Б.УРАН
Нэг сая орчим төгрөгтэй л бол гадаадад аялаад, гахай шувууны мах идэж үзээд, ирээд бусаддаа гайхуулах тун амархан болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд олон улсын аялал жуулчлалын бизнес эрчимтэй хөгжиж байна. Манайхан ч дэлхийн олон улс руу аялаж, зугаалах болж. Нэг талаар энэ нь сайн хэрэг, харин нөгөө талаар эрсдэл ихтэй зугаалга. Яагаад эрсдэл ихтэй гэхээр манай улсын аялал жуулчлалын хууль, эрхзүйн орчин тун бүрхэг хэвээр байна.
Монголд ирэх гадаадын жуулчдын тухай ярихаас биш гадаад руу зорчиж буй монгол иргэдийнхээ тухай мартчихсан гэсэн үг. Жилд хэдэн хүн, аль улсад хамгийн ихээр зорчиж, хэдэн төгрөг манай улсаас гадагшилж байгаа тухай мэдээлэл Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаадын харилцааны яамны алинд нь ч алга. Өөрөөр хэлбэл энэ салбарын мэдээлэл тун бүрхэг бололтой. Олон улсын аялал жуулчлалын харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг учраас монгол жуулчдын эрх зөрчигдөх асуудал удаа дараа гардаг. Харин тэдний гомдлыг бүрэн шийдвэрлэсэн нь үгүй. Тиймээс бид тур операторуудын хүлээх хариуцлага, гадаад дахь монголчуудын эрх ашиг сэдвийг хөндөж байна. Юуны өмнө олон улсын аялал жуулчлал манай оронд ямар байдалтай байгааг тоймлон хүргэе.
ГЭРЧИЛГЭЭ АВСАН 700 ТУР ОПЕРАТОР БАЙНА
Аялал жуулчлалын компаниудыг ангилж, зэрэглэл тогтоох ажлыг Монголын аялал жуулчлалын холбооноос хийдэг. Одоогийн байдлаар гэрчилгээ авсан 700 гаруй тур оператор байдаг аж. Эдгээрээс зарим нь гэрчилгээ авсан ч үйл ажиллагаа явуулдаггүй, зарим нь зөвхөн гадаадаас жуулчин авчирдаг байх жишээтэй. Монголчуудын ихэвчлэн зорчдог нь Азийн орнууд. Тодруулбал, Малайз, Сингапур, Дубай, Хайнань, Чежү, Ханой, Далянь, Бээжин, Хонгконг, Макао, Шанхай, Тайланд, Турк, Утай Гүмбэн, Вьетнам, Филиппин гэх мэт. Аяллын үнэ өртгийн хувьд ч боломжийн. Ихэнх аялал нэг сая 500 мянган төгрөгт багтдаг. Энэ бол нэр бүхий томоохон тур операторуудын санал болгодог үнэ. Харин хувь хүмүүс үүнээс ч бага төлбөрөөр гадаадад аялуулна гэх зар хаа сайгүй бий. Гадаадад аялах жуулчлалын хэлбэр олон юм. Аялал зугаалгын байхаас гадна эмчилгээ, бизнес, мөргөл, шашин, сексийн гэх мэт. Ихэнх аялал 4-5 хоног байх ба авч явж байгаа компани нь зочид буудал, өдрийн гурван хоол, автобус, үзвэрийн төлбөр, хөтөч, тийз, даатгал зэргийг үйлчилгээндээ багтаадаг. Тур операторуудын хувьд тухайн улсын аялал жуулчлалын компанитай хамтын ажиллагаа сайн байх шаардлагатай. Аялагчдын сэтгэл ханамж, аюулгүй байдлыг хангахад хүлээн авсан компани нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр бүр гадаадад зорчоод байдаггүй монгол жуулчин тухайн аяллыг өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч байхад, нүд тайлсан, юм мэдэх хүмүүс нь сэтгэл дундуур үлддэг гээд аялалтай холбоотой асуудал олон гардаг. Энэ бүхнийг эс тооцон зөвхөн жуулчны эрхийг харь оронд хэрхэн хамгаалдаг талаар энд хөндсөн юм. Тур оператор компаниуд энэ асуудалд хамгийн их хариуцлага хүлээх учиртай.
АМИА АЛДСАН НАСТНЫ ХЭРЭГТ ЭРҮҮ ҮҮСГЭЭГҮЙ
Тур операторынх нь хариуцлагагүй байдлаас болж монгол жуулчны эрх харийн оронд зөрчигдсөн хэд хэдэн тохиолдол гарсан билээ. Тэдгээрээс нэлээд ноцтойд тооцогдох нь өнгөрсөн жил өрнөсөн үйл явдал. “Монгол туургатны бахархал дэлхийн академи” хэмээх аялал жуулчлалын компани Чингэлтэй дүүргийн 52 ахмадыг Бээжин хотоор долоо хоног аялуулах хөтөлбөртэйгөөр авч яваад Хятадын талын хамтрагч байгууллагадаа төлбөрөө төлөөгүй байснаас болж дээрх иргэд тус улсад барьцаалагдаж байв. Өдрийн ганцхан хоолтой, яг л шоронд байгаа мэт өдөр хоногийг өнгөрөөж байсан тэдгээр буурайгаас нэг нь хүний нутагт харамсалтайгаар амиа алдсан юм. “Монгол туургатны бахархал дэлхийн академи” гэх компани нь Чингэлтэй дүүргийн хороод дээр “Эрээн, Бээжин хотоор долоо хоногийн турш аялахад ердөө 360 мянган төгрөг. Үүнд өдрийн гурван хоол, байрны зардал гээд бүх зүйл багтсан. Хорооны ажилд идэвхитэй оролцдог, улсдаа хийж бүтээсэн зүйлтэй ахмадуудад ийнхүү хөнгөлөлттэй үнэ үзүүлж байна. Хэрэв хорооны дарга нь таван хүн хамруулбал өөрийг нь үнэгүй авч явна” гэх зэргээр сурталчилж байжээ. Ингээд Чингэлтэй дүүргээс 2000 гаруй өндөр настнууд бүртгүүлж, мөнгөө төлсөн байна. Тэдний хувьд одоо найдваргүй компаниар зуучлуулан харийн орныг зориогүйдээ баярлаж суугаа байлгүй. Энэ хэрэг тэгээд л замхарсан. Гадны нөлөөтэй нас бараагүй тул хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж Цагдаагийн байгууллагаас тайлбарлаж байна. Жуулчдынхаа эрхийг зөрчсөн үйлдэлдээ “Монгол туургатны бахархал дэлхийн академи” хариуцлага хүлээгээгүй. Монгол жуулчид гадаад улсад саатуулагдаж, хонгилд хоол ундгүй хоносон удаах тохиолдол саяхан гарсан. “Женко тур”, “Нью трэйвэл”, “Жуулчин” компаниудын шугамаар БНСУ-ын Чежү аралд очсон 224 монгол жуулчнаас долоо нь тус улсын шалган нэвтрүүлэх газар саатуулагдсан. Тухайн үедээ агаар орох цонхгүй хонгилд хоол ундгүй хоригдож байгаагаа тэнд байсан иргэд фэйсбүүк, твиттерээр дамжуулан мэдэгдэж байв. Өөрсдийг нь аврахыг гуйн тусламж хүсч байсан юм. Тэр саатуулах газрынх нь ханан дээр монгол жуулчдын бичиж үлдээсэн олон баримт байсныг н.Энхдэлгэр гэх эмэгтэй хэвлэлийнхэнд дамжуулж байлаа. Харин энэ хэрэгт тэд өөрсдөө буруутай гэсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргаснаар асуудал дууссан. Саатуулагдсан иргэдийн заримыг нь БНСУ-д орох эрх нь хязгаарлагдсан, заримынх нь аяллын зорилго тодорхойгүй, бичиг баримтын зөрчилтэй болох нь тогтоогдсон тул аяллын компаниуд буруугүй гэж мэдэгдэж байв. Жуулчныхаа аяллын зорилгыг тодорхойлоогүй, бичиг баримтынх нь зөрчлийг нягтлаагүй, зөвхөн ашгаа түрүүлж харсан оператор компаниуд мөн л хариуцлага хүлээгээгүй юм.
ЖУУЛЧДЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ
Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийг уншигч та нэг хараарай. Хэдэн ч удаагийн засвар, нэмэлт өөрчлөлт орсон юм бүү мэд. Харахад л нүд эрээлжлэм. Хаягдсан, цоорсон зүйл заалтын талаар ярих ч хэрэггүй. Энэ салбарын харилцааг зохицуулах учиртай ганц хууль нь зөвхөн нэг талыг барьсан дутуу хууль гэдэгтэй холбогдох албаныхан нь санал нийлж байна. Тодруулбал, Монголын нутаг дэвсгэр дээрх аялал жуулчлалтай холбоотой асуудлыг л зохицуулдаг. Гадаадад аялахаар явсан монгол жуулчид төр, засагт хамаагүй. Тэд хамгаалал хүртэх эрхгүй гэсэн үг. Тэгэхээр улайм цайм мөнгийг нь луйвардаж, гадаадад аваачин төөрүүлж, тонон, бэртэж гэмтээн, амь насыг нь хөнөөхөөс бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж цагдаагийнхан тайлбарласан нь аргагүй юм. Тэгэхээр тав тухыг нь алдуулсан, саатуулсан, хоол ундаар үйлчлээгүй гэх мэт үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Магадгүй бусад хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдууллаа гэхэд торгуулийн хэмжээ нь инээд хүрмээр бага. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын хууль нь хүртэл зөвхөн Монголын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүрээнд үйлчилдэг гэж Хүний эрхийн үндэсний комиссынхон учирлаж байна. Гэхдээ тэд хуулиараа явна гээд гадаадад байгаа монголчуудаа тоохгүй орхиж чаддаггүй гэнэ. Гэвч манай улсын хууль тогтоомжийн энэхүү ойлгомжгүй, учир дутагдалтай байдал нь монгол хүний үнэ цэнийг хэрхэн үнэлж байгааг тодорхой харуулж байна. Зөвхөн аялал жуулчлалаар харь орныг зорьсон төдийгүй гадаадад байгаа нийт монголчуудын эрх ашиг энэ сэдвээс улбаалан хөндөгдөхөөр боллоо.
Үргэлжлэл бий