
М.ГАНЦЭЦЭГ
“Боинг 767-300”-ын жижиг, том загваруудыг үзлээ. Монголчууд агаарын энэхүү шинэ хөлгийг хэдхэн хоногийн дараа “амьдаар” нь харна, бас ниснэ. Шинэ хөлгүүдээр цус сэлбэх гэж буй МИАТ компанийг хэдэн жилийн дараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд оруулах зорилт тавьжээ. Монголын чөдрийн ганц морь МИАТ хурдан морьдын тоосонд орох цаг айсуйг тус компанийн гүйцэтгэх захирал, гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан хэллээ.
Түүний аав Монголын анхны гавьяат нисгэгч, Монгол Улсын баатар Дугарын Гунгаа гуайг монголчууд, тэр дундаа салбарынхан нь андахгүй. Тэрээр нисэх хүчний үүх түүхийг эхлүүлсэн хүндтэй эрхэм. Ажил, амьдралынхаа 40 гаруй жилийг нисэх хүчинтэй холбосон Д.Гунгаа гуайн хүү гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан ч энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа юм. Тэрээр МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод дөрвөн сар болжээ.
Г.Жаргалсайхан захирал энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор уригдаж ажил, амьдралынхаа дурсамж, түүхээс хуваалцлаа.
620 гаруй ажилтантай МИАТ хэмээх их айлыг удирддаг эрхмийн ажлын өрөөнд орлоо. Ирэх сарын эхээр Монголд оруулж ирэх шинэ “Боинг 767-300”-ын жижиг, том загвар, дэлхийн газрын зураг, нислэгийн хуваарь, цаг хугацааны хуанли гээд агаарын тээврийн ажилд ягштал баримталдаг зүйлүүд олон байх аж.
ААВ 16 МЯНГА, БИ 20 МЯНГАН ЦАГ НИССЭН
-Удам дамжсан нисгэгчтэй уулзсаных аавын тань дурсамжаас сонсмоор байна?
-Манай аав 1935 онд цэргийн нисэх ангид моторчноор орсон байдаг. 1925 онд нисэх анги үүссэн шүү дээ. 1935 ондоо нисэхийн сургуульд ороод 1937 онд төгссөн. Тэр үед 10 нисгэгч, 20 гаруй техникчийн бүрэлдэхүүн төгссөн юм билээ. Тэндээс хоёр нисгэгч, гурван техникч онц төгссөн юмуу даа. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гарын үсэгтэй бугуйн цагаар шагнуулж нисгэгч болсон гэдэг. Тэндээ багш нисгэгчээр үлдээд 1939 онд Халхын голын байлдаанд Р-5 онгоцоор шөнийн бөмбөгдөлт, тагнуулын нислэг хийж байсан. Оросуудын удирдлагад голдуу шөнөөр нисч байсан гэдэг. Аав маань 2009 онд Халхын голын 70 жилийн ойгоор Монгол Улсын баатар цол хүртсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ архиваас харж шөнийн тэдэн нислэг хийсэн гэж хэлж байхыг нь би тэгэхэд л мэдлээ. Өөрөө ч надад сайн ярьдаггүй байж. Аав 1945 оны чөлөөлөх дайнд мөн нисэх хороог командлан оролцож байсан. 1946-1948 оны Байтаг Богдын зэвсэгт мөргөлдөөнд бие дааж 4-5 онгоцтой хэсгээ даргалж оролцож байсан гэдэг. Бөмбөг хаяж, буудаж байсан гэсэн. Тэгээд 1955 онд цэргийн нисэхээс иргэний нисэх рүү шилжих тогтоол гарч, байлдаан ч дуусч амар жимэр болж, холимог хороог нисэх отряд болгоод АН-2 буюу царцаа ногоон гээд 10 гаруй хүн суудаг таван онгоц авчээ. Ингээд 1955 онд Ховд, Мөрөн, Дорнод, Завхан, Увс гээд анхны таван чиглэлд нислэг үйлдсэн гэдэг. Ингэж иргэний агаарын тээвэр үүссэн түүхтэй. Манай МИАТ-ийн түүх эхэлсэн гэсэн үг. Дараа нь иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын даргыг хашиж байлдагчаас генерал цолтон хүртэл ажиллаж байгаад 1975 онд тэтгэвэрт гарсан хүн.1965 онд нисэх хүчний 40 жилийн ойгоор анхны гавъяат нисгэгч цол хүртсэн байдаг.
-Монголын хамгийн анхны гавъяат нисгэгч юм уу?
-Тийм ээ. Хоёрт нь У.Даравгар гуай гавъяат нисгэгч болсон, мөн гавъяат техникч Шагдар тэр гурав анхны гавъяатууд юм.
-Аав тань их олон онгоцоор олон цаг ниссэн байх даа?
-Манай аав 20-иод төрлийн онгоцоор ниссэн. Энэ манай гадаа байгаа “МИАТ-ийн гадна” ИЛ-14 гээд жижиг цагаан онгоцоор нисч байсан. Тэгээд АН-2, ИЛ-14, цэргийн Р-5, ЯК-19, ЯК-8,ЯК-7 гээд л тухайн үеийн байлдааны онгоцуудаар нисч байсан. Анхны гадаад нислэгийг ИЛ-14-өөр Бээжин, Иркутск гэж явдаг байсан. Мөн 1960-аад оны үед Д.Самбуу, Ю.Цэдэнбал гуай зэрэг төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг аваад Польш, Варшав, Берлин рүү тусгай үүргийн нислэг үйлдсэн түүхтэй. Иргэний агаарын тээврийг бий болгоход анхны даргаас нь эхлээд ИНЕГ-ын даргын албыг хашсан хүн.
-Та хэзээ нь нисгэгч болсон юм бэ?
-1972 онд.
-Аав, ээж тань Хөвсгөлийнх. Та тэнд төрж өссөн үү?
-Аав Төмөрбулаг, ээж Цэцэрлэг сумынх. Би доод нисэх гэж байсан Шувуун фабрикын наана, тэнд цэргийн хороо байрлаж байгаад дараа нь иргэний нисэх бий болоход төрсөн хүн. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Бөхөг түргэний голын хөвөөнд төрсөн. Намайг гурван настай байхад 1955 онд анхны иргэний нислэг эхэлж байжээ. Дараа нь ИЛ-14 онгоц ирж, нисэх буудал ашиглалтад орсон түүхтэй. 
-Бага насаа нисэхэд л өнгөрүүлж дээ. Аавыгаа дагаад нисгэгч болохоор шийдсэн үү?
-Би 1969 онд аравдугаар анги төгсөөд цэргийн дээд сургуулийн хуваарь авсан. Би нисгэгч болох сонирхолтой байсан. Тэр үед нисгэгчийн ангид хуваарь ирээгүй. Ажиллаж байсан хүмүүст хуваарь ирсэн ч тэр жил аравдугаар анги төгссөн оюутнуудад ирээгүй. Би уг нь авчих санаатай байлаа. Тэгээд ааваас асуулаа. Цэргийн хуваарь ирлээ гэж. Аав нэг хурлаар Варшав ч билүү, хаашаа ч юм явлаа даа. Нэг тийшээ яваад өгсөн. Явахынх нь өмнө асуусан чинь цэргийн дээдэд яв гэсэн. Тэгээд ээжтэй зөвлөсөн. Намайг өөрөө мэд л гэлээ. Тэгээд нисэхийн шалгалт өгч байгаа газар очоод тэнцсэн. Тухайн үед нисгэгчдийг коллеж дээр бэлтгэдэг байсан. Ингээд ЗХУ-ын Рязань мужийн Сасовын Нисэхийн коллежид орж суралцаад 1972 онд төгсч ирээд АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгчээр Архангай аймагт томилогдоод явж байлаа. Түүнээс хойш 2012 оны хоёрдугаар сарын 18 хүртэл 40 жил нислээ дээ.
-40 жил агаарт нисэх амаргүй байх. Хэдэн цаг ниссэн гэдгээ тооцсон уу?
-20 гаруй мянган цаг нислээ. Би 40 жил, аав бас 40 жил ниссэн. Бид хоёрынх нийлээд 80 жил болчихож. Сонин тохиолдол шүү.
-Д.Гунгаа гуай хэдэн цаг ниссэн гэдэг вэ?
-Аав 15-16 мянган цаг ниссэн гэдэг.
-Та өнгөрсөн жилийн наадмаар гавъяат болсон бил үү?
-2011 оны наадмаар Монгол Улсын гавъяат нисгэгч цол хүртсэн.
-Багадаа аавтайгаа хамт нисдэг байв уу?
-Бага байхын л жижиг ногоон онгоцууд нисдэг байхыг хардаг байсан. Тав, зургадугаар ангид байхдаа аавыг дагаж хааяа нисдэг байсан. Их л үүрээр нисдэг байсан санагдана. Одоо ч өглөөгүүр нисдэг л дээ.
-Тэр дурсамжаасаа хуваалцаач?
-Орой унтаж байтал аав маргаашийн нислэгт явах уу гэж асуусан. Өө тэгэлгүй яахав гээд л.Манайх энд нисэхийн хойхно байсан юм. Хүүхэд болохоор өглөө унтаж байгаад ухас хийж босоод л явсан. Одоо бодоход Ховд, Өлгий л явсан байж. Наашаа ирж яваад жаахан унтчихаж. Нэг сэрсэн үүлэн дотор явж байна. Онгоц сэгсрээд л , хүүхэд болохоор айгаад, аав руу харсан тоож байгаа шинж алга. Арай л уйлсангүй. Анхны сэтгэгдэл ийм л байж. Одоо бодоход багаасаа тэвдэж сандарч болохгүй, айж болохгүй гэдгийг ааваасаа өвлөж авчээ.
-Аавыг дагалдсан нислэг тийм байж. Сургууль төгсөөд онгоцны жолоо анх барьсан биз дээ?
-Оросын нутагт. Сасовт. ЯК-18А гээд хоёр хүний суудалтай сургуулийн жижиг онгоц бий. Тэр онгоцоор 18-тай хүүхэд зун дадлага хийсэн. 10 цаг нисч багш, салаан дарга, эскадрилийн дарга, отрядын даргадаа шалгууллаа. Дээр үед онгоц маань урдаа шилтэй, бүхээг нь онгорхой. Киноноос харсан байх. Ард нь шуудайтай элс тавиад хүнийхээ жинтэй тэнцүүлж нисдэг байсан гэсэн. Бидний үед цонхыг нь хагас онгойлгож салхи оруулж тэнцүүлдэг байсан юм. Манай отрядын дарга онгоцны маань цонхыг хагас онгойлгочихоод гараад явчихлаа. Намайг нис л гэж байгаа бололтой. Бие даасан нислэг хийсэн маань тэр. Эхлээд юугаа ч мэдсэнгүй хөөрөөд явчихлаа. Нэг мэдсэн агаарт гарчихаж. Ард суугаа багшийгаа толинд хардаг байхгүй юу. Гэтэл харсан ард хэн ч алга. Онгоцоо ийш, тийш нь далийлгаж үзлээ. Болж байна. Дээш, доош нь татаж үзлээ. Болж байна. Би удирдаад байна аа. Тэгээд л нээх их бахирлаа. Баярлаж, бахархаж байгаа юм уу даа. Хашгираад л. Хайрцаглаж нисдэг юм. Тэгээд л буулаа. Хамгийн хүнд элемент нь буухдаа байдаг. Тэгээд дахиад нэг явлаа. Эхнийх муухан байсан бол дахиад явуулдаггүй юм. Гэтэл дахиад явуулчихлаа. Анхны маань нислэг ингэж л өнгөрсөн дөө. Түүнээс хойш нэг л мэдэхэд 40 жил хурдан өнгөрчээ.
МИАТ ХУРДАН МОРЬДЫН ТООСОНД ДАВХИДАГ БОЛЧИХВОЛ БОЛЛОО
-Аавынхаа үүх түүхийг эхлүүлсэн газрыг өнөөдөр та удирдаж сууна. Сайхан дурсамж гэхээс илүү нэлээд үүрэг хариуцлагатай ажил биз?
-Тэгэлгүй яах вэ. МИАТ гэдэг том айлыг удирдах их хүнд юм байна. Би дөрвөн сар ажиллаж байсан, ядраагүйгээрээ ядарлаа. 40 жил нисэхдээ ядарлаа гэж хэлээгүйг гэр бүлийнхэн маань мэднэ. Гэтэл энд нэг сар гаруй ажиллаад 40 жил ажиллаад ядраагүйгээрээ ядарч байна гэж хэлсэн. Тэгэхээр ажлын цар хэмжээ, үүрэг хариуцлага, одоогийн өрсөлдөөн хүнд гэдэг нь мэдрэгдэж байна. МИАТ маш торгон агшин, зааг дээр ирчихээд байна. Шинэчлэлийн Засгийн газар бодлогын бичиг баримт гаргаж өглөө. Манай яамнаас санаачлаад УИХ-аар баталгаажуулж өглөө. Үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус олголоо. Шинэ онгоцны асуудлыг шийдэж өглөө. Энэ бол том боломжийг нээж өгсөн хэрэг. Нөгөө талаас өрсөлдөөн, зах зээлийн хууль, томоохон авиа компаниуд, хувийн компаниудтай тэнцүү хэмжээнд өрсөлдөх хүндтэй бөгөөд хүнд үе тулгарч байна. Шинэ онгоцнууд авч парк шинэчлэлтээ хийж байна. Гадаад ертөнцөд ажиллах боломжтой боллоо. Мөн бодлогын бичиг баримттай болсон. МИАТ бол Монголын чөдрийн ганц морь. “КAL”, “Airchina”, “Aeroflot”, “Тurkish airlines” бол хурдан морьд байхгүй юу. Тэд хурдан морь дотроо цээжний хэдэд явж байгаа морьд шүү. Тэгэхээр чөдрийн ганц маань тэдэнтэй уралдаад хэр давхих вэ гэдэг ойлгомжтой. Үүнд тэнцвэртэй байдлыг хангахын тулд энэ бодлогын бичиг баримт гарсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хурдан морьдын эгнээнд аваачих гэж тэр. Түүнээс цээжний хэд рүү дөхөх болоогүй.
-Тэгээд МИАТ хэзээ цээжний хэдэд орох юм бэ?
-Ядахдаа 20-30 онгоцтой болж байж тийшээ дөхнө. Хурдан морь чинь 200-300 байдаг биз дээ. Барианд ордоггүй юмаа гэхэд хурдан морьдын тоосон дунд давхиж явдаг нэг морь байвал болчихно. 2016-2020 он хүртэл тэр дунд ормоор байна. Аль ч улс орон үндэсний авиа компаниа тэр хэмжээнд хүргэхийн тулд хамгаалж, эрх ашгийг нь хууль дүрэм журмаараа зохицуулж өгсөн байдаг. Тэгээд хурдан морио барианд оруулж, эхний хэд рүү дөхүүлж өрсөлдүүлдэг, зах зээлээ нээдэг байхгүй юу. Манайх одоо зах зээлээ нээж болохгүй. Хугацаа болоогүй. Одоо нээчихвэл бид чөдрийн морь ч үгүй, юу ч үгүй болно. Гадны хурдан морьдыг л бид унах болно. МИАТ-д нэг эрх өглөө, монополь гээд л яриад байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн буруу биш. Олон компани орж ирж өрсөлдөөд тариф нь хямдраад сонголт олон болж байна. Энэ талаас нь харвал зөв. Сөүл-Бээжингийн чиглэлд нэг, нэг тээвэрлэгч гэж байна. Сөүлд манайхаас МИАТ байх нь. Цаанаас “КAL” байх нь. Одоо “Аsiana” гээд компани орж ирье гээд л байна. Бас нэг хурдан морь шүү дээ. Хоёрыг тэндээс оруулж ирнэ гэвэл эндээс манайх хоёр тээвэрлэгч гаргах ёстой. Нэг нь МИАТ, нөгөөг нь хувийн гурваас аль дөнгүүрийг нь сонгоно доо. Энэ гурав маань чөдрийн морь ч болж үзээгүй, даага хавьцаа явж байгаа. Тэгээд нэг чөдрийн морь, нэг даага эндээс хоёр хурдан морьтой уралдахад хэн энд үлдэх вэ. Тэр хоёр үлдээд, манай хоёр байхгүй болно. Ойлгомжтой биз. Хүч тэнцвэргүй байна. Тэд цаанаа том хүч, нөөц, бололцоотой, бэхэжсэн. Олон чиглэлтэй, алдагдалтай чиглэлээ нөхдөг. Тэгэхээр эхний нэг, хоёр жилдээ тарифаа хямдруулчихдаг юм. Гэтэл бид дагаад хямдруулах болно доо. МИАТ-ийн ганц ашигтай ажилладаг Бээжин, Сөүлийн чиглэл ашиггүй болоод ирнэ. Хоёр жилийн дараа МИАТ-ийг барихын тулд төр бодлогоор дэмжиж мөнгө өгөх учиртай. Гэтэл төр бүх зүйлд мөнгө өгч чадах уу, үгүй шүү дээ. Ингээд л бид хоёр хүч тэнцвэргүй тулалдаанд ялагдана. Ийм байдлаас л болгоомжилсон бодлогын бичиг баримт байхгүй юу. Энэ баримт бичгийг гаргахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж, дээшээ ахих, үүний тулд онгоц нэмж өгч байна. Дотооддоо хийх ажил их бий. Энэ сайхан зурвас үеийг ашиглаад хийх юм их байна. Хаана, хаанаа зөв ойлгох учиртай. Улс төрийн талд ярих юм бол зөндөө л байна. Хоёр гүрний дунд байдаг, далайгаас алслагдсан, зөвхөн агаарын зам байх ёстой юу,үгүй юу гээд л. Монголын зах зээл жижигхэн. Тэр олон компанийг даах чадваргүй. Аялал жуулчлал сайн хөгжөөгүй, улирлын чанартай, зуны гурвансар л оволздог. Юм болгон хугацаатай. Үүнийг л тал, талаасаа ойлгох хэрэгтэй.
БИ ҮГ БОЛГОНЫ АРААС ЧУЛУУ ШИДЭХГҮЙ
-Та захирал болоод ядарсан гэлээ. Ажлаа мэдэхгүйн зовлон бол танд байхгүй нь мэдээж. Харин МИАТ-ийг яаж хурдан морьдын тоосонд давхиулах вэ гэж л толгойгоо гашилгаж, бие сэтгэлээ чилээж байгаа юм аа даа?
-Мэргэжлийн салбарт улс төр бага ороосой гэж боддог. Төрийн компаниудад улс төр их ордог. Захирлууд нь байн байн солигддог. Өнөөдөр ч над руу дайрсаар л байна. Би үүнд эмзэглэхгүй. Харамсалтай нь компанид муугаар нөлөөлдөг. Би үг болгоны араас чулуу шидэхийг хүсэхгүй байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж үг бий дээ. Үхэр тэргээр туулай хэзээ ч гүйцэхгүй. Гэхдээ өнөөдөр тэгж хэлж байгаа ч маргааш үнэн илэрдэг. Гэхдээ би ярьж байх ёстой юм шиг байна. Тэртэй, тэргүй учир нь олдоно гээд хаячихвал компанид сөргөөр нөлөөлдөг, орлого буурдаг, хар пи-ар их явдаг, нэр хүнд нь буурдаг. Хэрүүл уруултай компаниар хэн үйлчлүүлэхийг хүсэх билээ. Ийм зүйлээс болоод нэгдүгээр улирлын орлого өнгөрсөн жилээс буурсан. Тодорхой хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. “Тurkish airlines” орж ирж байна. Эдийн засгийн өсөлт буурч байна. Жуулчдын тоо буурсан, дээр нь шувууны ханиад гараад ирлээ. Гэхдээ бас хар пи-ар нөлөөлж л байгаа. Үүнд их эмзэглэж байна. Түүнээс миний нэр төр сэвтчихлээ гэж эмзэглэх юм алга. Шоронд орох гэж байна л гэнэ, мөрдөн байцаалтад явж байгаа л гэнэ, бас нэг луйварчин ирээд суучихсан байна л гэх юм.
-Үнэн юм уу. Таныг АТГ шалгаж байгаа юу?
-Юу ч байхгүй. Саяхан хэвлэлээс харсан. АТГ-аас шалгаж байгаа юу гэж асуухад үгүй гэсэн байна. Нийслэлийн прокуророос асуусан үгүйл гэсэн байна лээ.
-Өмнөх дарга нар нь асуудалтай байгаа, тиймүү?
-За тэр яах вэ. Шүүхээр шийднэ байх. Буруутай юу, үгүй юу гэдэг нь гараад ирнэ. Тэр ганц, хоёр хүний асуудлыг компанитай, ажил хийж байгаа олон зуун хүнтэй битгий холбоосой гэж хүсдэг. Үүнийг дэвэргэдэг гадаад, дотоодын хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл би өрсөлдөөн, зах зээл гээд яриад байна шүү дээ. “Аsiana” сая маш том лообий хийлээ. Манай зах зээл рүү орж ирэх гээд л. Бид түр зуур барилаа шүү дээ.
-Юу гэнэ ээ. Та жаахан тодруулаач?
-МИАТ-ийг муу байлгаж, дампууруулбал хэнд ашигтай вэ. “МИАТ”, “КAL” хоёр л 2016 он хүртэл нисэх эрхтэй байна шүү дээ. Тэгэхээр МИАТ-ийг алга болгох санаа байхыг үгүйсгэхгүй. Түүнд бид өгөөш болж болохгүй. Зохион байгуулалттай зүйлд нь бид өртөж болохгүй. “Туулайн чинээ хар уулын чинээ цагааныг будна” гэдэг шиг дутагдалгүй юм гэж байдаггүй. Сайн талыг нь ярихаасаа саар талыг их ярьдаг байдал ажиглагдах юм. Үүнийг хаана, хаанаа бодолцох учиртай. Бид дутагдлаа нуух гэж байгаа юм биш. Дутагдлыг маань ил хэлбэл хамтдаа засаад явах учиртай. Чөдрийн ганц морио бүдрэнгүүт нь дээрээс нь түлхэж болохгүй.
“КAL”-ЫГ, “Aeroflot”-ЫГ ХЭН Ч ӨШИГЛӨДӨГГҮЙ
-Чөдрийн ганц маань Москвад бүдрээд бөөн сенсаац болсон доо?
-Бөөн сенсаац. Техникийн саатал гарлаа гээд бид уучлалт гуйсан. Энэ бол миний дээр хэлсэн цээжний хэдэн морьдод ч байдаг асуудал. Манайх дөрөвхөн онгоцтой. Нэгийг нь ч нөөцөнд тавьж чадахгүй. Олон онгоцтой газар бол нэгийгээ нөөцөнд байлгадаг. Гэтэл бид нэг асуудал гарлаа гэхэд нэг нь очоод татаад авчихаж чаддаггүй. Жижиг компаниудын зовлон бий. Гэвч зовлонгоо тоочих гэсэн юм биш. Хаана, хаанаа хүлээцтэй хандах учиртай. Москвагийн хамгийн толгой өвтгөдөг асуудал бол транзит буудал. Гуравхан зочид буудал бий. Германаас явж байгаа хүмүүсийг визгүй гээд гаргадаггүй зовлон бий. Хачин юманд харгалзагчтай байлгалаа гээд л. Оросын гаалийн дүрмээр явна уу гэхээс манайх мэдэхгүй. Бүх л компани тэгж байгаа. Тэр өдөр Москвагийн агаар маш муу байсан. Нислэгээ хаагаад онгоцнууд овоорчихсон бөөн юм болсон. Мoсква манайх шиг өдөрт хэдхэнийг нисгэх биш дээ. Хэдэн зуун онгоц нисдэг. Тэгээд нөгөө буудлууд нь дүүрэн хүнтэй. Тэгээд л хүнээ буулгаж чадсангүй. Биднийг л буулгасангүй гээд хараадаг, манай ажилчдыг өшиглөж, нудардаг. Бухимдлыг ойлгож байна. Бидэнд алдаа байсан, тэр үнэн. Зорчигчид маань соёлтой байх ёстой. МИАТ-ийн хэдэн хүнийг дээрэлхэх ёстой гэж өшиглөх буруу биз. Түүний төлөө бид гомдол тавиагүй. Бид зорчигчдодоо өшиглүүлэх ёстой гэж үү. “КAL”-ыг, “Aeroflot”-ын ажилчдыг ийм үед хэн өшиглөсөн юм бэ. Хэн ч өшиглөдөггүй л байхгүй юу. Дув дуугүй л явцгаадгийг би сайн мэднэ. Тэгээд бухимдлыг чинь хүртэл тайлж өгдөг МИАТ-аа зөв талаас нь дэмжээч гэж хэлэх гэсэн юм.
-МИАТ-ийн онгоц саатдаг гээд л их ярьдаг шүү дээ?
-Хятад, Монголын Цагаан сар давхацлаа. “Airchina” долоо хоног нислэгээ хаасан. Бид л ниссэн биз дээ. Хэдхэн хүнтэй, алдагдалтай ниссэн. Тэндээс 40 хүнтэй, эндээс 30 хүнтэй л 10 хоног нислээ. Алдагдлаа үүрлээ. Уг нь бид ашгаа хараад нислэгээ хаах байсан. Бизнесийн байгууллага ингэх ёстой. Бид явахгүй бол тэр 30 хүн галт тэргээр, машинаар л явцгаана биз. Энэ тухай хэн ч яриагүй. “КAL” саатлаа гэж хэн ч ярьдаггүй. Биднийг хэдхэн цаг саатахад л бөөн юм болдог.
Бас нисгэгчид нь стандарт мэддэггүй, салхитай үед буучихдаг гээд л. Бид стандарт тогтоодоггүй. Гурван төрлийн цаг агаарын хязгаарлалт байдаг. Онгоцонд байдаг, нисэх буудалд, нисгэгчийнх гэж бий. Би нисгэгч, үүлний өндөр 50, хараа 800-тай байхад нисчихнэ. Манай нисэх буудлын хязгаарлалт үүлний өндөр 200 метр, хараа 2000 метрт нисэх ёстой байхгүй юу. Тэгэхээр би энэ буудалдаа захирагдах ёстой. Онгоц араасаа найман метр, секунтын салхинд буудаг бол би бууж чаддаг ч 10 метр.секундэд буухгүй. “КAL”, “Airchina”-гийнх таван метр.секундэд бууна гээд авчихсан. Мөнгө төлж авдаг юм. Энд долоон метр. Секунд байвал буцаад явчихдаг. Харин бид буудаг. Гэтэл “Airchina” буугаагүй байхад биднийг буулаа, стандарт зөрчлөө мангар, зоригтой гээд л шуугина биз дээ. Түүнийгээ тайлбарлаж таниулаагүй нь бидний алдаа байх. Ялгаа, энэ тэрийг мэдэж байх учиртай.
-Та их эгзэгтэй, торгон агшин гэж энэ үеийг томъёоллоо. МИАТ-ийг аврах уу, алдах уу гэсэн эмзэг үе байх. Олон жил алдагдалтай ажилласан гэж шүүмжилдэг. МИАТ хэзээ ашигтай ажиллах бол?
-Ашигтай ажиллах боломж гарна. Манайх түрээсийн дөрвөн онгоцоор зургаан чиглэлд нисч байгаа. Түрээсийн мөнгө гэж зөндөө юм бий. Хуучин онгоцны засвар үйлчилгээ гэж их мөнгө шаардана. Хуучин машин яадаг билээ, яг л тэр. Харин одоо бид гурван шинэ онгоцоо авчихна. Ирэх гурван жил маш хүнд. Том компаниуд нэгдэж байна. Бие биенийхээ хүнийг цааш нь тээгээд явчихна. Гэтэл манайх нэг цэгээс нөгөө рүү л нисч байна. Цаашаа холбоос байхгүй. “КAL” бол өөр биз дээ. Хаашаа л бол хаашаа явна. Тэгэхээр бид хоёр дахин их ажиллах учиртай. Үйл ажиллагаа өргөжүүлэх, холбоостой болж бусад компанитай хамтын ажиллагааг тохирох хэрэг байна. Бид хийж эхэлж байна. Эхлэл зөндөө бий, гурван жилийн дараа өөр болчих байх. Манай дүрэм бусдынхтай адилхан байх учиртай. Манайхан бүгд англи хэлтэй байх учиртай. Нисгэгчид маань дөрөвдүгээр төвшний англи хэлтэй болчихлоо. Инженер, техникийн ажилтнууд хэлний зохих төвшиндөө хүрчихлээ. Бусад нь төвшнөө ахиулах хэрэгтэй. Үйлчилгээний гурван одтой боллоо. Үйлчилгээгээ улам сайжруулахад мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхийн тулд орлогоо нэмэх учиртай. Ингэхдээ нислэгээ нэмэгдүүлэх ёстой. Эхний нислэгээр орлого нэмэгддэггүй. Олон жилийн дараа Сөүл, Бээжинд ашигтай ажилласан. Дөнгөж одоо л Токио руу алдагдалгүй ажиллаж эхэлж байгаа. Ашигтай ажиллаад эхлэнгүүт бусад нь ороод ирдэг. Бидний хүч хөдөлмөрөөрөө боcгосон чиглэлд, том онгоц нисэх хэмжээнд хүрэнгүүт бусад авиа компани манайх руу нисчихдэг. Бээжин ч, Сөүл ч тийм байсан. Токио ч тэгнэ. “Тurkish airlines” Европын нислэг авъя гээд ороод ирлээ шүү дээ. Цаашаа холбоос сайтай энэ айл ороод ирчихлээ. Үүнээс шалтгаалаад манай компаний Берлин мөн Бээжин Сөүлийн зорчигчийн урсгал багасч, орлого буурсан гэх мэтийн сөрөг нөлөөлөл бий болж байна. Үүнийг зохицуулахын тулд бодлогын бичиг баримт гаргасан юм.
-“Бойнг”-оос авах гурван онгоцны эхнийхийг нь яг хэзээ авчрах вэ?
-Сая тогтоол гарсан. Ирэх тавдугаар сарын 13-нд авна. Мөнгө нь шийдэгдсэн. Мөнгө нь энэ сарын эхээр шилжчихвэл 13-нд онгоц бэлэн болно. Ингээд 14-15 гээд л нисээд ирнэ дээ. Орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн 220 зорчигчийн суудалтай, суудал бүр нь LCD дэлгэцээр тоноглогдсон, мөн бизнес ангиллын суудал нь 160 градус хүртэл налдаг зэрэг олон давуу талтай онгоц ирнэ. Дараагийн хоёрыгоо авчихвал хурдан морьдынхоо тоос руу орчихно шүү дээ.
-МИАТ одоогоор зургаан чиглэлд нисдэг. Шинэ онгоцтой болоод шинэ чиглэл нэмэх үү?
-Бид бодож байна. Судалгаа хийж байна. Ази руугаа Тайланд, Сингапур, Бангкок гээд байна. Европ руу алдагдалтай чиглэл рүүгээ, цаашаа Франц руу явах уу, Энэтхэг рүү нисэх үү гээд л. 2-3 жилийн дараа АНУ руу нисэх боломж юу байна. Яаж дамжих вэ гэх мэт одооноос хийж эхэлж байна. АНУ руу дүрэм журам өөр. Улам чангарч байгаа. Суудал захиалгын систем нь өөр байдлаар явдаг. Манай иргэний нисэхийн дүрмүүдэд өөрчлөлт орно. Ойрын 2-3 жилийн хугацаанд ажлаа хийнэ. АНУ руу өнөөдөр ниснэ гээд шийддэг юм биш. Техник ажил зөндөө бий.
-Орон нутаг дахь нислэгийн тухайд?
-МИАТ орон нутагт нисч болно. Даанч зах зээл алга. МИАТ гадаад нислэгтээ анхаарна. МИАТ орон нутагт нисвэл хувийн авиа компаниудад хүндээр нөлөөлж болзошгүй.
-МИАТ-ийг хувьчлах тухай олон жил ярилаа. Хувьчлалын талаар та ямар бодолтой байна. Хувьчлах хугацаа хэзээ бол?
-Хувьчлах шийдвэр бол гарчихсан. 51 хувь нь төрийнх, 49 хувь нь хувийнх байна гэж. Төрийн авиа компаниудын зовлон бас байна. Улс төрийн томилгоонууд орж ирдэг. Засаг солигдох болгонд удирдлага солигддог. Нэг хүн шинээр унадаг дугуй зохион бүтээх гээд л ирдэг. Агаарын тээвэр стратегийн чухал ач холбогдол бүхий салбар. Социалист орнууд компаниа хувьчилсан ч дээрдээгүй. Хугацаа нь болоогүй байсан байх. “Бритиш Эйрвэйс” гээд Английн том компанийн хувьчлал 40-өөд жил үргэлжилж байна. Тэгэхээр стратегийн чухал ач холбогдол бүхий агаарын тээврийг хувьчлахдаа олон талаас нь ярих учиртай. Хаана, хэзээ, хэнд, яаж хувьчлах вэ. Үүнд улс төр орох ёстой. Төрийн компани болохоороо л муу менежменттэй, захирлууд нь идэж уугаад л гээд ярьдаг. Хувьд шилжихээр хурдан шуурхай өөр үзэмжээр явна гэдэг юу л бол. Компанийн захирлаас, менежмэнтээс шалтгаалдаггүй зүйлүүд бий. Би хямдхан шатахуун авч чадахгүй байна. Тендерээр л авч байна. Хүлэгдсэн баригдсан юмнууд байдаг. Хувьчлах нь хамаагүй илүү харагдаж байгаа. Бид сул тал цөөхөн, давуу тал олонтой хувилбарыг сонгох нь чухал. Зөв хугацаанд, зөв аргаар хувьчилбал болохгүй юмгүй.
БИ НИСГЭГЧИЙН ЦАЛИНГААР Л АМЬДАРДАГ
-Та МИАТ-ийн захирлаар ирэхээс өмнө Токиод төлөөлөгчөөр ажилласан байх аа?
-Тийм. Токиод төлөөлөгчөөр сууж байсан. Түүнээс өмнө МИАТ-ийн дэд захирлаар олон жил ажилласан. Голдуу үйлдвэрлэл талдаа. Үе, үеийн захирлууд ирэхээрээ үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллахыг санал болгодог байсан. Чадлын хэрээр, боломжоороо ажиллаж байсан. Ардын намын үед, Ардчилсан намын үед ч тавигдсан захирлуудтай ажиллаж л байлаа. Энэ нөхөр их том татаастай, тэрэнд, энэнд долигонодог гээд биччихсэн байна лээ. Надад нэг л зарчим бий. Аав маань энэ газарт хамаг хүч чадлаа зориулсан. Аймгийн бүх сум, бригадын төвд АН-2-оор очдог. Сэлэнгэ, Дорноговиос бусад аймагт цагаан онгоц очдог байсан. Ёстой л оволздог байлаа. Өдөрт 40-60 нислэг хийдэг байсан. Өнөөдөр 5-6 нислэг л хийж байна. Ийм сайхан үе байлаа шүү дээ. Үүний төлөө аав минь бие сэтгэл, бүх зүйлээ зориулсан. Хувийн амьдралаа хойш нь тавьж ажилласан хүн. Сольж өмсөх олигтой костьюмгүй тэтгэвэртээ гарч байсан. Арга зальгүй эсвэл овсгоогүй, арчаагүй гээд л хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Би ч гэсэн ийм л хүн. Түрүүн нэг сурвалжлагч асуугаад байна лээ. Гадаадад байртай юу гээд л. Надад олигтой зуслангийн байр ч алга. Манайх гурван өрөө байранд нисгэгчийн цалингаар л амьдардаг.
-Танайх хотын төвд байдаг уу?
-Тийм. 1981 онд академи төгсч ирээд дунд онгоц хариуцсан байцаагч, багш нисгэгч, онгоцны дарга байсан. Тэр үедээ энэ хойхно гурван жил гэрт амьдарсан. Залуу ч байж. Надад муу юм болоогүй дэг. Одоогийн үе өөр. Одоо нисгэгчдээ байранд оруулах, зээлд хамруулахыг хичээж байна. Аль ч авиакомпани нисгэгчээ харж үздэг. Тэднийг илүү харж үзээд байгаа юм биш. Олон хүний хийж байгаа энэ их ажлыг хоёрхон хүн үүрээд гардаг. Нислэг хийгээд аваад гарч байгаа биз. Тэр хоёр маань алдчихвал үр дагавар хор уршиг нь их. Тэр хоёрыг эрсдэлгүй ажиллуулахын тулд бололцоогоороо нийгмийн баталгааг нь хангадаг. Аюулгүй ажиллагааны төлөө энэ бүгдийг хийдэг. Нисгэгчид яасан их цалинтай юм л гэдэг. Нисгэгчид амарчихлаа, нээх их эрх дархтай гээд л ярьдаг. Нисгэгч 12 цаг ажиллачихаад заавал зургаан цаг амрах ёстой. Энэ бүгдийг зорчигч та бүхний аюулгүй ажиллагааны төлөө хийдэг юм шүү дээ гэв.
Энд хүрээд бидний яриа өндөрлөлөө. Цаг зав нь ч давчуу юм. Орой яаман дээр хуралтай гээд хотын төв рүү орохоор боллоо. Хурал номоос гадна гарын үсэг зуруулах, тушаал шийдвэр гаргуулах, асуух зөвлөх гээд ажилчид нь байнга түүний өрөөнд орж, гараастай.
Г.Жаргалсайхан захирал Саудын Араб, Афганистан, Тайланд, Энэтхэг, Голланд гээд олон орон руу нисчээ. Түүний анх хөлөглөж байсан АН-2 онгоц МИАТ-ийн яг үүдэнд байдаг юм билээ. Хуралд явахаас нь өмнө хурдхан шиг зургийг нь авч амжлаа. Тэрээр мөн ЯК-18, АН-2, АН-24, АН-26, АН-30, ТУ-154, Бойнг-727, Бойнг-737 зэрэг олон онгоцоор нисч байсан аж. Мөн П.Очирбат Ерөнхийлөгчийн айлчлалын багийг аваад Белги, Унгар руу тусгай үүргийн нислэг үйлдсэн байна.
МИАТ 620 гаруй ажилтантай. 42 нисгэгчтэй. Боловсон хүчин сайтай, залуучууд нь ч ажилд сайн, компаниа цаашид аваад явчих чадалтай гэж Г.Жаргалсайхан захирал бардам ярьж байлаа. Гэхдээ мэдэхгүй, чадахгүй зүйл ч бий, тэднийгээ сургана, боловсруулна. Салбарын яам нь сайн дэмждэг гэнэ. Биелэхгүй, бүтэхгүй зүйл ч байхгүй. Эхний хоёр, гурван жилдээ зардлаа багасгана, бүсээ чангална. Цаашид байдал сайжрах төлөвлөгөө ч тэдэнд байгаа гэнэ. Ийнхүү МИАТ дэлхийн агаарын тээвэрт хурдалдаг морьдын дунд тоосоо өргөх цаг ойртжээ.