Ч.ЗОТОЛ

 

Өмгөөлөгч Ц.Монгол өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр өөрийн үйлчлүүлэгч МИАТ-ийн захирал асан Ц.Орхоны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл гарч, зарим тохиолдолд түүний нэр төрд халдаж байгаад байр сууриа илэрхийлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-МИАТ-ийн хэрэг гэгч дуулиан шуугиан эцэслэг­дээ­гүй,  түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гар­саар байна. Түүнээс та юуг нь онцолж буруу ташаа гэж тодотгож байгаа юм бэ?

-Ярилцлагын эхэнд нэг зүйлийг зориуд хэлье гэж бодож байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчийн компанийн эрх мэдэл бүхий этгээдүүд онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан олон то­хиолдлыг хуулийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа. Цаашид ч монголчуудын эрх аш­гийг уландаа гишгэ­сэн, гэрээ хэлэлцээр нэрээр /Оюутолгой, Тавантолгой гэх мэт/   ард түмний өмчийг  харийнханд өгсөн эрх мэдэлтнүүдийг шалгаж эхэлж байгааг иргэний хувьд тууштай дэмжиж байдгаа юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй болов уу. Харин аливаа Эрүүгийн хэргийг эхэлж шалгах явцад хэрэгт хол­богдолгүй боловч зарим хүнийг сэжиглэн шалгах зайлшгүй шаардлага гардаг. Иймд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагд­сан хүн бүр  гэмт хэрэгтэн биш байх тохиолдол бишгүй гардаг. Тэдгээр хүмүүст үүсгэсэн хэрэг шалгалтын явцад хэрэгсэхгүй болдог тул ийм асуудалд хэвлэл, мэдээллийн ажилтнууд анхааралтай хандаж, эх сурвалжаа сайн нягталж байх учиртайг хэлмээр байна. Ц.Орхон надтай анх уулзаж, эрхзүйн тус­лалцаа хүсэхдээ өөрөө уг хэрэгт оролцоогүй  гэдгээ тодорхой тайлбарлаж хэлсэн, би өмгөөлөхөөр зөвшөөрсөн.    Та бүхэн намайг мэдэх байх. Би монголчуудын нийтлэг эрх ашиг зөрчигдсөн болон хэргийн хохирогч, мөн гэмт хэрэг үйлдээгүй ч сэжиглэгдэн шалгагдаж байгаа, эрхээ хамгаалж аргагүй хамгаа­лалт хийсэн иргэдийг түлхүү өмгөөлдөг. МИАТ-ийн захирлаар ажил­лаж байсан Ц.Орхоныг дайны эрсдэлийн даат­га­лын мөнгийг ашигласан, мөнгө угаасан гэх хэргийн зохион бай­гуулагч, “гэмт хэрэгтэн” гэх мэтээр  төрийн зарим өндөр албан тушаалтан мэдээлж, түүнийг нь зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл “үнэн” гэж ташаа ойлгож мэдээлсэн. Ингэснээр “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, “хүний халдашгүй байх эрхийг хангаж хэн боловч ...хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Улмаар гурван сарын дотор Ц.Ор­хон бол “Гэмт хэрэгтэн, төрийн, ард түмний  татварын мөнгийг  завшигч” гэх буруу ойлголтыг өгсөөр байгаад харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай үндэслэлгүй мэдээлэл их гарсан, одоо ч гарсаар байна. Гэхдээ уг мэдээлэл тодорхой эх сурвалжаас өгч байгаа нь тодорхой тул би  зөвхөн хэвлэлийнхнийг  бүхэлд нь шууд буруутгахгүй байна.

-Ц.Орхоны талаар мэдээллийг телевизээр харсан ах нь цочирдож нас барсан гэсэн мэдээлэл гарсан. Та ч бас хэв­лэлийн хурлын үеэр ярилаа.  Талийгаач төрсөн ах нь байсан уу, төрлийнх нь хүн үү?

-Миний түрүүний хэлсэн   үндэслэлгүй, ноцтой мэдээллүүдийн уршгаар  Ц.Орхоны  төрсөн ах 56 настай  Даваа гэдэг хүн нэгдүгээр сарын 24-ний орой телевизийн  мэдээ үзэж байгаад цочирдон  цус харваж нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Түүний хариуц­лагыг хэн хүлээх вэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний орой телевизийн сувгуудаар Хууль зүйн сайдын ярьсан зүйлээс болон ярилцлагаас нь иш татсан болон бусад олон мэдээ цацагдсан нь тэр хүний амь насанд халгаатай болсон гэж үзэхээр байна. Төрийн сайдад олонхи хүн итгэж, ярьсан зүйлийг нь илүү үнэн гэж шууд хүлээн авдаг онцлогтой учраас хүнд тусдаг. Зүй ёсоор бол ийм мэдээллийг хуулийн байгууллагын хэв­лэл, мэдээллийн ажилтнууд л тоймлон товч хийж, “шалгагдаж байна” гэж мэдээлэх  үүрэгтэй байдаг.

-Ингэхэд та үйлч­лүү­лэгчээ  анх шалгагдаж эхлэхэд   нь л ташаа мэдээлэл гарч байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлж  болоогүй юм уу?

-Түүнийг анх цагдан хориход бид мөрдөн байцаалтын ажиллагааг хүндэтгээд, хэргийн үнэн бодит байдлыг тогтооход саад учруулахаас зайлс­хийж ямар нэгэн мэдээлэл хийлгүй хүлээсэн. Ерөн­хийдөө Мөрдөн байцаах газар уг хэргийг гурван сар шалгасны  эцэст хэргийн байдал тодорхой болж, хэн нь гэмт хэрэгт холбогдолтой хэн нь гэм буруугүйг тогтоох шатан­даа явж байна.   Иймд өмгөөлөгчийн хувьд  үйлч­лүүлэгч, түү­ний ах дүү, найз нөхөд, ар гэрийнхний хүсэлт, дотоод ит­гэл үнэм­шилдээ тулгуур­лан, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүйгээр, бодит мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзэж  өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм. 

-МИАТ-ийн асуудалд Ц.Орхоны эхнэрийг нь холбогдуулан шалгаж байгаад саяхан батлан даалтад гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

-Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаагийн хувьд 2002 онд нээлгээд огт ашиглаагүй байсан дансыг нь хөндлөнгийн хүмүүс ашигласан байдаг. Мөр­дөн байцаалтын явцад Ц.Орхон, Ү.Цэцэгмаа нар  мэдүүлгээ маш тодорхой өгсөн, мэдүүлгээсээ буц­сан зүйл байхгүй. Гэтэл хэвлэлд “МИАТ-ийн хэ­рэгт сэжиглэгдсэн этгээ­дүүд хоорондоо утсаар ярьсан, улмаар тэд мэдүүлгээсээ буцсан” гэж шалгагдаж байгаа бүх хүнд хамааруулан эрх бүхий байгууллагаас мэдээлсэн нь алдаатай, санаатай гэж хэлэхээр худал мэдээ байсан. Тэр  мэдээг салбарын сайдад бэлтгэж өгсөн албан ту­шаалтнуудад хариуцлага хүлээлгэх байх.  Ц.Орхон, Ү.Цэцэгмаа нар мэдүүлгээсээ буцаагүй, утсаар яриагүй, ярих ч шаардлага байхгүй, хорих байгууллагын дүрэм журмыг зөрчөөгүй тул дээрх мэдээ нь гүтгэлэг.  Тиймээс   няцааж байна.  Үүнийг ШШГГ ч  нотолж байгаа.  Одоогоор Ү.Цэ­цэг­маа бат­лан даалтанд гарсан, Ц.Орхон   цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа.

-Бие нь өвдөөд батлан даалтад гарах хүсэлт гаргасан юм биш үү?

-Ц.Орхоны биеийн байдал зүгээр, хорихын ажилтнуудын зан харил­цаа сайн,  эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт тавьж байгаагүй, харин хэргийг үнэн зөв шуурхай шалгаж тогтоож, батлан даалтанд гаргахыг хүсч  байгаа. Гэтэл “өвчний улмаас” гэсэн олон нийтийн дургүйцлийг төрүүлмээр,  бас л буруу ташаа, худал мэдээлэл гарсаар байна.

-Тэр танд өмгөөлүүлэх хүсэлт анх  тавихдаа өөрийгөө хэрэгт холбог­долгүй болохыг тодорхой тайлбарлаж хэлсэн гэлээ. Тэр талаар тодруулахгүй юу?

-Ц.Орхон МИАТ-д хэрхэн ажиллаж байсан талаар цөөн зүйл хэлье.

Түүнийг  2010 оны тавдугаар сарын 27-нд анх ажил авахад нислэг зогс­сон, ажил хаялт болсон, онгоц гэмтсэн жуулчдыг тээвэрлэх онгоцгүй бай­сан. Тэр  энэ бүх асуудлыг шийдвэрлэж, МИАТ-д түрээсийн хоёр  том онгоц зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.доллараар хям­даар олж гэрээ байгуулсан. Ажил авахад байсан 6-8 сая ам.долларын богино хугацааны зээлийг төлж барагдуулсан. Орлогыг жил бүр 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Өмнө  нь 160 суудалтай онгоцыг 347.000 ам.доллараар түрээслэж байсан бол тус бүр 260 суудал бүхий хоёр  онгоцыг 297.000 ам.дол­лараар маш багаар түрээслэх гэрээ байгуул­сан. Хятадаас таван  ширхэг орон нутгийн нийслэгийн онгоц авах гэсэн ашиггүй наймааны эсрэг байж чадсан. Тэрээр аль ч нам бус, МИАТ-ыг улс төрөөс ангид байлгахыг хүссэн.  2012 оны  гуравдугаар улиралд МИАТ-ийг  ашигтай хү­лээл­гэн өгсөн. Нисэхийн сургууль төгссөн, 20 жил ажиллаж, амьдралынхаа бүхнийг хуваалцсан хамт олон, компанийхаа эрх ашгаас урвах хүн биш.  Та бүхэн мэдэж байгаа байх  МИАТ  өмнө нь   байнга хуучин онгоц ашигласаар ирсэн. Техникийн гэмтэл дутагдал ч  байнга гардаг. Үүнийг шийдэх гол алхмыг Ц.Орхон хийсэн. МИАТ-ийн удирд­лага шинэ онгоц авах гэрээ хэлэлцээр дээр жил орчим хугацаагаар ажил­лаж 160 орчим сая ам.долларын үнэтэй цоо шинэ онгоцыг 100 сая ам.доллараар үйлд­вэр­лүүлэн авахаар тохирсон. Үүнийг Монгол  Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үед гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тэр  онгоц  ирэх зургадугаар  сард Монголд ирнэ.

-Тэгвэл дайны эрс­дэлийн даатгалын төлбө­рийн тухайд та юу хэлэх вэ?

- Ц.Орхон МИАТ-ийн  захирлаар томилогдсоны дараа Дайны эрсдэлийн даатгалын болон МИАТ-ийн  өмнө  нь мөрдөж байсан бүх гэрээ хэлэлцээрүүдийг ажлын хэсэг томилон шалгуул­сан. Уг гэрээг гэрээнд заасан нөхцлийнх нь дагуу гурван  сарын өмнө мэдэгдэл өгч хариу ирэхгүй болохоор нь шууд цуцалж, МИАТ-д  дөрвөн  тэрбум гаруй төгрөгийг үлдээж, далд гэмт хэргийг таслан зогсоож, гэрээг сунгах гэсэн саналыг хүлээж  аваагүй. Тэрээр МИАТ-д урьд нь мөрдөгдөж байсан Дайны эрсдлийн даатгалын гэрээ, уг гэрээг аудит, ТӨХ-оос олон жил дараалан зөв гэж үзэж ирсэн, хуулийн зөвлөх нь хянасан, төлбөрийн даал­гаврыг хариуцсан нягтлан бодогч байгаа баримтыг шалгасны үндсэн дээр бичиж, ерөнхий нябогоор хянуулж, санхүүгийн хэлтсийн дарга хянаад, зөвшөөрөөд оруулж ирэхэд гарын үсэг зурсан байдаг.  Мөн үнийн дүн их байгааг анхаарч холбогдох хүмүүст үүрэг өгсөн, улмаар гэрээг цуцлах талаар шат дараалсан арга хэмжээ авч, гэрээнд заасан нөхц­лийг баримтлан гэрээг цуцалсан тул гэрээ хү­чинтэй байх үед шил­жүүлэг хийсэн түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Олон улсын хууль, Монгол улсын Иргэний хуульд зааснаар гэрээг ингэж л цуцлах журамтай.  Энэ үйлдэл маш тодорхой байгаа. Тиймээс  санаатай гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлгүй тул Ц.Орхонд холбогдох хэргийг хараат бус хуулийн байгууллага  хэрэгсэхгүй болгож, буруу мэдээлэл авч мэдээлэл хийсэн Удирдах албан тушаалтнууд үнэн байдлыг зөвөөр ойлгож байр сууриа өөрчилнө гэж итгэж байна.

-Та ярилцлагын эхэнд Ц.Орхоны талаар  ташаа мэдээлэл тарааж байна, тодорхой эх сурвалжаас хэвлэлд өгч байна гэсэн. Тэр асуудлаараа  хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан уу?

  -Олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл тэнц­вэртэй, үнэн зөв байх учиртай. Ардчилсан Монгол оронд төр, иргэн, аливаа хуулийн этгээд бүгд тэгш эрхтэй. Иймд төрийн төлөөлөгч илүү давуу эрх эдлэх, төрийн арга механизмыг ашиглан гэмт хэрэгт сэжиглэгдсэн боловч, гэм буруу нь тогтоогдоогүй иргэнийг “гэмт хэрэгтэн” гэж зарлах эрхгүй. Ер нь эрүүгийн хэргийг шалгаж байгаа асуудал бол тусдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нарийн зохицуулагдсан асуудал юм. Эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага зохих ёсоор шалгаж байх үед хэн нь гэмт хэрэгт холбоотойг дарга нар байтугай шалгаж байгаа нь ч хүртэл урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Харин хэрэгт ач холбогдол бүхий байж болох зарим мэдээ мэдээллийг гадны хэн нэгэн этгээд буруу тайлбартайгаар хэвлэлд нийтлүүлэн, ингэхдээ Ц.Орхоны зургийг голдуу тавьж, түүнийг “гол гэмт хэрэгтэн” мэтээр бичиж байгаа нь мөрдөн бай­цаалтанд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээр байгаа тул хэн ямар зорилгоор ийм санаатай худал мэдээлэл тарааж байгааг шалгаж тогтоож өгөх талаар Прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байгаа. Миний хувьд хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд  мэдээлэл хийхдээ   тэр  хэргийн тухайд  бүхэлд нь ямар нэгэн  үнэлэлт дүг­нэлт өгөх гээгүй.  Гагцхүү миний үйлчлүүлэгч Ц.Орхоны тухай бодит байдлыг мэдээлсэн. Хэвлэл, мэдээллийнхэн  учрыг нь олж хужрыг нь тунгааж асуудалд хүнлэг, зарчмын байр сууринаас хандаж өгнө үү гэж хүсч байгаа юм.  Ийм ч зо­рилгоор дөрөв  дэх хүчтэй засаглал болох Хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна.  Нэгэнт хүнийг гэм буруу нь тог­тоогдоогүй байхад “гэмт хэрэгтэн” гэж бичээд байгаа тул өмгөөлөгчийн хувьд ми­ний бие  Монгол Улсын Үндсэн хуульд заасан ир­гэн Ц. Орхоны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж Ц.Орхон “гэмт хэрэгтэн биш” гэж няцааж мэдээлэл хийх, түүний зөрчигдсөн эрхийг хамгаалах эрхтэй, тийм ч үүрэгтэй.