Б.УРАН

 Сүүлийн үед чанарын баталгаагүй, эрүүл ахуйн болон эмнэл зүйн шаард­лага хангасан эсэх нь тодорхой бус эм, эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвт­рүүлэхийг завдсан үйлдэл багагүй гарч байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Хаврын ули­ралд малчид малын эм, тариа худалдан авах нь ихэсдэг. Энэ байдлыг най­маачид ашиг­лан зөв­шөөрөлгүйгээр ийм төрлийн эм, эмийн бүтээг­дэхүүн гаднаас нийлүүлж, малчдад шахах болжээ. Хууль бусаар эмийн бүтээгдэхүүн хилээр оруулахыг завдсан хэд хэдэн хэргийг Гаалийн ерөнхий газар цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Тухайлбал, манай улсын иргэн О нь энэ сарын 11-ний өдөр ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боом­тоор орж ирэхдээ 314 шир­хэг шингэн тариаг биедээ нуун хилээр нэвтрэхийг завджээ. Гамавит нэртэй 10 см3 хэмжээ бүхий улаан өнгийн тус тариаг манай улсад оруулж ирэхийн тулд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, нэвтрүү­лэх шаард­лагатай байдаг аж. “Гамавит” гэх  энэ   тариа  нь малын  бие мах  бодийн  дархлаа,  тэсвэрт    чанарыг   нэмэгдүүлэх,   бодисын  солилцоог  эрчимжүүлэх, А,Д,Е,В1, В12  витаминуудын   хэ­рэг­­цээг  нөхөх  зориу­лалт  бүхий олон  тооны   витамин,   амин  хүчил  агуулсан  эхсээс  бэлтгэ­сэн   тосорхог  улаан  өнгийн   биологийн   идэвх­тэй  нэгдэл   юм байна. Иргэн О нь тус тариануудыг цээж, бэл­хүүс, хөл, гуяныхаа хэсэгт нуун далдалж хилээр оруулах гэж байжээ. Мөн энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас олон улс хоорондын зорчигчдын ачаа тээшинд шалгалт хийхэд Пре­дуктал Триметазидин гэх 168 хавтгай эмийг нуу­цаар авч явсныг ил­рүүл­жээ. ОХУ-аас Иркутск-Улаан­­баатарын чиг­лэ­лийн олон улсын галт тэр­гээр зорчин явсан Монгол Улсын иргэн Б нь дээрх эмийг авч явжээ. Тиймээс эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авахдаа анхааралтай байхыг иргэдэд сэрэмж­лүүллээ.