Б.УРАН, Б.ЗАЯА

Хуулиас давсан эрх мэдэлтэй “Хурд” груп­пийн “Нарны хороолол”-ын ажлын явц 40 хувьд хүрчээ. Улаанбаатар Зүт­гүү­рийн Депогийн түлш­ний агуулахтай бөөр ний­лүүлэн сүндэрлэж байгаа энэ хотхоны долоон блок барилгын карказ хэдийнэ боссон байна. Зүүн жигүү­рээс нь эхлүүлээд энэ онд ашиглалтад оруулах төлөв­лөгөөтэй ажиллаж байгааг ажилчид нь дуулгалаа. Нийтдээ 25 барилга босгох төлөвлөгөөтэй гэнэ. Метр квадратыг нь 1.8 саяар үнэлж, өнгөрсөн оны тав­дугаар сараас захиалгаа аваад эхэлсэн. Монголын хамгийн анхны дунд сур­гуультай хотхон хэмээн рекламдаж байгаа тус ком­пани айх, ичих гээч зүйлийг умартан мөнгө­ний төлөө улайрч байгаа ажээ. 6000 тонн түлшний агуулахаас ердөө 30 метр зайд орших барилгуудыг Депогийнхон эсэргүүц­сээр ирсэн. Ажилтай нь танилцсан салбарын сайд­даа хүртэл энэ талаар арга хэмжээ авахыг юуны тү­рүүнд дуулгаж байлаа. Харамсалтай нь Монго­лын хууль “Хурд” груп­пийн өмнө хүчин мөхөст­сөн юм. Энэ хаврын ба­рил­гын ажил хэдийнэ эхэл­жээ. Өвлийн улиралд ч тоосго өрсөөр байсныг ойр орчмынхон нь хэлж байна. Өнгөрсөн жил эх­лүүлсэн төсөл тун эрчтэй урагшилж байгаа гэнэ. Нийт 1000 орчим ажилтан ажиллаж байна. Барилгын хашаанд цахилгаан багаж хэрэгсэл, цемент зуурагч машинуудтай зэрэгцэн төмөр замын ором, ашиг­лахаа больсон төмөр за­мууд, материал хангам­жийн бааз байсан хуучин агуулах зэрэг харагдана. Барилгын хойд талд хэд­хэн метрийн цаана хавтан хашааны дэргэдүүр вога­нууд өнгөрч байна. Ажил­чид нь “Барилгын дэргэ­дүүр зорчигч тээврийн галт тэргийг өнгөрүүлнэ гэсэн. Ачаа тээврийнхийг нь тэ­рүү­гээр явуулах байх” хэ­мээн гараараа зааж зогсов.

 

ТҮЛШНИЙ АГУУЛАХААС 100 МЕТРТ БАЙРЛАХ ЁСТОЙ

 

Төмөр зам бол Монгол Улсын стратегийн онц чухал обьектийн дөрөв­дүгээрт жагсдаг. Энэ чу­хал салбар ганц барилгын компанийн өмнө хүчин мөхөстсөн нь харам­сал­тай. Түлшний агуулахтай хэтэрхий ойрхон барьж байгаа барилгын асуудлыг Депогийнхон Мэргэж­лийн хяналтын газарт удаа дараа мэдэгдэж, хүсэлт тавьж байжээ. Хачирхал­тай нь тэд өнөөдөр өөрс­дийг нь хөөсөн утгатай тайлбарыг компанийнх­наас сонсчихоод сууж бай­гаа. Өөрөөр хэлбэл, хотын төвд шатах аюултай бодис байлгаж байгаа төмөр замын депог нүүлгэх шаардлагатай гэж “Хурд”-ынхан зар­галд­саар байгаа юм. Гэвч төмөр зам бол хэн нэгний амар­хан шийдчихдэг асуудал биш. Зүгээр л цаг арга­цаасан үйлдэл гэдгийг хэн ч мэдэж байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний агуу­лахын галын аюулгүй байдлын нормын дагуу олон нийтийн барилга, байгууламжийг агуу­ла­хаас 100 метрээс доошгүй зайд барих ёстой гэсэн хуультай. Энэ хууль мэ­дээж зөрчигдсөн. Дээрээс нь барилга, байгуулам­жийн аюулгүй, найдвар­тай байх олон стандарт, журмыг “Хурд” групп зөр­чиж байгаа юм.

 

“НАРНЫ ХОРООЛОЛ”-ЫН ОРШИН СУУГЧИД ХЭН БАЙХ БОЛ?

 

Маш их тэвчээртэй, тэсвэртэй, эрүүл мэндээ хайхардаггүй нэгэн л “Нар­ны хороолол”-д байр авах болов уу. Хууль, дүр­мийг үл огоорон барилгаа дуусгаад зарчихлаа. Ком­панийнхан байраа зарчи­хаад л яваад өгнө. Харин тэнд орсон оршин суугч­дын ирээдүй аюулгүй байх баталгааг хэн ч өгч чадах­гүй. “Нарны хороолол”-д дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмийн сан, банк, ресторан, фитнесс гээд үйлчилгээний бүхий л төвүүд байна гэсэн. Ха­рин өдөр бүр зөрөлдөх галт тэрэгний чимээ, байнгын ажиллагаатай байдаг зүт­гүүрийн депо гээд оршин суугчдын тав тухыг алдаг­дуулах нь мэдээж. Дээрээс нь байнга галт тэрэг ойр­хон явах нь барилгын суурьд нөлөөлөх магад­лалтайг мэргэжлийнхэн хэлдэг. “Хурд” группийн “Нарны хороолол” бол төмөр замтай ойрхон бусад барилгаас өөр. Тэр орчимд төмөр замтай холбоотой бүхий л үйл ажиллагаа өдөр, шөнөгүй өрнөдөг. Учир нь Монголын ачаа тээврийн 80-90 хувь нь энэ хэсгийг төмөр замаар дамждаг юм. Ийм л нэг хуулийг үл огоорсон орон сууцны хороолол эрчим­тэйгээр ажлаа үргэлж­лүүл­сээр байна.