М.ГАНЦЭЦЭГ
УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын салбар хуралдаан болох “Эмэгтэйчүүдийн чуулган”-ныг нээж хэлсэн таны үг олон нийт, тэр тусмаа эмэгтэйчүүдийн анхаарлыг нэлээд татлаа. Та илтгэлийнхээ талаар танилцуулаач?
-Энэ удаагийн эмэгтэйчүүдийн чуулганыхаа гол санааг бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн асуудалд чиглүүлсэн юм. Өмнөх жилүүдийг бодвол эмэгтэйчүүдийн хувьд улс төрийн эрх мэдлийн хаалга нээгдэж байгаа боловч бидний хувьд эдийн засгийн эрх мэдлийн хаалга хаалттай байсаар байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд голдуу цалин багатай салбарт төвлөрөн ажиллаж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү арван хувиас илүү байна. Өндөр үнэлэгддэг уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт эмэгтэйчүүд орох боломж маш муу. Тэр ч бүү хэл хөдөлмөрийн хуульдаа манайх эмэгтэй хүний эрхэлж болохгүй ажлын жагсаалт гэж гаргасан байгаа нь ялгаварлан гадуурхалт болж байгаа юм. Эдийн засгийн хувьд хүчирхэг биш бол бусад талаараа хүчирхэг байгаад бид хаана ч хүрэхгүй шүү дээ.
-Манай парламент дөрвөн намын төлөөллийн 11 эмэгтэй гишүүнтэй болсон нь ололт гэдгийг та онцолсон. Илүү олон болох боломж харагдаж байна уу?
-2016 оны сонгуулиар илүү олон эмэгтэй ялалт байгуулж УИХ-д орж ирэх боломжийг бид нээж өгөх ёстой гэдгийг энэ 11 гишүүн бүгд маш сайн ухамсарладаг. Бидний санаачилсан хууль, явуулсан арга хэмжээ, нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөнөөс сонгогчид дүгнэлт хийснээр эмэгтэйчүүдийн төлөө саналаа өгөх болно шүү дээ. Тиймээс бид эрэгтэйчүүдээс 2-3 дахин илүү хөдөлмөрлөх шаардлагатай тулгардаг.
-Манай парламентын эмэгтэй гишүүдийн төлөөллийг бусад орны төлөөлөгчид хэр үнэлсэн бол?
-Өмнөх парламентыг бодвол өнгөрсөн сонгуулиар гурав дахин олон эмэгтэй гишүүн сонгогдсоныг маш том амжилт гэж хүлээн авч байна.
-Ардчилсан орнуудаас бид хүлээж авах ямар туршлага байна гэж та харав. Тэр тусмаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар?
-Эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөртэй улс орнуудад заавал тусгайлсан арга хэмжээ авсан байдаг. Энэ бол сонгуулийн хуульдаа нэр дэвшигчийн квот болон суудал хадгалах квот байдаг. Мөн намын жагсаалтад Зебра хэлбэрээр жагсаах буюу эрэгтэй, эмэгтэй гэсэн дараалал барих гэх мэт аргуудыг хэрэглэдэг. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгддэг туршлагаас бидэнтэй хуваалцсан. Мөн эмэгтэй нэр дэвшигчдэд байнга дарамт болж байдаг санхүүгийн асуудалд хууль гаргах ёстой гэж ярьж байлаа.
-Та илтгэлдээ эмэгтэй Ерөнхийлөгчийн тухай хэлсэн. Үнэхээр манайх эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг ойрхон гэж та бодож байна уу. Яг хэзээ бол?
-Яагаад болохгүй гэж. Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй, тайланд эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Азийн орнуудад эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрдөг болсны тод жишээ шүү дээ. Тиймээс удахгүй эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болно гэдэгт итгэлтэй байна.
-Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүд төлөөллөө дэвшүүлэх боломж ямар байна вэ?
-МАН-аас нэр дэвшигчээ сонгох сунгаанд Д.Оюунхорол гишүүн маань нэлээд сайн явж байна шүү дээ. Түүнийг намаасаа гарч ирнэ гэдэгт бид итгэж байна. Бид хамтаараа амжилт хүссэн.
-Та 23 жилийн өмнөх ардчилсан хувьсгалд оролцож байсан эмэгтэйчүүдийн нэг. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад эмэгтэйчүүд ардчилалд хэр хувь нэмрээ оруулж байна вэ?
-Эмэгтэйчүүдийн оролцоогүй амьдралын нэг ч мөч Монголд байхгүй шүү дээ. Эдийн засгийн хүнд хүчир үеийг эмэгтэйчүүд гахай үүрч Эрээн-Улаанбаатарын галт тэргэнд чихэлдэж зах дээр зогсч нуруундаа үүрч давж гаргалаа. Олон мянган малчин эмэгтэй нэг ч төгрөгийн цалингүйгээр Монголын 50 сая малыг өсгөж байна. Монголын үрсийг эмэгтэйчүүд сургаж, хүмүүжүүлж байна. Монголын ард түмнийг эмэгтэйчүүд л эмчилж эдгээж байна. Гол нь хэзээ ч гомдол гаргадаггүй.
-Энэ хуралд манай хоёр хөршийн төлөөлөгч оролцоогүйг хэвлэлийнхэн олон талаас нь тоймлон бичиж байна. Энэ тухайд та ямар бодолтой байна?
-Энэ бол Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан шүү дээ. Энэ хамтын нийгэмлэгийн гишүүн биш учраас оролцоогүй байх. Гэхдээ маш анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэж байна. Ардчиллын талаар энэ хоёр том гүрэнд Монголоос суралцах юм их бий.
-Ардчилсан орнуудын төлөөлөгчид чуулж буй энэ өдрүүдэд гудамжинд жагсаал болсон. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын суурь зарчим мөн үү. Гадны зарим төлөөлөгч үүнийг хараад ардчилал Монголд жинхэнэ утгаараа хөгжиж буйг хэлж байсан?
-Хэрэв ардчилал байдаггүй бол жагсагчид хаа нэг газар хоригдож байх байлаа. Гадаадад ч гэсэн томоохон хурлын үеэр жагсаал болж л байдаг.
-Энэ хурлаас зөвхөн улстөрч эмэгтэйчүүд биш бусад энгийн эмэгтэйчүүд юуг олж хараасай гэж та хүсч байна вэ?
- Энэ хурлаар дэлхийн шилдэг эмэгтэйчүүд Монголд ирлээ. Энэ нь манай охид, бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулсан байх гэж найдаж байна. Эмэгтэйчүүд бид өөрсдөө хичээвэл их зүйлд хүрч болно. Зориг зүрхтэй байвал хаана ч хүрч болно гэдгийг харсан байх.