Д.МЯГМАР

Амьдрахын эрхээр Со­­лон­госыг зорьсон бүс­гүй хэдэн жилийн дараа эх орондоо ирж оёдлын үйлдвэртэй болох мөрөө­дөлдөө умбан анхны алхмаа хийжээ. Хүний нутагт бусдын эрхээр амьдрахыг монголчууд хүсдэггүй, омголон улс билээ. Хоёр балчир хүүх­дээ хөтлөн хүсэл мөрөөд­лийнхөө төлөө тэмцэх түүнийг Д.Мөнхбат гэдэг. Дайчин, эршүүд, хөдөл­мөрч бүсгүйтэй уулзахаар Баянгол дүүргийн хоёрду­гаар хороог зорилоо. Өрх толгойлсон түүнийг алхам тутамд нь азын тэнгэр ивээнэ. Ах дүүс, хөрш, СӨХ-ныхон, хороо, дүүр­гийн­хэн, танил хүмүүс нь түүнд сайхан сэтгэлээр тусалдаг болохоор ажрах юмгүй оёдолдоо хэдийнэ шамджээ.

 

“Монголд олигтой ажил олдохгүй байна” Юу ч хийж бүтээж чадахгүй байж “цалин нь хэд юм бэ” гэдэг үгийг тэрээр сонсох дургүй. “Хүн бусдын сайн сайхны төлөө зориг гарган тэмцэж, тэмүүлж байж эцэст нь өөрөө сайхан амьдралын үзүүрээс ат­гадаг” хэмээн  ярих даруу­хан бүсгүй маань 1994 онд дунд сургуулиа дүүргэн Төв аймгийн Зуун мод хотоос гарч улсын нийс­лэлд хөл төвьж, хотын оюутан болж байснаа дур­сах дуртай. Тэрээр нарийн бичиг, англи хэлний ор­чуу­лагчийн мэргэжлээр нэгэн хувийн дээд сургуу­лийг дүүргэж, 1998 онд Солонгост ажиллахаар хилийн дээс алхсанаар амьдралыг харах өнцгөө өөрчилж, хаана ч ажил­лаж, амьдарсан өөртөө итгэлтэй нэгэн болжээ. Эцэг, эх, ах дүүс, найз нөхөд, эх орноо санах, хэцүү үе тулгарсан ч сэтгэ­лийн тэнхээ заан ажил­ласаар 2006 онд нутагтаа иржээ. Одоо тэр ачлалт охин болж энэрэлт ээ­жийнхээ хөлийг хучин сууна. Хаа нэг буруу алхам хийхээрээ ээжээрээ нэг сайн загнуулж, өмөлзөнө. Түүний ээж хошуу дэв­сэж, толгойг нь илбэдэг цаг ард хоцорч байх шиг. Үйлчин бүсгүй маань хөөр­хөн хүүхдүүдийн ээж болоод жаргалтай сууна. Харь нутагт ажил хөдөл­мөр эрхэлсний хүчинд “Бус­даас орон гэр өгөөч гэж тусламж гуйхааргүй, нэг өрөө байрны мөнгө хийсэн” хэмээн хэний ч өмнө бардам хэлнэ.

Ажилсаг эмэгтэйн ур­ланд зочлоход цаанаа л өөр аж. Тохитой айлд ирсэн мэт дулаахан санагдлаа. Хүн ашиглах боломжгүй байсан умгар харанхуй өрөөг оёдлын цех болгож тун сайхан тохижуулсан байх юм. Сая гаруй төгрө­гийн засвар хийсэн энэ өрөө үйлчлүүлэгч ихтэй нь илт аж. Хана өгсүүлэн хураасан төрөл бүрийн даавуу, хүмүүсийн элдэв төрлийн хувас өлгөөтэй харагдана. Өөлсөн улсад хуучин байрнуудаас хан­халдаг хамар цоргисон мөөгөнцөр үнэртэхээс биш, өөр асуудал оёдлын цехэд алга.

Балчир үрсийнхээ тө­лөө залуу насныхаа амьд­ралыг зориулан тулах бага­на болгож, “Би хэнээс ч илүү аз жаргалтай байна” хэмээн өөдрөг алхах бүс­гүйтэй цөөн хором ярилц­саныг уншигч танд хүргэе. Амьдралын түмэн нуга­чаанд бүдэрч, зориг нь мохсон залууст маань түү­ний амьдралын тухай өөд­рөг үзэл, яриа үлгэр болох болов уу гэж саналаа.

 

-Орчуулагч мэргэжил эзэмшчихээд та яаж яваад оёдол руу хальтирчихав?

-Би англи хэлний ор­чуу­лагч мэргэжлээр төг­сөөд удалгүй Солонгос явж ажиллахаар болсон. Хэл­ний мэргэжил маань тэнд үнэхээр хэрэг болсон. Хэл сурах дадалтай болчихсон тул хэдэн жилийн дотор солонгос хэлийг төвөггүй эзэмшсэн. Би хүүхдийн хувцасны оёдлын үйлд­вэрт ажилладаг байлаа. Олон ч шавь төрүүлсэн. Ирсэн монгол хүн бүрт хүүхдийн хувцсыг хэрхэн оёх талаар заадаг байлаа. Орчин нь сайхан болохоор ажил хийгээд ядардаггүй.

-Хүмүүс солонгост цаг, наргүй ажилладаг гэж ярьдаг. Тийм зүйл байдаг уу?

-Байдаггүй. Цаг барьж ажиллана. Цалин нь ч өндөр. Цагтаа цалингаа тавина. Ямар хүмүүс тийм хүнд нөхцөлд хэцүү ажил хийдэг юм бол гэж боддог юм, би. Заримдаа ажил эрт тарчихаар цагийн ажил хийж хэдэн төгрөг илүү олно. Монголчууд Солонгосын хөгжлийг гай­хах гэж тэнд очоогүй. Мөнгөтэй болох гэж очсон учраас өгсөн ажлыг нь сайн хийж, дээр нь өөрий­гөө хөгжүүлэх хэрэгтэй. Хэлтэй, ажилсаг хүнд солонгосууд дуртай байдаг юм.

-Монголд хэзээ буцаж ирэв?

-2006 онд би нутагтаа буцаж ирсэн. Хүн байна даа, нас ч болчихлоо, амьд­рал зохиоё гэж шийдсэн юм. Харамсалтай нь за­рим­даа амьдрал хүний санааны зоргоор бүтдэггүй бололтой. Нөхөртэйгөө таарамжгүй байсан тул хоёр тийш болсон доо. Хэдэн жил гэрт  “Хүүхэд гаргалаа, хүүхдээ харж байна” гэж хэвтсээр зэв­рэх шахаж. Манай том хүү таван настай, бага охин хоёр ой өнгөрч байна.

Дулааны улиралд би орчуулагч хийгээд мөнгө олдог байсан. Одоо өөрийн хүссэн ажлаа эхлүүлсэн тул тэгж явах зав, зай га­рах­гүй байх. Амралтын өдөр ч хүмүүс дуудаад, ирж ажиллана. Гэр маань оёд­лын цехийн хажууханд болохоор амралтын өдөр хэдий ч байнга дуудагдаж ажилладаг юм. Хүнд хэрэг болж байхад “Би амарч байна” гээд гэртээ суултай биш. Харайгаад л очдог юм.

-“Монголд хувиараа хөдөлмөр эрхлэхээр дэмж­лэг алга” гэж гомдоллох хүн олон таардаг. Оёдлын цех ажиллуулаад мөнгө ахиухан олж чадах уу?

-Миний ажил их сай­хан бүтсэн. “Солонгост олон жил хүүхдийн хувцас оёсон. Тэр ажлаа хиймээр байна” гэж ярьж байтал манай гэрийн урдхан бай­даг дэлгүүрийн эгч надад “СӨХ-ны хажууд харан­хуй өрөө бий. Тэрийг чи сонирхож үзээч” гэж хэлсэн. СӨХ-ны даргатай уулзаад харанхуй өрөөг нь засч, хүссэн оёдлын цехээ ажиллуулахаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би цехээ нээсэн.

Намайг өдий зэрэгтэй амьдарч явахад тусалсан бүх хүнд баярлалаа. Амьд­рал сайхан байна. Автобус, унаа дамжиж ажилдаа явна гэхгүй амар болсон. Нэг гэм нь манай ажил өнгөрсөн өвөл тун хүйтэн байсан. Манай цехийн үүдэнд залгаад СӨХ-ны дарга, байцаагч суудаг тул бидний асуудлыг сайн ойлгож байгаа. Ирэх жи­лээс халаалтыг нь сайж­руулж паар нэмж тавина гэж хэлсэн. Ямар ч байсан хоёр ажилтныхаа цалинг тавиад, байрны түрээсээ өгчихдөг юм.

-Юм оёхоор машингүй бол явахгүй дээ. Оёдлын машин яаж олж авав?

-Манай хорооны ажил­тан эгч надад тусал­сан юм. “Хороон дээр үнэ төлбөргүй оёдлын сургалт хичээллэх гэж байна. Чи бүртгүүлээд суугаач. Тэнд суусан хүмүүст оёдлын машин үнэ төлбөргүй бэ­лэглэнэ” гэж хэлсэн. Тэ­гээд л 14 хоногийн оёдлын сургалтад суугаад товчны нүх гаргадаг, 32 ултай япон оёдлын машин бэл­гэнд авсан даа. Тэр үед би зөндөө их баярласан шүү. Нагац эгчийн найз Н.Төв­шинжаргал эгч надад хув­цас хэрхэн эсгэхийг зааж өгсөн. Миний амьдрал хүмүүсийн тусламжийн “тойрогт” багтсан байх шүү.

Өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж өөрийн ажлын нөхцөл, байдлыг танилцуулж дэмжлэг хүс­сэн. Тэд надад хоёр сая төгрө­гийн буцалтгүй тусламж олгосонд үнэхээр баярлаж явдаг. Тэр мөнгөөрөө би оёдлын машин, шаард­лагатай техник хэрэгсэл, даавуу худалдаж авсан. Ажлын байр ч бий болгсон. Цех маань ингэж л хөл дээрээ бат зогссон доо.

Түшсэн хүн маань хүүх­дүүдээ орхиод явсан. Надад туслаж, сайхан сэт­гэ­лээр хандах хүмүүс хор­воогоор дүүрэн байхад би алзахгүй. Миний дэргэд ээж минь хань болж, ах маань түшиг болдог юм. Бас дүү маань ажилд хэч­нээн тус болдог гэж сана­на. Манайх Баянгол дүүр­гийн хоёрдугаар хорооны айл. Ажилд маань олон хүн туслаж, дэмжиж байхад би урагшаа хараад алхаад байхаас өөр яах билээ.  Хүн сайн, сайхан зүйл санаж, бусдад туслаж ява­хад ажил аяндаа бүтдэг юм уу даа. Манай залуус амьд­ралд шантралгүй, улам өөдөө тэмүүлэх хэрэг­тэй. Өөдрөг сэтгэлтэй байж, ямар ч ажлыг голох­гүй хийдэг хүний хүслийг бурхан сонсдог байх шүү.

-Хоёр бага хүүхэдтэй хүн ажлаа яаж зохицуулж байна даа. Танай жаалууд цэцэрлэгт явдаг уу?

-Хүүхдүүдээ цэцэр­лэгт өгчихсөн. Ээж маань хүүхдүүдийг минь хар­даг болохоор би сэтгэл амар ажлаа хийдэг юм. Ядаж л гэрийнхнийхээ хувцсыг оёж өгөөд дэлгүү­рээс хувцас авахгүй амар байна. Монголд хүүхдийн хувцас их үнэтэй байдаг. Тиймээс хүмүүс хүүх­дийн­хээ хувцсыг захиалж хийлгэдэг болсон байна лээ. 66 дугаар цэцэрлэгийн багш нар байнга манай­хаар үйлчүүлдэг юм. Хүүх­дүүд элдэв уралдаанд орол­цохоор тусгай хувцас хийл­гэдэг. Би байнга л тэдний хувцсыг оёно. Юм оёх нь амьдралд үнэхээр дэмтэй.         

-Ажилчдын цалин, түрээс гээд бас санаа зовоосон асуудал гарна биз?

-Би Монголд ирээд оёдлын үйлдвэрт ажиллаж үзсэн. Өндөр цалин амлаж авчихаад өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Амласан мөн­гөө битгий хэл цалин­гаа цагтаа өгөхгүй луу унждаг. Солонгост ажил­лаж байснаас хамаагүй хэцүү, бохир орчинд цаг, наргүй ажиллуулдаг юм билээ. Би өөрөө тийм хүнд нөхцөлд хэсэг хугацаанд ажиллаж үзсэн тул ажилч­дынхаа цалинг мөнгөө шавхаад ч хамаагүй цагт нь тавьдаг юм. Унаа, хоол­ны мөнгө нь ороод сардаа 400 орчим мянган төгрө­гийн цалин өгдөг. Манай ажилчид надад их баяр­ладаг юм. Цагтаа цалин­гаа өгдөг, тогтсон цагт ажилладаг оёдлын цех ховор юм байх. Олон газ­раар явж ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа биз. Хөөрхий, тэд нуруугаа авхуулсан морь шиг бол­жээ. Манай дүү надтай хамт ажилладаг. Дүүгийн маань найз нь бас оёдол заалгаж байгаа. Юм суръя гэж ирсэн хүнийг би цаа­шаа гэхгүй. Зааж, зөвлөөд сургаад л авна.

Энэ байрны түрээсэнд сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг. Хүний дор, бусдын дарамтанд ажил­лахгүй өөрийн ажлын байртай болох амар юм.

-Оёдолчин байх сайхан ч та өөр зүйл мөрөөддөг үү?

-Цаашдаа оёдлын це­хээ өргөтгөөд  хүүхдийн хувцасны үйлдвэр болгоно гэж би мөрөөддөг юм. Ганц гэм нь хүүхдийн хувцас борлуулах дэлгүүр алга.

Эр­гээд бодож байхад Солон­гост оёдлын үйлд­вэрт ажил­лаж байхдаа их зүйл сурчээ. Тэр маань л өнөө­дөр намайг энэ амьдралд хөтлөж явна. Хорооноос зохион байгуулсан 14 хо­но­гийн сургалтаар ч гэсэн их зүйлийг мэдэж, сурч авсан. Хүн ажлыг голох биш хүнийг ажил нь гол­дог гэж үнэн юм билээ. Би одоо өөрөө эсгүүрээ хийнэ. Оёно. Загвар гаргана, чин­гэлэг задрахаар Со­лонгос даавуунууд худал­даж авна гээд олон ажлыг зэрэгцүүлж хийдэг юм. Хүн хувцас хийж өгч байж чанартай материал сонгох хэрэгтэй. Ашгаа бодоод хямд даавуу авъя гэж би ер санадаггүй. Олон хүний дэмээр өнөөдөр ажилтай болсон болохоор бусдад туслах нь миний үүрэг юм. Төмөр замын айлууд ма­най цехээр үйлчлүүлэх дуртай болсон. Захиалгаар хувцас оёхын зэрэгцээ хувцасны засвар, үйлчил­гээ хийнэ. Таньдаг хүмүүс маань манайхаар ихэвч­лэн ажлын хувцас захиал­гаар хийлгэдэг юм” хэ­мээн тэрээр оёсон хувцас­ныхаа зургийг үзүүлнэ.

Багадаа эцгээсээ өн­чирч эхийгээ дагасан до­лоон хүүхдийг түүний на­гац ах, эгч нар нь дэмжиж, тусалж гарыг нь ган­за­ганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Тэднийг эх орон­доо хэрэгтэй, гэр бүл­дээ түшигтэй ажилсаг за­луус бол­гон хүмүүжүүл­жээ, нагац нар нь.