
Ц.ТЭНГЭР
Монголын тэшүүрийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дагвадоржтой уулзаж цөөн хором хөөрөлдөв.
-Спортын холбоодын удирдлага, ерөнхий нарийн бичгийн дарга нар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаж бичиг илгээх гэж байгаа сураг гарсан. Юун тухай байсан юм бол?
-Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-аас баривчлан саатуулсан шүү дээ. Түүний тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр илт гүтгэсэн зүйлийг маш ихээр бичүүлсэн. Олимпийн хорооны гишүүд ерөнхийлөгчөө аялдан дагалддаг, хэдэн идэвхигүй нөхөд байдаг юм шигээр ч зөндөө гарсан. Хүн болгоны сэтгэл зовж, түгшсэн ч бид эхэндээ тэвчээртэй ажиглаж байсан. Гэвч тэвчээрт хүртэл хязгаар байдгийг ойлгосон.
Спортын холбоодын нарийн бичгийн дарга нар цуглаж өөрсдийн байр сууриа Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлд илэрхийлье гэж зарим хүн санал гаргасан. Харин Гүйцэтгэх зөвлөлийнхөн адилхан л гишүүд гэдэг утгаараа гишүүд гишүүддээ бичиг бариад яахав. Ерөөсөө Улсын ерөнхий прокурорт албан бичиг өргөн барья гэдэг дээр санал нэгдсэн юм. Ерөнхий прокурор Д.Дорлигжав манай МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч шүү дээ. Ингээд бичгээ боловсруулж бэлэн болгоод явуулах гэж байтал Д.Загдсүрэн ерөнхийлөгчийг сулласан.
-Тамирчдын нөхөн сэргэлтийн төвийг тойрсон асуудал нэлээд яригдах юм...?
-Энэ Тамирчдын нөхөн сэргэлтийн төв /ТНСТөв/ баригдсанаар хоёр хүн л байнга ярих яриатай болсон мэт л аашлах болсон. Олимпийн чуулган, их хурал дээр ч яригдаж байдаг. Даамын холбооны Ч.Бат-Эрдэнэ, Оюутны спортын холбооны Д.Жаргалсайхан нарын хүмүүс энэ асуудлыг улиг болтол нь ярьж байгаа. Олимпийн хорооны ойр орчмын газрыг хувийн компанид шилжүүлчихлээ, Тамирчдын нөхөн сэргэлтийн төвд өгчихлөө гэж.
Загдсүрэн ерөнхийлөгч энэ тухай тайлангаар болон МҮОХ-ны хянан шалгах зөвлөл хийсэн шалгалтаараа зохих тайлбарыг тухайн үед хийснээр бид бүгд байдлыг ойлгосон асуудал юм. МҮОХ нь Спортын хууль, төр засгаас их спортод хувь нэмрээ оруулж байгаа спортод үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр дэмжлэг үзүүлэх, хөхүүлэн дэмжих бодлогыг баримтлан холбоод болон ТНСТ-ийн өөрсдийнх нь хүсэлтээр гүйцэтгэх зөвлөлөөрөө оруулан Хотын захиргаанд уламжлан шийдвэрлүүлсэн асуудлын нэг. Манай холбоод болоод спортод үйлчилгээ үзүүлдэг байгууллагын бид чинь үнэндээ МҮОХ-ны нэг хэсэг буюу бүрэлдэхүүн нь учраас бид хүсэлтээ гаргаж дэмжлэг авч өөрсдийн холбоо болон байгууллагын нэр дээр газрын асуудлаа шийдвэрлүүлж байгаа болохоос Загдсүрэн ерөнхийлөгчийн буюу МҮОХ-ны газар гэж ойлгож болохгүй. Энэ бол спортын байгууллагуудын цогцолбор болох хэтийн төлөвлөгөөтэй МҮОХ-ны нэрэн дор явдаг МҮОХ, спортын холбоод болон спортод үйлчилдэг байгууллагуудын газар юм. Харин ТНСТөв бол манай тамирчдад хамгийн хэрэгцээтэй, цаг үеэ олсон дэлхийн бусад олон орны жишгээр байгуулагдсан маш чухал бүтээн байгуулалт юм. Ийм юм бүтээлээ, байгууллаа гээд шүүмжлүүлээд гүтгээд байна гэдэг мөн ч харалган зүйл. Тийм ч учраас спортын холбоод энэ хүн тамирчдад зөв юм хийсэн, гүтгэн доромжлох биш сайшаан дэмжих хэрэгтэй ажил хийсэн гэж санал нэгтэй шийдвэр гаргасан юм.
-Ч.Бат-Эрдэнэ, Д.Жаргалсайхан нарын үгээр бол энэ төвийг байгуулснаар тамирчид, дасгалжуулагчид их хохирсон юм биш үү?
-Юун хохирох вэ. Хэрвээ энэ төвийг байгуулаагүй бол тамирчид маань урьдынхаараа аль нэгэн хувийн, өндөр үнэтэй зочид буудалд байрлаад явах байсан. Тэнд хамгийн наад зах нь тамирчдад зориулсан нэг ч үйлчилгээ байхгүй шүү дээ. Тамирчдын нөхөн сэргэлтийн төвд нэг хүн хоногийн 35 мянган төгрөгийн төлбөр төлж байрладаг. Чимээ шуугиангүй, тамирчдад зориулсан тав тухтай орчинд өдрийн гурван хоолтой. Эдгээр хоол нь спортын төрлөөс шалтгаалан жор нь хүртэл өөр өөр байдаг.
Загдсүрэн ерөнхийлөгч өөрөө спортын анагаах ухааны эмч хүн. Тамирчдад шаардлагатай нэмэлт тэжээлээс авахуулаад дасгал сургуулалттай холбоотой гарсан бэртэл гэмтэл илааршуулах нөхөн сэргээх эмчилгээ, өндөр ачааллаас үүдэн гарсан өөрчлөлтүүдэд хийгддэг олон сорилт, шинжилгээ болон сэтгэлийн элдэв дарамт стрессийг тайлах сэтгэлзүйн зөвлөгөө өгөх багийн үйлчилгээ гээд бүхий л төрлийн энгийн газар хаана ч байхгүй зөвхөн тамирчдад зориулсан үйлчилгээ үзүүлдгийг спортын бид бүгд мэддэг.
Гэтэл энэ бүгд үйлчилгээг аваад дээрх үнээр үйлчилдэг ямар ч газар бидэнд олдохгүй. Иймээс Монголд анх удаа тамирчдад зориулсан ийм төрөлжсөн, спорт анагаах ухааны төвийг байгуулсан нь асар том дэвшил болсон гэдгийг спортын хүрээнийхэн дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг дөө.
-2008 оны Бээжингийн олимпийн өмнө ашиглалтад орсон бил үү, тус төв?
-Тийм ээ. Манай урдаа барьдаг спортын төрлийнхөн болох бокс, жүдо, чөлөөтийн тамирчид анхны үйлчлүүлэгч болж байсныг би сайн мэдэх юм. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гээд. Тамирчдад өгөөжтэй ийм сайхан барилга байгууламж босгочихоод үр дүнг нь зах цухаас нь үзээд байгаа хэрнээ л тэр Бат-Эрдэнэ, Жаргалсайхан нар хараар будах гэж төрөл бүрээр үзээд байдгийн учрыг ойлгодоггүй юм.
Ер нь бол олон нийтэд Загдсүрэн гэж айхтар хөрөнгөжсөн, айхтар луйварчин байна, тамирчдад зориулсан хөрөнгө, мөнгийг хувьдаа завшиж байна, түүнийг тойрон хүрээлсэн гишүүд нь хүлцэнгүй, утсан хүүхэлдэйнүүд байна гэсэн ойлголтыг өгөх гэж мэрийгээд байгаагийн цаана тэдний хувийн атгаг санаагаа гүйцэлдүүлэх гэсэн оролдлого нуугдаж байсан байна гэдгийг одоогийн болж байгаа зүйлээс бид ойлгож байгаа учраас энэ гүтгэлэг огт худал зүйл шүү гэдгийг тогоон дотор нь ажиллаж амьдарч байгаагийн хувьд хэлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Ер нь бол манай спортынхон худал хуурмаг зүйлд яснаасаа дургүй хүмүүс байдаг. Ийм худал зүйлийг тэвчиж чадахгүй.
-Олимпийн хорооны ерөнхийлөгч Загдсүрэн үнэхээр тэгж тамирчдад зориулсан хөрөнгө мөнгийг завшихаар хүн үү?
-Загдсүрэн ерөнхийлөгчийн хийж бүтээснийг спортын хүрээнийхэн дэндүү сайн мэднэ. Биеийн тамир, спортын салбарт юу бүтээн байгуулсан, юуг шинэчилсэн, ямар хөрөнгө оруулалт хийснийг нь, цаашид юу хийхээр төлөвлөөд зүтгэж байгааг нь ч мэднэ. Үүнийг нь ч үндэслэж МҮОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгосон юмаа, бид.
Яагаад гэвэл бид түүнд итгэдэг. Итгэхээс ч өөр зам байхгүй. Тэгээд ч энэ хүн маш чадварлаг зохион байгуулагч бөгөөд энэ хүний ард бүхэл бүтэн баг ажилладаг. Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл, спортын холбоод, аймаг дүүргийн олимпийн зөвлөл, аппаратынхан нь гээд тэр бүгдийг зөв бодлого зөв удирдлагаар хангаж ажилласнаар энэ бүхэн бүтэж боссон, үр дүнгээ өгсөн. Хийж бүтээсэн зүйл, хувь хүн өөрийнх нь хүн чанар, жудгийг нь бодсон ч энэ хүн тийм аахар шаахар буруу зүйл хийх ч хүн биш, хийж байсан удаа ч үгүй юм. Энэ хүн бол мөрөөрөө ажлаа хийж яваа манай шилдэг сэхээтний л нэг. Өөрийгөө ерөөсөө товойлгодоггүй хүн, Загдсүрэн ерөнхийлөгч. Түүнээс биш хийсэн бүтээсэн зүйл нь маш их. Монголын спортын салбарт ийм санаачилгатай, сайн менежер гарч ирсэн нь энэ цаг үеийнхний олз. Тамирчдын амжилтын ард спортын байгууллагыг удирдаж чиглүүлж байгаа хүмүүсийн нөр их хөдөлмөр нуугдаж байдаг. Өөрийн орныхоо спортын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт гээд асар олон талын адармаатай асуудлуудыг өөрийн арга барилаар нэгтгэн зангидаж, чиглүүлж замчилж ажиллах чинь сайн менежерийн л хийх ажил. Манай Олимпийн хороог түрүүнд нь янз бүрийн л хүмүүс толгойлж байсан. Тэд энэ байгууллагыг одоогийнх шиг болгож чадаагүй л байхгүй юу.
-Таны яриад байгаа спортын байгууллагын хөгжил, ахиц дэвшлийг харлуулах гэж зүтгээд байгаа хүмүүс бас мэдэж л байгаа биз дээ. Тэгсэн атлаа яагаад ингэж олон түмэнд буруу ойлголт төрүүлэх гээ л зүтгээд байдгийн цаад шалтгаан юу вэ?
-Спортын хүрээнийхний хувьд Загдсүрэн ерөнхийлөгчийн талаар юун тухай хэн бичүүлэв гэдгийг андахаа больчихсон доо. Тийм болохоор нэг их ач холбогдол өгдөггүй. Тэртэй тэргүй хийсэн бүтээсэн нь бусдын нүдэнд ил, тамирчдад болоод спортынхонд эерэг сайн нөлөө үзүүлээд байгааг хүн бүхэн л мэддэг.
Зарим хүнд олонхиороо шийдвэрлэсэн асуудалд хүндэтгэлтэй хандах соёл дутдаг юм болов уу даа гэж боддог. “Бат-Эрдэнэ ээ, Жаргалсайхаан, та нарын яриад байгаа зүйлийн чинь утга учир тодорхой боллоо шүү дээ” гэдгийг тухайн үед нь бид хэлж л байсан. Манай олимпийн чуулган, их хурал ардчилалтай, нээлттэй болдог юм шүү. Олимпийн хорооны ерөнхийлөгч болоод Гүйцэтгэх зөвлөлийнхнөөс асуухаа асуугаад тайлбараа аваад, мэтгэлцэхдээ мэтгэлцээд, ойлгомжгүй байгаагаа ойлгомжтой болгоод, хүмүүс үнэлэлтээ өгөх нь өгөөд, дүгнэлтээ хийх нь хийгээд шийдвэрээ гаргадаг. Гэтэл өөрийнх нь л санаанд таарахгүй бол нөгөө хүнээ яахаасаа ч буцахгүй хүмүүс байна. Гутаан доромжилно, дайрч давшилна. Түүнийгээ олон дахин давтсаар байгаад олон түмэнд буруу ойлголт төрүүлдэг. Башир аргатай.
Гол нь тэр хүмүүс хэн бэ гэдгийг салбарынхан нь дэндүү сайн мэдэх юм, дэндүү сайн. Тэд Олон улсын олимпийн хороонд арав гаруй удаа өргөдөл, гүтгэлэг бичээд, шалгуулсан шүү дээ. Загдсүрэн гэдэг хүнийг л доош нь унагах гэсэн санаагаар.
Бичиж бололгүй яахав, шалгуулж бололгүй л яахав. Харин цаана нь Монгол Улс л шившиг болж байгаа байхгүй юу. Энэ монголчууд чинь хаашаа юм бэ. Нэг нь улс орондоо хэрэгтэй аятайхан зүйл хийх гэж сэтгэл зүтгэлээ гарган зүтгээд байх юм. Тэгтэл нөгөөх нь түүнийг нь үгүйсгээд юу ч хийхгүй байна, идэж уугаад байна гэж гомдол гаргаад байх юм гээд гайхна биз дээ. Хувийн эрх ашгийн зөрчлөө олон улсын хэмжээнд асуудал болгоод байх нь хэр зохимжтой хэрэг вэ гэдгийг огт боддоггүй. Тэгээд бас түүнийгээ спортынхоо төлөө, эх орныхоо төлөө гэх ухааны тайлбарлаад байгаа нь бүр ч сонин л доо. Манай спортынхноос Загдсүрэн ерөнхийлөгчид “Та эдгээр хүмүүст ёс суртахууны хувьд холбогдох хууль хяналтын газар нь өгч шийдвэрлүүлж болдоггүй юм уу” гэж хүртэл хүмүүс хэлж байсан. Загдсүрэн ерөнхийлөгч бидэнд хэлэхдээ “наанадаж спортынхоо нэр хүндийг, эв нэгдлийг бодох юм даа” гэж байхыг бид мэднэ.
Эцэст нь хэлэхэд, Олон улсын эв санааны нэгдлийн сангийн тэтгэлгийг хэрэглэгч нь холбоод нэг үгээр хэлбэл манай тамирчид, дасгалжуулагчид хэрэглэдэг учраас, тийм юм гарч байгаагүйг бид сайн мэднэ. Харин олимпийн хорооны орчмын газрын тухай асуудал л яригдаад байдаг. Үнэн чанартаа Олимпийн хорооны ойр ойрчмын газрыг Загдсүрэн гэдэг хүн санаачилгатай, спортод сэтгэлтэй хүнийхээ хувьд авч үлдсэн гэж би боддог.
Газрын төлөө өнгөрсөн жилүүдэд ямар аймшигтай өрсөлдөөн явагдав. Байгууллагынхаа газрыг бусдад зарчихсан, байгууллагынхаа хашаанд орон сууц бариулаад жинхэнээсээ зарчихсан дарга нарын жишээ зөндөө л байна шүү дээ. Тэгэхэд манайх огт тэгээгүй. Энэ бол түүний спортод оруулсан том гавьяа, том сэтгэл шүү дээ. Энэ орчин спортын хотхон л байх ёстой гэдэг дээр Загдсүрэн ерөнхийлөгч бат зогсдог хүн.
Тиймээс ч зарим спортын холбоодын хүсэлтийн дагуу газрыг нь ном журмаар нь л холбоодод шилжүүлж дэмжлэг үзүүлж байгаа байхгүй юу. Өөрийн гэсэн газар, талбайтай болсон холбоод олон улсын чиглэллийн байгууллагууддаа хандан хөрөнгө оруулалт хийлгэх, спортоо хөгжүүлэх үүд хаалга нь нээгдэж байна шүү дээ. Мөн Олимпийн хороо үйл ажиллагааныхаа тайланг жил болгон тайлагнадаг. Дотоод хяналттай, манай олимпийн хороо. Дотоод хяналтаараа шалгаад, тэндээс гарсан үнэлэлт дүгнэлт, дүн мэдээгээ хөндлөнгийн хяналтаар, аудитаар шалгуулж батлуулдаг. Ингэж жил болгон үйл ажиллагаагаа дотоод болон хөндлөнгийн хяналтаар шалгуулж батлуулдаг газар, байгууллага манайхаас өөр хэр олон байдаг юм бол доо. Ямартай ч спортын салбарын шинэчлэл, хөгжилд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяа, хийсэн бүтээсэн юмтай хүнийх нь хувьд, түүнийг нь мэддэгийн хувьд МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэнгийн талаар хуулийн хүрээнд шат дараалалтай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлээд байгаа, бид.