Б.БАРС

57 La Лантан      

58 Ce Церий        

59 Pr Пракеодим               

60 Nd Неодим    

61 Pm Прометий               

62 Sm Самарий  

63 Eu Европий   

64 Gd Гадолиний              

65 Tb Тербий      

66 Dy Диспрозий               

67 Ho Гольмий   

68 Er Эрбий        

69 Tm Тулий       

70 Yb Иттербий 

71 Lu Лютеций

TR. Газрын ховор элементүүдийг товчлон ийн нэрлэдэг. Терраэ рараэ буюу латинаас хөр­вүүлбэл “ховор газар” гэсэн үгний товчлол аж. XVII зууны сүүлээс эдгээр элементийг дэлхийн хөр­сөнд ховор тохиолддог гэж үзэж байснаас тухайн үеийн химичид ийм нэр  хайрласан гэх.

Үнэндээ газрын ховор элементүүд дэлхийд ту­галгаас 10 дахин, молиб­дениэс 50 дахин, вольф­рамаас 165 дахин элбэг тохиолддог нь хожим тогтоогджээ. Финландын химич Юхан Гадолин 1794 онд Шведийн Иттербю хэмээх газрын хүдрийг судлаж байхдаа урьд өмнө тохиолдож байгаагүй ме­талл илрүүлээд Иттрий гэж нэрлэжээ. Удалгүй Гер­маны эрдэмтэн Мартин Клапорт мөн л нэгэн өвөрмөц металл нээгээд Церий нэр хайрласан аж.

Ингээд 1907 онд гэхэд эрдэмтэд 14 газрын ховор элемент илрүүлэн Мен­делеевийн үелэх системд 57-оос 71 хүртэл атомын жингийнх нь дагуу эрэм­бэлэн байршуулжээ. Хожим ураны задралаас Прометийг нээснээр газрын ховор гэж нийтдээ 15 элементийг нэрийдэх болсон байна. Тэдгээрийг Менделеевийн үелэх сис­тем дахь дугаар, товчлол, нэрний хамт дор жагсаа­лаа.   

Газрын ховор элемен­түүд байгальд ихэвчлэн дангаараа илэрдэггүй. Нэг тонн хүдэрт дунджаар 100 грамм л байдаг аж. Нийт­дээ 250 гаруй минералд эдгээр элемент агуулагд­даг. Тэдгээрээс хамгийн их агууламжтай нь мона­цит, ксенотим, бастнезит зэрэг юм.

Дэлхийд жилд 130 мянган тонн газрын ховор элемент олборлодог байна. Үүнээс 90 гаруй хувь буюу 120 мянган тонныг нь  манай урд хөрш БНХАУ дангаараа олборлодог. Үүнээс бараг 90 хувийг нь Өвөрмон­голын нутгаас илрүүлжээ. Олборлол­тоороо удаалдаг Энэтхэг ердөө 2,7 мянган тонн, Бразил 0,65 мянган тонныг гаргадаг байна. ТR-ын нөөцөөрөө ч БНХАУ тасархай бөгөөд 89 мянган тоннтой гэгддэг.

Иймээс ч хэдэн жи­лийн өмнөөс энэ ховор түүхий эдийг бусад оронд нийлүүлэхээ эрс багасгах болсон билээ. Үүнд АНУ, Япон, ХБНГУ гээд дэл­хийн хөгжингүй орнууд ихээр дургүйцэн НҮБ-д хүртэл Бээжингийн эсрэг баримт бичиг батлахыг уриалж байв.

Учир нь TR-ын эле­мен­түүд радиоэлект­ро­ник, нарийн багажны үйлдвэр­лэл, цөмийн болон санс­рын технологи гээд аж үйлдвэрийн бүхий л дэв­шилтэт салбарт хэрэг­лэгд­дэг. Иймээс ч хөгжин­гүй орнууд газрын ховор элементийн олдоц ихтэй Монгол, Мьянма, Казахс­тан зэрэг орнуудаас үүсч эхэлсэн хомсдолоо нөхөн Хятадын хамаарлаас гарах оролдлого идэвхийлэн хийх болсон нь нууц биш.

Манай улсад л гэхэд ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Японы Ерөн­хий сайд Шинзо Абэ нар айлчлан чухам TR-ын олборлолт, нийлүүлэлтийн асуудлыг хөндсөн билээ.