-Манай хүү өнгөрсөн жил 11 дүгээр анги төгссөн. Энэ жил элсэл­тийн ерөнхий шалгалтад орно. Гэтэл цэргийн зарлан дуудах ирсэн учир цэрэг татлагаас чөлөөлөгдөх үү. Үүнийг яаж зохицуулах вэ?

Хан-Уул дүүргийн иргэн Л.Лувсаншарав

 

-Хуулийн дагуу чөлөөлөгдөх үндэслэлгүй. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Харин тэд сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно. Эцэг, эх нь хоёулаа эсвэл ганц бие эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй /60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно/ бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр, хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн ба сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй, эхнэр нь тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон, хууль ёсоор асран хамгаалах, харгал­зан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй эсвэл 16-гаас дээш настай ч тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй хүнийг тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Дээр дурдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, тахир дутуугийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн тогтооно. Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй, түүнчлэн эрүүл мэндээр тэнцэж цэргийн алба хаах хүсэлт гаргасан ч хугацаат цэргийн албанд татах иргэдийн хяналтын тоонд багтаагүй иргэнийг тухайн жилд хугацаат цэргийн албанд татахаас түр чөлөөлнө.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Баянмөнх