
Б.ЭНХЗАЯА
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хорооллын” гэгдэх худалдааны төвүүдийн барилгыг улсын комисс хүлээж аваагүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болов. Ялангуяа “Тумбааш” худалдааны төвийг зөвшөөрөлгүй баригдсан гэх. ОБЕГ-аас өнгөрсөн саруудад нийслэл даяар худалдаа, үзвэр үйлчилгээний байгууллагуудад гамшгийн үеийн бэлэн байдал болон галын аюулгүй байдлыг шалгасан билээ. Шалгалтын үеэр “Тумбааш” худалдааны төвийн барилгын хийц загварыг өөрчилснөөр галын аюулгүй байдлыг хангах хууль дүрмийг зөрчиж, ослын үеийн зам гарц хангалтгүй байгааг дүгнэж захиргааны хариуцлага ногдуулжээ. Мөн төвийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээж аваагүйг мэдсэн байна. Тэгвэл улсын комиссын зөвшөөрөлгүй барилга эдүгээ 10 гаруй жил ажилласан болж таарах нь. Олон арван түрээслэгч, үйлчлүүлэгч гэнэтийн ослын үед хэрхэн хамгаалагдах гарцгүй үйлчлүүлсэн байж. Барилга зөвшөөрөлгүй олон жил болсны учир юунд байна.
ОРОСУУД НЭГ ДАВХРААР НЬ АШИГЛАХ ЗОРИУЛАЛТААР БАРЬЖЭЭ
Хорооллын дэлгүүрүүдийн сууринд нийтийн аж ахуйн үйлчилгээний томоохон салбар 1990-ээд онд эрчимтэй ажиллаж байсан гэдэг. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжих үеэр энэ салбар татан буугдаж, барилга байшин нь хувийн мэдэлд шилжсэн байна. Ингэснээр одоогийн хорооллын дэлгүүрүүд сүндэрлэж эхэлсний анхных нь “Тумбааш” юм. Уг төвийн газрыг анх УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар эзэмшилдээ авч 1997 оны арваннэгдүгээр сард “Тумбааш” хэмээх нэг давхар худалдааны төвийн үүд хаалгыг нээж байсан аж. Түүнийг уг худалдааны төвийн ачаар хөл дээрээ боссон учир “Тумбааш Батбаатар” хэмээн хочилдог юм билээ. Тэрээр эвтэй дөрвөн амьтныг бэлгэдэж уг нэрийг өгсөн гэдэг бөгөөд Б.Батбаатарын ах дүү найман хүний гараар дамжсан гэх. Харин 2000 оны эхээр худалдааны төвийг өргөтгөх ажил эхэлсэн байна. Энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагууд уг төвийг өргөтгөх боломжгүйг удаа дараа анхааруулж байжээ. Учир нь уг барилгыг оросууд нэг давхраар нь ашиглах зориулалттайгаар барьсныг учирласан юм байна. Гэвч эзэд нь сендвичин материалаар барина, даац хэтрэхгүй, сууринд нь даралт өгөхгүй, аюулгүй хэмээн тайлбарлаж байж. Шаардлагыг тухайн үед эс тоон, өргөтгөснөөр улсын комисс хүлээж аваагүй бололтой. Олон арван түрээслэгчид нь ч түрээсээ төлсөөр ирсэн боловч тэднийг гэнэтийн осол хүлээж буйг мэдээгүй нь лавтай. Б.Батбаатарын үед энэ байдал босоогүй нь ч аз болжээ. “Тумбааш” төвийг өргөтгөсөн үеэс зэргэлдээх дэлгүүрүүд дууриан бүгд л өргөтгөлийн ажлыг хийсэн байна.
“ТУМБААШ” ОДОО “НАЧИН ЗААН” КОМПАНИЙН МЭДЛИЙНХ
Б.Батбаатар 2012 оны сонгуульд нэр дэвших үеэрээ “Тумбааш” худалдааны төвөө зарсан гэх мэдээлэл цацагдаж байв. Гэвч тэрээр аль эрт буюу зургаан жилийн өмнө “Начин заан” компанид шилжүүлжээ. Учир нь түүний дүү хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулж мөнгө хүүлэхээр санаархсан ч дампуурч их хэмжээний өр төлөөсөнд унасан нэгэн. Дүүгийнхээ өрийг дарахын тулд хороолол дахь худалдааны төвөө зарсан болохыг эх сурвалж хэлэв. Ямартаа ч “Тумбааш” Б.Батбаатарын чихийг халууцуулахгүйгээр зарагдаж.
Нийслэлийн А зэрэглэлд зөвшөөрөлгүй сүндэрлэх төв 100 гаруй түрээлэгчтэй. Анхнаасаа улсын комисс хүлээж авах боломжгүйгээр өргөтгөсөн барилгад худалдаа эрхэлж буй хүмүүст багагүй зовлон учирсаар байдаг бололтой. Тухайлбал, өргөтгөлийн босоо баганууд үйлчилгээ явуулахад саад болдог байна. Хоёр давхрын түрээслэгчдэд нар салхи үздэггүй, дусаал гоожиж барааг нь бохирдуулдаг гэнэ. Хамгийн гол нь “Начин заан” компанийнхан эзэмшилдээ авснаас хойш түрээсийн үнэ тэнгэрт хадсныг дуулгав. Тэдний хэлж буйгаар худалдааны төвүүд ам метрээр түрээсийн үнийг тооцдог байхад “Тумбааш”-ийнхан плита бүрийн тоогоор түрээсээ төлдөг байна. Нэг плитанд ногдох талбайн үнэ 140 мянга. Түрээслэгч дунджаар нэг сая орчим төгрөг төлдөг гэнэ. Иргэдээ түрээсийн мөнгөөр дарамтлахаас биш стандартын шаардлага хангаагүй байранд үйлчилгээ явуулж буйгаа тэр бүр тоодоггүй бололтой. Бүр энэ жилээс дахин өргөтгөх болсноо түрээслэгчдэд мэдэгдээд сураггүй болжээ.