Д.ЦЭРЭННАДМИД

Говь талдаа хаврын зэрэглээ мяралзах аястай  урь анхилавч зэврүүн хөх салхи хавирга нэвт. Хавар ер нь тиймэрхүү. Гэхдээ энэ хавар сав л хийвэл цас орох дуртай. Бүр тэнгэр чигээрээ унаж байгаа юм шиг малгайлан буух нь энэ л хаврынх. Нутгийн хөх салхи жавар хөөдөг, удахгүй дулаарна гэлцэн малчдын хөл хөнгөрнө. Тэртээ говьд тэ­мээ мал торолзон, өчигд­рийн цасан шуурганы ул мөр бут бүхний өвөрт туулай цастай харагдана.

Айл, айлын хотонд тө­лийн дуу цангинаж сэтгэл сэргэсэн тийм сайхан цагаар бид Хөрхийн хадны шар дэрс  гэдэг газар хаваржиж буй малчин Б.Дэмбэрэлнямынд очлоо. Гадна нь суудлын жижиг машин, унааны мориноос өөр  мал харагдахгүй томоохон блонон хашаа, байшин. Хөдөөний айл ийм байдагсан билүү гэмээр. Ха­шаанд ороод бүр тохилог. Нээрээ аймгийн дарга нар “Сурвалжлагч та нар зав гарвал Дэмбэрэлнямынх гэдэг айлд буугаад гараарай” гэж захьсан нь тэр л онцлогийг тэгээд малчин өөрөө юу ярихыг сонсоорой гэсэн үг байж л дээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын гурав­дугаар багийн малчин Б.Дэмбэрэлнямын үндсэн мэргэжил нь жолооч. Хорь гаруй жил алтан шар замд аяны жолоо залсан осолгүй манлай тээвэрчин. Гэргий С.Долгор нь бас жолооч байсан. Угаас малчны хотонд өссөн болохоор 1993 оноос энэ хоёр малчин болж хөдөө гарчээ. Малчин заяандаа эргэж ирсэн нь тэр.

Хоёул жилийн дөрвөн улиралд хэдэн малаа гэж хар нүд хамхилгүй, гар хөл бохисхийлгүй байсны хүчээр мал нь өсч тун удалгүй мянгат малчин, сумын аварга гээд шилдгүүдийн нэг болсон нь одоо бараг түүх мэт. Анх 100 гаруй толгой малтай эхэлсэн малчны хөдөлмөрийн үр шим, 1700 шахам тоонд хүрсэн үе байж. Гэвч нөмөр нөөлөг багатай нутагт зуднаас зугатаж болох биш хоёр гурван жилийн өмнөх зуданд сүрхий нэрвэгдэж. Энэ нь Б.Дэмбэрэлням, С.Долгор хоёрт нэгийг бодогдуулсан юм билээ. Тэгээд л хагас бэлчээрийн аж ахуй байгуулж суурин маягаар амьдрахаар шийдэж одоогийн тохилог аж ахуйгаа босгосон гэж байна. Уужуухан талбайг хашаалж дотор нь малын хашаа саравч, төл малын төрөлжсөн байр барьжээ. Мал нь нялх, хөрвө төл  төллөх эх гээд л тус тусдаа байртай. Энэ хаврын хувьд дан ямаатай өвөл­жин, хаваржиж байна. Цаад учир нь эднийх ямааны ферм байгуулсан нь тэр аж. 300-гаад ямаа төллөхөөс одоо 70-аад хувь нь ишиглэж. Төллөсөн ямааных нь 40 хувь ихэр гээд бодоход мал нь өвөл­дөө тарга хүч алдаагүйнх ажээ.

Б.Дэмбэрэлням зөвхөн өөрийгөө болгоохыг бодсонгүй. Уржнан жилээс сэдсэн нэг ажил нь сумынхаа дөрвөн багийн малчдыг хамарсан хоршоо байгуул­сан байна. Өөрөө хоршооны дарга нь. Одоо “Бүрэн зост” нэртэй хоршоонд 80 гаруй өрх 140 гишүүнтэй. Санаа сэтгэл нийлсэн тэр хоршооныхон бор зүр­хээрээ гэгчээр жил гаруй “амьдарч” иржээ. Улсаас зээл мээл ч авсангүй.

Анх 25-50 мянган төгрөг нийлүүлж сангаа босгосон. Хоршооныхоо зохион байгуулалтыг хийсэн. Малынхаа ноос, ноолуур, цагаан идээг хор­шоогоороо нэгтгэж бор­луулаад малчдадаа урам­шуулалыг нь өгч байна. Тендерийн журмаар айл өрхүүдтэй гэрээ хийж цэцэрлэг, сургуульд мах, сүү цагаан идээгээ нийлүүлсэн нь бас хамтын аж ахуйн давуу тал болов. Энэ жилээс бүх л ажил үйлээ хоршоогоор дам­жуул­на гээд малчид нь урамтай байгаа тухай хоршооны дарга ярив.

Энэ хавар мал хамгаалах сангийн есөн сая төгрөгийн зээл авч түүгээрээ стандартын склад барих. Складаа барь­чихвал бүтээг­дэхүүнээ цаг хугацаанд шахагдаж хямд өгчихдө­гөөсөө сална гэж байна лээ.

“Ер нь юм сэдвэл хөдөлсөн шиг хөдлөх хэ­рэг­тэй юм байна шүү дээ” гэж гэргий С.Долгор нөхрийнхөө ярианд үг нэмж байсан. Цаашлаад тэр хоёрын са­наа хоршооныхны санаа болж байгаа юм шиг санагдсан. Б.Дэмбэрэлням ярихдаа,

-Ер нь хөрөнгийн тус­лалцаа дэмжлэг авахгүй бол яаж ч зүтгээд амжилт олохгүй юм шиг байна. Сум хөгжүүлэх сангаас тодорхой хэлтэст зээл хүс­сэн. Бүтвэл үйлдвэрлэлээ өргөтгөх бодолтой. Айм­гийн төвд хоршооны нэ­рийн барааны дэлгүүртэй болохоор Мандалговийн багийн дарга нар байрлаж байсан байшинг засч бай­на. Тун удахгүй дэлгүүрээ нээнэ. Орон байрны боломжоо харж байгаад ахуй үйлчилгээний хэсэг­тэй болох санаа байна. Аймгийн төвд одоо тийм газар байхгүй юм. Гэр орноороо, хувиараа гутал хувцас хийдэг, үс засдаг, мод төмрөөр юм хийдэг гээд цөөнгүй хүн байдаг. Тэд манай хоршоонд нэгдэе гэсэн санал хэлж байгаа. Энэ нь миний санаатай нийлсэн.

Нэгэнт л хоршоо байгуулъя гэж давхиад өөрөө дарга нь болчихсон болохоор санасан бүхнээ гүйцэлдүүлэхийг зорьж байна. Ахиухан мөнгө олдвол алс нь сүү, цагаан идээгээ савлах жижиг цехтэй болно гэсэн бодол бий. Хорь, гучин сая төгрөгийн зээлийг бид дор нь л дарна шүү дээ. Мах, сүү, цагаан идээгээ борлуулаад. Хоршоо нийт 10 гаруй мянган малтай, түүний 5500 нь ямаа жилдээ хоёр тонн орчим ноолуур авчихна гээд бодоход барагтай зээлд дарагдахгүй ээ гэж байлаа.

Тэр бүхнээ удахгүй хийх хоршооныхоо хурлаар хэлэлцэж бүр албажуулна гэж байсан. Хүн санаж зориод хийе гэвэл юм бүтээж болдгийн жишээг малчны ярианаас мэдэж болохоор. Хоршоонд огт малгүй 2-3 өрх бий. Тэд­нийгээ малжуулна гэж байна. Бас нэг содон ажил нь хоршооны төмөр сү­рэгтэй болохоороо Алтан­сүх гэдэг айлд шилмэл 100 хоньтой суурь байгуулж. Дүрэм нь уг малаас хэзээ ч зар­лагадахгүй. Харин малчин төлийнхөө 80 хувиар өөрөө малжих, 20 хувиар нь төмөр сүрэг өсч байх журамтай гэнэ. Хоршоо гишүүдээ “Мен­си нар” говийн санаачилга төслийн сургалтад ээлж дараатай хамруулж байгаа юм билээ. Энэ нь хоршооны малчид наад зах нь зах зээлийн зохих мэд­лэгтэй болоход нөлөөж байгаа гэнэ.

Хоршооны гишүүдийн орлого бүтээгдэхүүнээ борлуулснаар нэмэгдэж буй. Өнгөрсөн жил гэхэд таван тонн ноос тушаасан, 27 сая төгрөгийн мах борлуулсан, сүү цагаан идээнээсээ бас таван сая гаруй төгрөг “унагаж” авсан тайлан” гэж байсан. Энэ бүхнээ хамтын хөдөлмөрийн давуу тал гэх. Хэрвээ 40 гаруй өрх жалгын нэг хэвээр хүчээ нэгтгээгүй бол заримынх нь амьдрал ямар  байх байсан юм бол. “Бүрэн Зост” хоршооны ажил үйлсийг сурвалжлах явцад ийм бодол төрж байсан. Зөвхөн ноолуу­раар биш ямаааны сүү, цагаан идээ онцгой сай­хан байдаг учраас Б.Дэм­бэрэл­нямын байгуулсан ямааны ферм анх 250  ямаатайгаар эхэлсэн юм байна.

Сүү шим ихтэй уутан хөхт ямаа сүргийг голлодог. Тийм ямаа өдөрт литр сүү өгнө. Энэ хавар аймагт болсон шилмэл малын үзэсгэлэнд нэг ямаа нь сүү арвин­тай­гаараа мөнгөн медаль авч. Энэ тухай эзэн ярихдаа,

-Уг нь саальчинтайгаа очсон бол алт авах байсан юм. Гайтай нь нэг хүн олоод саалгачихсан чинь өрсөлдөгчөөрөө саалгасан байлаа. Тэгээд л тодорхой биз дээ. Бас тэр үеэр болсон уралдаанд өөрийнх нь азарга аман хүзүүдсэн тухай бас хэлж байлаа. Жолооч бас уяач болсон байх нь ээ гэвэл Б.Дэмбэрэлням:

-Би чинь аймгийн ал­дарт уяач цолоо авчихсан шүү дээ гэж нэмж хэлэв.

Шуурга шуурч яндан хонгиносон өдрүүд үр­гэлж­лэвч Б.Дэмбэрэлням, С.Долгор хоёр аж­рахгүй хаврыг давж байна. Фермийн үр дүнгээ үзэж байгаа нь тэр аж. Тэнгэр зудалвал эзэн, мал хоёр ажрахгүй байна. Басхүү төвхнөсөн нутаг нь ч сонголт сайтай юм би­лээ. Баруун талдаа малаа говьлуулчихна. Зүүн талдаа говь газраа уул гэхээр нөмөр нөөлөгтэй Хөрхийн хадыг түшиглэж.

Тийм ээ, говь нутгийн нэгэн өгөөмөр сайхан айлын эзэд зөвхөн өөрийнхөө биш нутаг нугынхаа ирээдүйд дөтлөх хоршоо хэмээх их хөсгийн хөтөч болж явна аа.