Д.БОЛОР

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиов.  С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар сэжиг таамаг гаргадаг хүний нэг бол улс төр судлаач Л.Эрдэнэтуул. Түүнтэй ярилцлаа.

 

-Хуулийн байгуул­лагын­хан С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг 15 жилийн туршид хайлаа. Ямар ч үр дүн алга. Энэ хэргийн талаар янз бүрийн таамаг хэлдэг хүний хувьд та өнөөдөр юу хэлэх вэ?

-Энэ олон жилийн да­раа хэргийн талаар би шууд хэлж чадна. Түүний хөнөөгдсөн 1998 онд ч гэсэн хэлж байсан. Одоо ч гэсэн давтаад хэлэхэд бэ­лэн байна. С.Зоригийн аллага бол дотроосоо.

 

-Дотроосоо гэхээр хэн  байж болох вэ?

-АН-ын лидерүүд. Тод­руулж хэлэхэд, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын сэ­жиг бүхий цөөнгүй нөхөр бий. Энэ бол маш тодорхой асуудал байхгүй юу.

-Ц.Оюунгэрэл сайд  ямар шижмээр холбогддог билээ?

-Тэр үед Ц.Элбэгдор­жийн туслах байсан юм. Өнөөдөр энэ хэргийн талаар мэдэх гэрчүүд нь дуугүй суугаад байгаад сэтгэл маш их гонсгор явдаг гэх үү дээ. Үнэнийг хэлэхэд хэргийг нуун дарагдуулахын тулд бүх зүйлийг хийчихсэн байна. С.Зоригийн найз, түүний хамтран зүтгэгч байсны хувьд хэргийг 15 жилийн туршид судлаад үзэхэд ул мөрийг балласан байдаг юм. Магадгүй хэргийн дараахан би сэтгэл хөд­лөлөөр асуудалд хандсан байж болно. Гэхдээ алдсан байлаа гэхэд олон жилийн дараа болсон үйл явцыг эргээд судлаад үзэхэд миний таамаглал үнэн байдаг юм.

-Дотроосоо байсан  гэвэл өдгөө АН-ынхан төрийн өндөрлөгт байна. Хэрэг хэзээ ч илрэхгүй юм биш үү?

-Мэдээж шүү дээ. Одоо яаж мушгин гуй­вуулж чадаж байгаагийн тод жишээ хэлье. АТГ-ын дэд дарга Б.Хурц нь Д.Энхбат гэгч нөхрийг улс дамнуулан хулгайлж авчирч байлаа шүү дээ. Эцэст нь, Б.Хурц өөрөө хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргээр балрах шахсан. Д.Энхба­тыг яагаад сэжиглэсэн гэхээр тэр хүн Э.Бат-Үүлийн фракцийнх. Тэ­гээд ч хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төгрөг өгнө гэх сургаар тэр үед Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан М.Батсайхан болоод ажлын хэсгийнхэн мунадаг болох гээд Д.Энхбатыг авчруулсан байдаг. Гэвч тэр хүн нь хамаагүй болж төгссөн биз дээ. Д.Энхбат гэлтгүй “Ард” Батсүхээс эхлээд дөчин мянгатын олон хүн энэ хэрэгт холбогдсон. Тэрээр “Ганц худаг”-т хоригдож байхдаа нэг л мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Тэрийг нь би хэл­чихье. Магадгүй намайг улсын нууц задрууллаа гэж чихдэж магадгүй юм. Гэхдээ үнэн юм чинь яалтай билээ.  Д.Энхбат “Намайг авчруулсны цаад хүн нь Э.Бат-Үүл өөрөө байгаа” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Б.Билэгт нар ямар нэгэн байдлаар хамаатай гэсэн үг. Түүнч­лэн үүнд бас сонирхолын зөрчилтэй нэг асуудал гараад байгаа юм. Учир нь энэ хэргийг хамгийн түрүүнд улстөржүүлсэн, олон нийтэд “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэр­гийн ард М.Энхсайхан, До.Ганболд нар байгаа гэж талбай дээр зарласан Б.Билэгт гэдэг нөхөр өнөөдөр ЦЕГ-ын дарга болчихсон генерал цол аваад явж байна. Өөрөө анхнаасаа хүн нэрлэчих­сэн хүн, энэ гол хэргийн илрүүлэх газрынх нь хам­гийн том дарга болчихсон байна гэдэг сонирхлын зөрчилтэй асуудал юм. Юун дээр үндэслэж нөхөр Б.Билэгтийг ЦЕГ-ын дар­гаар томилсон нь их со­нирхолтой байна. Тэгэ­хээр Б.Билэгт бол Ц.Эл­бэг­доржийн найз, хүссэн ч хүсээгүй ч хар­далт төрж байна. Б.Билэгт аллага гарснаас хойш 3-4 хоно­гийн дараа тэрхүү “алдарт” үгийг олон ний­тэд хандан хэлж байсныг би хэлсэн ч хэлээгүй ч ард түмэн то­дорхой санаж байгаа.

-Та энэ хэргийн талаар ярьж хэлснийхээ төлөө шүүхэд дуудагдсан то­хиол­­дол бий билүү?

-Тэр эрт үед болсон явдал. “Э.Бат-Үүл ямар нэгэн байдлаар оролцоо­той” гэсэн чинь намайг шүүхэд өгчихсөн. Одоо тэд бүр чангарсан учраас на­майг дахиад чихдэж болох юм. Гэхдээ би айх­гүй бай­на. Надад нотолгоо баримт бий.

-Нэрлэж болох уу?

-Хамгийн сонир­хол­той нь, өнгөрсөн жил Н.Энх­­баяр дарга баривч­лагдахаасаа өмнө намайг өрөөндөө дуу­дахаар нь яваад очлоо. “Туул аа, чи С.Зоригийн найз байсан хүн. Энэ хэрэг яагаад илрэхгүй байна гэсэн нэвт­рүүлэг хийгээч” гэлээ.  Би ч дур­тайяа зөвшөөрч нэвтрүүл­гээ хийхээр тухайн үед ажлын хэсгийн ахлагч байсан Т.Эрдэнэ­билэгтэй нотолгоо ба­римтынхаа жаг­­саалтыг гаргаад нэвт­рүүлгээ хийх гэтэл Н.Энх­баяр даргыг баривчилсан юм. Үүний цаана өөр нэг санаа байж болохыг үгүйсгэхгүй.

-Танд ямар нэгэн да­рамт шахалт ирээгүй гэж үү?

-Намайг яаж ч чадах­гүй байх. Гэхдээ би өөрийн­хөө  биш үр хүүх­дийнхээ аюулгүй байдалд  санаа зовниж байна.

-Хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл алга гэж дүү С.Оюун нь хэлдэг. Үнэхээр алга гэж үү?

-Тэр мэдээж шүү дээ. Хэн ч энэ хэргийг ил­рүүлье гэж ярихгүй байна. Түүний дүү С.Оюун хүртэл дорвитойхон шиг ярьж хэлэхгүй юм. УИХ-ын гишүүн асан Х.Хулан бид хоёр анх С.Оюуныг улс төрд оруулсан гэхэд болно. Эхлээд түүний ах С.Баярт “Дүүгийнхээ орыг залгаж улс төрд ор” гэхэд шууд дургүйцээд “С.Оюун зо­химж­той байх” гэсэн юм. Тэгэхээр нь Х.Хулан бид хоёр нийлж байгаад Иргэний Зориг намыг бай­гуулж даргаар нь С.Оюуныг албан хүчээр шахуу юм болгож байсан. Ингэсэн нь ахынхаа хэр­гийн араас тууштай тэмцэх байх гэж итгэж тэр. Гэвч С.Оюун өөрөө нэг их чар­майхгүй байна. Ямарч л байсан энэ хэрэг илрэхгүй байгаа гэдэг нь бол цаанаа нарийн учир шалтгаантай, зохион байгуулалтай хэрэг юм гэдэг сэдэл хардалтийг илүү лавшруулж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн аллага гэдгээрээ шүү дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хоёр тусдаа хэрэг бий болчихоод бай­на. Нэг нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг. Нөгөөдөх нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүү­лэх­гүй, ул мөрийг нь бал­ласан тухай асуудал. Анхнаасаа тэр халуун ул мөрийг бал­лахын  тулд бүх юм хийгд­сэн шүү дээ. Хэр­гийн газар өчнөөн тү­мэн амьтан ороод, хавтаст хэрэгт  авагдсан олон материал үрэгдэж, алга болсон тохиолдол зөндөө л гарсан. Санаа­тайгаар энэ хэргийг ил­рүү­лэхгүй, холбогдох мате­риалуудыг устгах ийм үйл ажиллагаа анхнаасаа зо­хион байгуулагдсан  юм болов уу гэсэн бодол надад төрж байна.

-Та С.Зориг агсны эхнэр Д.Булгантай хол­боотой байдаг гэсэн үү?

-Бид найз нөхдийн хувиар холбоотой.

-Тэрээр ээдрээ тайлах хүний нэг шүү дээ. Гэвч бас л нам жим байна. Учир шалтгаан нь юу юм бол?

-Ний нуугүй хэлэх үү.

-Тэгээч?

-Д.Булган бол айлгуулаад дарамтлуулсан хүн. Өөрөө шууд оролцсон юм байхгүй. Чухамдаа яагаад худал мэдүүлэг өгдөг вэ гэдгийг нь би мэдэж байна. Гэхдээ энэ бол ил тод ярих асуудал биш юм.

-Танд тэр хэлсэн юм уу. Эсвэл гадарлаж байна уу?

-Гадарлаж байна. Тэр эмэгтэйг маш их айл­га­чихсан байхгүй юу. Өнөө­дөр цагдаа нар хэргийн халуун мөрөөр яагаад ажиллагаагүй юм бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Дээрээс нь “Гадаад явж магад. Хилээ хаа” гэсэн мэдээллийг хэн өгөв гэдэг нь бас ноцтой асуудал.

-Хэргийн талаар ярих шууд болоод шууд бус гэрчүүд учир битүүлгээр амиа алдсан тухай яригд­даг. Энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Улс төр, нийгмийн нэрт томоохон зүтгэлтнийн амь нас хөнөөгдсөн хэрэг дээр ар гэрээс нь нэг ч хүн байхгүй байсан ч энэ хэр­гийг илрүүлэх л хэрэгтэй, үүрэгтэй. Өөрөө нийгмийн ач холбогдол нь өндөр байхгүй юу. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь, хохирогч нь нийт монголын ард түмэн юм. Тэгэхлээр нэг ч гэсэн санаа тавьж байгаа хүн байхад чинь, тэр ойр дотных нь байна уу, ах дүү нь байна уу, огт танидаггүй жирийн дугаар хорооны иргэн нь байна уу, ямарч л байсан энэ хэргийг илрүүлэх ёстой. Хэрэв илрүүлэхгүй юм бол Монголын өөрийнх нь улс төрийн, монгол төрийн түүхэнд асар том хар ул мөр үлдэнэ дээ. Гэрчүү­дийн тухайд ээдрээтэй олон асуудал бий. Ту­хайлбал, гэрийнх нь гадаа байсан улаан машины асуудал байна. Тэр ма­шины халуун мөрөөр нь хэн ч мөрдөөгүй. Энэ хэргийн халуун мөрөөр орохгүй байх тусам улам ихээр бүдгэрч байна. Хэр­гийг хэн анх улстөржүүлэв гэдэг нь ч гэсэн бодох л асуудлын нэг.

-Ахуйн хүрээний аллага гэж ярих хүн бий. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хэзээ ч нийлэхгүй. Хоббитой гэх нь хаашаа юм. Энэ хэрэгт санаа зовж явдаг хүний хувиар хэлэхэд улс төрийн аллага гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энд улс төрийн сэдэл нь өөрөө үйл явдалтайгаа зөрчилдөөд байгаа юм. Тухайлбал, АН гэхэд Засгийн эрхэнд га­рахад дотроосоо фракцууд нь манай дотроос байвал яана гэсэн айдас байдаг л байхгүй юу. Үнэхээр энэ аллагыг зохион байгуул­сан этгээдүүд АН дотроос гараад ирвэл тэр улс төрийн хүчин шууд сүйрлээ гэсэн үг. Тийм учраас АН тэр айдастай хүлэгдээд байдаг байх. Харин хуучнаар МАХН энэ хэрэг дээр арай илүү хүчин чармайлт гаргаж байсан шүү. Тэр бол үнэн.

-Хэргийн ул мөр үлдсэн хивсийг  шатаасан тухай асуудал бий. Энэ талаар сонссон уу?

 -Хэргийн дараахан Д.Булган над руу залгаад “Цагдаа нар хивсийг шатаа гээд байна. Яах вэ” гэж асуусан юм. Тэгэхээр нь “Устгуулж болохгүй шүү. Хэчнээн жил өн­гөрсөн ч биологийн ул мөр байна” гэж захисан ч шатаачихсан байдаг.