
СЭМҮТ-ийн захирал асан, хүний гавьяат эмч Л.Эрдэнэбаяр өөрийнх нь нэр төрд халдсан ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон талаар залруулга хийлээ. Түүний тухай элдэв мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвал СЭМҮТ-д ажиллах үеэр эхэлсэн. Тэрээр тус төвийн хүүхдийн тасгийн их эмч Д.Энхтуяатай муудалцан зодсон хэмээн хэвлэлээр гарнаас хойш өнөөдрийг хүртэл өдөрт гурван удаа 21 хоногийн турш ташаа мэдээлэл гарчээ. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн асрагч нараас мөнгө авч ажилд нь оруулдаг, 17 хүнийг ажилд оруулна гэж тус бүрээс нь 1,8 сая төгрөг авсан, 30 гаруй эмчид сургалт явуулж клиникийн профессорын үнэмлэхийг 500 мянган төгрөгөөр үнэлдэг зэрэг мэдээлэл гарчээ. Иймээс энэ бүх худал мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэдгээ тэрээр мэдэгдлээ. Мөн хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг зүйл огт байхгүй энэ бол албан тушаалын төлөөх намайг чадах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэсэн юм. Л.Эрдэнэбаяр нь эмнэлгийн байгууллагад 30 гаруй жил СЭМҮТ-ийн даргаар таван жил ажилласан байна. Мөн эмчилгээний 25 арга нэвтрүүлж, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад болон дотоодод нийтлүүлжээ.