Д.МЯГМАР
Байгаль дэлхий өвлийн “гоёл”-оо тайлж хөнгөн, нимгэн хувцсандаа шилжиж байгаа энэ үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ид оволзож байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ-ын дарга Б.Саранчимэгтэй нийслэлд ховордсон цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн босгож, ногоон байгууламж “үйлдвэрлэж” байгаа талаар ярилцлаа.
-Танай хүрээлэнгийн ажил ид өрнөж байна уу. Хаврын үрсэлгээ, тариалалтын цагийг ид ашиглаж байгаа биз дээ?
-2012 онд манай хүрээлэн олон ажил хийж амжуулсан. Цэцэрлэгт хүрээлэндээ олон шинэ ажлыг хийж захаас нь нээлтийг нь хийлээ. 960 га газрыг хамарсан төслийг зөв эхлүүлэх гэж нэлээд ажиллалаа. Хавар болчихлоо. Аль эрт бид бэлтгэл ажилдаа орчихсон. Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн үнэхээр шаардлагатай байгаа нь харагдаж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэхээр манайд ирдэг болчихлоо.
-Танайх дугуйн зам барьсан нь хүүхэд, багачуудын ирэх дуртай газрын нэг болгов уу?
-Дугуйн зам ашиглалтад бүрэн ороогүй ч хүүхэд, багачууд тэнд очиж цагийг өнгөрүүлж харагддаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бид жилийн дөрвөн улиралд ашигладаг болгоно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар манай хүрээлэнгээс төсөв, мөнгө гаргахгүйгээр Олимпийн хорооныхонтой ярилцаж цанын зам барилаа. Бага ч гэсэн зайд хүмүүс цанаар гулгаж хотоос гарахгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлж болно. Зарим тамирчин бэлтгэлээ хийж тэмцээн, уралдаандаа бэлдэж харагдсан.
-Нөхөн сэргээлт хийхэд өөрийн аж ахуй хэрэгтэй болов уу. Танайх энэ асуудлаа яаж шийдэв?
-Модыг тариад орхих ёсгүй. Тарихдаа зөв үндэс, технологитой суулгаж, зөв арчлах ёстой. 2009 онд анх би энэ ажлыг аваад өөрийн гэсэн бойжуулалтын талбайтай болох ёстой гэж бодсон. Одоо хоёр га талбайд бойжуулах газартай болсон. Нийслэлийн ойн газрынхан ирж үзээд “Бойжуулалтын хамгийн шилдэг газар болсон байна” гэж дүгнэсэнд бид урамшсан шүү. Энэ газарт бойжуулсан нөөц суулгац, модоо хүрээлэнгийн талбайг нөхөн сэргээхэд ашиглана. Дээр нь хүүхдүүдэд мод, ургамлыг хэрхэн тарьж, арчлах талаар экологийн боловсрол олгох бааз болгон ашиглана. Энэ жил тариалалтын бэлтгэлээ хийгээд, модоо хаана, хэрхэн тарихаа төлөвлөсөн. Төлөвлөлтийнхөө дагуу манайд хийж буй дугуйн 2.8 км тойрог зам дагуу голт бор суулгана. Дугуйн замаа барьж ирэх зургадугаар сарын 1-нд нээх ёстой.
-Зэрлэгт идэгдсэн газрыг өөд нь татахад амаргүй байсан уу. Одоо хүн тоож ирэхээр цэцэрлэг болжээ. Мод, ургамлаа түргэн ургуулахын тулд хөрсөндөө хүчтэй бордоо ашиглаж байна уу?
-Өвдгөөр татсан шарилжтай, чулуун овоог хүлээж авч байсан. Бид яалаа гэж химийн хүчтэй бордоо хэрэглэх билээ. Цэвэрлэгээ сайтар хийсэн. Өөрсдөө шороо авч суурь хөрсөө бэлдэж дэвссэн. Био бордоогоо өөрийн гараар хийдэг. Одоо нөхөн сэргээх маягаар ажилладаг. Анх ажил авч байсан үеийг бодоход ажил дээрдсэн.
-Хавар цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд хамгийн их арчилгаа шаарддаг улирал шиг санагддаг. Хаврын тэнгэр халтай гэдэг шиг цаг агаарын хувьд эрс, тэрс байдлаас болоод шалгалтад орно биз?
-Хаврын тэнгэр, хангай биднийг үнэхээр их шалгадаг. Мод, бут, зүлгээ услахгүй бол хамгийн их хуурайшдаг. Хатдаг. Хүчтэй салхинаас хамгаалахгүй бол хугарч, гэмтдэг. Шавьж, амьтан үүрлэнэ. Манайх одоо 55 га талбайд 22 төрлийн 110 мянган мод тарьсан. Мониторинг хийж үзэхэд 93-аас доошгүй хувь нь ургасан байна лээ. Эзэнтэй зүйл яаж өнгө ордгийг манай хүрээлэнгээс харж болно.
-Гаднын ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэнгүүд судалгаан дээр үндэслэн ажлаа явуулдаг юм билээ. Танай хүрээлэнд судалгааны ажил хийв үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай цэцэрлэгийн хөрс ургамал ургахад тийм ч таатай бус, тааруу гэсэн дүн гарсан. Гэхдээ давсжилт бага учраас мод ургаж болно гэсэн.
Дан ганц манай байгууллага төсвийн хэдэн төгрөг хараад суувал ажил бүтэхгүй. Тиймээс манайхан өөрсдийн бололцоогоо ашиглан гадаадын төсөл, хөтөлбөрийнхөнтэй холбогдож хэрхэн хамтран ажиллаж болох талаар нэлээн эрэл, хайгуул хийж, хамтын ажиллагаагаа тэлж байгаа. Нийслэлийн иргэд алжаалаа тайлах сайхан хүрээлэнг бид хамтдаа бүтээх, босгох ёстой. Хамтарч, дэмэндээ ажиллахаар хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хандаж эхэлсэн. Гадаадын төслийн багийнхантай олонтаа уулзаж үзлээ. Гэтэл тэд ТЭЗҮ-ийн судалгаа хийгээгүй ямар ч газарт хөрөнгө хаядаггүй юм байна. Хөрөнгө оруулаагүй газар ажиллахад хэцүү еэ. Тиймээс манайхан ТЭЗҮ-ийн судалгааг гаргах ёстой. Хөрсний судалгааг хийж байж цэцэрлэгт хүрээлэн босгож болох эсэхийг шийддэг юм байна. Олон улсын хэмжээнд тендер зарлах ажлыг хотын дарга нар дэмжсэн. Японы “Арт архитектор нетворк” компани тендерт шалгарч манай ТЭЗҮ-ийн судалгааг хийсэн. Энэ судалгаагаар манай хүрээлэнд 22 төрлийн мод тарьж болно. 97 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. 10 жилийн дотор цэцэрлэгт төрхөө олно гэсэн судалгааны дүн гарсан.
Африкт төвтэй олон улсын байгаль орчны хөтөлбөрийнхөнд бид хандсан. Солонгосын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй сая төгрөгийн мод тарилаа. Гэхдээ бид хэзээ ч мөнгөн тусламж авч байгаагүй. Бараа, ажил үйлчилгээний тусламж авдаг. Анх өөрсдийн бололцоогоороо 20 гаруй сая төгрөгийн мод тариад төслөө бичээд гадагш нь явуулсан. Тэд бидний ажлыг үнэлээд төсөл хэрэгжүүлэхээр болсон. Манайхан 14 хоног бүрт ажлын тайлангаа илгээснээр энэ хөтөлбөрт тогтмол хамрагдаж байгаа. Солонгосын хотын захиргааныхан бидний ажлыг үзээд “Үнэхээр хэцүү төсөл байна” гэж хэлсэн. Араас нь гүйсээр байгаад бид гурван тэрбум долларын хөрөнгө олж ирсэн. Тэд бидэнд мөнгөөр бус хөрөнгө оруулалтаар тусласан нь бидэнд амар болсон. Манайд хүрээлэнд 50 чингэлэг ачаа бууж 1,6 га газрыг төгөл болголоо. Тэд их хөөрхөн, Сөүлд тендер зарлаж зургийн ажил гүйцэтгэгчийг хүртэл шалгаруулсан байдаг. Манайхан хөөцөлдөж байж тэдний явуулсан ачаа, барааны татварыг чөлөөлүүлсэн. Энэ ажлыг зургадугаар сарын 20 орчимд хүлээлгэж өгнө. Цэцэрлэгийнхээ газрын фантаныг Эрээний болон Өвөр Монголын Засгийн газраас хийлгэхээр болсон.
-Ах, дүү найрамдалт хамтын ажиллагаагаар бас ажлаа амжуулж байна уу?
-Эгч дүүсийн харилцаатай есөн хот байдаг. Хотын гадаад харилцааныхантай хамтран ажиллаж байна. Сато сан гэж мундаг бүсгүйтэй хамтран ажиллахаар болж байгаа. Манай улсад урлаг, соёлын олон арга хэмжээг ихээхэн дэмждэг хүн юм билээ. Сато сан манай 200 цэцэрлэгчнийг сургаж, бэлтгэж өгөхөөр болсон.
-Өмнө нь мэргэжлийн цэцэрлэгчнээ бэлдсэн байсан биз дээ. 96 га газрыг арчлахын тулд цэцэрлэгч их чухал байх?
-Анх 27 ажилтантай байлаа. Одоо 117 хүнтэй болсон. 40 цэцэрлэгчнийг улирлын чанартайгаар гэрээгээр авч ажиллуулдаг. Албан тасалгаанд 10 гаруй хүн суудаг. Харин 55 га газар 100 орчим хүн ажиллаж байна гэж тооцоолохоор нэг га талбайд хоёр хүн хүрэлцэх үү болдог. Манай цэцэрлэгчид ажил хийх сэтгэлтэй, их хөөрхөн залуучууд бий. Бас нас насны төлөөлөл бий. Тэд маань хийсэн ажлаараа бахархаж урам авдаг улс. Ерөнхий инженер маань хоёр сарын хугацаатай АНУ-д туршлага судлаад ирлээ. Тайланд руу мэргэжилтнээ илгээлээ. Солонгосууд манай залуусын ажиллаж байгааг хараад биширсэн. Үнэхээр ажилдаа дуртай, сэтгэлтэй юм байна. Мэргэжлийн байгууллагын хүн явуулаад зөвлөгөө өгсөн. Цэцэрлэгийн арчилгаа ганцхан услах биш хортон шавьжтай тэмцэх, яаж модоо хэлбэржүүлэх вэ, яаж услах вэ, хэрхэн зөв бордох вэ гэх мэтээр асуудал их. Манай хүрээлэнгийн дэргэд мэргэжлийн байгууллагынхнаас бүрдсэн эрдэмтдийн зөвлөл ажилладаг. Өвөл модоо бөмбийтөл дулаалж “хувцасласан”. Манай залуусаас хоёр хүнийг Сөүлд аваачин ногоон байгууламжтай газарт ажиллуулж, цэцэрлэгчний ажлыг зааж өглөө.
-Гадаад, додоодын байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж байхад үндэсний гэдэг утгаар нь төрийн оролцоо, дэмжлэг байна уу?
-Төрийн бодлогоор манай ажлыг үнэхээр дэмжих ёстой. Манай хүрээлэнгийн газрын асуудлыг УИХ-аар шийддэг байхаар хуулийн төсөл санаачилсан байгаа. Манай төсвийг төр, засгаас өгдөг баймаар юм. Бусад улсын туршлага ийм байдаг юм. ТЭЗС-гаар манайд зарцуулах ёстой хөрөнгийн дөнгөж 1.6 тэрбум буюу гурван хувь нь шийдэгдсэн байх жишээтэй. Нийслэлийнхэн маань хурдан, гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болмоор байна. Тиймээс төр засгаас ямар нэг хэмжээгээр бидний ажилд туслаасай. Тэгвэл тохижуулах ажилд цаг бага орно. Анх улаан шороо эргэлдсэн газрыг хүлээж авч байлаа. Ийм газрыг бид иргэд очих дуртай хүрээлэн болгон хувиргаж л байна. Дулаараад ирэхээр цардмал талбайдаа бүжиглэж, мэргэжлийн багшаар үнэ төлбөргүйгээр бүжиг заалгаж болно. Хүн ирэх таатай газар болгохын тулд цэцэрлэгт хүрээлэндээ бид иогоор хичээллэдэг болно.
-Хүмүүс цугладаг газар хогтой болчихдог уу?
-Хүмүүс өглөө эрт ирж дасгал хийдэг. Бас дугуй унаж, цанаар гулгах нь ч бий. Хогоо саванд хийхдээ тааруу даа. Хүний хөдөлмөрөөр бий болсон модыг хугална, зүлэг сүйтгэх зэргээр хувийн соёл тааруу харагддаг. Залуус маань сайхан орчинд соёлтой байгаасай. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажилтай танилцаж явахад хүн бүр л ногоон байгууламжтай, сайхан орчинд амьдрахыг хүсч байгааг сонслоо. Ямар ч бүтээн байгуулалтыг хийхдээ ногоон байгууламж, цэцэрлэгийг орхиж болохгүй. Бид хойч үедээ хүйтэн цементнээс илүү ногоон төгөл, цэцэрлэг байгуулж үлдээх ёстой. Нэг хүн 18 мод тарихад амьсгалсан хүчилтөрөгчөө дэлхийдээ буцаагаад бэлэглэдэг юм гэсэн.
-Танай ажилд бэрхшээл гарна биз?
-Мод тарьдаг хүмүүсийг нийслэлээс бодлогоороо дэмжиж, урамшуулдаг болмоор байна. Тэгвэл аяндаа асуудалгүй болно. Би Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн байнгийн хорооны даргын хувьд энэ асуудлыг Тэргүүлэгчдэд өргөн барьсан байгаа. Ногоон байгууламжийг дэмжиж энэ ажилтай холбоотой бусад ажлыг НӨАТ-аас чөлөөлдөг болоосой.