Д.БОЛД
Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын алба сүүлийн жилүүдэд системдээ дандаа тэргүүн байранд яваа гэнэ. Энэ жил тус албаны БО-ны шинжилгээний лаборатори, Баруунхараа Цаг уурын станц улсын тэргүүний салбараар шалгарсан бол төвдөө Ерөө, Баруунхараа Цаг уурын станц, Бугант харуулууд ажлаараа бусдыгаа хошуучилжээ. Тус албаны дарга М.Рэгзэдмаатай ярилцлаа.
-Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр яриагаа эхлэх үү?
-Манай Ус Цаг уур орчны шинжилгээний алба нийтдээ 3 хэлтэс, 80 гаруй ажилчинтай, аймгийн хэмжээнд 13 сумандаа анхан шатны 22 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгжүүд маань сум орон нутгийнхаа уур амьсгал, усны горимын судалгааг тогтмол хийж, тусгай хөтөлбөрийн дагуу мэдээллээ төвдөө дамжуулдаг. Түүнийг нь бид нэгтгээд олон улсын сүлжээнд мэдээгээ дамжуулах зарчмаар ажилладаг.
-Өнөөдрийн ярианы гол сэдэв болоод байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн гол бүс нутаг болсон танай аймагт хэр нөлөөлж байна. Танай албаны зүгээс тариаланч, ногоочидтойгоо хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн тухай сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ярьж байгаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ч тэр, Монгол орны хэмжээнд ч тэр уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Ерөнхийдөө Монгол орон маань уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа бүс нутгийн тоонд ордог. Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн 70-аад жилийн түүхэнд цаг уурын хэмжилт судалгаа хийсэн хугацаанд 0.05 градусаар жилийн дундаж температур ихэссэн. Монгол орны хэмжээнд жилийн дундаж температур 1.56 градусаар дулаарсан явц ажиглагддаг. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас шалтгаалаад байгаль, цаг уурын гамшигт үзэгдэл, цас, шуурга, ган, зуд, их хүйтрэлт болох явдлын давтамж ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулаад сүүлийн жилүүдэд манай тариаланчид цаг уурын мэдээлэлд түшиглэж цаг уурын мэдээг өөрсдийн ахуй амьдрал, үйл ажиллагаандаа ихээр ашиглах болсон. Манай алба ч гэсэн аль болох хүмүүст хүрч ажиллах талаар нэлээд олон ажил зохион байгуулсан. Өнгөрсөн жил бид үр тариа, хүнсний ногоо тариалах, хураах үед нийт 32700 мессеж мэдээг хүргэсэн. Тухайлбал аймаг сумдын удирдлагууд, Засаг дарга, багийн дарга, ХАА-н мэргэжилтнүүд, онцгой, 800-гаас дээш га-д тариалалт хийсэн ААН-ийн захирлуудын утсанд нь өдөр бүр мэдээгээ мессежээр хүргэсэн. Энэ ажлыг маань хүмүүс маш их талархалтай хүлээж авсан. Нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлтөөр илэрч байгаа сөрөг нөлөөллийг багасгах ажлын нэг бол цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа байдаг. 2008 онд Сэлэнгэ аймагт гурван том экспедиц байгуулагдаж яг үр тарианы ургалтын чухал үе болох таваас наймдугаар сард хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа явуулсан. Тус экспедицийн өнгөрсөн таван жилийн ажлын үр дүнг харахад 6-8 сарын хугацаанд сард унах тунадасны хэмжээ 12-82 хувиар олон жилийн дундажтай харьцуулахад нэмэгдсэн байсан. Үүнд ч бас цаг уурч бидний оруулсан хувь нэмэр байгаа. Үүнээс гадна хуурайшлын үед ой хээрийн түймэр манай аймагт их гардаг. Энэ үед их хэмжээний га, ой, бэлчээр түймэрт өртдөг. Бид нийтдээ 22 удаагийн нэлээд том хэмжээний ой хээрийн түймрийг унтраахад оролцсон.
-Танай байгууллага шинэлэг, системийнхээ түүхэнд анхдагч ажлуудыг багагүй хийсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Манайх чинь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа судалгаа шинжилгээний цорын ганц байгууллага шүү дээ. Цаг уурт ус, уур амьсгал, ХАА-н цаг уурын чиглэлээр маш их хэмжээний ажиглалт хийсэн материал байдаг л даа. Бид ажиглаад л байдаг. Үүнийгээ хүмүүст хүргэхгүй бол ажил маань ач холбогдолгүй болно. Цаг уурын анхны станц Сэлэнгэ аймагт 1960 онд байгуулагдсан байдаг. Үүнээс хойшхи бүх ажиглалтын материалаа нэгтгээд “Сэлэнгэ аймгийн Уур амьсгал, гадаргын усны нөөцийн лавлах” хэвлүүлсэн. Урьд өмнө 1986 оноор дуусгавар болгоод бүх аймгуудад уур амьсгалын лавлах ном хэвлэгдсэн юм. Энэ номонд зөвхөн уур амьгалын талаасаа л орсон байдаг. Харин бидний хийсэн лавлахад уур амьсгалаас гадна гадаргын усны нөөцийн талаарх судалгаа шинжилгээний материал, ХАА-н цаг уурын чиглэлээр хийсэн ажлууд, байгаль орчны төлөвийн талаар хийсэн бүх ажлууд орсон учраас арай шинэлэг болсон. Дулааралт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор үүнийг хүмүүст мэдрүүлэхийн тулд сүүлийн жилүүдийн материалыг оруулсан нь онцлог. Мөн аймгийнхаа 80 жилийн ойд зориулаад урд хийсэн түүвэр судалгаан дээрээ тулгуурлаад Сэлэнгэ аймгийн гадаргын ус, уур амьсгалын атлас хэвлүүлж гаргасан. Төвд одоо л Монгол орныхоо ийм атласуудыг хийж эхлэх гэж байгаа. Тэгэхээр бид арай дэвшилттэй түрүүлж ажиллалаа гэж бодож байгаа шүү. Нөгөө нэг шинэлэг ажил бол манай албаны байгаль орчны шинжилгээний лаборатори Монгол орны хэмжээнд хамгийн анхны байгаль орчны итгэмжлэгдсэн лаборатори болж чадсан. Манай лаборатори гадаргын болон ундны усны бүхий л төрлийн шинжилгээг хийж чадах хүчин чадалтай. Өнгөрсөн оноос манай цаг уурын салбарт технологийн шинэчлэлт хийгдэж эхэлсэн гэж болно. Бид аймгийнхаа долоон цаг уурын станцыг автомат болгож чадсан. Цаашдаа цаг уурынхаа харуулуудыг автоматжуулахаар төлөвлөж байна. Мөн ХАА-н чиглэлээр хөрсний чийг тодорхойлогч автомат багажийг энэ жилээс ажиллуулах гэж байна. Мөн усан дээр бас усны түвшин, өнгөрөлт хэмждэг автомат багаж авчирсан байгаа. Лаборатори дээр мөнгөн ус хэмжих нийтдээ 65 химийн элемент тодорхойлох хүчин чадалтай орчин үеийн багажуудтай болсон. Эдгээр шинэ автомат багажуудаа судлаад ажилдаа ашиглаж сурах хэрэгтэй. Тиймээс ажиллах боловсон хүчнээ сургах, чадваржуулах ажил бидэнд чухал байгаа.
-Цаг уурын мэргэжлийн боловсон хүчин хэр хангагдсан бэ?
-Ер нь хязгаарлагдмал мэргэжил л дээ. МУИС-д бас Дархан-Уул аймагт манай мэргэжлээр сургадаг. Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүд маань газар зүйн тал руугаа түлхүү хичээл үздэг болсон юм шиг байна. Цаг уур чиглэл рүүгээ арай дутмаг байдаг болж. Цаг уурын ангийн цагууд цөөрсөн ч юмуу. Цаг уур өөрөө нарийн мэргэжил. Хуучин Их сургуулийн физикийн ангиас салаад 3-р ангиасаа цаг уур луугаа ордог байсан. Цаашдаа цаг уурын боловсон хүчин бэлтгэх талаар бид өөрсдийнхөө санал бодлоо дээш нь тавиад байгаа. Хүмүүсээс нэн түрүүнд ажлын амжилт, үр дүнг шаардахаасаа өмнө ажиллах нөхцөлийг нь сайжруулах ёстой гэж би үздэг. Би анх 2003 онд энэ ажлыг авсан. Энэ хугацаанд 6 цаг уурын станцын барилгыг шинэчилж, өнгөрсөн жил төвийнхөө байрны конторыг өргөтгөж барьсан. Ажилчдын маань ажиллах таатай нөхцөл бүрэн бүрдсэн гэж бодож байгаа. Мөн унааны тал дээр анхаарч ХАА-н станцууддаа хэмжилт хийхэд нь зориулж мотоциклээр хангасан.
-Уур амьсгалын өөрчлөлт танай аймагт нөлөөлсөн баримт байна уу?
-Сэлэнгэ аймгийн маань жилийн агаарын дундаж температур 0.05 градусаар өөрчлөгдсөн. Хур тунадасны хэмжээ нь говийн бүсийг бодвол арай бага гэхдээ долоон хувиар багассан. Мөн аюултай үзэгдэл, шороон шуургатай өдрийн давтамж ихэссэн хандлага ажиглагдаж байгаа. Гол горхины тухайд аймгийн гадаргын усны нөөц сүүлийн 10, 10 жилээр судлаад үзэхэд 2.09 км3 хэмжээгээр багассан байгаа. Гэхдээ энэ бүгд зөвхөн байгалийн уур амьгалын өөрчлөлтөөс гадна хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай ч холбоотой.
-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг судлаад түүнд тулгуурлан цаг уурынхаа мэдээтэй уялдуулсан судалгаа хийнэ. Ер нь ШУ-ны ололт дээр тулгуурлаж улс орон хөгждөг. Өнөөдрийн төвшинд манайхан арай л судалгаа шинжилгээнийхээ материалыг хэрэглэх болоогүй юм шиг байна. Цаашдаа хүссэн хүсээгүй заавал шинжлэх ухаан тал руугаа орно. Эрдэмтийн судалгаагаар агаарын бохирдолтын хэмжээ 1990 онд Улаанбаатар ямар байсан яг тэр хэмжээнд манай улсын долоон аймаг хүрсэн байна гэсэн. Тэгвэл Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрсэн. Сэлэнгэ ийм хэмжээнд арай ороогүй. Бид одооноос эхлээд өөрийн аймгийнхаа агаарын бохирдлын өөрчлөлтийг судлах загваруудыг судлах ажлуудыг хийхээр Цаг уурын хүрээлэнтэй тохирсон. Нөгөө талаар манайх механик ажиллагаа ихтэй байдаг. Иймээс үүнийг автоматжуулах программуудыг ажилдаа нэвтрүүлж ажиллах бодолтой байгаа.