Л.ЭНХТУЯА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комис­сын гишүүн П.Оюун­чимэгээр ахлуулсан баг Хөвсгөл аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, үндэстний цөөнхийн эр­хийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаад ирсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэл дуулгав. Монгол Улсын Хүний эрхийн Үн­дэсний комисс 2003 оноос эхлэн “Үндэстний цөөнх цаатан иргэдийн эрхийн хэрэгжилт”-ийн асууд­лаар судалгаа явуулж, орон нутгийн удирдлагад төлөөллийг оролцуулах, эрүүл мэндээ хамгаалуу­лах нөхцөл боломжийг сайжруулах, ядуурлыг буу­руулахад анхаарал хан­дуулж ирсэн байна. “Бид Монгол Улсад аж төрж байгаа үндэстний цөөнх иргэдээ цаатан гэж нэрлээд хэвшчихсэн. Уг­таа тэд Тува үндэстэн юм. Тэднийг цаа маллаж амь­дардаг ажил хөдөлмө­рийнх нь онцлогоор ингэж нэрлэж байгаа нь зо­химж­гүй хэрэг. Тэд ч үүнд их дургүйцдэг” гэж хүний эрхийн үндэсний комис­сын ажлын албаны дарга Г.Золжаргал тодотгож бай­лаа. Хурлын үеэр ба­гийн ахлагчаас дараах тодруулгыг авлаа.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг:

АЛБАН ХААГЧИЙН УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨР ХАРИУЦДАГИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

 

-Тува иргэнд хандсан олон улсын төсөл хөтөл­бөрийн хэрэгжилтэнд хя­налт тавьсан уу?

-Энэ бол маш чухал асуудал. Үндэстний цөөн­хийн тухай мэдээлэл, үйл ажиллагаа дэлхий ний­тийн анхаарлыг татдаг байдлыг ашиглах сонир­холтой хүмүүс олон байна. Ганцхан жишээ хэлье. Цагааннуур сумын тайгад жуулчид болон кино групп очиж тува иргэдийн ажил амьдрал, нүүдлийн тухай зураг авалт их хийж байна. Үндэстний цөөнхийн ту­хай мэдээллийг нийтэд хүргэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зураг авал­тад зориулан шаардлага­гүй нүүдэл хийлгэж хүнд­рэл учруулдаг атлаа иргэ­дийн мэдлэггүй байдлыг ашиглан ямар нэгэн урам­шуулал өгдөггүй тохиол­дол ч байна.

-Мэдлэггүй байдлаа­саа болж хохирох төдийгүй буруудах тохиолдол ч байдаг уу?

-Цагааннуур сумын гурван иргэн галт зэвсэг хэрэглэн танхайрсан хэр­гээр цагдан хоригдсон байна. Энэ бас л тэдний мэдлэггүй, мэдээлэлгүй байгаатай холбоотой. Галт зэвсгийн тухай хуулийн ямар ч ойлголт тэр хүмүүст байхгүй байх жишээтэй.

-Хөвсгөл аймагт хүний эрх ноцтой зөрчсөн то­хиол­дол байна уу?

-Улаан-Уул сумын харьяат иргэн эмэгтэйг залилангийн хэрэгт гүт­гэн, хилсээр хорьж, таван жил ажил амьдралыг нь хохироосон байна. Манай байгууллага энэ иргэний өмнөөс төлөөлөн нэхэмж­лэл гаргаж шүүхэд ханд­сан. Шүүх шалгаж үзээд иргэнд 65 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Энэ нь бидний иргэнийг төлөөлсөн 20 дахь хэрэг бөгөөд хамгийн өндөр нөхөн олговор ол­гуулсан тохиолдол юм.

-Нөхөн олговрын 65 сая төгрөгийг яг ямар хохиролд нь олгосон төлбөр юм бэ?

-Иргэн Д.Энхмандах хилсээр гүтгүүлж, 68 хоног хоригдсон. Энэ хугацаанд үр зулбасан. Үүний дараа­хан болсон шүүх хурлын үеэр байнга босоо байс­наас мэс заслын оёдол нь задарч, эвэрхийтэй болсон байдаг. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож бо­лохгүй атал ажиллаж бай­сан сургуулийнх нь захи­рал ажлаас нь халсан. Энэ бүх нөхцөл байдлаас болж хүүхэд нь сургуулиасаа завсардсан зэргээр маш их хохирсон.

-Хэргийг хариуцсан мөрдөн байцаагч, гүтгэсэн тал, шүүх, ажлаас халсан албан тушаалтан гээд олон л буруутан байна. Мөнгөн төлбөрийг яг хэн барагдуу­лах вэ?

-Төрийн албаны тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах ёстой. Гэхдээ энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн албан хаагчийн хариуц­лагын тогтолцоо ийм сул байхад иргэнийг хохироох үйлдэл гарсаар л байх болно.