Х.МОНГОЛХАТАН,
Д.ЦЭРЭННАДМИДЭх орон, элгэн садан, нутаг усныхнаа төлөөлөн фронтын шугаманд очиж улаан армийн дайчидтай уулзан бэлэг хүргэж явсан 19 настай малчин бүсгүй С.Цэгмэд өдгөө 90 насыг зооглон эрүүл саруул, энх тунх нутагтаа амьдарч сууна. Дэлхийн II дайнд гардан оролцоогүй ч дайны гал, дарийн утаан дундуур бэлэг хүргэж явсан 1942 оны намраас хойш эгэл жирийн малчин бүсгүйн амьдрал түүх болон үлджээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд амьдардаг Улсын сайн малчин С.Цэгмэд гуай түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Эрхүү хотод болох баярын арга хэмжээнд оролцохоор хотод ирсэн байна. Фронтоор овоглосон малчин бүсгүй С.Цэгмэдийн амьдралын тойрогт өнжсөн юм.
[caption id="attachment_18693" align="aligncenter" width="640"]
Бид хоёр Иркутскт Ялалтын баярт оролцохоор явах гээд эмээгээ гоёж байна гэж зээ Э.Мөнхтуяа нь ярив.[/caption]
1943 оны нэгдүгээр сарын 12-нд Гвардийн танкийн нэгдүгээр армийн танкийн 112 дугаар бригадад “Хувьсгалт Монгол” танкийн цувааг хүлээлгэн өгөхөд Гонгор баатар бид хоёр үг хэлж зургаан дугуйтай жижгэвтэр танк, харин маршал Х.Чойбалсан 10 дугуйтай аварга том танкийг гардуулан өгч билээ.
Би Волков даргатай экипажид “Хувьсгалт Монгол, Дундговь аймаг” танкийг гардуулж байсан минь гэрэл зурагт түүх болон үлдсэн. Энэхүү танкийг танкчин гүрж Гудашвили, орос Иванов, украйн Путеенко нар жолоодон тулалдаж Берлин хүртэл байлдсан. Монголын цэргийн нэрт жанжин, аймаг, хотын нэрийг бичсэн хүчирхэг танкийн цуваа Берлин хүртэл тулалдаж агуу их ялалтыг авчирсан гэж бодохоор сайхан санагддаг юм.
Танкийн хороо байгуулагдсаны 30 жилийн ойгоор буюу 1973 онд тэр хороонд алба хашиж байсан дэд хурандаа Филатов гуай манай аймагт хүрэлцэн ирээд “Нөхөр Цэгмэд та намайг 26 настай байхад манай хорооныхонд аймгийнхаа хөдөлмөрчдийн бэлгийг гардуулж байсан” гээд халуун дотно тэврээд Зөвлөлтийн Улаан Армийн гвардын хүндэт тэмдгийг гардуулж өгч билээ.
СТАЛИНТАЙ УУЛЗАЖ, ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ҮГ ХЭЛЖ, ХУНДАГА ӨРГӨВ
1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр биднийг 19 цагт Кремльд Зөвлөлтийн нам, төрийн их удирдагч, цэргийн гарамгай жанжин Сталин хүлээн авч уулзахаар болсон юм. Бид Кремлийн их ордны нэгэн том тасалгаанд хүлээж байтал нөхөр Сталин орж ирээд бидэнтэй гар барин мэндэлсэн. Тэгэхэд Сталин саарал хувцастай, энгэртээ ганцхан алтан таван хошуу зүүсэн, энгийн даруу хүн харагдсан. Их аажуухан зөөлөн дуугарч, үгээ зөөж бодож ярьдаг нэг л бодлогоширсон байдалтай байсан. Арга ч үгүй биз. Эх оронд нь дайн нөмөрч, үй олон хүн үрэгдэж байхад сэтгэл нь яаж тайван байх билээ. Биднийг хүлээн авалтанд оруулж Сталин үг хэлэхдээ “Би олон хүн хүлээж авдаггүй, олон үг хэлдэггүй хүн. Гэвч өнөөдөр миний сэтгэл ихэд хөдөлж байна. Монголын ард түмэн, бидний сэтгэл зүрхийг ихэд татаж байна. “Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэж танай ардын цэцэн үг байдаг. Та бүхний бэлэглэсэн чин сэтгэлийн бэлэг тусламжид маш их баярлалаа” гэж хэлсэн юм. Сталин хүлээн авалтын туршид хэдэн удаа үг хэлж, хундага өргөсөн юм. Харин манай талаас Х.Чойбалсан, Ч.Сүрэнжав нар үг хэлсний дараа Өвөрхангай аймгийн Жадамбаа бид хоёр үг хэлж хундага өргөсөн.
“Би ийм залуу насандаа Зөвлөлт оронд ирж, улс оронтой нь танилцаж, зөвлөлтийн ах дүүстэй уулзсандаа маш их баярлаж байна. Нөхөр Сталин урт удаан насалж мөдхөн ирэх ялалтыг улам түргэн авчрахыг ерөөе” гэсэн утгатай үг хэлсэн. Хүлээн авалтын дараа бидэнд кино үзүүлсэн. Кино дууссаны дараа Сталин бидэнтэй дахин гар барьж, аян замдаа сайн явахыг хүсэн ерөөж билээ. Ийнхүү бид Зөвлөлт оронд хоёр сар гаруй болоод эх нутагтаа буцаж ирсэн юм.
ДОЛООН ХҮҮХЭД МААНЬ 150 ҮР АЧТАЙ БОЛСОН
Түүнээс хойш нутагтаа ирж, малаа маллаж байлаа. Ээжийнхээ ганц тэмээ, таван ямааг өсгөж үржүүлсээр тэмээ, адуу, хонь нийлсэн 300-400-аад толгой малтай болсон доо. Харин 1959 онд бүх малаа нийгэмчилсэн. Түүнээс хойш сум нэгдлийн тэмээ маллаж жилдээ 25-70 ингэ ботголуулж байлаа. Ид төллөлтийн үед шөнөдөө 5-6 ингэ ботголдог учир дээлээ тайлж бүтэн нойр авах сөхөөгүй л ажиллана. Эмнэг тэмээг сургана, ингэ саана гээд борви бохис хийх завгүй л байдагсан. Би 18 жилийн хугацаанд 1044 ботго бойжуулсан байна лээ. 1962 оны хавар сүрхий гамшиг болоход зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо оруулаад хоёр ботгоны гарзтай давж байсан. 1980 онд тэтгэвэрт гараад 10-аад жил хонь малласан. Одоо ч малаа малласаар байна. Хүйтэнд хөрч, халуунд халж мал малласан ч надад муудсан зүйл байдаггүй. Өдий 90 гарчихаад өвдөх зүйлгүй эрүүл саруул сайхан амьдарч байна. Ахмад дайчны үнэмлэхээ л авчихвал одоо надад төр засгаас хүсээд байх юм алга даа.
Миний долоон хүүхэд бүгд л тус бүртээ амьдрал зохион сайн сайхан явж байна. Би дөрөв дэх үеэ үзэж буй азтай буурал шүү. Миний үр ач одоо 150 гараад явж байна. Ээж минь сайхан сэтгэлтэй эд мөнгөний шуналгүй эгэл хүн. Бидэнд “Санаа зөв бол заяа зөв” гэж сургадаг байсан. Ажил хөдөлмөрөө сайн хийж явсан болохоор надад дутагдах гачигдах зүйл байсангүй. Төрийнхөө, түмэн олныхоо, үр хүүхдийнхээ хайр хишгээр жаргаж явнаа би. Намайг фронтод бэлэг хүргэж явсан гээд монголчууд төдийгүй оросууд сайн мэддэг. Ялалтын ойгоор надад мэндчилгээ явуулж, бэлэг илгээдэг. Одоо удахгүй болох 70 жилийн ойн баяртаа оролцохоор 4-ний өдөр /өнөөдөр/ Эрхүү ниснэ. Зээ Э.Мөнхтуяагаа дагуулаад явах гэж байна гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.
С.Цэгмэд гуай их ялалтын ойгоо ОХУ-ын Эрхүү хотод тэмдэглэчихээд хөдөө гэр рүүгээ буцна. Хөл, чих нь жаахан муудсаныг эс тоовцол хөнгөн шингэн буурай маань ялалтын ойн баяруудаар Орос Улсын Элчин сайдын яамнаас урьж Гвардын одон, Жуковын медалиар шагнаж байжээ. 2003 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд очиж Иж-планета мотоцикль, салхин цахилгаан үүсгүүр зэрэг төрөл бүрийн зүйлсээр урамшуулж байсныг баярлан ярьж суув.
С.Цэгмэд гуай мал маллахаас гадна нийгмийн идэвх сайтай нэгэн байж. Дэлгэрхангай сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаас гадна баг, сумын намын ухуулагч, тэргүүлэгч зэрэг сонгуульт ажилтай. Түүний хөдөлмөрийг үнэлж төр, засгаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнаж байжээ. Төрийн дээд шагнал, алдар хүндийг 19-хөн насандаа хүртэж Монгол Улсын сайн малчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж явсан Сүрэнхорын Цэгмид хэмээх фронтоор овоглосон малчин бүсгүйн амьдралын түүх энэ. Эгэл жирийн монгол эмэгтэй Монгол Оросын ард түмний ах дүүгийн найрамдлын амьд гэрч болсоор байна.
МАЛЧИН БҮСГҮЙ