Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2001 оноос эхлэн улс орны эдийн засгийн хөгжил, улсын төсөв бүрдүүлэхэд оруулж буй аж ахуйн нэгжүүдийн хувь нэмрийг үнэлж жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж ирсэн бөгөөд шалгаруулалтын үзүүлэлт, хамрах хүрээг өргөтгөн 2011 оноос ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах болсон билээ.

ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг тэмцэл, санал санаачилга, үр дүн зэргийг голлон авч үздэг.

2012 онд дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр ТОП-150 аж ахуйн нэгжийн шилдэгээр  “Сод Монгол Групп”  ХХК шалгарлаа. .  

“Сод Монгол Групп”-ын хувьд өнгөрсөн жилүүдэд ТОП-100-д тогтмол шалгарч ирсэн бөгөөд тухайлбал 2001- 2012 онд тогтмол шилдэг амжилтаа батлаж тэргүүн эгнээнд шалгарсаар ирсэн билээ.  Мөн түүнчилэн  2006-2008 онд Монгол улсын Найдвартай татвар төлөгч компаниар, 2011 онд Монгол улсын Манлай-20 татвар төлөгчийн нэг, Нийгмийн хариуцлагатай топ-10 компаниар тус тус  тодорсон. 

Энэ бүх амжилтад тус компанийн удирдлага, менежер, инженер техникийн ажилтнууд болон жирийн туслах ажилчдын маань олон жилийн нөр их хүч хөдөлмөр, итгэл сэтгэл шингэсэн байдаг төдийгүй хэрэглэгчид  болон байнгийн үйлчлүүлэгчидийн маань хамтын амжилтийн үр дүн хэмээн бид дүгнэдэг билээ.  

Тус групп өнгөрсөн 2012 онд нийт 5,7 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, 170 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн орон нутгийн шатахууны хангамжийг сайжруулах зорилгоор орчин үеийн техник технологи бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах ачиж буулгах  цогцолборыг байгуулах төслийг Дорноговь аймгийн Сайншанд сум, мөн  Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд,  орчин үеийн үйлчилгээний шаардлага хангасан шатахуун түгээх станцууд байгуулах төслийг Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь аймгууд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Шалгуур үзүүлэлтүүдээс “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажил, үр дүн” хамгийн чухалд тооцогддог. Энэ ч утгаараа нийгмийн эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд зориулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан нь 2012 оны онцлох бүтээн байгуулалтуудын нэг болж чаджээ.