан. Хамгийн сүүлд хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаа хүчний байгууллагууд нийлж бай­гаад шалгаж эхэлсэн нь “Өнөөдөр” сонины асуу­дал. Эрэн сурвалжлах сэт­гүүлзүйд эрх нь биш үүрэг нь хэмээн ойлгож байгаа эх сурвалжаа нууцалсны төлөө тус сониныхон шал­гуулж эхэлсэн. Ингээд нэг жилийн хугацаанд ЮНЕСКО-ийн үзэл ба­римт­лалтай холбоотой 45 зөрчил гарсан гэж илтгэг­чид хэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэр­гийг мөрдөн шалгасан то­хиолдол манайд байхгүй нь хамгийн харамсалтай гэж тэд дүгнэлээ. Захирал­даа зодуулсан Скай теле­ви­зийн ажилтнууд, гад­ных­ны халдлагад өртсөн SBN телевизийн мэдээ­ний баг, ТВ-8 телевизийн мэдээний багийнхан хохи­рогч хэвээр үлдсэн гээд өн­гөрсөн жилд гарсан 10 хэргийн найм нь шийт­гэл­гүй үлдсэн ажээ. Эцэст нь ямар ч Засгийн газар хэв­лэлийн эрх чөлөөг дэмж­дэг­гүй гэсэн дүгнэлтийг “Глоб итнернэшнл төв” төрийн бус байгууллагын­хан гаргасан байна. Сай­туудын сэтгэгдлийг хянах болсон нь энэ дүгнэлтийн сүүлийн нотолгоо боллоо гэлээ. Харин ирэх долоо хоногоос олон нийтээр хэлэлцүүлэх гэж буй Эрүү­гийн хуу­лийн шинэчилсэн найруул­гаар нэр төр гу­таах­тай холбоотой зүйл заалтыг халсныг НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ бие­лүүлж буй шударга, дэв­шилтэй үйл хэрэг хэмээн сайшааж байгаагаа хэлэл­цүүлэгт оролцсон хэв­лэлийнхэн дамжуулж байлаа.

 

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөллийн байр суурийг хүргэе.

 

Х.Наранжаргал: МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН АГУУЛГА ЦЕНЗУРТ БАЙНА

“Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн

-Дэлхийн улс орнууд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 дахь жилдээ тэм­дэглэж байна. Өнгөр­сөн 20 жилд Монголд чө­лөөт хэв­лэл ямар байсан, одоо ямар байгаа, маргааш ямар байхыг ярилцах шаард­­лагатай байсан. Ха­раат бус байдал гэдэг сэт­гүүлзүйн үнэ цэнэ нь юм. Өнөөдөр хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн агуулга шууд цензурт байна. Сэт­гүүлчид камер, үзгээ ба­риад өөрсдийн бичсэнээ айдас агуулахгүйгээр хэлж чадаж байна уу. Тэгж чадахгүй байгаа бол хам­гийн үнэт зүйл болох ха­раат бус байдлаа алдаж бай­на гэсэн үг. Энэ үнэ цэнийг хамгаалахын төлөө дэлхийн олон оронд бид­ний мэргэжил нэгт нөхөд амь насаа алдаж байна, мөрдөж мөшгүүлж байна. Хэрэв хэрэггүй зүйл бай­сан бол юуны төлөө амь насаа өгч, шоронд ороод байгаа юм. Тиймээс энэ хараат бус байх асуудал нь маш чухал. Харамсалтай нь бид үүнийг хадгалж үлдэхийн төлөө тэмцэхгүй байна.

 

Э.Бат-Үүл: СЭТГҮҮЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДАЛД САНАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

-1998 оны хуульд тө­рийн эрх мэдлийг хязгаар­ласан заалт оруулсан нь тухайн үедээ жинхэнэ өөрчлөлт байсан юм. Энэ хууль өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжилд үнэтэй хувь нэ­мэр оруулсан. Би хотын дарга болоод нэг захирамж гаргасан. Юу гэвэл хотын захиргааны ямар ч албан тушаалтны шийдвэр гурав хоногийн дотор олон ний­тэд мэдээлэгдэхгүй бол хүчингүй болох тухай. Хамгийн гол нь сэтгүүл­чид бидний гаргасан за­хирамж, шийдвэрүүдийг бүтээгдэхүүн болгож ашиг­лаасай. Эцэст нь бид сэтгүүлчдийг биеэ үнэлэх­гүй байх боломжоор нь хангах хэрэгтэй. Орон сууцнаас эхлээд нийг­мийн асуудлыг нь шийд­вэрлэж өгөх ёстой юм. Тэрнээс биш хэн нэгэн зуу зуугаар нь Хайнаньд аялуу­­лаад байвал хэв­лэлийн эрх чөлөө улам л хумигдана.

 

 

М.Батчимэг: /УИХ-ЫН ГИШүүН/ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ВЭ?

-Хэвлэлийн эрх чөлөө хэний эрх чөлөө вэ гэж та бүхнээс асуумаар байна. Энэ асуултад бүгд юуны түрүүнд хариулах ёстой. Минийхээр бол хүн бүрт Үндсэн хуулиар олгосон эрх бий. Түүн дотроос чу­халд тооцогдох нь мэдэх эрх юм. Хүн бүр үнэнийг мэдэх эрхтэй. Энэ эрхийг нь эдлүүлэхэд хэвлэл мэ­дээл­лийн хэрэгсэл чухал үүрэгтэй. Хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл бол бидний мэдэх эрхийн манаач юм. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэн нэгэн тус­гай хэсэгт онцгойлон ол­гох асуудал биш. Бүх хү­ний төлөө үйлчлэх эрх гэж би ойлгодог.

 

 

Г.Уянга: /УИХ-ын гишүүн/ ИХ ХУРАЛД СУУЖ БАЙГАА ЭЗЭД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ӨГӨХГҮЙ

-Хэвлэлийн эрх чөлөө­ний хуулийн төслийг их хурлаар хэлэлцүүлж бай­хад хууль санаачлагч нь гэв гэнэтхэн татаад авчих­сан. Тэр үйлдэл намайг гайхшруулсан. Магадгүй удахгүй болох сонгуульд дахиж ялах магадлалтай хүний хувьд энэ хууль нь өөрт нь сөрөг нөлөө үзүүл­чих вий гэсэн болгоомж­лол байсан байх. Энэ бол нууц биш. Хамгийн гол нь энэ хуулийг их хуралд сууж байгаа хэвлэлийн эзэд татаж авсан гэж ойл­гож байгаа. Хэн нэгэн мөнгөтэй хүн юу ярихыг нь, яаж бичихийг нь сэт­гүүлч­дэд заадаг болсон байна. Бид ийм эрх чө­лөөнд хүрчихсэн юм бай­на. Бүх хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл ардаа сан­хүү­жүүлэгчтэй, эзэдтэй болж. Зах зээлд өрсөлдөөд, орлого олоод оршин тогт­ноно гэдэг гурван сая хүн­тэй, нэг сая сонгогч­той, 1000 гаруй хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлтэй нөхцөлд боломжгүй зүйл. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл зах зээлийн зарчмаар биш мөнгөнд дулдуйдан оршиж байна. Тэгвэл бид хэрхэн эрх чөлөөгөө олж авах вэ. Лав их хуралд сууж байгаа хэв­лэл мэдээллийн хэ­рэгс­лийн эзэд та нарт тэр эрх чөлөөг өгөхгүй гэж би бодож байна. Саяын хуу­лийн хэлэлцүүлгээс би олж мэдсэн. Сэтгүүлчид өөрсдөө л эрх чөлөөгөө олж авах ёстой. Цалинтай, байртай байхаар эрх чө­лөөг хэмжиж байгаа бол ха­рамсалтай байна.