М.ГАНЦЭЦЭГ

Ардчиллын төлөө тэмц­дэг, дуу хоолойгоо нэгтгэдэг орнуудын тө­лөө­лөгчид Монголд хоёр өдөр чуулав. Ардчилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. 104 орны 1200 гаруй төлөөлөгч ардчиллын гол тулгуур болох иргэний нийгэм, залуучууд, эмэг­тэйчүүд, парламент, ху­вийн хэвшлийг хэрхэн оновчтой хөгжүүлэн дэм­жих талаар салбар хуралдаануудар хэлэлцсэн юм. 150 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нийгэм­лэгийг манай улс 2011 оны долдугаар сараас даргал­сан бөгөөд энэ хэмжээнд хүртэлх Монголын зам дардан байгаагүй.

 

Одоогоос 23 жилийн өмнөх энэ өдрүүдэд ардчилсан хувьсгал ид өрнөж байсан бол өдгөө манай улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл мэдээдэлтэй болж чадсан гэж чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдааныг нээж үг хэлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов.

Монгол оронд ард­чиллыг авчрахад оройлон оролцсон Ардчилсан нам бусад намтай эвсэж Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байгааг ч тэрээр онцлов. Ардчиллыг бэхжүүлнэ, түүнийг хамгаална гэдэг бол ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулна гэсэн үг. Ямар ч улсад бэрхшээл байдаг. Бэрхшээлийг даван гарах, төр засаг асуудлаа шийдэх хамгийн чухал арга зам бол ир­гэдтэйгээ хамтран ажил­лах, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх явдал. Ингэж байж хөрсөнд буугаад буй ардчиллын үнэт зүйлийг хадгалж, улам хөгжүүлэх болно гэж Засгийн газрын тэргүүн онцлоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэн хийж байгаа ажлуудаасаа нэрлэж Шинэчлэлийн Засгийн газар тунгалаг, ил тод, иргэдээ сонсох ажлыг түл­хүү хийж байгааг хэллээ.

 Хий хоосон дүр эсгэ­сэн ардчилал бус жинхэнэ ардчиллыг хөхиүлэн дэмжих зорилт тавьсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалсан нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд нийгэмлэгийн хамт ол­ноосоо ихийг сурч, ард­чиллын замаар замнасан туршлагаасаа хуваалцах онцгой завшаан гарлаа. Манай улс хамтын ажиллагаагаа огтхон ч сааруулахгүй, иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, парламент, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд үргэлжүүлэн ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн юм.

Хуралдаанд оролцож үг хэлсэн төлөөлөгчид ардчиллыг олон янзаар томъёолж байлаа. Тэд “Ардчилал гэдгийг ард түмний төлөөлөлгүйгээр төсөөлөх аргагүй. Ард­чилал бол бүгдийг өөрчлөх ухаан юм. Ардчилал Азид хүчээ авч байна. Ардчилалд сүүдэр бий. Зарим оронд ч асуудал байсан хэвээр байна. Иргэний нийгмийнхэн ардчиллын төлөө тэмцэгчид юм. Иргэний нийгэм, иргэдийн оролцоогүйгээр ардчилал үгүй” хэмээж байлаа.

 “Ардчиллын төлөөх парламентчдын форум” Төрийн ордонд үргэлжлэв. Форумыг ноён Эмануэлис Зингерис удирдан явуулж, оролцогчдоос өмнөх өдрийн хуралдааны үеэр гаргасан бүх саналыг тусгасан зөвлөмжийн баримт бичгийн эхний хувилбарыг танилцуулав. Форумд Бутан, Финлянд, Гүрж, Литва, Индонези, Итали, Ливи, Мексик, Герман, Латви, Польш, Тайван, АНУ, Монгол зэ­рэг 15 улсын парла­мен­таас 50 гаруй төлөөлөгч оролцож, авлигатай тэм­цэх үндсэн сэдвийн хү­рээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парла­мен­тын хяналт, авилгатай тэмцэх чадавхийг бэх­жүүлэх болон хамтын ажиллагааны талаар өөр өөрийн орны туршлагаа ярьж, хэлэлцүүлэг өр­нүүлж, санал бодлоо ху­ваалцжээ. Парламентын салбар форум хэвлэ­лийнхэнд хаалттай болсон юм.

Мөн “Хүчирхэг эмэг­тэйчүүд-Хүчирхэг ард­чилал” сэдэвт эмэгтэй­чүүдийн чуулганыг УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендэрийн Үндэс­ний хороотой хамтран “Кемпински” зочид буудлын хурлын танхимд  зохион байгууллаа. Тус чуулганд АНУ, Канад, Солонгос, Камбожи, Швейцарь, Герман,  Чех, Литв, , Азербайджан, Ар­гентин,Монгол улсын Зас­гийн газар, Эмэг­тэй­чүүдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол улсад үйл ажил­лагаагаа явуулж буй  НҮБХХ, НҮБХАС, Дэл­хийн банк, Азийн хөгж­лийн банк, Азийн Сан, Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны төлөөлөгчид, АНУ-ын Бүгд Найрам­дахчуудын Хүрээлэнгийн экспертүүд зэрэг 125 гаруй төлөөлөгч оролцсон юм. Эмэгтэйчүүдийн чуул­ганаар хэлэлцэж ярилцсан сэдвүүдийн хүрээнд ард­чиллын хамтын нийгэм­лэгийн улс орнууд цаашид анхаарч хамтран  ажиллах зөвлөмж боловсруулан өнөөдөр болох Сайд нарын хуралд танилцуулах юм.

Мөн Залуучуудын чуул­га уулзалт болов. Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлсэн.

Ардчилал өөрөө дан­гаа­раа, хүнээс, залуусаас хамааралгүй хэзээ ч байдаггүй. Ардчилал цаг үргэлж түүнийг арчилж тордохыг, хамтарч ажил­лахыг, сурч мэдэхийг шаар­даж байдаг. Ардчил­лын соёлд суралцах­гүйгээр, иргэний чөлөөт оршихуй, эрхийг хүндэт­гэхгүйгээр ардчиллыг хам­гаалан хөгжүүлэх бо­ломжгүй юм.  Иймээс ма­най улс Ардчилсан ор­нуудын хамтын нийгэм­лэгийг сүүлийн хоёр жил даргалах хугацаандаа ард­чиллын боловсролыг хөг­жүүлэх явдлыг тэргүүлэх чиглэлээ болгож ирснийг Л.Болд онцлов.

АОХН-ийн сайд на­рын долдугаар бага хурал өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийнэ. Хуралд Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, Тайландын Ерөн­хий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Ни­ге­рийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын Комиссын Дэд Ерөн­хийлөгч Катринь Аштон, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Ануг Сан Су Чи, Нобелийн шагналт Таваккол Кар­ман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар хүндтэй зочдоор оролцоно.

Хурал өнөөдөр өндөрлөх бөгөөд АОХН-ийн даргын халааг манай улс Эль Сальвадор улсад шилжүүлэх юм байна.