Б.НОМИН

 

Эко сургууль “мода”-нд орж байна. Улсын хэм­жээнд нийт 70 гаруй сургууль эко гэсэн тодот­голтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ жилээс хүрээгээ чамгүй тэлэх нь. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас энэ оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хү­рээнд тус яамны дэргэдэх Байгаль хамгаалах сан­гаас эко сургуулийн хү­рээг тэлж, эко элч хүүхдүү­дийг олноор бий болгохоор төлөвлөж буй. Дор хаяж мянган хүүхдийг энэ чиг­лэлээр бэлтгэнэ гэж бай­гаа. Тэд цаашаа дахин мянга мянган хүнд нө­лөөлж, ногоон сэтгэлгээг түгээнэ гэж тооцоолсон хэрэг. Үнэхээр ч үр дүн гарч эхэлж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 4-нд болсон “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” сэдэвт хүүхэд залуучуу­дын чуулга уулзалтад Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас оролцсон нэг багш эргээд 17-уулаа болоод нийслэлд ирчихэж. Сур­гуулиа эко болгохын тулд ямар алхмыг хийх ёстойг судалж, ийм тодотголтой сургуулийн үйл ажилла­гаа­тай танилцах гэж тэр. Тэрээр “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” чуул­ганд оролцоод нутагтаа очмогцоо сургуулийнхаа удирдлага болон бусад багш нартаа эко сургууль болохын ач холбогдлыг таниулж, сурталчилснаар эргээд 17-уулаа болж нийслэлд ирсэн нь энэ. Энэ бол эко элчийг бэлтгэсний гол зорилго юм. Тэд өөрсдийн зард­лаар МУИС-ийн Эколо­гийн боловсролын төвийг зорьж иржээ.

МУИС-ийн Эколо­гийн боловсролын төвөөс тэдэнд шаардлагатай хи­чээлийг зааж, БОНХЯ-наас сургалттай холбоотой зардал, гарын авлагаар хангасан байна. МУИС-ийн Экологийн боловс­ролын төвийн багш нар тэдэнд эко сургууль байгуу­лахад шаард­лага­тай долоон алхамыг танил­цуулж, хүүхдүүдэд байгаль орчны мэдлэг олгодог өртөөнүүдээрээ аялуулав.

Дэлхий хэзээ үүсч, хүн төрөлхтөн болон орчлон ертөнц ямар цаг үеийг туулж ирснийг хүүхдүүдэд энгийн, сонирхолтой аргаар тайлбарладаг “Дэлхийн цаг”, байгаль дээрх амьтан, ургамлын үүсэл гарал, бие биедээ хэрхэн хоол хүнс нь болдог талаар үзүүлдэг “Идэш тэжээлийн гурвалжин” гээд нэрлээд байвал олон өртөө эднийд бий. Түүнч­лэн Ерөөгийн багш нар Экологийн боловсролын төвийн дэргэдэх байгаль орчны лицей сургуулийн үйл ажиллагаатай танилц­лаа. Бас тус төвийн гаднах модлог ургамлын цэцэрлэгт “Шидэт толь”, “Хоёр эрдэнэ” зэрэг сонирхолтой өртөөгөөр аялав. Модлог ургамлын энэ цэцэрлэгт Монголд ургадаг бүхий л модыг тарихыг Экологийн боловсролын төвийнхөн зорьдог байна. Одоогоор энд хангай, говь, цөл, хээр талд ургадаг 26 зүйлийн 1000 гаруй модлог ургамал бий. Харин хуш, жодоо зэрэг мод байхгүйг сонс­сон Ерөө сумын багш нар нутгаасаа авчирч суулгаж өгөхөөр болов. Ийнхүү тэд бүтэн өдрийн турш Экологийн боловсролын төвд туршлага судалж, сумандаа очсон хойноо энэ төвийн багш нарыг урьж дахин хичээл заал­гахаар боллоо.

 

“СУРГУУЛИА ЭКО БОЛГОЁ ГЭВЭЛ БИД ДЭМЖИНЭ”

 

БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгааалах сангийн менежер Ж.Ганчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Энэ жил танай сангаас эко сургуулиудыг хэрхэн дэмжих вэ?

-Энэ жил 1000 гаруй эко элч хүүхдийг бэлт­гэнэ. Эко сургууль болох бодлого, зорилго нээлттэй байгаа. Манайх туслалцаа үзүүлнэ. Ялангуяа өөрсдөө хүсэлт тавих юм бол бид дэмжихэд бэлэн.

-Энэ удаад Ерөө сумын сургуулийг сонгосон нь ямар ач холбогдолтой вэ?

-Сэлэнгийн Ерөө суман уул уурхайн ол­бор­лолт олон бий. Түү­нийгээ дагаад байгаль орчны бохир­дол, талхаг­дал ихтэй. Хэрэв сур­гууль нь эко болчихвол тэр сур­гуулиар, хүүхэд сурагч­даар нь дамжуу­лаад байгаль орчны боловс­ролыг орон нут­гийн иргэдэд нь түгээх болов уу гэж бодож байгаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн ерөнхий менежер Л.Болортуяа:

-Өнөөдрийн сургал­таас та бүхэн юуг олж мэдэв?

-Хүүхдэд аливаа мэд­лэгийг зүгээр л нэг сурах бичиг тарааж, материал ашиглаж олгодог бол энэ сургалтаар жинхэнэ гараар нь мэдрүүлж болох олон цуврал хэрэглэг­дэхүүнийг харлаа.

-Сургуулиа эко болгож  болмоор юм шиг байна уу?

-Болно. Хамгийн тү­рүүнд очоод Засаг дарга­тайгаа уулзаж зөвлөл байгуулах шаардлагатай юм байна. Бас орон нутгийнхаа төлөөлөлтэй хамтрахгүй бол зөвхөн сургуулийн хамт олон хийх зүйл биш байна. Засаг даргатайгаа уулзаж төлөв­лөгөөгөө гаргана. Тэгээд Экологийн боловсролын төвтэй хамтарна.

-Сэлэнгийн Ерөө суманд тулгарч байгаа байгаль орчны хүндрэлтэй асуудал байна уу?

-Уул уурхайн олон компани байдаг. Ялангуяа алтны компани олон байна. Хамгийн том компани нь төмрийн хүдэр олборлодог “Болд төмөр Ерөө гол”. Үүнтэй холбоо­тойгоор маш олон асуудал гарч ирдэг. Байгаль хамгаалалд хүүхдүүдийг сайн оролцуулах шаард­лага­тай. Хүүхдийн үгийг томчууд бас сонсдог шүү дээ. Хүүхдүүдээр томчуу­дад, байгаль орчиндоо нөлөөлж болно.

-Үүнээс өмнө танай сургуульд байгаль орчин хамгааллын ямар нэгэн арга хэмжээ хийж байсан уу?

-Манай сургууль эргэн тойрондоо маш олон мод тарьсан. Бүх нийтээр мод тарих өдрөөр анги болгон хүүхдийнхээ тоогоор мод тарьдаг.  Одоо 20 гаруй нэр төрлийн мод тарьчихсан байгаа. Ер нь ногоон сургууль байна гэдэг нь зөвхөн гадна, доторхи орчиндоо цэцэг ургамал тарих биш, гол нь хүмүүсийн хандлагыг сайжруулах ёстой  гэж ойлгож байгаа.

Ойрын хугацаанд Бай­галь хамгаалах сан­гаас Өвөрхангай, Баян­хонгор аймгийн байгаль орчин нь хүнд байдалд орсон нутаг дэвсгэр дэх сургуулиудыг энэхүү сургалтдаа хамруулахаар төлөвлөжээ. Ерөөгийн багш нарыг ирэхээс хэд хоногийн өмнө Төв аймгийн Заамар сумын дунд сургуулийн сурагч, багш нар мөн л өөрсдийн хүсэлтээр эко сургууль байгуулах сургалтад суу­гаад буцсан байна. Энэ жилээс Экологийн боловс­ролын төвийнхний ачаалал улам нэмэгдэх нь. Яагаад гэхээр, Ерөө, Заа­мар сумын багш, хүүх­­дүүдтэй адил хүсэл­тэй байгаагаа илэрхийл­сэн олон сургууль байгаа гэнэ.