Үндэсний мэдээллийн төвд

Б.ЗАЯА

Бичил уурхайчид анх удаа чуулахаар товложээ. Энэ талаар Баянхонгор аймгийн “Алтан усны хөгжил”, Завханы Ургамал сумын “Алтан ургамал ирээдүй”, Дархан-Уул аймгийн “Буянтын хөндий шарын гол” зэрэг ТББ-ууд орон нутгийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд ирэх сарын 1-2-нд болох чуулганы үеэр үндэсний холбоо байгуулах болсноо дуулгасан юм. Ингэснээр бичил уурхайчдыг төртэй холбох, эрхзүйн болон мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслах, эрх ашгийг нь хамгаалах боломжтойг онцлов. Түүнчлэн бичил уурхайчин, нинжа хоёрын ялгааг олон нийтэд ойлгуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа хэллээ. Үндэсний холбоо байгуулах ажлын хэсгийнхэн он гарснаар 13 аймгийн 32 сумын бичил уурхайчин, нинжа, нутгийн удирдлагын 3000 гаруй хүнтэй уулзаж санал авчээ. Орон нутгийн иргэд бичил уурхайчдын холбоо байгуулахыг дэмжсэн идэвхтэй дэмжсэн байна. Орон нутагтаа татвар төлдөг, байгалиа нөхөн сэргээдэг нөхөрлөл бүхий бичил уурхайчдыг нинжа нараас ялгаатайг хэлж байв. Тиймээс тэднийг эгнээндээ нэгтгэхэд бэлэн байгаагаа ч онцлов. Энэ талаар  Дархан-Уул аймгийн “Буянтын хөндий шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа “Байгаль хамгаалахад орон нутгийн байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч нар дангаараа хийх ажил биш. Бичил уурхайчид 20 жилийн турш төрд дараа болохгүйгээр ажиллаж ирсэн. Тиймээс үндэсний холбоо байгуулж, төртэй хамтран байгаль орчноо нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд 60-100 мянган нинжа байдаг гэсэн. Хариуцлагатай ажиллаж байгаа хэд нь хариуцлага тооцуулдаг, хууль дүрэмгүй нинжа нар нь хариуцлага хүлээхгүй өнгөрдөг явдлыг хална. Бид уул уурхайн томоохон компаниудтай өрсөлдөж байгаа юм биш. Тус тусынхаа орон нутагт байгаа байгалийн баялгийг эрх тэгш хүртэж, ажил амьдралаа дээшлүүлэхийг зорьдог” гэв.