Б.УРАН

 

Боловсрол шинжлэх ухааны яамнаас Солонгос улсад дөрвөн жилийн хуга­цаатай суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. БНСУ-ын Ilwoo сангийн тэтгэлгээр байгалийн ухаан, инженерийн чиг­лэлээр бакалавр оюутан болон магистрантыг тус улсын их дээд сургуульд байгалийн ухаан, инже­нерийн чиглэлээр сурал­цуулах юм байна. Харин энэ тэтгэлэгт өмнө нь БНСУ-ын Засгийн газ­рын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоо­рондын гэрээ хэлэлцээр­тэй өөр орны сонгон шал­гаруулалтад тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг оруулахгүй байхаар заажээ.

 

25-ААС ДООШ НАСНЫХАН ХАМРАГДАНА

 

Сонгон шалгаруулал­тад орох хүсэлтэй залууст англи хэлний сайн мэдлэгтэй байхаас гадна бие бялдар оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй байх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Түүнээс гадна насны хувьд хяз­гаар­тай. Бакалаврын оюутан нь энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны байх, магистрант нь 25-аас доош байх ёстой. Бакалаврын оюутан нь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар ангид гурав ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа. Харин магистрант нь суралцах чиглэлээрээ бакалаврын зэрэгтэй байх ба голч дүн нь гурав ба түүнээс дээш байх ёстой аж. Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт ирэх сарын 16-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь ирэх  сарын 14, 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн хоёр дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгүүлэхийг сануулжээ. 

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй юм байна.

 

ЯМАР ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ВЭ?

 

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг Ilwoo сангаас хариуцаж, сар бүр амжиргааны тэтгэлэг олгох юм. Ингэхдээ бакалавр оюутнуудад дөрвөн жил, магистр оюутнуудад хоёр жил байх гэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна гэжээ.

 

АНГЛИ ХЭЛ, МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТ АВНА

 

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт буюу англи хэл, математикаар авна. Бичгийн шалгалтад тэнцсэн оюутнаас ярилцлагын шалгалт авснаар сонгон шалгаруулалтыг хийх аж. Энд нэг зүйлийг сануулахад англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой юм байна.