Р.ЭНХБАТ

 

Монгол Улсын Зас­гийн газраас “Монгол хэл­бичгийн боловсролыг сайж­руулах арга хэмжээ­ний тухай” гэсэн нөгөө л  тунхаг шинжтэй ээлжит нэг тогтоолоо гаргажээ. Урьд нь гараад гараад ямар ч үр дүн өгөөгүй олон шийд­вэрийн нэг болсон иймэрхүү тогтоолыг энэ удаа хамгийн их хүсэн хүлээж суусан хүмүүс бол МУИС, МУБИС–ийн мон­гол хэлний салбарын­хан, тэд л хагартлаа баяр­лаж байгаа. Тиймэрхүү хүмүүс л нэг иймэрхүү тушаал зааврыг гаргуулж чаддаг, түүнийгээ ам бу­лаалдан магтацгааж, хэв­лэл мэдээллээр ярилцлага өгч, төр засгаа магтан жирийн хүмүүсийг мунх­руулах юм даа. Ийм тог­тоол шийдвэрүүдийг хэ­рэг­жүүлэх нэрээр хэдэн зуун сая төгрөг дагалдаж, тэр мөнгө дээрх сургуу­лиудын монгол хэлний анги тэнхимд болон Хэл зохиолын хүрээлэнд сүр­жин нэртэй төсөл төлөв­лөгөө болж очоод эцэстээ үр дүн нь тооцогдохгүй замхарна. Аль нь илүү их мөнгө авах дээрээ тулахад хэдэн байгууллагын тол­гойлогчид хоорондоо гар зөрүүлэхээс наагуур муу­далцах бөгөөд тэр маргаа­ныг нь харсан жирийн хүмүүс “мэргэжлийн байр суурийн зөрүү гарч байна” гэж эндүүрнэ. Өнөөдрийг хүртэл монгол бичгийн дүрэм ойлгомжгүй явж ирсэн, бараг хүн бүр дур дураараа бичих болсны төлөө хүлээх хариуцлага  харин тэднээс холуур өнгөрөх нь хачирхалтай.  Аливаа тогтоол, дүрэм журам уг нь хэдэн дээд сургуулийн багш нарыг баярлуулаад өнгөрөх бус, улс орон, ард түмнийхээ төлөө гарч, ажил хэрэг болох учиртай ч мэдлэг боловсролгүй сайд дарга нартай Монгол оронд  энэ мэт уриа лоозонгоос хэтрэхгүй   шийдвэрүүд худал хуурмагийг улам  дэвэргэсээр улс орноо баллаж байна. Одоо идэж уухаа урдаа тавилгүй, эх хэлнийхээ боловсролд анхаарлаа  хандуулах цаг болсон баймаар. Эх орон, ард түмнийхээ төлөө сайд дарга нар үлгэр жишээ үзүүлэх ёстой. Гэвч алгын чинээ цаасан дээр багтах эх хэлтэй холбоотой гар­сан энэ тогтоолыг харахад “Монголын Засгийн газар ингэж ч доройтох гэж дээ” хэмээн бодогдоно. Тиймээс:

“Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай”  өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сарын 12-нд Засгийн газраас баталж  гаргасан энэ 37-р тог­тоолыг заалт бүрээр задалж, сайд танаа өчье. 

1.1-д “Бага насны хүүх­дэд эх хэлийг сэтгэ­хүйг нь хөгжүүлэх сонир­холтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөө­цийг мэдүүлж байна: нэмэгдүүлэх …” гэжээ.

Өчих нь: Ийм заалт боловсролын баримт бич­гүүдэд зөндөө тусгагдсан, багш бүр л үүнийг мэднэ. Нөгөө талаар хичээлийг сонирхолтой арга хэлбэ­рээр заах асуудлыг Зас­гийн газрын тогтоол гарч байж л шийдэх нь, нээрээ хачин шүү, уг нь бас л багшийн үүрэг шүү дээ. Юу ярьж, яаж хийх учраа  олоогүй  мэт ийм ядарсан агуулгатай тогтоол хэнд ч тус болохгүй, юуг ч сайжруулахгүй Ерөнхий сайд аа!

1.2-д “Ерөнхий бо­ловс­ролын сургууль төг­сөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс мон­гол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон, 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх…” гэжээ.

Өчих нь: Зааж сургаа­гүй эрдмээр хэчнээн да­хин шалгалт аваад ямар үр дүн гарах билээ. Ер нь манай засаг төр ямар нэг зүйл болохгүй л бол бүх шатанд хүмүүсийг шал­гана, шүүнэ цаашилбал бүр шоронд хийнэ гэх юм. Ингэж “энхрий хайрт нам засаг”  биднийгээ дарам­тална, айлгана бүр дээ­рэлхээд сурчихсаныг нь яана, түүнийгээ л та нар хийх нь ээ дээ.

1.3-д “Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж, үсгийн дүрмийн алдаа засах программ боловс­руулж, хэрэглээнд нэвтрүүлэх...” гэжээ.

Өчих нь: Хамаг муу муухай юм сайхан санаа­гаар эхэлдэг. Хэдэн жи­лийн өмнө хэсэг залуус бичгийн алдаа засах прог­рамм зохиох санаачилга гарган, бор зүрхээрээ нэ­лээд зүтгэсэн ч тэр ажлаа  баралгүй орхисон. Учир нь манайд бичгийн дүрэм цэгцгүй бас ойлгомжгүй, эрдэмтэд нь чадваргүй бас  санаа нь ч зовдоггүй тул тэд эцэстээ хайран хүч, хөрөнгөө бараад дууссан гэдэг. Одоо хэрэв мөнгө гаргаад тийм программ бичих гэж байгаа бол мон­гол хэлний мэргэжлийн гэгдэх хүмүүс нь дүрмээ гарга харин тэр залууст программ бичих эрхийг нь олго, ядуу ч гэсэн ядаж шударга байцгаая л даа! Бас дээрх тогтоолын сүр дуулианаар одоо зөв бич­гийн толь хийх гээд хан­цуй шамлан суугаа хэдэн нөхөд баахан мөнгөний үнэр авчихаад, өөрсдөө өмнө нь оролцож хийсэн толио муулаад эхэл­сэн гэнэ. Ёстой ич­мээр! Мөнгө хараад бүх­нийг мартдаг ийм хүмүүст дор хаяж багш­лах ёс сур­тахуун гэж байна уу үгүй юү, тэд хэнийг хуурна вэ? Манай төр засаг ийм л хүмүүстэй нийлж хувийн хэвшлээ дарж авах, тэд­ний хийс­нийг үгүйсгэн, тэдэнтэй өрсөлдөж, улсын төсвийн мөнгөөр  бараа бүтээгдэ­хүүн үйлдвэрлэж, үүний­гээ тогтоол шийдвэрээр баталгаажуулан хам­гаалж, бүх нийтээр мөрдөх жишиг болгож буйг ши­нэч­лэлийн гэгдэх засгийн газрыг толгойлогч та үл­гэр­лэж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон МУИС, МУБИС-ийн монгол хэлний мэр­гэж­лийн багш, эрдэмтэд бол эх хэлээ хамгаалах, боловсролын чиглэлээр санаагаа нэгтгэн, зорил­гынхоо төлөө хэзээ ч явж үзээгүй улс. Тэд өөрс­дийгөө дайчилж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэ­хийн оронд  Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарыг ярихаас цаашгүй, тэдний хэмжээнд хүрэхийг хүс­дэггүй, энд тэндээс төсөл мөнгө харуулдан, хувиа­раа халтуурын ном дэвтэр гаргаж, оюутнууддаа шах­сан шиг амь зуудаг, багш шавийн гэх үнэндээ лам хуврагын дүрд хувилчих­сан, улс орныхоо хөгжилд ямар ч нэмэргүй ийм л хүмүүс бөгөөд багшийн нэр, сүрийг гутаагсад. Үнэндээ тэд л жинхэнээ­сээ эх хэлний хөгжилд хамгийн их саад тээг учруулж буйг бүхнээрээ мэдэх цаг болсон баймаар.

1.4-д “Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандар­тыг бүх шатанд мөрдлөг болгож, төрийн албан хаагч­дын мэдлэг чадварыг дээшлүүлэх ...” гэжээ.

Өчих нь:  “Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт” нэртэй баримт бичиг эрээд эрээд олдох­гүй ээ. Харин “Албан хэ­рэг хөтлөлтийн үндсэн заавар” гэх мэт учир нь олдохгүй, харилцан уял­даагүй, ихэвчлэн то­хиолдлоор гардаг энэ олон янзын стандарт, зааврын алийг нь хэлээд байгааг мэдэхгүй. Тиймээс хэдэн онд баталсан, ямар стандартыг мөрдөхийг л заах ёстой болов уу.

1.5-д “Хот, суурин га­зар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгуул­лагын хаяг, зар сурталчил­гааг монгол кирил бичгээр бичиж байх” гэжээ.

Өчих нь:  Байгуулла­гын хаяг, элдэв реклам голдуу гадаад хэлээр би­чигдсэн харагддаг л даа. Гэтэл монгол хэлний дү­рэмд гадаад хэлнээс оноо­сон нэрийг авч орчуулах талаар тогтсон журам ер байдаггүй юм билээ. Нэр томьёог орчуулах, гадаад хэлний үгийг галиглах тал дээр тогтсон дүрэм үгүй, ерөөсөө манайд зөв бич­гийн дүрэм байдаггүй уч­раас энэ олон зуун бай­гууллага нэр хаягаа мэд­дэгээрээ л бичнэ. Тэдэнд ямар ч буруу байхгүй шүү. Чаддагаараа төр засаг нь хэдэн байгууллагуу­дын­хаа нэр хаягийг хуулж хаяад байхаас өөр яах билээ. Эсвэл торгоно, шийт­гэнэ гэсэн улаан зураастай бичиг барьсан байцаагчид нь хэдэн муу­сайн компаниудыг  зо­воож, авлига нэхэхээс цаашгүй арга хэмжээ болж л дуусна, үүнийг чинь мэдэхгүй хүн үгүй. Ийм тогтоол шийдвэр эх хэлний боловсролд тус биш ус болдог юм Ерөн­хий сайд аа.