Х.ХУЛАН

Аймгийн ИТХ-ын дарга С.Буджавтай ярилцлаа.

 

-Ирэх дөрвөн жилд аймгийнхаа хөгжлийг хэрхэн харж байгаа вэ. ИТХ-аас барих гол бодлого нь юу байх вэ?

- Иргэдээ бүтээлч, хө­дөлмөрч байлгаж,  орол­цоо, хандлага сэтгэлгээ, бүтээлч чанарыг нь нэмэхэд бид гол бодлогоо дэвшүүлж тавьж байгаа. Ерөөс улс орны хөгжлийн түлхүүр энэ шүү дээ. Энэ хүрээнд олон ажил төлөвлөж байна.

Улаанбаатар, Мандал­говь, Даланзадгад чиглэ­лийн авто зам удахгүй ашиглалтад орно. Энэ зам тэртэй тэргүй манай аймагт хөгжил дэвшил авчирна гэж тооцоолж байгаа. Гол нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Аймгийн ИТХ-аас Дундговь аймагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нэгдсэн бодлого гаргана. 

-Дундговь аймаг өр­сөл­дөх чадвараараа бусад аймгаас сүүл мушгисан байна. Энэ юунаас болж байна вэ?

-Хүн амын худалдан авах чадвар, зах зээлийн хүрээ, хүн ам харьцангуй цөөн гэх мэт үзүүлэлтээс шалтгаалаад байгаа юм. Гэхдээ удахгүй ашиглал­тад орох хар замтай хол­бож ярихад улсын нийс­лэл болон Өмнөговийн уул уурхайн бүс нутгийн дунд манай аймаг оршиж бай­гаа нь биднийг хөгжилд хүргэх нэг давуу тал. Газар гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь  өсч байдаг хөрөнгө. Тиймээс газраар мөнгөний нийлүү­лэл­тийг сайж­руулъя, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татъя гэсэн бодлого барина.  Том том бөөний худал­дааны цэгүүдээ манай аймагт барь. Тэнд Дунд­говиос гадна Өмнөговийн зах зээлийн эрэлтийг хангаг. Өмнөговийнхонд ч тэр нь ашигтай байх юм. Улаан­баатар руу 550 км явснаас 330 км яваад ма­най айм­гаас хэрэгцээгээ хангадаг болчихвол цаг хожино, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Одоо­ноос үр дүн харагдаж байна.

-Яаж тэр вэ?

-Эрдэмтдийн су­далснаар Дорноговь, Төв, Дундговь, Өмнөговь бол нарны идэвхижилт хам­гийн сайтай, сэргээгдэх эрчих хүчний үйлдвэрлэл явуулахад хамгийн бо­ломж­той цэг гэсэн. Бусад бүс нутагт тэр эрэлт хэ­рэгцээ нь байгаа ч газрын хомсдол байна. Тиймээс ч манай аймгаас газар хүсч байгаа юм. “30 мегаваттын нарны цахилгаан станцыг танай аймагт барья” гэж байна. Манай аймгийн эрчим хүчний нийт хэрэгцээ 3,7 мегаватт. Тэгэхээр 30 мегаваттын нарны цахил­гаан станц бариад Улаан­баатар, Ман­далговь, Таван­толгой гэсэн эрчим хүчний том цахилгаан дамжуулах агаа­­рын шуга­мыг ашиг­лаж, Өмнөго­вийн бүс ну­тагт эрчим хүч нийлүүлье гэсэн са­наач­лага гарч ирж байгаа юм. Үүнийг барихад 160 сая ам.доллар зарцуу­лах юм билээ. Бид ямар нэг хориг саад тавил­гүйгээр үүнийг 100 хувь дэмжиж байгаа. Тэр хэм­жээгээр ажлын байр бий болно, бараа бүтээг­дэхүү­ний эргэлт сайжирна. Аялал жуулч­лал түүнийг дагал­дах то­моо­хон үйлчил­гээ­ний газ­рын сүлжээг ч байгуулна.

 -Анхдугаар хурлаасаа хойш хийсэн хамгийн том ажил юу байна вэ?

-Аймгийн ИТХ-ын дарга гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх зөвлө­лийг зохион байгуулдаг. Энэ хүрээнд бид өнгөрсөн гурван жилийн гэмт хэрэг зөрчлийн мэдээлэлд дүг­нэлт хийсэн. Дундговьд гарч байгаа гэмт хэргийн 50 хувь нь архинаас үүд­сэн байгаа юм. Тиймээс “Архигүй Дундговийн тө­лөө хамтдаа” аяныг өн­гөр­сөн гуравдугаар сарын 10-наас эхэлж бүх сумандаа өрнүүлсэн. Бид зөвхөн хууль тогтоомжийг сурталчлах биш, хүмүү­сийг соён гэгээрүүлэх ажил хийж байгаа. Энэ аяны гол зорилго нь тө­рийн албан хаагчдын ха­риуцлагыг өндөржүүлэх. Аймгийг авч явдаг гол масс нь төрийн албан хааг­чид. Тиймээс төрийн ал­бан хаагчид ажлын бай­рандаа архи уусан тохиол­долд ажлаас шууд халах арга хэмжээ авъя гэж бай­гаа. “Архигүй Дундговь” аяны цаана эрүүл Дундговь болж, хурд­тай хөгжье гэсэн логик байгаа юм. Архины борлуулал­таар манай аймаг ул­сад гуравт орж байна. Энэ аяны ард их гоё юм гарч ирж байгаа. Юу вэ гэхээр, “Хэрэв чи сумын Засаг дарга бол, хэрэв чи архи­дан согтуурахтай тэмцдэг албан тушаалтан юм бол танд тийм бизнес байх ёсгүй” гэдэг шаардлагыг тавина. Гэтэл манай зарим суманд Засаг дарга нь өөрөө архины бизнестэй байгаа юм. Зөвхөн архин дээр биш, уул уурхай дээр ч гэсэн адилхан байхгүй юу. Хэрэв чи сумыг хөг­жүүлэх гэж байгаа бол тэрийгээ л хий. Бизнесээ хийх гэж байгаа бол ажлаа өг, төрд хүн олдоно гэх ёстой.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчид өөрсдөө манлайллыг бий болгох хэрэгтэй байна. Ажлаа хийсэн шиг хийдэг байх хэрэгтэй. Цалингаас цалингийн хооронд биш, нэг санаачлагаас өөр нэг  санаачлагын хооронд, нэг бүтээлч ажлаас өөр нэг бүтээлч ажлын хооронд ажиллах ёстой. Энэ улсыг, энэ аймгийг хөгжүүлье гэсэн сэтгэл, сэтгэлгээ нь бусдаас илүү байх ёстой. Тэр ч утгаараа миний бие өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэдэг санаачлага гаргасан.

-Бусад аймагт ч гэсэн ИТХ нь иргэдээ чадав­хижуулах тал дээр нэлээд анхаарал хандуулж байна. Аймгийнхаа бодлогыг тодорхойлоход ч гэсэн дөхөм гэж үзэж байна?

-Аймгийн ИТХ-ын дарга болоод миний са­наачилсан нэг зүйл юу вэ гэхээр, Дундговь аймгийн хүний үнэлэмжийг дээш­лүүлье гэж байгаа юм. Иргэнийг хөгжүүлэх айм­гийн бодлого гэдгийг энэ жилдээ багтааж гаргана. Гурван чиглэлээр иргэдээ хөгжүүлнэ. Нэгдүгээрт, оюун сэтгэлгээний хувьд, хоёрдугаарт орлогожуулах бүх талын санал сэдлийг өрнүүлье. Санхүүгийн то­дорхой чадавхитай байж л  хөгжлийн асуудлыг ярина шүү дээ. Гуравдугаарт нь иргэдээ соёлжуулна.

-Иргэдээ яаж орлого­жуулах юм бэ?

-Яаж орлогожуулах вэ гэхээр, хамгийн нэгдү­гээрт түрүүний хэлсэн, ялангуяа аймгийн төвийн иргэд бол энэ авто зам дагасан жижигхэн ч ха­маагүй бизнес хийх ёстой. Хоёрдугаарт, ашиг ба­гатай, байгаль орчин, бэлчээрийг сүйтгэсэн уул уурхай эрхлүүлэхгүй гэсэн  хатуу бодлого барьж бай­гаа. Харин томоохон, дэл­хийн хэмжээнд үнэлэг­дэхээр нөөц бүхий үйлд­вэрүүдийг харин ихээхэн дэмжинэ. Тэгээд заримыг нь орон нутгийн өмчит компани болгоё, тодорхой хэсгийг нь иргэддээ хувь­цаа болгож өгье гэж бай­гаа.

Тухайлбал, манай Хулд суманд жоншны би­чил уурхай бий. Бичил уурхай бол эдийн засгийн хувьд үр ашиггүй, таван мет­рээс гүнд ухаж болох­гүй, зөвхөн гараар олбор­лолт явуулдаг уурхайг хэлдэг шүү дээ. Гэтэл энэ уурхайг 50 метр ухчихсан, том экскаватор 20-30-аараа орчихсон байна. Гео­логичид энд дор хаяж 30 жил хэрэглэх нөөц бай­на гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ энд хэнд ч лиценз байхгүй, орон нутгийн тусгай эзэмшилд авчихсан уурхай. Ийм газруудыг бид орон нутгийн өмчит компани байгуулж 51 ху­вийг нь өөрсдөө эзэмшиж, 19 хувийг нь иргэдэд өөрсдөө хувьцаа болгоод үлдсэнийг нь дэлхийн зах зээл дээр IPO босгоод заръя гэж байгаа.

-Олборлолт хийж бай­гаа хэрнээ нутгийн иргэд нь ямар ч ашиг хүрт­дэггүй, хариуцлагагүй үйл уул уурхай Говь-Угтаал сумын Хараатын ордоос эхлээд байна. Эдгээрийг цэгцлэх бодлого боловс­руулсан уу?

-Үнэхээр арвин нөөц­тэй, эдийн засгийн хувьд үр ашигтай эргээд ард иргэдэд үр өгөөжтэй, дээр нь тухайн нутгийн ард иргэд зөвшөөрсөн уул уур­хайг л бид  дэмжинэ. Дээр нь байгаль орчины тал дээр нэг хатуу шаардлага тавьж байгаа. Тухайн уурхайгаасаа нэг бол хар зам, нэг бол төмөр зам тавь гэж. Ихэнх нь Чойр руу татна гэж байгаа. Шаард­лага хангаагүй үйлдвэ­рүүдийг энэ дөрвөн жилд ажиллуулах сонирхол алга.

-Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжлээ. Иргэдээсээ санал асууж байж төсвөө зарцуулна гэж байгаа. Хүмүүсээс ямар санал ирж байна вэ?

-Саяхан манай аймагт дөрвөн яамнаас хүмүүс ирээд хэлэлцүүлэг хийхэд иргэд асуудлыг эрэмбэлж байна лээ. Хамгийн нэгдүгээрт, гэр хорооллыг дэд бүтэцтэй, амины орон сууцтай болгох хэрэгтэй байна гэсэн. Ядаж л орчин үеийн хүн юм бол гэртээ бие засчихдаг, халуун усанд орчихдог болъё оо л гэж байгаа юм. Энгийн хэрнээ энэ их зөв шаардлага. Бид тэрийг нь хангах ёстой. Гэртээ л тав тухтай амь­даръя л даа гэж байна. Хамгийн анхдагч хэрэг­цээгээ л нэхэж бай­гаа юм. Том, том бүтээн байгуу­лалт ярихаасаа илүү иргэ­дийн өөрийнх нь Үндсэн хуульд заасан тэр ая тухтай аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж өгөх хэрэгтэй. Цаашлаад ху­вийн орон сууцтай болж, моргейжийн зээлд хам­рагдаж болно. Мэ­дээж, иргэдээр хэлэл­цүүлсэн хэлэлцүүлээгүй боловс­рол, эрүүл мэнд, халам­жийн чиглэлийн төрийн ажил тасралтгүй, хамгийн нэгдүгээрт тавих явах ажил.