Д.Сүрэн

БНХАУ-д шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч, хамгийн сүүлчийн мэдээллээр 102 хүн өвчилжээ. Өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдлын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас  шувууны аж ахуй эрхлэгч, иргэд ,аж ахуйн нэгжүүдэд дээрхи халдвараас сэргийлэхийг сэрэмжүүлж байна.

Манай орны хувьд шувууны томуу гарсан БНХАУ-аас шувуу, тахиа, гахай, түүний гаралтай түүхий бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Гэхдээ мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээр шувууны гаралтай бүтээгдэхүүнийг буцалгаж, чанаж хэрэглэх, өвчилсөн буюу үхсэн шувуутай ойртож, хавьтахгүй байх, шувуу нүүдэллэн ирдэг газар нутагт малаа бэлчээхгүй, ан агнуур хийхгүй байх нь энэхүү өвчлөлөөс урдчилан сэргийлэх нэг хэлбэр гэдгийг сануулж байна. Мөн зарим тохиолдолд халдвар авсан гэрийн тэжээмэл шувуудад шинж тэмдэг илрэхгүй байдаг ч, заримдаа өндөглөх нь багасах, амьсгалын замын тогтолцооны өвчний шинж тэмдэг илэрдэг байна.

Харин хоруу чанар өндөртэй  шувууны томуугийн вирусээр халдварлагдсан үед ямар нэгэн урьтал шинж тэмдэг өгөлгүйгээр хурдацтай хэлбэрээр явагдаж, үхэлд хүргэдэг байна. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, хэрвээ шувуу гэнэт олноор үхэх, өвчний сэжиг илэрвэл Нийслэлийн мал эмнэлгийн газар болон харъяа дүүргийн мал эмнэлгийн байгууллагууд мөн 70144007, 70144009 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг санууллаа.