Д.БОЛОР
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруухан байна. Өлсгөлөнгөөс үүдсэн хямрал нь сэдэрч эмч нарыг түргэн авахуулахад хүргэжээ.
Тиймээс сэхээний тасаг руу шилжүүлэн ар гэрийнхнийх нь хараа хяналтад эмчилж байгааг эх сурвалж хэллээ. Амь нас нь хутганы ирэн дээр тулсан энэ үед тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Эрүүл мэндийн яаманд хандаж хүсэлтээ хүргүүлжээ.
Түүнд “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын зүгээс ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэжээ.
Мөн Н.Энхбаярыг гардан эмчилж байгаа эмч нар өвчтнийнхээ эрүүл мэнд асар доройтсон тухай албан бичгийг холбогдох газруудад нь хүргүүлсэн байна. Үүнд “Н.Энхбаярын бодисын солилцооны түгмэл хямралын хам шинж болон олон эрхтний архаг дутмагшлаас үүдэн захын мэдрэлийн алдагдал, нуруу тархины суурь хэсгийг хамарсан цусан хангамжийн хямрал шинээр илрэх боллоо. Эмчилгээний явцад амьсгалын дээд зам, дунд чихний үрэвсэл дарагдсан боловч бодисын солилцооны хямрал гүнзгийрч биеийн байдал хүндэрч амь насанд аюул учирч бол
зошгүй байна” гэжээ. Энэ албан бичгийг Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Баясгалан хуулийнханд илгээжээ. Н.Энхбаярын биеийнх байдлын талаар өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар тодруулаач. Маш хүнд байгаа гэх юм?
-Эрүүл мэнд нь асар их доройтсон. Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
-Ар гэрийнхнийг нь дуудсан гэв үү?
-Тийм ээ. Өвчтөн хүнд байгаа үед ар гэрийнхнийг нь байлгах шаардлагатай байна.
-Хоол унд идэхгүй байгаа гэсэн үнэн үү?
-Бодисын солилцооны хямралын улмаас хоол идэж чадахгүй байгаа. Цаашдаа энэ байдлаар удаан явбал амь насаа алдах аюултай.
-Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Хэдийгээр миний үйлчлүүлэгч шударга үнэнийг тогтоотол тэмцэнэ гэж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар аргагүй эрхэнд ялаас чөлөөлөгдөх хүсэлт өгч байна. Хүсэлтийг нь холбогдох байгууллагууд богино хугацаанд шийдэж өгөх зайлшгүй шаардлага байгааг энэ дашрамд дуулгах ёстой гэж бодож байна.