Б.ЗАЯА, Б.ТУЯА

Нийслэлд хэд хэдэн шарилын газар бий. Тэд­ний нэг нь “Далан давхар” гэж нэрлэж заншсан ор­шуулгын газар. Олон жи­лийн туршид айлууд хаяанд нь амьдарч, урдуур нь тавьсан засмал замтай болчихсон энэ газраас иргэд жийрхэж, айх нь бараг үгүй болж.  Тэнд бурхан болоочдод зориу­лан газар олгохоо хэдэн жилийн өмнөөс зогсоосон. Учир нь газрын даац нэ­гэнт хэтэрсэн гэдэг. Япо­ны хөрөнгө оруулалтаар тэр орчмыг тохижуулах төсөл хэрэгжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэх­дээ тусгаарласан хашаа барих, засмал зам тави­хаас өөр тодорхой ший­дэгд­сэн зүйл одоогоор үгүй юм.  Тэгвэл “Далан дав­хар”-ын булшин дунд хэ­дийнэ барилгын ажил эхэл­жээ. Энэ талаар сур­вал­жиллаа.

110 КВ-ЫН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙГАА ГЭВ

 

Бурхан болоочдыг ну­таглуулсан хамгийн том шарилын газар бол “Далан давхар” юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг эз­лэн оршдог. Уулын хэд хэдэн бэлийг дамнан ор­ших учир шарилын газар алган дээр тавьсан мэт харагдана. Чимээгүй хо­тыг залган орших хороол­лынхон эмх замбараагүй. Гэр багтах төдийнхөн зайнд хашаалсан байх бө­гөөд гудамжны хаяг нь тодорхойгүй,  бэл газрын овон товон дэнжүүдэд хог новш хөглөрнө. “Далан давхар”-ыг шар хэрмээр хашиж, наад хэсгээр нь засмал зам тавьсан нь амьд, амьгүй хоёрыг тус­гаарласан ганц ажил бол­сон юм. Шарилуудын дунд байрлах дутуу барил­га холоос нүдэнд туслаа. Уулын бэлийг ухаж тэгш­лээд суурийг тавьжээ. Харин хажуугаар нь бур­хан болоочдын булш үр­гэл­жилнэ. Хоёр давхар орчим улаан тоосгон ба­рил­га хэдийнэ босч, түүн­тэй залгаа суурь арматур төмөр удахгүй эхлэх ажлаа хүлээж байх шиг. Барил­гын суурийг тавихдаа тэнд нь байсан булшуудыг трак­тороор түрж цэвэрлэ­сэн гэнэ. Өнгөрсөн жил барилгын ажлыг эхлүүл­сэн гэж харуул нь болол­той эр бидэнд хэлсэн юм. Ямар зориулалттайг нь мэдэхгүй, хүмүүсийн дам яриагаар цахилгааны дэд станц барих юм гэнэ лээ гэдгээс өөрийг хэлэхээс татгалзлаа.

 

ХЯТАДУУД ШАРИЛАА ЗӨӨГӨӨД ЭХЭЛЖЭЭ

 

Бурхан болоочдын ша­ри­лыг зөөж, эсвэл чандар­лаж энэ хавийг цэгцлээд Японы хөрөнгө оруулалт­тай төслөөр тохижуулах гэж байгаа тухай иргэд ярьж байна. Одоогоор ойр орчмын айлуудыг нүүхийг шаардсан тохиолдол байх­гүй. Ар гэрийнхэнд нь бурхан болоочдынхоо ша­рилыг авахыг сануулж эхлээгүй байх гэж тэр хавийн иргэд таамаглаж байна. Гэхдээ олон жил болсон энэ оршуулгын газарт хэний хэн нойрсож байгааг тэрбүрчлэн тогтоо­ход хэцүү. Харин хятадууд ойрын үед шарил авч явах нь ихэссэн гэлээ. Энэ газарт хятад хүмүүсийг ихээр оршуулсан байдаг аж. Тэгэхээр энэ хавийг цэвэрлэх төлөвлөгөөг хята­дууд мэдээд шарилыг зөө­гөөд эхэлсэн нь энэ болол­той. Ойр орчмынх нь иргэд ингэж ярьсан юм.

н.Ууганбаяр:

-Тэр барилга цахил­гаан станц болох юм гэсэн. Хятадууд ажилладаггүй.  Манай энэ хавийн айлын хүмүүсээс түр ажиллаж байсан. Япончуудын хө­рөн­гөөр энэ хавийг цэвэр­лэж, тохижуулна гэнэ лээ. Одоогоор биднийг нүү гэсэн шаардлага ирээгүй байна.

н.Сугар:

-Манайх Дэнжийн мян­гад өвөлждөг. Наашаа давж орж ирээд  хонио бэлчээдэг. Одоо бараг ар­ван жил болж байна. Өнгөрсөн хавар их эрт ажил нь эхэлж байсан. Дэд станц л гэх юм билээ. Хүмүүс шарилаа чандар­лана гээд аваад явж байгаа харагддаг  юм. Ялангуяа хятадууд их ирж авч явж байгаа.

н.Мөнхбаяр:

-Энэ хавийг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж тав, зургаан жилийн өмнөөс л яриад байгаа. Дэд станцын барилга л гээд байгаа юм. Тэр хавийн шарилыг трак­тороор түрээд газрыг нь чөлөөлж байсан. Манай энэ хавьд хашаандаа ша­рилтай айлууд зөндөө л байдаг байсан. Одоо ч ихэнх нь булж, цэвэрлээд сайхан болгосон байна. Казахуудын оршуулга тэр чигтээ байхгүй болоод айлууд суурьшчихсан.

 

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОХ УУ

 

Иргэдийн хэлж буй­гаар цахилгаан станц барьж байгаа нь тодорхой болов. Тэгвэл гэр хороо­лолтой хэдхэн метр зайд байрлах нь хэр зохистой вэ. Сүсэг бишрэлтэй ма­най­хан үүнийг хэрхэн хүлээн авах бол. Харуул хамгаалалт бүхий нэр хаяг­гүй барилгын захиа­лагч нь хэн болох, ямар компани барьж буй мэдээ­лэл хомс байна. Ямартаа ч цахилгаанаар хангах станц бий болгочихоод орон сууцны хороолол ирээ­дүйд барих төлөв­лөгөөтэй байж болзошгүй гэж иргэд хэллээ. Тохи­жуулж болно, өөрчилж болно. Гол нь энэ газарт бурхан болоочид нойрсож байна. Тэдний дээр барил­га барьж байна. Магадгүй орон сууц ч босч мэдэх юм. Гэхдээ хөл доор нь шарил байгаа нөхцөлд хүний сэтгэлзүй ямар байх бол. Талийгаачдын ар гэ­рийнх­ний хувьд ч энэ асуудал тун эмзэг юм.

Үргэлжлэл бий