(Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсан зүйлийнхээ санааг олон түмэнд хүргэж байна.)

Г.ЖАМЪЯН  

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

 

Бараг хоёр сарын хуга­цаа өнгөрч байна. Төрийн ордонд “Монголд сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн” баярын ху­рал болсны дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж намайг дуудаж өрөөндөө уулзсан. Бид хоёр цаг гучин минут ний нуугүй ярилцсан. Ардчил­сан нам, төр засгийн эр­хийг аваад найман сар өн­гөрч байгаа, Ерөнхийлөг­чийн сонгууль хаяанд ир­чихсэн энэ үед ахмад  сэт­гүүлч Жамъян гуай ямар бодолтой явна гэдгийг “тандаж” байх шиг билээ. Би, төрийнхөө тэргүүнд бодсон санасанаа ний нуугүй ярих завшаан олд­сон л доо.

Ерөнхийлөгчид өөрт нь гур­ван зүйлд шүүмж­лэл­тэй хандаж байгаагаа хэл­сэн. Өнөөгийн эрх  бариг­чид үндсэн хуулийн хүчин төгөлдөр байгаа заалтуу­дыг илт зөрчин гарч ирээд хууль ёсны бус УИХ, зас­гийн газар байгуулж, энэ дарангуйлагчдын балгаар Монголд ардчиллын үнэт зүйлс бүхэн устаж байгаа учир би эд нөхдийг шүүм­жилнэ гэдгээ хэлсэн.

Ерөнхийлөгчийн бод­логын ямар гурван зүйлд шүүмжлэлтэй хандаж бай­гаагаа би ингэж  тайл­барласан.

Нэгдүгээрт: Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж маань хүний эрх, эрх чөлөө, шудрага ёсыг тогтоох уриа­тайгаар сонгуульд өр­сөл­дөөд ялсан. Би бодох­доо, Монголын цагдаа, хуу­лийн байгууллагуудыг шударга хүмүүсээр бэх­жүү­лээд, сүүлийн жилүү­дэд улстөрийн аллагад өрт­сөн, учир битүүлэгээр нас барсан 10 улстөр­чийн­хөө хэрэг явдлыг захаас  нь шийдвэрлэчих байх гэж бодож байсан. С.Зориг, О.Дашбалбар, Ш.Отгон­би­лэг, М.Зэнээ, О.Энх­сайхан, М.Чимидцэрэн, Б.Энэбиш, Б.Дангаа­сү­рэн, Ж. Наранцацралт, Д.Бадраа нарын үхлийг хэлээд байгаа юм. Гурван жилийн хугацаанд  бараг л ил цагаан С.Зориг, Ш.От­гонбилэг, Б.Дан­гаасүрэн нарын хэргийг илрүүлчихэж болноо доо. Яагаад энэ хэрэг явдлыг илрүлсэнгүй вэ гэж шаар­дах болов гэвэл энэ бүх үхлийн чинь ард цагдаа хуулийнхантай эвссэн улс төрийн том бүлэглэлүүд  байсан. Одоо ч байгаа. Түүнийг эвдэлгүйгээр Мон­голд шударга ёс тог­тох­гүй гэж олон түмэн шив­нэлддэг юм. Энэ  ар­ван хүнээс ганц нэг нь ер­дийн үхлээр үхсэн байж бол­но л доо. Гэхдээ зайлш­гүй шалгах ёстой үхлүү­дийг нь яагаад хав дараад, ярьж хэлэхээсээ хүртэл айгаад байгаа юм?!  С.Зо­ригийн хэрэг бол амьд гэрч­тэй, өчнөөн олон нот­лох баримттай хэрэг.   Алуур­чин нь, амьд гэрчдээ  багаа авч нүүрээ харуул­сан, ярьсан байдаг юм. Энэ хэргийг би, “Цагдаа­гийн сургуулийн оюутан ч илрүүлэх хэрэг” гэж мөн ч олон бичсэн дээ. Авилга­тай тэмцэх газрын дарга Б.Дан­гаасүрэнг яалаа?  Авст­ралид аваачин хөнөө­гөөд, дөрвөн хавиргыг нь хугалан, нүдий нь ухаад пластмассан хоёр ногоон нүд хийгээд шарилыг нь ирүүлж байхад огт  шал­гал­гүй, захиалагч, гүйцэт­гэгч­дийг тогтоолгүй өнгө­рөөж байгаа юм даа. Хө­дөл­мөрийн баатар Ш.От­гон­билэгийн үхлийн шалт­гааныг гурван жил мөр­дөж, шүүхээр олон удаа хэ­лэлцээд, хоёр нисэг­чийн буруу болгон өнгөрөө­сөн. Энэ тухай би сонинд, номонд олон удаа бичсэн. Зөвхөн С.Зоригийг алсан ал­лагын дараа гэрчилж ма­гадгүй гэсэн 15 хүн учир битүүлэг нас барсан гэж но­монд байдаг юм. Энэ  бүх­ний цаана мөн их хүч байгаа биз?!  Эхний ээл­жинд энэ бүхнийг илрүү­лэх­гүй бол Монголд шу­дар­га ёс тогтооно гэж ярихын ч хэрэггүй гэдгийг би ерөнхийлөгчид хэлсэн л дээ.

Хоёрдугаарт: Эзэн Чин­гисийнхээ нэрийг ба­рин, Монголчуудыг хэдэн  үеэрээ төлж барахгүй өрөнд унагааж байгаа Чин­гис бондонд хориг тавь­сангүй, энэ хэдэн  луй­варчдын амаар ший­дүүл­чихлээ гэж би шүүм­жилсэн. УИХ-ын дарга З.Энхболд, ерөнхий сайд Н.Алтанхуяг нар таны зөв­лөм­жийг ч хайхарч үзсэн­гүй гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бонд гаран­гуут сайхан зөвлөмж гар­га­сан л даа. Энэ хоёр, тө­рийн тэргүүнээ “хүн зөв­лөж байна” гэж огт бодоо­гүй. УИХ-ын намрын чуул­ганд Бондны эрх зүйн үнд­сийг хэлэлцүүл гэж зааж байхад З.Энхболд хэлэлцүүлэлгүй орхичи­хоод яваад өгч байгаа юм. Зөвлөмжиндөө Ерөнхий­лөгч маань “Засгийн газар бондын зарцуулалтыг ил тод байлга” гэж заасан. Гэтэл Н.Алтанхуяг, Ч.Улаан хоёр “менежмен­тийн гэрээ” гэж  зүйлээр ард түмнийхээ тархийг угааж байгаа. Бонд бор­луулж 1.5 тэрбум ам.дол­лар оруулж ирээд дөрвөн сар өнгөрөхөд, хүүнд нь бидний тооцоогоор 120 цэцэрлэг барих мөнгө хийс­гэчихээд байгаа. Гэ­тэл Н.Алтанхуяг, Ч.Улаан хоёр, хүүний төлбөр байту­гай ашигтай ажиллаад бай­гаа гэнэ. Бүтээн бай­гуу­лалтад ганц цент зараа­гүй байж, яахаараа тийм их ашиг олдог билээ. Тө­рийн нэр барьж мөнгө угаагаад байгаа хэрэг үү?  Энд би Ч.Улаан гэж хүний тухай жаахан тодруулмаар байна. Монголын өөдөлж уруудаж яваа бүхэн энэ хүнтэй холбоотой. МАХН шинээр байгуулагдаж, на­мын дарга нь баривч­лаг­дах болоход “аврагч, буянт­ны” дүрээр урваж  орж ирээд намынх нь удирд­лагад суусан хүн. Одоо бол Ардчилсан нам, Алтанхуягийн засгийн газ­рын  бузар булхай бүх­нийг “нүцгэн цээжээрээ” хамгаалагч болсон. Ч.Улаа­ныгаа монголчууд сайн мэднэ дээ.

Гуравдугаарт: Ерөн­хий­лөгч болоод гурван жил гаруй хугацаа өнгөрөхөд төрийн дээд шагнал, одон медалиудыг зах зээлийн нийгэмдээ зохицуулан өөр­чилсөнгүй гэж би шүүм­жилсэн. Төрийн дээд шагнал одон медаль  гэдэг зүйл аль ч оронд бай­саар ирсэн, одоо ч байгаа. Хойшид ч байх зүйл. Хө­дөлмөр, бүтээлдээ амжилт гаргагсадыг урамшуулж, тө­рөөс эрч хүч нэмэж бай­даг зүйл. Америкийн хэ­дэн генерал Монголд айл­чилахад, энгэр дүүрэн одон медальтай л байна  билээ. Оросын ерөнхий­лөгч саяхан хөдөлмөрийн баатараа сэргээж байна. Би Ерөнхийлөгчид хан­дах­­даа, энэ алдар цол, одон ме­даль чинь үеэ өнгө­рөөж. Зах зээлийн ний­гэм­дээ зохицуулаад цөөлье, мөн­гө дагалддаг болгоё л гэ­сэн. Нэрнээсээ хүртэл ойл­гомжгүй болчихлоо шүү дээ. “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Ал­тан гадас одон”, “Хөдөл­мөрийн хүндэт ме­даль” гэхчилэн. Хөдөлмөр бү­тээлийн өндөр амжилт гаргасан хүнд одон ме­далийн зэрэгцээ, тэр хү­ний амьдралыг нэг хэсэг­тээ, болж өгвөл үхэн үхтэл нь тэтгэхээр мөнгө өгчи­хөж байя л даа. Нямын Цэгмид гуай, Бадер эмч, Пунцаг сэтгүүлч гээд ма­най сор болсон олон алдар цуутнууд ямар хөөрхий­лөл­тэй амьдарч, насан эцэс­лэв дээ. Ингээд л би тө­рийн алдар цол, одон меда­лиудыг өөрчлүүлэх гээд байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жид би өнөөгийн эрх баригчдын харалган бод­ло­гоор Монголд ардчил­лын үнэт зүйл бүхэн устаж байна гэдгийг хэдэн зүй­лээр хэлсэн. Заримыг нь ч хэлж тайлбарлаж амжаа­гүй. Ардчиллын үнэт зүйлс гэдэгт үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюул­гүй байдал, хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, эрх тэгш шудрага сонгууль, ху­вийн өмч, хэвлэлийн эрх чөлөө, энэ бүхнийг оруулж байгаа.

1990 оны ардчилсан хувьсгалаар Монголчуу­дын олж авсан энэ бүх үнэт зүйл, өнөөдөр ардчил­лын баг өмссөн цөөн хэ­дэн хүний балгаар булш­лагдаж байна.

Үндэсний тусгаар тогт­нол: Өнөөдөр Монгол ул­сыг мөхөөхийн тул буу барьж ирээд довтлох дай­сан алга аа. Харин, мон­гол­чуудыг олон намаар, олон шашнаар, аймаг үн­дэст­нээр нь талцуулан мө­хөөх бодлого хүчтэй яваг­даж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар үндсэн хуулийнхаа “шууд” “нууц” гэсэн заалтуудыг зөрчин, намын жагсаалт гэгчийн эхэнд өөрсдийнхөө нэрийг илээр бичиж байгаад УИХ-ын гишүүний суу­далд орж ирсэн, тэгээд ч сэтгэл нь ханалгүй ард түмнээсээ өрсөлдөн гарч ирсэн хүмүүсийн “толгой дээгүүр гишгээд” УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Олонхийн бүлгийн дарга болчихсон хүмүүс өнөөдөр Монголчуудыг намаар тал­цуулан үзэн ядах бод­логоо хэрэгжүүлж эх­лэлээ. Төрийн олон мян­ган ажилтныг хоморголон халж, мэдлэг чадваргүй, ах дүү хамаатан садан, мянга мянган хүнийг ард­чилсан намын нэрээр өн­дөр албан тушаалд томи­лон Монгол төрийг хүчин­гүйдүүллээ. Дүүрэг, хороо, аймаг сумын төрийн ажилт­нууд, хэсгийн дарга нарыг хүртэл хоморголон халлаа. МАН-аас нэр дэв­шүүлсэн 6 аймгийн Засаг дар­гыг батламжлахгүй, түр орлон гүйцэтгэгч ажил­луулж байгаагаа ерөн­хий сайд Н.Алтанхуяг “Түрүү та нар 4 аймгийн засаг даргыг томилохгүй байсан учир, бид 6 айм­гийн Засаг даргыг томи­лох­гүй байхад яадаг юм” гэнэ. Энэ чинь өшөө авалт мөн биз дээ. Энэ чинь хор­сол тайлалт мөн биз дээ. Ардчилсан намын пайз­гүй л бол, өдий төдий хүнийг сэжигтнээр татаж цагдан хорьж, залхаан цээрлүүлэлт явагдаж бай­на. Монголд ардчилсан намынхаас бусад хүн, хүн биш боллоо. Ингэж мон­гол­чууд хэдэн хэсэг тал­цан хуваагдаж, хэврэг­шиж эхлэлээ. Үндэсний тусгаар тогтнолд аюул за­нал учруулж байгаа нөгөө нэг зүйл нь:  Монголчууд яаж ч ажилласан хамгийн бага цалин авдаг, гадны­ханд бол гар татдаггүй яв­дал. Иймээс, Монголын ажлын чадвартай эрэгтэй­чүүд нь арга буюу нутаг орноо орхин дайжиж, тэр чинээгээр гадныхныг оруулж ирдэг боллоо. Өнөө­­дөр “их бүтээн бай­гуу­лалт “ хуурамч нэрийн доор өндөр цалин хан­гам­жинд ивээгдсэн 28000 хя­тад иргэн орж ирэхээр пүү­гээгээ бэлдчихээд сууц­­гааж байна. Энхболд­тон, Алтанхуягтны төрийн хар хайрцагны бодлого энэ. Энэ тоо улам  нэмэг­дэж, сонгуулийн дөрвөн жилд хэдэн зуун мянгад хүрэхийг төсөөлөхийн ар­га алга. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол ийм байдалд хүрлээ.

Хүний эрх, эрх чөлөө: Монгол бол хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдсөн цөөн хэдэн орны нэг. 1930-1940-өөд оны их хэлмэг­дүү­лэлтийг ярихаа болъё. 2008 оны сонгуулийн да­раа үзэл бодлоо илэрхийл­сэн жагсагчдыг Д.Сүхбаа­тарын талбайд  цагаан зээр шиг хөөн  буудаж 5 хүнийг хө­нөөн, олон хүнийг шарх­дуул­сан. 800-900 хүнийг хоморголон баривчилж, олон зуун хүнийг эрүүдэн шүүж, хилс  ял тулгасан. Гэтэл энэ аймшигт яргал­лыг зохион байгуулсан Зас­гийн газрын тэргүүн нь Америк Канадаар орог­нож, зарим нь өнөөдөр дээд албанд ажиллаж бай­гаа. Хүний эрхийг ноцтой зөр­чигчдөд ийнхүү хариуц­лага тооцдоггүйгээс өнөө­дөр Монголд эрх нь зөр­чиг­дөх явдал арай ч хэтэр­лээ. Монголын нэрт дуу­чин залууг сэжигтнээр та­таж шоронд хорьж байх­даа дөрвөн мөчийг нь гав­лаж дөнгөлөөд галдан ша­таасан хэрэг саяхан гар­лаа. Гавтай, дөнгөтэй хү­нийг, өөрийгөө шатаасан болгох гэж хичнээн үзэв дээ. Өөрийгөө шатаасан бол асаагуур ч юм уу, ямар нэг гал гаргах зүйл тэнд үлдэнэ биз дээ. Бас нэгэн аймшигт явдал саяхан бол­­лоо. Саатуулагдаж бай­­сан хүнийг цагдаа хуу­лийн­хан үгсэн хуйвалдаж “батлан даалтад” гаргах нэрээр сул чөлөөтэй явуулс­наас тэр алуурчин нь нэг гэрийн 6 ам бүл дээр  бензин асгаж гэртэй нь шатаалаа. Тав нь нас барж нэг нь амьтай төдий бай­гаа гэсэн. Ийм хэрэг явд­лыг Монголд тоочихын ар­гагүй боллоо. Зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд гэмт хэрэг хоёр да­хин өслөө гэнэ. Засгийн га­зар, хууль зүйн яам, харъяа агентлагуудын удирд­­лага эсэн мэнд сууц­гааж байгаа юм даа. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд бол бүгд огцорч, гэм буруутнууд ял зэмлэл хү­лээх ёстой.

Шударга сонгууль: Мон­­голд сонгууль бол зү­гээр л луйвар болсон. Хэн сайн луйвар хийж байна, хэн шүүхэд их танил тал­тай байна, тэр нь ялдаг жи­шиг тогтлоо. Уул нь Ц.Элбэгдорж 2008 онд, ерөнхийлөгч болохоосоо өмнө хэлсэн нэг сайхан үг байдаг юм. “Ард түмний сонголтонд гаднаас хэн ч нөлөөлөх учиргүй. Олон түмний саналыг аль илүү авсан нь л  ялах ёстой” гэж. Тэгсэн чинь сүүлийн үед ард түмний саналаар биш шүүхийн шийдвэ­рээр УИХ-ын гишүүн томи­логд­дог гаж тогтолцоо бий боллоо. Ардчилсан намын удирдлагууд өрсөлдөгчөө ялихгүй зүйлээр өөтүүлэн шүүхийн нөхдөөрөө ялсан шийдвэр гаргуулан амт­шив. Саяхан УИХ-ын сон­­гуулийн Сонгино­хайр­хан дүүргийн 26-р тойр­гийн дахин санал хураал­таар АН-аас өрсөлдсөн Л.Эрхэмбаяр ялагдахад өнөөх “амташсан хэрээ” -нүүд мөн л шүүх яриад эх­лэсэн. Энэ ялагдал бол Л.Эрхэмбаяр гэдэг хувь хүний ялагдал биш. Удирд­лагуудынх нь хэдэн хүний балгаар Ардчилсан намын нэр хүнд яаж унаж байна гэдгийн тод баталгаа болсон юм. Тэгтэл Ерөн­хийлөгчийн зөвлөх Л.Эр­хэм­баяр ялагдлаа хүлээ­гээд МАН-ын өрсөлдөгч Д.Сумъяабазарт тахимаа өгөн амжилт хүслээ. Шу­дар­га байгаа биз?! Ардчил­сан намд ийм шударга гишүүд олон бий дээ. Энэ на­мын толгойд байгаа, га­рын арван хуруунд багт­маар хэдэн хүн л Монго­лын ардчиллыг, Ардчил­сан нам, Ардчилсан хол­боог” бузартуулж байгаа­гаас биш!  

Хэвлэлийн эрх чөлөө: Ардчилсан хувьсгалын ололтын нэг чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө бай­сан. Одоо энэ эрх чөлөө хумигдаж, чөлөөт телевиз сайтуудыг нэг л өдөр бөө­нөөр хааж 300 сэтгүүлчийг ажилгүй болголоо. Хөдөө­гийн нэг аймагт өөрсдий­гөө магтан дөвийлгөсөн­гүй гэж Ардчилсан намын удирдлагууд аймгийнхаа телевиз, сониныг гаднаас нь хааж сэтгүүлчид нь гуравдугаар давхарын цон­хоор орж байгаа хараг­дана. Хэвлэлийн эрх чө­лөөг боймолсон хуулийн төсөл УИХ-аар орж ирээд хүчтэй эсэргүүцэлтэй  тул­га­ран нэг удаа буцлаа. Бөөнд­дөг “өвчин” нь хөд­лөөд, нэг сиймхийг ашиг­лан батлуулчихсан байхыг байг гэх газаргүй л бол уу. Би монголын сэтгүүл зүйд 60 жил зүтгэхдээ ихэнх хугацааг социализмын үед үдсэн хүн. Хуучин тогтол­цоо­ны үед хэвлэлийн цен­зур байсан. Главлет (хэв­лэл утга зохиол хянах га­зар)-аар шүүсээ шахуулж хүнд хэцүү бүхнийг туул­сан. Гэхдээ өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн газруудыг хоморголон хааж, сэтгүүлчдийг хэдэн зуугаар нь ажилгүй болгож байхыг үзээгүй. Энэ ян­заар бол Монголын хэв­лэлийн эрх чөлөө нухчин дарагдаж, олон сэтгүүлч үзэл бодлынхоо золиос болж магадгүй боллоо.

Хувийн өмч, хөрөнгө: Ардчиллын нэг ололт нь ард түмнийг хувьдаа га­зар­тай, малтай, орон сууц­тай, үйлдвэртэй, хадга­лам­жийн данстай болго­сон. Өнөөдрийн эрх бариг­чид, энэ бүхэн рүү уланга­сан дайрч байна. Хувь­чил­сан газруудыг эргүү­лэн татаж Ардчилсан на­мын пайзтай хүмүүст өгч байна гэдэг мэдээлэл ирэх боллоо. “Газрыг албадан чөлөөлөх” хууль гаргах гэж яаравчилж байна. Зах зээлийн нийгэмдээ зохи­цуу­лаад хувийн орон сууц эзэмших сууц өмчлөгч­дийн холбоо (СӨХ) бай­гуулс­ныг, дээд зөвлөлөөс нь эхлээд устгах бодлого явуулж эхлэлээ. СӨХ-үүдийг дүүрэгт хариу­цуу­лан бүх удирдлагыг нь Ардчилсан намын хүн бол­гоно гэсэн яриа чих дэл­сэх боллоо. Хувийн орон сууцнууд маань нам төрийн хэсэг бүлэг хүмүү­сийн мэдэлд очвол, сууц­наас үл ялих шалтгаанаар өөтүүлэн шахаж гаргах бусармаг явдал газар авахыг байг гэх газаргүй хэ­мээн хүмүүс шуугих бол­лоо. Хувьчилсан бай­гуул­лагуудыг эргээд төр өөрийн­хөө мэдэлд авч бай­­на. Энэ чинь ардчилал, зах зээлийн нийгэм мөн юм уу, яавч биш. 

Ард түмнийхээ хувийн өмчид ийнхүү зэрлэгээр хандаж байхад, дээгүүрээ биднээс “хулгайлсан” хө­рөн­гө мөнгөө гадаад руу сэм зөөж байна. Монголд, төрийн өндөр дээд албан тушаалтны хөрөнгө ор­логын мэдүүлгийг авдаг, шаардлагатай гэж үзвэл хянаж шалгадаг болсноос, өндөр албаныхан мөнгөө гадаадын банкинд нуу­цаар хадгалуулж, гадаа­дын хамгийн сайхан бай­галь цаг ууртай “диваа­жин”-гуудад орд харш, эдлэн газар байгуулж за­рим нь бараг л хот хүрээ шиг байдаг сураг байна. Биднийгээ хамгийн утаа­тай, хортой нүүрсээр утаж орхичихоод, бүх зүйлийнх нь үнийг тэнгэрт хадаа­чи­хаад явцгааж байгаа нь тэр. 

Би түрүүнд хэлсэн. Мон­го­лын хөрөнгийн ихэнх тал нь гадаадад га­раад яв­чихсан. Түүнийг шал­гая гэ­сэн хүн ажлаа­саа халаг­даж байгаа юм билээ. Тэр их хөрөнгийг мөсөн уултай зүйрлэвэл, Улсын их хур­лын дэд дар­га С.Баяр­цогтын Щвей­ца­рийн бан­кинд “хятадын монгол” хаягаар байр­шуулж тат­вар, хөрөнгө орлогын мэ­дүүлгээс зуг­таал­гасан нэг сая ам.дол­лар бол зөвхөн ялихгүй орой нь цухуйж байгаа хэрэг. Дээгүүрээ үймэл­дэж, тэр оройг булах гэж ямар ичгүүр сонжуур­гүй заг­наж байгааг саяны чуул­ганаас манайхан хар­сан байх. Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга хоёроо, царай нь улалзаад л маг­таж долигоноод байх юм даа. Тэр хүмүүсийн хэд нь гадаадад “хятадын мон­гол”- хаягаар их мөнгө байр­шуулчихсан, миний ээлж ирнэ гэхээс үхтлээ айж байгаа бол хэмээн инээд хүч суулаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэдэг чинь арга­гүй л ухаантай хүн юмаа. Саяхан, төрийн өндөр дээд албаныхан гадаадын бан­куу­дад байршуулсан мөн­гөө хоёр сарын дотор улс­даа оруулж ирэх үүрэг өг­сөн. Бас л манайхан шиг хө­рөн­гийн тал хувь нь га­даадад гарч явчихаад хүнд бай­гаа байх л даа. Консер­циумын жагсаалтад орсон хүмүүстэйгээ гадаад улс орнуудад хатуу хариуцлага тооцож эхлэлээ. Юун ал­бан тушаалаас огцрох, нууц мөнгөнийх нь талаар, сайдтайгаа эрүүгийн ха­риуц­лага тооцож байгаа ту­хай телевизээр цацаг­дана билээ. Монгол банк­ны ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан О.Чу­луун­бат ойрын үед теле­визийн суваг нээхээр л “Банкны мөнгийг хөдөл­гөж болохгүй. Маш нууц­лах хэрэгтэй” гэж яриад байгаа юм. Мань хүн мэ­дээллийг хамгийн түрүү аваад Баярцогт мэтийн хүмүүсийг өмгөөлж рек­лам­даж байгаа ая нь тэр юм бол уу. Өөрийнх нь ч овоо юм байж магадгүй гэж хүмүүс ярьдаг. Манай сэтгүүлчдийн зарим бай­гуул­лага, хүмүүс олон ул­сын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах консерциумд бичиг явуулах гэж байгаа сураг байсан. Монголоос, татвар орлогоо нуусан, мөнгө угаасан хүмүүсийн нэрс баримтыг гаргаж ирүү­­лээч гэж. Урт дараа­лал орж ирж мэдэх л байх. Монгол Улсын Ерөнхий­лөгч ч гэсэн В.Путины ади­лаар төрийн өндөр ал­бан тушаалтны гадаадад байр­шуулсан хөрөнгийг оруулж ирмээр юмдаа. Мон­голын эдийн засагт яасан их ач нөлөө үзүүлэх бол.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж надтай ярилцаж байх­­даа өнөө жилийн Ерөн­­­хийлөгчийн сонгуу­лийн талаар сонирхоно билээ. Би ,өнөө жилийн Ерөнхийлөгчийн сон­гуульд тантай өрсөлдөх хэмжээтэй хүнийг олж харахгүй байна. Өнөөх л үеэ өнгөрөөсөн, ашиг со­нирх­лын зөрчилтэй гээд цоллогдож байдаг хүмүү­сийн нэр яваад байна. Миний хувьд таныг дэм­жи­нэ гэдгээ хэний ч өмнө хэл­нэ. Түрүүчийн сонгуу­лиар таны тухай “Ардчил­лын алаг туган доор дээл­тэй арслан шиг дэрвэж явна” гээд бичиж байс­наа­саа ухрахгүй  гэсэн. Ц.Элбэгдорж гэж хүн ард­чилсан хувьсгалыг ямар хэцүү үед амь насаараа дэнчин тавин удирдсныг нь би байтугай монголын ард түмэн мартах эрхгүй.

Ерөнхийлөгчтэй уул­заж ярилцаснаас хойш хоёр сар шахам  хугацаа өнгөрлөө. Би бас Ц.Элбэг­дорж гэж хүнийг дотроо “тандаад” байгаа. Ерөн­хий­лөгчийн ивээ­лийн өвс ачсан цуваа ч гэх шиг, хөл бөмбөгийн тэм­цээн ч гэх шиг. Яль шалихгүй юманд л нэр нь гараад, дүр нь үзэгдээд байгаа.

Уул нь Ерөнхийлөгч маань, шударга ёсыг уриа­лан дуудаж л гарч ирсэн юмсан даа. Өнөөдөр Мон­гол улс, Монголын ардчи­лал ямар болчихоод байна? Чингис хааныхаа нэр барьж, Бонд нэрээр оруулж ирсэн өнөөх их өндөр хүү­тэй валютаа Н.Ал­тан­хуяг,Ч.Улаан на­рын хэдэн хүн, ёстой л “ялих­гүй зүйлд” зарсан болоод ху­вааж авахаар тохиролцов бололтой. Олон улсын Бон­дын тэр өндөр хүүтэй валютыг хотын зам засвар, жижиг дунд үйлд­вэрийг дэм­жих зэрэгт ху­вааж бай­гаа сураг байна. Ийм нэ­рээр мөн ч их мөн­гө зув­чуулсан даа. Олон улсын Бондыг чинь тул­гамдсан том бүтээн бай­гуулал­туу­дад зориулдаг болохоос биш ингэж үрэн таран хий­дэггүй биз дээ?! Ерөн­хий­лөгч маань таг дуугүй.

УИХ-ын дэд дарга С.Баяр­цогтоос эхлээд тат­вараас зугтаалгаж га­даа­дын банкуудад байр­шуул­сан асар их мөнгөний эз­дийн жагсаалт гарлаа. Жаг­саалтад орсон хүмүүс­тэйгээ гадаад ертөнц хатуу тооцоо хийж байна. Манай ерөнхийлөгч таг дуугүй. Ерөнхий сайд нь удирдаад дал наян хүнтэй баг Бур­хан халдунд аялаж зугаа­лан, осгож үхэцгээ­гүй нь яамай боллоо. Ямар их зардал чирэгдэл гарав. Ерөнхийлөгч таг дуугүй

Төрийн тэргүүнтэйгээ би мөддөө уулзаж чадах­гүй нь мэдээж. Энэ даш­рамд нэг л зүйлийг хэлмээр байна. Ийм өөдгүй хүмүү­сийн барьцаанд битгий байгаач. Шудрага бус яв­дал­тай тэмцэж, бүх ард түмний ерөнхийлөгч гэд­гээ харуулвал яасан юм. Эд, таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ үү, байна уу, өөрсдөө мэдэг. Танд дөрвөн жилийн Ерөнхий­лөгчийн суудал байтугай, дөчин жил улс гүрнээ удир­­дах нас, эрч хүч, эр­дэм мэдлэг бий.

Болгоо­тугай.