Д.БОЛОР

Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Баттөмөртэй ярилцлаа.

-Булган аймгийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн онд хэрхэн ажиллав. Гэмт хэргийн үзүүлэлт буурч чадсан уу?

-Өнгөрсөн   оны хий­сэн ажлаа дүгнээд үзэхэд  дэвшүүлсэн зо­рилт­доо       хүрч чад­сан байна. Харин гэмт хэргийн гаралт нэ­мэгдэх хандлагатай гар­лаа. Ялангуяа, хулгай, замын хөдөлгөөний аюул­гүй байдлын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, цагдаа­гийн хэлтсийн удирдлага ойр­хон хэд, хэдэн удаа со­лигдсон. Хоёрдугаарт, аймагт гарах гэмт хэргийн тоо шалт­гаангүйгээр өсч байна. Гуравдугаарт, ма­най аймгийн нутаг дэвс­гэрээр улсын чанартай гурван засмал зам дайран өнгөрдөг, хүн ам ихээр төвлөрч, зам харилцаа хөгжиж буй нь шалтгаан болж байгаа бололтой. Тэр дундаа Орхон, Дархан-Уул аймгуудтай ойр байдаг учраас нөлөөлсөн гэж дүгнэж байна.

-Гэмт хэргийг буу­руулахад ямар ажил санаачлан хэрэгжүүлж байна. Гэмт хэрэгтэй тэм­цэхэд иргэдийн оролцоог ашигладаг аймгийн нэг байх аа?

-Аймгийн Гэмт хэр­гээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй  хамтран ажил­лах төлөвлөгөө гаргалаа. Ялангуяа, зам тээврийн осол, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, малын болон орон байрны хулгайн хэр­гийг бууруулах чиглэлээр нэлээд ажил төлөвлөсөн. Тухайлбал, улсын чанар­тай зам дайран өнгөрдөг Рашаант, Хутаг-Өндөр, Дашинчилэн суманд авто замын иж бүрэн пост барьж, хяналтын камер байршуулах шаардлага байна. Гэхдээ манай цагдаагийн байгууллага хэрэгтэй байна гээд гараа тосоод суух эрхгүй. Чадах хэмжээндээ санаачлагаа ажил болгож байна.  Олон нийтийн эргүүл гаргах, малчдын бүлгэм байгуулах жишээтэй. Иргэд өөрс­дийг нь гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажилд дайчлах нь түүний тойрон хүрээлэгчдэд давхар сургамж болох учиртай. Цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг идэвхтэй оролцуулах болно. Аймагтаа  иргэдэд үйлчлэх хоёр төвийг барихаар боллоо. Газрын асуудлыг нь ИТХ-ынхан шийдэж өгнө гэсэн. Харин байр барих төсөв санхүүг нь шийдэж өгөөч гэж аймгийн удирдлагуудаас хүссэн байгаа. Хэрхэн шийдэх юм бол, бүү мэд. Гэхдээ дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл аймгийн удирд­ла­гууд маань цагдаагийн байгууллагаа дэмжин ажил­ладаг учраас сэтгэл­дээ итгэл дүүрэн явна.

-Цагдаагийн шинэчлэл иргэдтэй харилцах ха­рилцаанаасаа эхэлнэ гэсэн. Танай хэлтсийнхэн энэ саналыг биелүүлж байна уу?         

-Шинэчлэлийн Зас­гийн газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бод­лого, зорилтыг дэмжиж, цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, ёс зүйн талаар манай хэлтсийнхэн анхаарч байна. Цагдаа­гийн хэлтсийн дарга О.Ганбат ажлаа хүлээн авснаас хойш албан хаагч­дын ёс зүй, зан харил­цаанд анхаарч байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал, 106 тоот утсаар цагдаагийн байгууллагын үйлчилгээ, алба хаагчтай холбоотой санал гомдол авч байна.  Цагдаагийн албанд санал гомдолтой иргэд өөрсдийн биеэр ирээд учир зүйгээ хэлэх боломжтой. Үүнээс гадна албан хаагчдынхаа дунд харилцааны соёл, ёс зүйн сургалт явуулж байна. Сургалт маань маш өгөөжтэй боллоо. Ямар үед иргэдийн санал, гомдлыг “тэвчих”, ямар үед зүй ёсны шаардлага тавих вэ зэргийг нарийвчлан ойл­гуулж өгсөн гэхэд болно. Ер нь цагдаагийн алба хэцүү гэдгийг ард түмэн мэднэ. Архи уугаад  гэртээ агсам согтуу тавиад байна гэсэн дуудлагаар очоод зүй ёсны шаардлага та­вихаар “Буруу харилцсан. Харилцааны соёлгүй” гэж гоочлуулна. Гэхдээ зарим талаар зүй ёсны шаардлага тавьсан ч гэсэн бидний хэдэн цаг­дааг буруутгах тал ажиг­лагддаг. Тэглээ гээд манай хэлтсийнхэн гомдож ту­нирхдаггүй.  Гүйцэтгэх ажлаа хууль ёс, дүрэм журмынх нь дагуу гүй­цэтгэж байна. Цааш­даа ийм сургалт хэрэгтэй. Алба хаагч нарт сургалт ус, агаар мэт хэрэгтэй зүйл байжээ гэдэг нь анзаа­рагдаж байгаа. Сургалт болсноос хойш алба хаагч нарын ажлын бүтээмж сайжирч сэтгэлгээнд нь өөрчлөлт орсон байна. Ажлын үзүүлэлт, хурд нь ч сайжирч байх жи­шээтэй.

-Сумдад байгаа салбар нэгжийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, чадавх­жуу­лахад хэр анхаарч байна вэ?

-Сум дахь цагдаагийн хэсгийг тасаг болгох, албан хаагчдын тоог нэмэх зайлшгүй шаардлага бол бий. Тодруулбал, сум дун­дын дөрвөн цагдаагийн хэсгийг тасаг болгох нь чухал. Учир нь манай сумдын зай харилцаа хол учраас нэгэнд нь гарсан гэмт хэргийг мөрдөж шалгахаар бишгүй зам туулж байна. Гэхдээ гэмт хэргийг гарсны дараа биш гарахаас нь өмнө урьд­чилан сэргийлэх учиртай. Энэ утгаараа орон тоо нэмэх, хэсгийг тасаг бол­гон өөрчлөх төсөв санхүүг нь шийдэж өгөөч гэж ЦЕГ-ын удирдлагуудаас хүссэн.  Удахгүй хүсэл­тийг маань авч хэлэлцнэ гэсэн мэдээ байна. Түү­нээс гадна манай сумын цагдаа нарт унааны асуу­дал жаахан хүнд. Үүнийг маань ойлгоод Орхон,  Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Бугат, Хялга­нат тосгоны удирдлагууд сумдын цагдаа нарыг унаагаар хангахаа амалсан. Ер нь манай аймгийн 16 сумын 10-д нь цагдаагийн кабон барьсан байна.

-Орон нутгийг камержуулах санаачилга тань биелэлээ олсон уу ?

-Цагдаагийн хэлтсийн даргын санаачлагаар Бул­ган хотыг камержуулах асуудлыг аймгийн удирд­лагууд шийдэж өгсөн. Энэ ондоо багтан аймгийн төвд 86 камерийг байр­шуу­лахаар болсон. Төсөв, мөнгийг батлаад өгсөн байгаа.

-Цагдаагийн албан хаагч­дын ажиллаж амьд­рах орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хан­гахад хэр анхаарч байна?

-Ар гэр нь тайван ам­галан бол албан хаагчдын ажлын бүтээмж өндөр бай­даг. Амгалан тайван гэдэг маань санаа зовоох асуудалгүй байх учиртай. Энэ утгаараа албан хаагч­дынхаа нийгмийн асууд­лыг шийдэх, ажил мэр­гэжлээр нь мэргэшүүлэх чиглэлд анхаарч байна. Аймгийн Онцгой байдлын газартай хамтран 25 айлын орон сууц барихаар боллоо. Ингэхдээ хоёр талаасаа чадах хэмжээн­дээ төсөв цуглаад барьж байна. Одоо­гоор барилгын бэлт­гэл ажил явагдаж байна гэх үү дээ. Түүнээс гадна хэлтсийн ажилчдын ха­луун ус, сауныг шинээр барьж ашиглалтад оруулсан байна.