Б.СОЛОНГО

Английн нэрт эрдэм­тэн, генерал Роберт Баден Пауэл Браунси арал дээр 20 хүүхдийг цуг­луулан майхант зусланг зохион байгуулсан нь өнөөдөр дэлхийн 220 гаруй улс орон, газар нутгийг хамарсан Скаутын хөдөл­гөөний эхлэл болжээ. Роберт Баден Пауэл цэр­гийн алба хааж байхдаа цэрэгт шинээр ирсэн залуучуудыг тагнуулын үйл ажиллагаанд сургадаг байсан туршлагадаа тул­гуурлан өсвөр үеийнхнийг бага наснаас нь эх оронч, эрүүл чийрэг бие бялдар­тай иргэн хүнийг сургаж хүмүүжүүлэх тухай боддог байсан бөгөөд ийм л зорилго өвөрлөн энэхүү хөдөлгөөний эхлэлийг тавьжээ. Түүний санаа­чилга тухайн үедээ олны анхаарлыг ихээр татаж улмаар богинохон хуга­цаанд Английн өнцөг булан бүрт хөвгүүд сайн дураараа зургаатын сис­темээр салаа зохион бай­гуулж зааварчилгаа хүс­сэн захидал ирж эхэл­жээ. 1908 оны сүүлээр энэхүү үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төвийг бай­гуулах шаардлага аяндаа урган гарсан байна.

1910 онд Английн зас­гийн газар Скаутын хөдөл­гөөнийг албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрснөөр Хүүхэд, залуучуудын боловсрол, хүмүүжлийн нэгэн шинэ байгууллага бий болсон юм. Ийнхүү Скаутын хө­дөл­гөөн үйл ажиллагаагаа явуулж байх үеэр Лондон хотын манан будантай нэгэн өдөр Америкаас ирсэн ноёнтон өөрийн очих газраа мэдэхгүй төөрч яваад өөртэйгээ тааралд­сан нэгэн хүүгээс өөрийн очих газрын тухай асуухад тэр жаалхүү очих газарт нь хүргэж өгчээ. Ингээд нөгөө ноёнтон хүүд таларх­лаа илэрхийлэн нэрийг нь асуухад “Би скаут” гэж хэлээд манан дунд алга болжээ. Нөгөө ноёнтон Скаут гэсэн үгийн талаар найз нөхдөө­сөө асуун хөдөлгөөний зарчим, аргатай танилцан түүнийг өөрийн оронд хөг­жүүлэх санаачилга гарга­жээ. Ингэж Скаутын хөдөлгөөн нь нэг орны хүрээнээс хальж дэлхий дахинд түгэн тархаж эхэлсэн бөгөөд Баден Пауэл ч өөрөө хөдөлгөөнөө бусад оронд хөгжихэд нь биечлэн очиж зааварлан туслаж байсан байна. Үүний зэрэгцээ хөвгүүдийн дунд зохион байгуулагдаж байсан байгууллагын үйл ажиллагааг сонирхсон охидууд нэгдэх хүсэлтээ гаргаж байжээ. Түүнээс гадна энэ хөдөлгөөний үйл ажиллагааг бага нас­ны хүүхдүүд сонир­хож эхэл­сэн байна. Дэлхийн нэг­дүгээр дайн дууссаны да­раахан харил­цан үл ит­гэл­­цэх байдал арилаагүй байсан 1920 онд Английн Олимп хэмээх газар 33 орны 8000 гаруй скаутууд хуран цугларч чуулга уулзалт хийсэн нь тухайн үедээ маш сонин арга хэмжээ болсон гэж түүхэнд тэмдэглэжээ.

Энэхүү арга хэмжээг “Жембори” хэмээн нэрлэж үүнээс хойш 23 удаа зохион бай­гуулаг­даад байна. Харин манай улсад Зөвлөлт Хол­боот Улсын Залуучуудын дээд сур­гуулийг төгсөж ирсэн түүхийн багш М.Есөн­мөнх 1990 оны хоёр­дугаар сарын 20-ны өдөр Олон Улсын Хүүх­дийн “Най­рамдал” Төвийн хоёр­дугаар ээл­жинд скаутын хөдөлгөө­нийг сонирхож байгаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ, Дорнот аймгийн 39 хүүх­дийг нэг бүлэгт хам­руулан скаутын талаарх сургал­тыг зохион байгуулсан нь Монгол оронд скаутын хөдөлгөөн үүсэн хөгжих эхлэл бол­жээ. Дэлхийн Скаутын Хөдөлгөөний байгуул­лагын Товчоонд өргөдлөө өгсний дагуу Ази номхон далайн бүсийн Товчоо­ноос Гүйцэтгэх захи­рал Ким Кю Ёнг хү­рэл­цэн ирж үйл ажилла­гаатай танил­цан ДСХБ-ын гишүүнээр элсэх болзлыг хангасан байна гэж үнэлсэн бөгөөд 1994 оны арваннэгдүгээр сарын 5-нд Монголын Скаутын Холбоо нь Дэл­хийн Хөдөлгөөний Бай­гуул­лагын 136 дахь бүрэн эрхт албан ёсны гишүүн орон болжээ. Өдгөө 8500 орчим хүүхэд, залуус Скаутуудын эгнээнд элсэн оржээ.