Б.Уран

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “МТХХ-Экспо 2013” үзэсгэлэн яармагийг ирэх сарын 17-нд Мишээл экспо төвд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээг угтан мэдээллийн технологийн долоо хоногийг зохион байгуулахаар болжээ. Үүний хүрээнд өнөөдөр, маргааш “Робокон-2013” тэмцээн болно. Вьетнамд болох олон улсын роботын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох залуусыг Монгол Бөхийн өргөөнд болох тэмцээнээр шалгаруулах аж. Харин маргааш мэдээллийн технологийн сургуулиуд, ажил олгогчийн уулзалт, бүтээлийн үзэсгэлэн Блү Скай цамхагийн нэгдүгээр давхарт болно. Мөн маргааш мэдээллийн аюулгүй байдлын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд 2-3 гишүүнтэй багаараа оролцох боломжтой юм байна. Нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Монголын мэдээллийн технологийн эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Цахим засаглал” сэдэвтэйгээр хийхээр болжээ. Харин энэ сарын 27-28-нд улсын програмчлалын 23 дугаар олимпиад болно. 28-нд мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 13 дахь удаагаа Мэдээллийн технологийн үндэсий паркад зохион байгуулахаар болсон байна.