
Л.ЭНХТУЯА
Хаврын урь орохтой зэрэгцээд цас ханзарч, салхи шуурга дэгддэг нь байгалийн араншин. Хуурайшилттай энэ улиралд гал түймрийн аюул ихэсдэг. Улсын хэмжээнд 2013 оны эхний гурван сарын байдлаар 1062 обьектийн гал түймэр гарч таван тэрбум гаран төгрөгийн хохирол учирч 20 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтсэн байна. Өөрсдийн болон бусдын хайхрамжгүй байдлаас 474 өрх гэр оронгүй болжээ. Энэ хугацаанд Онцгой байдлын хамт олон амь насаараа дэнчин тавьж 354 хүний амь нас, 19.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж чаджээ. ОБЕГ-аас гаргасан тайлангаар обьектийн түймрийн тоо өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэгдүгээр сард 30.5 хувь, гуравдугаар сард 19.2 хувиар тус тус өссөн, хоёрдугаар сард 9.5 хувиар буурчээ. Гал түймрийн тоо өссөн ч хохирлын хэмжээ буурсан байна.
Түймэр та бидний хайхрамж, хяналтгүй, хариуцлагагүй байдлаас болж гардаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй үйлдлээс болсон тухай баримтыг Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан хэлж байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга:
ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ
-Ой хээрийн түймрийн давтамж хэр их байна вэ?
-Манай орны хувьд сүүлийн таван жилд 494 удаа ой, хээрийн түймэр гарч 8.2 сая га ой, бэлчээр шатаж байгаль экологид 85.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан мэдээ байна. Энэ нь жилд дунджаар 2.7 сая га талбай шатаж, 28.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн үг. Түймрийн давтамж, хохирол жилээс жилд ихэссэн байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүх түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй.
-Бид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байсан бол ой мод, бэлчээрээ түймэрдэхгүй байж болох л байж дээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас гэдгийг нь баталсан түймрийн эзэн холбогдогч нь олдсон, хохирол барагдуулсан нь хэд байдаг вэ?
-Ой, хээрийн түймрээс үүссэн хохирлыг тооцох, тогтоох ажлыг Ойн тухай хууль болон Засгийн газрын 254 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулдаг. Түймэр тавьсан эзэн нь тодорхой 269 хэрэг байдгаас 12 хэрэгт эрүү үүсгэсэн байдаг.
-Түймрээс байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлүүлэхээр тухайн шатны Засаг даргын томилсон комисс нэхэмжлэл гаргадаг юм байна. Орон нутгийн комисс хохирлын үнэлгээ үнэн зөв гаргадаг зэрэгт эргэлзээ байдаг уу?
-Байгаль орчинд учирсан хохиролыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байдал хангалтгүй байгаа. 2011 онд 127, 2012 онд 201 ой хээрийн түймрийн материалд хэрэг үүсгэхээс татгалзсан байх жишээтэй. Бид энэ асуудлаар байнга мониторинг хийж, хяналт тавьдаг.
-Яам нэхэмжлэгчээр оролцдог болох шаардлага байгаа байх?
-Амьдрал баян учир байнга л шинэ нөхцөл байдал урган гарч байдаг. Байгаль орчны хуулийн орчны шинэчлэл хийж байгаа ч дахин сайжруулах, шинэчлэх шаардлага байдаг.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ойн түймэр хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар:
ОЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛТЭЙ НУТГИЙН БАГАГҮЙ ХЭСЭГ НЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА
-Он гарснаас хойш ой, хээрийн түймэр хэдэн удаа гарсан бэ?
-Өнөөдрийн байдлаар ойн түймэр гараагүй. Харин хээрийн түймэр 18 удаа гарсан. Үүнээс болж 20.3 мянган га бэлчээр шатсан байна.
-Улсад эдийн засгийн болоод экологийн хэр хэмжээний хохирол учраад байна?
-Түймрээс үүссэн хохирлыг тогтоох ажил хийсээр байгаа. Одоогийн байдлаар түймрийг унтраахад 23.9 сая төгрөгийн зардал гарсан урьдчилсан мэдээ байна.
-Яг өнөөдрийн байдлаар түймэртэй газар байгаа юу?
-Байхгүй. Өчигдөр Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг цурманд оруулсан байна.
-Ой хээрийн түймрийн шалтгааны 95 хувь нь хүний буруутай үйлдэл гэсэн. Тодруулаач?
-Нийт гарсан ой, хээрийн түймрийн шалтгааныг гурав хувааж болохоор байна. Иргэд ахуйн хэрэглээнээс үүссэн үнс нурмаа бүрэн унтраалгүй, ил задгай хаядаг. Аж ахуйн зориулалтаар тариалалтын талбай бэлтгэхдээ өвс шатаадаг. Энэ галаа хянаж чадалгүй алддаг. Мөн түүнчлэн иргэдийн ашиглаж байгаа техникийн бүрэн бус байдлаар болж яндангаас гарсан очноос үүсдэг.
-Ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажлууд хийж байна?
- Өнөөдрийн байдлаар ойн түймрийн эрсдэлтэй нутгийн 20 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Бид түймэр гараагүй гэж сэтгэл тайвшраад суугаагүй. Орон нутгийн шат бүхэнд Засаг даргаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж байгаа.
-Түймрийн тухай мэдээлэл худалдаж авах урамшууллын тогтолцоо байгаа юу?
-Түймэр гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна гарсан тохиолдолд маш хурдан мэдээлэх, цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Гэтэл манай иргэд энэ тухайгаа тэр дор нь мэдээллэх зориггүй. Үүнээс болж түймэр улам газар авч, хохирлын хэмжээ ч ихэсдэг. Мэдээллийг урамшуулах тогтолцоо байгаа. Нутаг нугын нэгнээ хэлэхгүй гэдэг ч юм уу, айж эмээдэг байдлаас болоод мэдээлэл ирдэггүй. Урамшууллын тогтолцоог гэрчийг хамгаалах зэргээр улам боловсронгуй болгох шаардлага бий.