Ж.ЦОГЗОЛМАА

Стратегийн ач холбог­дол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаа­дын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио очно хэмээн хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

 

-Стратегийн ач холбог­дол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуу­лийг УИХ-аар баталлаа. Зах зээлд ямар дохио очсон бол?

-Энэ хуульд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгье гэсэн санаа байгаа юм. Өнгөрсөн оны тав­дугаар сард баталсан хууль маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд сөрөг дохио өгсөн.

Ингэхдээ “Ер нь Мон­гол Улс хөрөнгө оруу­лалтаа сүрхий авч үзэж байгаа юм байна. Хэр баргийн юмыг оруулахгүй юм байна, дэм­жихгүй юм байна” гэсэн ойлголт өг­сөн юм. Гадаадын хөрөнгө оруу­лагчдын гол сонирх­дог салбар болох уул уурхай, бусад салбарыг хүртэл оруулаад, дээрээс нь ха­рил­цаа холбооны салбар, санхүүгийн зах зээлийг хүртэл оруулаад страте­гийн салбар гэчих­сэн. Энд хөрөнгө оруулвал заавал УИХ-аар хэлэл­цүүлж шийдвэр гаргуулдаг байх ёстой гээд хүнд суртлын механиз­муудыг нь нэмэгдүүлээд өгчихсөн учраас буруу дохиолол маягийн юм байсан. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Тэр утгаар нь үзвэл хууль маань осолгүй батлагдчихсан ч аваад хэрэгжүүлье гэхээр юу ч хийгдээгүй. Хүмүүсийн анхаарал нааш цаашаа хандаж, үүнийг тойроод маргаан ч юм шиг, танин мэдэхүйн чанартай ч юм шиг хэлэлцүүлэг маягийн юм өрнөөд, эцэст нь шинэ Засгийн газар яаж шийдэх вэ гэдэг нь хурцаар тавигдлаа. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжихээ илэрхийлэх гэж энэ хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар түргэн шуурхай хэлэлцүүлж баталлаа. Нэгэнт хүмүүс өмнө нь энэ хууль буруу, бүтэхгүй гэдгийг ярьж л байсан. Хоёрдугаарт, энэ хуулийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан. Тэр хүлээлтийнхээ дагуу энэ асуудлыг шийдээд явж байна.

-Хуулийн өөрчлөл­түү­дийг гадаадын хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээн авав. Тэдний хүсэн хүлээж байсан үр дүн гарав уу?

-Хуулийн өөрчлөлтөөр 100 сая гэсэн босгыг арилгалаа. Бас төрийн өмчийн компани биш л юм бол 49 хувь зэрэг бүх асуудал нь Засгийн газ­раараа шийдэгдээд явах бололцоог нь нээж өгсөн. Гадаадын хөрөнгө оруу­лагчид ерөнхийдөө сай­шааж байна. Хоёр­дугаарт, либералчлал талын шоу хийж байгаа юм болов уу даа гэсэн дүгнэлт өгч бай­на. Гуравдугаарт, хамгийн гол нь ямар асуудлыг, юуг шийдэж байгаа нь тодор­хойгүй үлдлээ гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад стратегийн салбар гэж байх юм уу, үгүй юу, тэр салбараа яаж хамгаалах гээд байгаа юм, улсын үйлдвэрийн газар гэж юуг хэлээд байгаа юм, гадаадын төрийн өмчит компани гэдэг чухам юу юм, тэрний тодорхойлолт нь хүртэл өнөөдөр ойлгомжгүй байгаа юм. Хуулийг тойроод гаръя гэвэл түмэн бололцоо бай­гаа л даа. Улсын үйлд­вэрийн газар гэж хэлэх­гүйгээр үүсмэл нэг компани байгуулчихаад түүгээрээ хөрөнгө оруу­лалт хийгээд энэ салбарт ороод ирвэл яах юм. Энэ мэт олон асуулт ший­дэг­дээгүй бөгөөд хариу­лагдаагүй байгаа. Энэ бүгдийг хариулж чадахгүй байгаа учраас өнгөрсөн жил баталчихаад бүтэн жил хууль хэрэгжүүлэх журмыг нь гаргаж ча­даагүй байна. Хуульд өөрчлөлт оруулсан ч хэрэгжүүлэх нэг журам гарч таараа шүү дээ. Энэ нь хэзээ гарах юм, чухам ямар хэлбэртэй байх нь нээлттэй үлдчихээд байна.

-Тэгэхээр хууль бат­лагдлаа ч ардаа олон нэхэлтэй, эргэлзээтэй үлдэхээр үр өгөөж нь ямар байдаг юм бол?

-Нэг бодлын урагшаа алхаж байгаа алхам. Га­даадын хөрөнгө оруулагч­дад хандаж байгаа эерэг дохио гэдэг үүднээс нь бид олзуурхаж байгаа. Түү­нээс өөр сүрхий агуулгын чанартай юм байхгүй.

-“Хуулиа өөрчиллөө гээд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх юм уу” гэж УИХ-ын ги­шүүн С.Дэмбэрэл нэлээн эргэлзээтэй байна лээ. Харин та ямар байр суурьтай байна?

-Гадаадын хөрөнгө оруу­лагчдын итгэлийг тодорхойлж байгаа дөрвөн зүйл байгаа. Нэгдүгээрт, энэ хууль. Энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан, ойлгомжтой, хоёр уншигдахааргүй болгох байсан юм. Хоёрдугаарт, Ашигт малтмалын хуу­лийн төсөл бараг жил га­руй яригдсан ч “Их буруу төсөл боловсруулсан юм байна. Больё, дахиад ши­нээр хийе” гээд авчихсан. Гуравдугаарт, Оюутолгой. Дөрөвдүгээрт, Тавантол­гой. Миний бодлоор энэ дөрвөн зүйлд Засгийн га­зар хоёр уншигда­хааргүй маш тодорхой байр сууриа илэрхийлж байж гадаа­дын хөрөнгө оруулагчдын итгэл гарч ирэх байх. Ит­гэл нь сэргээд, ойлгомж­той болоод, буцаж Мон­голд орж ирээд үйл ажил­лагаагаа эхлээд, өргөжүү­лээд явна гэхэд миний ойлгож байгаагаар 2014 оны хоёрдугаар хагасаас наашгүй.

-Хууль батлагдсан ч олон тодорхойгүй зүйл үлдлээ. Үүнийг хэзээ ший­дэх вэ. Энэ парламентаар шийдэгдэхгүй юм бол дахиад хүлээлт үүсгэх нь?

-Үүнд би байр сууриа дээр үед илэрхийлсэн. Бид өөрсдөө чухам юу хүсээд байгаагаа маш тодорхой ойлгох ёстой. Оюутолгой, Тавантолгойд бид юу хүсч байгаа юм, гадаадын хө­рөнгө оруулалтад бидний байр суурь чухам юу юм. Энэ бүх зүйлээ маш то­дорхой, цэгцтэй ойлгож авсан нөхцөлд үйл ажил­лагаа нэг их төвөггүй явна гэж би ойлгож байна. Үүнийгээ цэгцлээгүй нөх­цөлд энэ асуудал Ерөн­хийлөгч нь ч үсчиж ороод, УИХ нь ч байн байн яриад, Засгийн газар нь дээш, доошоо хэлбэлзээд үймээд л байна. Энэ бол бодлого нь тодорхой биш байгаагийн гай. Ярьж байгаа нь хоорондоо зөрдөг, “Би энэ талаар бусдаас илүү мэдэлтэй, мэднэ” гэж дайрдаг байдал чинь л энэ бүхнийг улам холион бантан болгоод байна. Үндсэндээ бүх юм нь тодорхой байвал Зас­гийн газрын төвшинд яригдах асуудал байхгүй. Яамдын төвшинд яригдах асуудал тун цөөхөн л байх байх. Ихэнх нь агентлаг, газар хэлтсийн хэмжээнд л яригдчих байхгүй юу. Гэтэл манайд бодлого нь тодорхой биш байгаагаас өнөөдөр яриа хэлэлцээр хаана хүрч байна гэхээр УИХ дээр ирдэг, сайд нар нь ярьдаг, Ерөнхийлөгч нь УИХ-д танин мэдэхүйн чанартай хэлэлцүүлэг болгож хувиргадаг зүйл яваад байгаа байхгүй юу. Асуудлыг шийдье гэвэл бодлогоо л маш тодорхой болгох хэрэгтэй.

-Хэвлэл мэдээлэл гэ­дэг олон талын байр суурийн огтлолцлын цэг байдаг шүү дээ. Зарим хүн энэ хуулийн өөрчлөлтийг хараад гадаадын хөрөнгө оруулалт саарсан юм байх­гүй. Оюутолгой л маш их хөрөнгө оруулалт хийж байгаад түр завсарлага авсан нь ингэж ажиглаг­даад байна гэх юм. Энэ үнэн юм уу?

-Үгүй. Энэ бол цээж­ний бангаар л ярьж байна гэсэн үг. Нэгдүгээрт, Оюу­толгойн хөрөнгө оруу­лалт буурсан нь буурсан. Хоёрдугаарт, Оюутолгойг дагаад нийлүүлэгчдийнх нь хү­рээнд маш их хэм­жээний хөрөнгө оруулалт байгаа, тэр нь ихээр буурсан. Бусад салбарыг авч үзье л дээ. Тухайлбал, санхүү­гийн зах зээл дээр хөрөнгө оруулалт буурсан нь бүр нүдэнд ил байгаа шүү дээ.

-НҮБ-аас өгсөн хө­рөнгө оруулалтын зөв­лөмжид уул уурхайгаас бусад салбараа яаралтай хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байсан. Тэгвэл хуульд өөрчлөлт хийснээр эдийн засгаа олон морьтой бол­гоход яаж нөлөөлөх юм бэ?

-Тийм зөвлөгөөг ми­ний мэдэхээр сүүлийн хориод жил өгч байгаа. Манайхан ч тэрнийг нь цээжилчихсэн. Үүнд буруу ч юм байхгүй л дээ, угаасаа эдийн засгийн салбаруудаа хөгжүүлж, байгаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлдэг гол арга хэрэгсэл нь юу юм гэхээр ердөө л хөрөнгө оруулалт. Нэг бол дотоодынх, нэг бол гадаадынх, хамтарсан гэсэн энэ гурав маань зэрэг л явж байдаг учиртай. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа дэмжиж байж эдийн засгийнхаа бусад салбараа босгож ирнэ.

-Хуулиа өөрчиллөө, одоо хөрөнгө оруулагчид Монголд хэзээнээс ихээ­хэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлэх бол?

-Ямар ч гэсэн дохио бол очлоо. Хөрөнгө оруу­лалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлчихлээ. Энэ бол ер нь тунхаглалын л чанар­тай юм шүү дээ. Жинхэнэ ажил хэрэг болгох зүйл нь энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд, дүрэм журмууд нь гарах ёстой. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд ямар ч дүрэм, журам гараагүй. Өнөөдөр энэ хуулийг үнэхээр хэ­рэг­жүүлье гэвэл тэр дүрэм журмыг нь гаргах ёстой. Ингэхийн тулд яам, Тамгын газрын ажил нь жигдрэх учиртай юм.

-Яамд, Тамгын газрын ажил гэснээс төрийн бүтэц нь улам л данхайснаас биш ажил нь нэг их урагш­лахгүй байна гэж хэв­лэлээр нэг шүүмжлээд л байна?

-Ганц ч яам, Тамгын газрын ажил жигдэрсэн юм харагдахгүй байна. Ялангуяа, яамд хамтраад ажиллахдаа бүр холион бантан болоод байна. Засгийн газар хамгийн түрүүнд яамдын үйл ажил­лагааг жигдрүүлэх, тэнд очсон хүмүүсийг төрийн албан хаагч гэдэг байр сууринд нь маш яаралтай тавих хэрэгтэй байна. Энэ чиглэлийн ажилд их дутуу ач холбогдол өгч байна. Энэ бол их чимхлүүр, өдөр тутам хийгддэг, сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрт гардаггүй ажил байдаг. Тийм болохоор энэ ажлыг барьж авахаасаа халшраад байна уу гэж харагдаад байгаа юм. Ура хашгирсан юманд нь илүү ач холбогдол өгчи­хөөд, өдөр тутмын хар бор ажлаа барьж авахгүй байна.

-Төрийн албанд ан­хаарал хандуулахгүй байх, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлах ашиг сонирхол байгаад байна уу гэж хардах хүн байх юм. Та ер нь үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Мэдэхгүй болоод л тэгж байгаа байх. Нэг төрийн албан хаагч ажил­лаж байгаад өөрчлөгдөөд явахад түүнтэй хамт хоёр жилийн бүх мэдээлэл алга болчихоод байна. Дараа нь дахиад өөр хүн гардаг, тэр нь мэдээллийн урсгалаа нөхөж авах гэж, шинэ нөхцөл байдалдаа уялдуу­лаад дүгнэлт хийх гэхээр ажил нь жигдэрч өгөхгүй байна л даа. Ямар нэг хурал зөвлөгөөнд ороод, эсвэл гэрээ хэлэлцээр хийх гээд төрийн албан хаагч маань ямар асууд­лаар ярих гээд ямар газар ирчихснээ ч мэдэхгүй бай­­­­­­­на шүү дээ. Тухайн асууд­лаа хэрхэн томъёолд­­­­гоо ч мэдэхгүй хүн гадаадынхантай хэ­лэл­­цээр хийх гээд сууж байна.

-Таны яриандаа дурд­сан стратегийн гэдэг үг ер нь энэ хуульд цаашдаа байх юм уу, эсвэл авах юм уу?

-Энэ чинь ойлгог­дохгүй байгаа зүйлийн нэг нь. Бодлогынхоо хувьд яах юм, стратегийн салбар гэж юу байх юм, байх юм уу, үгүй юу гэдгээ то­дорхой болгох ёстой.

-Хөрөнгө оруулалтын талаар ярьсных “Чалко”-гийн тухай асуумаар байна. Нүүрсээ гаргахаар болчихлоо. Уг нь их л алдагдалтай гэрээ гээд байсан шүү дээ?

-Нэгэнт гэрээ бай­гуул­­чихсан юм чинь одоо өөр яах юм. Гэрээг бие­лүүлэх гэж л байгуулдаг шүү дээ. Тэр гэрээгээ зөр­чөөд байвал хэн ч чамайг тоохгүй шүү дээ. Эдийн засгийн нэг гол амин сүнс нь хэлцлийн асуудал. Тий­­­мээс хэлцлээ гар­цаа­гүй л дагаж мөрдөх ёстой. Харин тэр буруу хэлцэл байгуулсан, эх оронд ашиг­­гүй хэлцэл бай­гуул­сан юм бол тэр хүмүүс нь нэртэй устайгаа л бай­гаа байх. Тэр хү­мүүстээ ха­риуц­лага тооцох учиртай.

-Тэр хариуцлагыг үүрэх хүмүүс нь хэн юм бэ. Парламентын тогоонд энэ асуудал огт яригдахгүй юм. Танд нэрлэх хүн байна уу?

-Би андуураагүй бол Тавантолгойн асуудлыг өнгөрсөн Засгийн газарт Тэргүүн Шадар сайд нь хариуцаж байсан санагдаад байх юм. Тэр Тэргүүн Шадар сайд нь өнөөгийн Ерөнхий сайд л байгаа биз дээ. Энэ гэрээ хэлэлцээр олиггүй болсон бол энэ хүн мэдэх ёстой.

-Гэхдээ Ерөнхий сайд маань саяхан “Надад ярих юм байгаа шүү. Таван­толгойг бүгдээрээ нийлж гэрээ хийсэн шүү” гэж, би ганцаараа хариуцлага үүрэхгүй шүү ухааны юм яриад байна шүү дээ?

-Тэгээд хэлэх юм байгаа бол хэл л дээ. Ганц хүн гэлтгүй хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь бүгдээрээ хариуцлагаа хүлээх л ёстой.

-Ер нь гадаадын хө­рөнгө оруулалт буурлаа, эдийн засгийн өсөлт саар­лаа гэсэн энэ мэдээлэл Ерөнхий сайдыг огцруулах гол үндэслэл гэж МАН мэдэгдээд байх юм. Энэ үнэхээр бодит шалтгаан нь юм уу?

-Ийм юмнаас болж Ерөн­­хий сайдыг огцруул­на гэдэг арай учир ду­тагдалтай байх гэж бодож байна. Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг л асуудал. Тэр хүн Монгол Улсын ямар ч хууль зөрч­сөн ямар нэг үйлдэл хий­сэн бол түүнийг огцруулах үүрэг УИХ бөгөөд УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд, УИХ-ын гишүүдэд ногдож байгаа.

-Таныхаар Ерөнхий сайд хууль зөрчсөн юм уу?

-Хэлэлцэж байгаа асуудал нь эдийн засгийн өсөлт саарсан гэдэг үн­дэслэлээр ярьж байгаа бол миний хувьд учир дутаг­далтай үндэслэл. Бусад юмыг нь үнэнийг хэлэхэд би сонирхоогүй, бусад асуудлаас нь би тун хол байгаа. Тэр хүн Монгол Улсын хуулийг зөрчсөн ямар нэг үйлдэл хийсэн бол өөрөө огцрох хүсэлтээ гаргах учиртай. Хууль зөрч­­сөн гэдэг нь нотол­гоотой, баримттай байгаа юм бол би кнопоо гозойтол нь дараад л өгнө.