Л.ТУЯА, Б.УРАН

 

Улаанбаатар хотын баруун хойд хэсэгт орших Самбалхүндэвийн буюу олны нэрлэж заншсанаар “Далан давхар”-ын ор­шуул­гын дунд суурийг нь тавьсан барилгын тухай өчигдрийн дугаартаа ний­тэлсэн билээ. Цахилгаан станц босгоод дараа нь тэр хавийн шарилуудыг түрж цэвэрлээд орон сууцны хороолол босгоно гэсэн яриа ойр орчмынх нь иргэ­дийн дунд байсан. Үнэхээр орон сууцны хороолол ба­рих юм бол айдас хүйдэс, сүсэг бишрэл гээчийг ердөө мэдэхгүй хүмүүс л энд бууриа засаж, цайгаа чанах биз гэцгээж байв.  Суурийг нь тавиад орхисон барилгын талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авсан юм.  Тэрхүү барилга нь “Их тойруу-110” төс­лийн хүрээнд цахилгааны дэд станц болох учиртай аж. Энэхүү дэд станц нь МҮОНРТ орчимд босох орон сууцны хорооллыг цахилгаанаар хангах юм байна. Энэ төсөлд 52 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Хятад улсын хөн­гөлөлттэй зээлээр санхүү­жилтийг нь шийдэж бай­гаа гэлээ. Газрын зөв­шөөр­лийг нь нийслэлийн Засаг даргын 2009 оны дугаар тоот захирамжаар олгож байжээ. Ажил эх­лэхээс өмнө тухайн хэсэгт хог, барилгын сууриас гарсан шороогоор дүүргэ­с­эн байсныг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Харин нэг ч талийгаачийн шарил хөндөгдөөгүй гэж БХБЯ-ны “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ орчмын орон сууц, дэд бүтцийн төсөл”-өөс мэдэгдлээ. Нийс­лэ­лийн эргэн той­ронд ийм дэд станц 14-ийг босгох гэнэ.Ямартаа ч албаны хүмүүсийн баталснаар “айдасгүйчүүдийн хотхон” сүндэрлэхгүй бололтой. 


“ДАЛАН ДАВХАР” БИШ...

Оршуулгын газрыг  цэцэрлэгт хүрээлэн болгох тухай одоогоос гурван жилийн өмнө идэвхтэй ярьж хэлэлцэж байлаа. Тэр үеийн нийс­лэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр ёсоор 175 сая төгрөгийн төсөв­тэйгээр эхэлсэн ажил  энэ онд үр дүнгээ үзүүлэх байлаа. Өөрөөр хэлбэл, эвдэрч, сарайсан шарилын хашаа, хог, шороондоо дарагдсан өнөө­гийн дүр төрх нь цэцэг, навч бүхий цэцэр­лэгт хүрээлэнгээр солиг­дох байлаа. Одоо­гоороо сураг ч үгүй байгаа тэр цэцэрлэгт хүрээлэндээ  “Дурсамж” гэсэн нэр хүр­тэл өгөөд амжсан байна. Харамсалтай нь өнөөд­рийг хүртэл дорвитой хийгдсэн ажил даанч алга. Урдуур нь тавьсан засмал зам, айлуудаас тусгаарла­сан урт хэрмэн хашааг эс тооцвол шүү дээ. Албаны эх сурвал­жийн мэдээлс­нээр хэр­хэн тохижуулах төлөвлөлтийг одоо хүртэл хийж дуус­гаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, амьдрал дээрх тохижилт бүү хэл цаасан дээрх төлөвлөгөө нь ч дуусаагүй ажээ. 

Самбалхүндэвийн оршуулгын газрын нөөц дуусан учир нэмж газар олгохгүй байгаа. Нийслэл хотын хойморт 137 га газарт 260 мянга гаруй шарил байдаг гэх албан бус мэдээ бий. Газар дээ­рээ байдал элэг эмтэр­мээр гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Эцэг, өв­гөд, хайртай хүмүүсийн­хээ бие цогцсыг тийм газар байл­гаж байгаадаа ар гэрийн­хэн нь яасан их зовдог бол. Зовлоо гээд ч яах билээ. Хотжилт, ядуурал дагасан бидний амьдрал хэдийнэ энэ зов­лонтой эвлэрэн хүлцэхэд хүргэсэн юм. Нийс­лэлийн хот төлөв­лөл­тийн газрын мэргэжилт­ний мэдээлс­нээр 2010 онд Улаанбаатар хотын даргын захирамж гарч, “Улаан­баатар Буян” компанитай хамтран тэнд байгаа шарилуудыг чан­дарлах ажлыг эхлүүлсэн гэлээ. Ингэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдээд 60 хоногийн дотор эргэж хариу өгөхгүй бол эзэнгүй булш гэж тооцохыг сануулж байсан гэнэ. Энэ ажлын явц юу болсон талаар “Улаан­баатар Буян” компаниас тодруу­лахад огт өөр зүйл хэлж байна. Тус компани тийм үйл ажиллагаа огтхон ч явуулаагүй гэх. Харин сайн дураар хандсан иргэдэд талийгаачдыг нь чандарлах үйл ажилла­гааг зохион байгуулж өгдөг аж. “Далан давхар”-ын ор­шуул­гын газраас хятадууд шарил авч явах нь ихэссэн тухай өчигд­рийн дугаартаа мэдээлсэн. Ойр орч­мынх нь иргэдийн хэлж байгаа­гаар эрт үеийн хятад худалдаачдын булш энд олон тоогоор байдаг гэх.

 

ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ИРЭЭДҮЙГ ХЭРХЭХ ВЭ?

Хоттой хаяа залгасан шарилын газруудын асууд­­­лыг яаж цэгцлэх ёс­той юм бол. Энэ асуултад олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харахад 78,4 хувь нь чан­дар­лах, 16,5 хувь нь газарт оршуулах, таван хувь нь бусад аргыг сон­гох нь зүйтэй гэж хариул­жээ дүн гарч. Талий­гаа­чийн ар гэрээс хүсэлт гаргасан тохиолдолд энэ төрлийн үйлчилгээ үзүүл­дэг ком­паниуд бий. Жишээ нь “Улаанбаатар Буян” ком­панийн салах ёс гүйцэтгэх ажил зохион байгуулах үндсэн ханш нь хоёр сая орчим төгрөг байдаг бол хуучин булш чандарлахад 600-700 мян­ган төгрөг бол­дог байна. Гэвч хайртай хүмүүсийн­хээ биеийг дахин ухаж, сүнсийг нь зовоохыг сүсэг бишрэлтэй манай ард түмэн төдийлөн таашаа­даг­гүй. Тэгэхээр нэгэнт бий болсон энэ оршуул­гын газрыг ёстой л “Дур­самж” нэрээр нь үлдээж, тохи­жуулан цэцэр­лэг­жүүлбэл яасан юм бэ. Гадаадын оршуул­гын газ­руудад хүмүүс талийгаач­тайгаа амгалан тайван ярилцаж, цэцэр­лэгт хүрээлэнд нь зугаалж болдог юм билээ. Нэгэнт газар нь байгаа юм чинь зориглоод хийвэл амархан баймаар.