-Хотын төв нь сайхан, бусад нь муу­хай хэвээр байгаа учраас эсэргүүцэж байна-

 

Д.БОЛОР

 

Ардчилсан орнуудын төлөөлөгчид өчигдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулах үеэр Монголын иргэд ардчилал нэхэн жагсч байгааг олж харлаа. Төрийн тэргүүн нь хүндэтгэлийн индэр дээрээс “Монголын ардчилал ахиж байна. Шат шатаар өгсөж эхэллээ” гэж зарлав. Харин  иргэд гадаа “Ардчилалгүй орон” хэмээх аж. Ардчилал нэхсэн жагсаалд МАХН-ын гишүүд, дэмжигчид төдийгүй хуулийн байгууллагын буруутай үйлдлээс болж хохирсон иргэд, 21 аймгийн төлөөлөл бүхий залуус оролцож тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ. Гэвч цагдаа нар Сүхбаатарын талбайд  жагсагчдыг баривчлах тухай хууль уншин “айлгаж”, сүр хүчийг үзүүлэв. Ингээд жагсаал болоод МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяртай ярилцлаа.

 

-Та бүхэн энэхүү жаг­саалаараа хэнд, ямар шаардлага тавьж байгаа юм?

-Олон улсын хурал эхэлснээс хойш МАХН-ын гишүүдийн зүгээс гу­дамжинд зогсоод тайван замаар “Монголд ард­чи­лал бий юү. Монгол улс төрийн хоригдолтой орон боллоо. Энэ ардчиллын зарчимтай нийцэж байна уу” гэсэн асуулт тавьж ирлээ. Гэвч хэн ч ямар ч хариулт өгөөгүй. Хариулт­гүй асуулт яваад байгаа учраас Ардчилсан орнуу­дын  хамтын нийгэмлэ­гийн өнөөдрийн /өчигдөр/ хуралд нь би суулаа. Хур­лын үеэр өнөөх асуултаа ч тавьсан. Юу гэхээр  “Мон­гол Улс ардчилсан орон мөн үү. Хэрэв ардчилсан орон мөн юм бол яагаад улс төрийн хоригдолтой бай­гаа юм бэ. Авлигатай тэм­цэх нэрээр ардчиллыг нух­­чин дарах оролдлого байж болох уу” гэж. Энэ асуултад Ардчилсан ор­нуу­дын хам­тын нийгэм­лэгийн гүй­цэт­гэх захирал “Ардчилал бол процесс. Энэ явц үргэлжилж байх ёстой. Түүнээс биш ард­чиллыг ялсан, ялаагүй гэх ойлголт байхгүй. Түүнийг үргэлж хамгаалж байх ёстой. Улс төрийн хориг­долтой байгаа бол ард­чилсан орон  биш. Ардчилал гэдэг бол хэн нэг, хэсэг бүлэг хүний гарт эрх мэдэл төвлөрөхийг хэлдэггүй. Энэ бол ард­чиллын эсрэг шинж тэм­дэг юм. Ингэж л хариулах байна” гэлээ. Түүний ха­риултаар “Монгол ардчи­лалгүй болжээ” гэж үзээд хэсэг нөхдийн хамт жагсч байна. Энэ зүгээр нэг жагсаал биш. Мон­голд болж байгаагүй ард­чиллын хурлаар ардчилал ямар байх ёстойг  дэл­хий дахинд ойлгуулах, ардчилал хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах жаг­саал гэж ойлгож байна. Нөгөө талдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зохиомол хэрэгт холбогдуулж хорьсноос  хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд түүний эрүүл мэнд маш их доройтлоо. Хилс хэргээр ял эдлээд зогсохгүй эрүүл мэндээ алдаж байгаа нь туйлын харамсалтай зүйл юм.

-Н.Энхбаярыг өлсгө­лөн зарлаж байгаа гэх юм. Үнэн үү?

-Тав дахь хоног дээрээ улс төрийн  өлсгөлөн зар­лаж байна. Гэтэл түүний өлсгөлөн зарлаж байгаа тухай мэдээллийг нуун дарагдуулахыг эрх бариг­чид оролдож байна шүү дээ. Одоогоор  түүний биеийн байдал маш муу гэсэн мэдээг эмч нар өгч байна. Ийм л уч­раас шу­дарга Ерөнхий­лөгчийнхөө амь насыг аврах гэсэн ард түмэн жагсч байна. Нөгөө талаас тэд төр, засагт хү­рэхгүй байгаа үгийг олон улсын төлөөлөгчид хүргэх зорилготой.

-Хуурай өлсгөлөн үү эсвэл нойтон уу?

-Тодорхой нарийн мэдээлэл бол алга байна. Хязгаарлагдмал орчинд байгаа учраас Н.Энхбаяр даргатай өөрийн биеэр очиж уулзаж чадахгүй юм. Яахав, эмч нар болоод ойр тойронд байгаа хүмүүсийн өгч байгаа мэдээллээр ус уухгүй, юм идэхгүй байгаа юм билээ.

-Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөө­лөгдөх хүсэлт гаргасан. Үүнийг нь холбогдох бай­гууллагууд нь хүлээж авсан болов уу?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болоод  Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаа­лаар батлагдсан ялаас чө­лөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Тэр жагсаал­тад Н.Энхбаяр даргын өв­чилсөн  өвчин нь багтсан байгаа. Ер нь биеийнх нь байдал хүнд байхад ялаас чөлөөлөгдөх тухай асууд­лыг өргөдөлтэй холбон тайлбарлаж болохгүй. Тэр хүнийг өргөдөл өгсөн, өгөөгүйгээс үл хамааран хуулиа биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүнийг ялаас чөлөөлнө гэсэн хууль тогтоомжоо биелүүлэх учиртай. Бид­ний жагсаал хуулиа хэ­рэг­жүүлэхийг нь давхар шаар­даж байна. Цаашдаа улс төрийн хэлмэгдүүлэлт байна уу, үгүй юү гэдгийг  олон улсын хэмжээнд шийд­вэрлүүлнэ. Үүнийг олон улс шийдэх ёстой.  Бид бол одоохондоо Мон­гол Улс хуулиа хэрэг­жүү­лэхийг шаардана.  Хүнд өвчтэй хүнийг улс төрийн ялаас чөлөөлөгдөх ёстой хуулийн заалтыг хэрэг­жүүлэхийг шаардаж байна.

-Асуудлыг шийдэх өөр гарц байна уу?

-Эрх зүйн хувьд ямар гарц байна вэ гэхээр олон улсын хүний эрхийн байгууллагад хандах, олон улсын ардчилал болоод хүний эрхийг хамгаалдаг байгууллагуудтай хамтарч ажиллах юм. Тэр болом­жоо хэрэглэнэ. Бидний тэмцэл  зарим хүний тайл­барлаж байгаачлан нэг хүний тухай асуудал биш. Энэ бол Монголд ард­чи­лал жинхэнэ ёсоор хөг­жих, урьд нь олсон ард­чиллын ололт амжилтаа хадгалж авч үлдэх зо­рил­готой. Ардчиллын замаар Төрийн тэргүүн болсон хүн хамгийн амархан да­ран­­гуйлагч болж хувирдаг дэлхий дахины жишээ бий. Ардчилсан орны хам­тын нийгэмлэгийн хуралд ч энэ тухай ярьж байна.  Гэтэл тэр хялбар замаар олсон ардчиллын шинж чанар манай улсаас  харагдаж байна шүү дээ. Одоо болж байгаа олон улсын хурлаас  ч гэсэн харагдлаа. Хуучны кинонд гардаг “Ширээний бүтээлгээ тавиарай.Шинэ хувцасаа өмсөөрэй” гэдэг нь өнөөдөр биелэлээ олсон байх жишээтэй. Хотын төв нь сайхан, бусад нь муу­хай хэвээр байгаа учраас эсэргүүцэж байгаа юм. Тэгээд ч энэ нь зөвхөн ганц МАХН-ын гишүү­дийн хийж байгаа тэмцэл биш. Хуулийн байгуул­лагын буруутай үйлдлээс болж хохирсон, төр, за­сагтаа гомдолтой олон иргэн нэгдсэн байгаа. Нөгөө талаас энэ хурал зөвхөн АН, МАН-ын ту­хай хурал юм шиг байд­лаар иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөллийг  оруулсангүй.  Олон улсын  төлөөлөгчид иргэний нийг­мийн байгууллагын оролцоо сул байгааг хэв­лэл мэдээллийн байгуул­лагын хаалттай байдлыг шүүмжилж байна лээ.