Б.ГАРЬД

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн хамгийн халуун сэдэв болоод байна.
Эрх баригч Ардчилсан намын хувьд ерөнхийдөө тогтчихсон гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь ямар нэг өрсөлдөгчгүйгээр ирэх сонгуульд хүч үзэхээр болсон. Тиймээс энэ намынхан албан тушаалын элдэв томилгоогоо дуусгах, мөн Ардын намын санаачилга болсон Ерөнхий сайдыг татаж унагах ажиллагаанд ил, далд оролцох зэргээр хаврын улс төрөө хийж байна.
Намын дарга Н.Алтанхуягийг нь Ерөнхий сайдын сэнтийгээс буулгана гэж сүрдүүлж байж гишүүдийнхээ харьяалагддаг Байнгын хорооны тоог нэмж авсан Ардын намынхан дотроо ч, гадагшаа ч улс төр хийгээд тун чиг завгүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байдаг.
Мэдээж хэрэг, 90 гаруй жилийн түүхтэй энэ намд Ерөнхийлөгчийн сонгууль тун чухал. Санаагаар нь болдог бол ирэх сонгуульд ялалт байгуулах нь энэ намын үндсэн зорилго болоод байгаа.
Ардын намынхан саяхан гишүүдийнхээ дунд “Хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдэг судалгаа явуулж, санал хураажээ.
Судалгаа хийсэн байгууллагын залуус нэлээд тээнэгэлзэж байж санал хураалтын дүнг Ардын намынханд танилцуулсан байна. Учир нь энэ намын олонхи гишүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшвэл дэмжинэ гэж хариулсан байна. Судалгааг намын дарга Ө.Энхтүвшин удаалсан аж. Харин Ардын намын удирдлагууд “Намын дарга түрүүлж, Б.Бат-Эрдэнэ аварга удааллаа” гэсэн мэдээллийг гадагш цацав. Дарга түрүүлэхгүй бол болохгүй л байх л даа. Гэхдээ “Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ” гэдэг шиг “Энхтүвшин дарга судалгаагаар хоёрт орчихсон юм байна лээ” гээд Ардын намынхан дээр дооргүй л ярьж байна.
Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нараас гадна Д.Оюунхорол санал асуулгаар дээгүүр гарч иржээ. Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ базаан ширүүхэн үзэж байна. Өчигдөр л гэхэд “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөл МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй уулзаж, МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ард түмний санал асуулгын дүнд үндэслэн, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролыг холбооноосоо МАН-ын бага хуралд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор танилцууллаа.
Энэ нь Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн түүхэнд улс төрийн намуудаас анх удаа эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бүрдэж байна гэсэн мэдээ цахим хуудсыг чимлээ.
Гэхдээ МАН-аас хэн бэ.... дөрөвхөн хоногийн дараа болох МАН-ын Бага хурлаар тов тодорхой болох асуудал.
Харин дээр, доороо оролцон хэмжээ, зиндаагаа тогтоолгож буй судалгаа Ардын намынханд ихээхэн төвөг чирэх бололтой. Тэд гишүүддээ захидал илгээн, судалгааны баг явуулж Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ “хайсан” нь буруутаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Ардын нам энэ үйлдлээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөрччихөв. Сонгуулийн хуулийн 33.5-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 33.5.4-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах...” гэжээ. Хэрэв энэ хуулийг зөрчвөл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж 33.18-д заажээ. Мөн 33.19.-д нь “Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно” гэсэн байна.
Ер нь Ардын намынханд судалгаа хийлгэж зам мөрөө харуулах нь сүүлийн үед нэг л зохихгүй байгаа юм. Одоогоос жил таван сарын өмнө шиг санаж байна. “”Прогноз” төвийн судалгааны дүн гарав. “Прогноз” төв тэр үед МАН-ын гол луужин байсан хэрэг. Сонгууль бүрийн дараа энэхүү судалгааны төвийн дарга байсан хүмүүст том шан харамж ирдэг байлаа. Тухайлбал 2000 оны сонгуулийн дараа тус төвийн дарга А.Цанжидад БСШУ-ы сайдын суудлыг бэлэглэж байлаа. Удаах 2004 оны сонгуулийн дараа тус төвийн дарга О.Эрдэнэчимэгийг Элчин сайдаар явуулж байлаа гээд үргэлжилнэ. Түүний дараагийн дарга Б.Одхүү л харин мэнгэ нь голлосон шиг байгаа юм.
“Прогноз” төвийн нэрийг “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгоод ч тусыг эс олсон доо. Б.Одхүүгийн үеийн тэр судалгаагаар МАН-ын рейтинг уначихсан гарав. Улаанбаатар хотод МАН-13 хувь, АН-15.4 хувь, МАХН-6.5 хувьтай гарсан байлаа. Энэхүү 13 хувийг 76 гишүүндээ хуваагаад үзэхээр улсын хэмжээнд МАН-ын есөн гишүүн л гарахаар байсан юм. Улаанбаатараас нэг ч хүн гарахгүй гэж судалгаа хэлсэн байв. Өөрөөр хэлбэл, тэр судалгааны дүнгээр бэлэн мөнгө амалсанд санал өгөхгүй, олон жил болсон намд санал өгөхгүй, олигархиудад санал өгөхгүй гэхчлэн гарсан байв. Тэр судалгааны дүнг мань намынхан гадагш алдчихсан юм. Нууж байгаад алдчихсан судалгааны дүнгийн тайланд тод хараар “Аюулын харанга дэлдэж байна” гэж бичээд танилцуулсан хэсэг хүртэл байсныг санаж байна.
Үүнээс хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болсон. МАН-ын нуугаад байсан, Б.Одхүүгийн сануулаад байсан “аюул” болдгоороо болсон. Сая бас л хууль зөрчин байж судалгаа хийлээ. Бас л нуув. Харин үр дүн нь хоёрхон сарын дараа тодорхой болно.
Судалгааны дүнгээс бас нэг зүйлийг харж болох юм. Шуудхан хэлэхэд Ардын намд яг одоо дорвитойхон лидер алга. Хэзээ ийм байлаа даа, энэ нам. Яг үнэндээ намынхаа Их хурлын индэр дээрээс гуйгаад ч юм шиг, гуядаад ч юм шиг Намын дарга, Ерөнхий сайдын суудал хоёрыг хамтад нь авч байсан С.Баяр энэ хоёр сэнтийг хамтад нь шороонд хутгачихаад хил даваад алга болсон. Суудлыг нь залгуулж үлдсэн С.Батболд, түүний генсек У.Хүрэлсүх нар ямар байдалтай, хаана явааг хүн бүр мэднэ.
Лидергүй намын бодлого ч тун болхи явагддаг ажээ. Саяхан бужигнаж, бужигнаж дууссан Н.Алтанхуягийг огцруулах талаар хэлэлцсэн асуудал халуунаараа байгаа. Хавар болчихлоо, ямар нэг улс төр хийх хэрэгтэйг Ардын намынхан дотооддоо ярьжээ. Хамгийн зэвүүнээр нь Х.Тэмүүжинийг огцруулах хэрэгтэй гэсэн саналыг олонх нь гаргасан гэж байгаа. Харин Ц.Нямдорж “Х.Тэмүүжинийг огцруулъя гэж хамгийн түрүүнд дуугарах ёстой хүн нь би. Гэхдээ тэр хүнийг болохгүй. Хэрэггүй. Үр дүн байхгүй. Харин Н.Алтанхуягаас жаахан зүүгдвэл арай илүү үр дүн үзнэ шүү” гэж зөвлөсөн гэж байгаа. “Нямка даргын үг үнэн байсан нь манай намынхан олон Байнгын хороонд харьяалагддаг болсноор батлагдаж байна” хэмээн намынх нь залуус сайд асныг амаа олохгүй магтах болсон гэнэ лээ.
Товойсон лидергүй намын бодлого нэг иймэрхүү. Юутай ч Бага хурлаар хэрхэн шийдэхийг том, жижиггүй харж суугаа гэх.
Харин МАХН-ын хувьд Бага хурлаа хийгээд Ерөнхийлөгчийн сунгаанд оролцогсдынхоо нэрийг зарлачихсан. Зургаан хүний нэрийг дэвшүүлснээс Гавьяат хуульч С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар нэрээ татсанаар, өдгөө Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог, Н.Удвал нарын дөрвөн хүний нэр сунгаанд үлдсэн гэх. Цаг нь болохоор хэн нэгийгээ үлдээж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзүүлэхээр “томилох” ажээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн гарааны өмнөх дүр зураг товчхондоо ийм л байна. Ардчилсан нам Ц.Элбэгдоржийгоо хэдийнэ сойгоод эхэлчихсэн, Ардын нам дотооддоо тиймэрхүү бужигнаантай, дарга нь дээшээ гарч ирж чаддаггүй, Хувьсгалт нам дөрвөн хүнээ сунгахаар шийдчихсэн байх жишээтэй.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хамгийн түрүүнд ноцтой зөрчсөн Ардын намтай Ч.Содномцэрэн дарга ямар хариуцлага тооцох нь мэдэгдэхгүй байна. Мэдээж, тэр энэ бүхнийг харж л байгаа. Арга хэмжээ авч чаддаггүй юм гэхэд хууль сануулаад ч болсон өнгөрөөхгүй бол ч... Харж л байя.