Г.СҮХЭЭ
Сүхбаатар аймгийн удирдлага энэ жил Баруун-Урт суманд гурван хэсэгт нийтдээ 36 га газрыг чөлөөлж 1000 айлын орон сууц, спорт цогцолбор, “Боловсрол” хотхон байгуулахаар төлөвлөжээ. Иймд газар чөлөөлөлтийн бүсэд харьяалагдаж буй айл өрх, байгууллагын газрыг чөлөөлөх үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, гүйцэтгэх ажлын хэсгийг Баруун-Урт сумын Засаг даргаар ахлуулан байгуулжээ. Уг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Орон нутгийн өмчийн албаны дарга Ц.Нарантуяатай уулзаж энэхүү ажлын талаар нь асууж лавлалаа.
-Ажлын хэсэг газар чөлөөлөх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?
-Аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан “Газар чөлөөлөх түр журам”, “Иргэд, байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэнэ. Манай ажлын хэсэг Аймгийн нутгийн удирдлагын ордонд байрладаг. Юуны өмнө газар чөлөөлөх журам, эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал, дахин төлөвлөлт явуулах газрын байршил, тэнд барьж байгуулах бүтээн байгуулалтын зураг схемийг багтаасан “Жишиг хотын төлөө хамтдаа” товхимол хэвлүүлэн иргэддээ хүргэж, аймгийн хөгжлийн өнөө, ирээдүйн чиг хандлага, газар чөлөөлөхийн ач холбогдлын талаар яриа таниулга хийж байна.
Гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, нарт олгох нөхөх олговрын хэмжээг газар, үл хөдлөх эд хөрөнгийн жишиг үнэлгээг баримтлан тогтоож газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай нэг бүрчлэн гэрээ байгуулж, газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөх ажлыг хийнэ. Газар чөлөөлөхөд хамрагдаж байгаа иргэдтэй харилцан тохиролцох хэлэлцээний үндсэн дээр хэд хэдэн боломжийг санал болгоно. Тухайлбал, газар чөлөөлөлтийн бүсэд хамрагдаж байгаа иргэд дахин төлөвлөлтийн дагуу долдугаар багийн нутаг дэвсгэрт баригдах 64 ам метр талбай бүхий орон сууцны үнийн дүнгийн 60 хувийг төлсөн тохиолдолд 1.5 жилийн дараа түлхүүр гардан авах нөхцөлтэйгөөр гэрээ хийнэ. Орон сууцны үнийн дүнгийн жараад хувь холбогдох дансанд орсон тохиолдолд гэрээг байгуулж, батламж гардуулна.
Мөн тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийг жишиг үнэлгээгээр үнэлж тогтоосон нөхөн олговрыг 60 хувьд оруулан суутган тооцож болно. Дээр дурьдсан 1.5 жилийн хугацаанд иргэн өөрийн амьдран суух орон байр, түүнтэй холбогдож гарах зардлаа бүрэн хариуцна. Газар чөлөөлөхтэй холбогдон гарах тээвэр, буулгалт болон түүнтэй адилтгах бусад зардлыг ажлын хэсэг хариуцна.
Газар чөлөөлөлтийн ажилд дүйцүүлэх албаны цэргийг ажиллуулах асуудлыг холбогдох газарт нь тавиад байна.
Газар чөлөөлөх бүсэд хамрагдсан айл өрх, албан газрын 75-аас доошгүй хувь нь зөвшөөрч өөрийн сайн дураар газраа чөлөөлсөн тохиолдолд зөвшөөрөөгүй үлдсэн хэсгийг нийтийн эрх ашгийн үүднээс албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авна. Харин газраа богино хугацаанд чөлөөлж бусдыг үлгэрлэн дагуулж бодитой дэмжлэг үзүүлсэн иргэдэд тодорхой урамшуулал олгоно.
Харин газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажилд саад учруулсан, сөрөг ухуулга сурталчилгаа хийн бусдыг уруу татаж ажил цалгардуулсан, хөрөнгийг үндэслэлгүйгээр буруу үнэлсэн, бусадтай хуйвалдан эд хөрөнгийг шамшигдуулан завшсан, даалгасан үүргийг хангалтгүй биелүүлж хариуцлага алдсан ажилтан, иргэдэд хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхээр түр журамд заасан байгаа. Мөн энэ талын зөрчил гаргасан этгээд нь төрийн албан хаагч байх тохиолдолд түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах хүртэл арга хэмжээ ногдуулах юм.
-Газар чөлөөлөхтэй холбогдуулан иргэд, байгууллагын эд хөрөнгийг яаж үнэлэх вэ?
-Аймгийн ИТХ-ын зургадугаар тогтоолоор батлагдсан ”Иргэд, байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийнэ.
Барилгын үнэлгээний үндсэн нэгж нь барилгын талбай байна. Барилгын талбайг тогтоохдоо барилгын тэнхлэгээс тэнхлэг хүртэлх нийт талбайгаар тооцно. Давхар барилгад давхар тус бүрийн талбайн нийлбэрээр нийт талбайг гаргана. Барилгын зоорийн талбай болон монсартын талбайг тухайн барилгын нэгж талбайн жишиг үнийн 50 хувиар бодож үнэлнэ. Тухайн барилгын зориулалт, хийцийн ангилал, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдалтай нь уялдуулан сонгосон барилгын нэгж талбайн жишиг үнэлгээгээр үржүүлж, зохих элэгдлийг хасаж тооцно.
Иргэд, байгууллагын өмчлөлийн газрыг хотын нэгдүгээр бүсэд 4000 төгрөг, хоёрдугаар бүсэд 2400 төгрөг, гуравдугаар бүсэд 2000 төгрөгөөр үнэлнэ.