Д.БОЛД

Манай улсад байга­лийн усны нөөцийг ху­римт­луулах төс­лүүдийг хэрэгжүүлэх  зайлшгүй  шаардлага бий. Томоохон голууд дээр бороо, цас, үерийн усыг цуглуулаад бага, дунд, том  хэмжээ­ний усан сангуудыг бай­гуулж, үйлдвэрлэл болон  газар тариалан, мал аж ахуйд ашиглах нь эдийн засгийн хувьд ач холбог­долтой. Өнөөдрийн байд­лаар бид  газар тариалан­гийн үйлдвэрлэл, мал аж ахуйд газрын доорхи гү­ний ус ашигладаг. Гүний ус ашиглах нь зардлын хувьд өндөр өртөгтэйгөөс гадна нөөц багасч байгаа. Тиймээс цаашид гүний усаа нөөцөлж  хойч үедээ хадгалах асуудлыг ярих цаг нь болжээ.   Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Ор­хон голд урсацын тохи­руул­га хийх” төслийн тех­никийн албан даалгавар өгөх ажлын хэсгийнхэн Орхон гол дээр ус цуглуу­лах судалгааны чиглэлээр газар дээр нь ажиллалаа. Техникийн албан даалга­вар гарсны дараа Орхон гол дээр боомт байгуулах талаархи судалгаанд шаар­дагдах  3.5 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалтыг  Дэлхийн банкнаас  сан­хүү­жүүлэх юм. Мөн Эр­дэнэт хотын усан хан­гамжийн технологитой танилцав. 

 

НАРАНГИЙН ХӨНДЛҮҮР БООМТ БАЙГУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ ГАЗРЫН НЭГ

 

Аливаа улс өөрийн газар нутаг дээгүүр урсан өнгөрч байгаа усаа ашиг­лах эрхтэй байдаг. Ингэх­дээ нийт усны 10-12 ху­вийг ашиглах олон улсын хууль дүрэм бий. Орхон гол дээр боомт барьснаар нийт усны гурван  хувийг л ашиглах тооцоо судалгаа гараад байна. Орхон гол дээр боомт байгуулах бо­ломжтой хэд хэдэн газар бий аж. Үүний нэг нь Бул­ган аймгийн Хишиг-Өн­дөр сумын нутагт байрлах Хавчуурын аман дахь На­рангийн хөндлүүр юм. Мөн Улаан хунх, Дулаан харын хөндлүүрийг боомт байгуулахад тохиромжтой гэж усны мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Биднийг газар дээр нь очиход дээрх хөндлүүр орчим  галт уу­лын гаралтай базарт чу­луу­тай тул геологи талаа­саа усан боомт бай­гуу­лахад тохиромжтойг илт­гэж байгааг мэргэжилт­нүүд хэлж байлаа.

Усан боомт байгуулна гэхээр голын урсацыг та­салдуулж чиглэлийг нь өөрчилнө гэсэн үг биш. Хүмүүс голын гольдролыг өөрчилж суваг шуудуу та­тах төдийгөөр ойлгодог нь нууц биш юм. Гол дээр усан сан бүхий байгуу­ламж барьж бороо, цас, үерийн усыг хурааснаар тариалан, мал аж ахуй, унданд ашиглахыг усан боомт гэдэг. Боомт бай­гуулж, усан санд ус ху­римт­луулснаар усны түв­шин буурч, багасахгүй харин ч гантай жилүүдэд хэвийн урсах боломжоор хангагдаж байгаа юм. Ор­хон гол дээр 300 метрийн урт, 70-80 метр өндөр боомт байгуулснаар Орхон го­лын хэвийн урсацыг хан­гаж, усны хуримтлал бий болгоно. Хуримтлалаа орон зайн хувьд шилжүү­лэх хуваарилна. Үүний дараа аймаг дамжуулан ашиглах юм. Сэлэнгэ мөрнөөс секундад 300 шоо метр ус Байгаль нуур руу цутгадаг. Боомт байгуулс­наар үүний  46 шоо метр секунд ус буюу 0,8 хувийг ашиглах тухай яригдаж байгаа юм.

 

ЭРДЭНЭТИЙН ХҮН АМ ӨССӨН Ч СЭЛЭНГЭ МӨРНИЙ УСНЫ НӨӨЦ БУУРАХГҮЙ

 

Эрдэнэт хотыг усаар хангаж, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн асууд­лыг шийдэж чадсан бай­гуу­ламжтай танилцсан юм. ЗХУ-ын үед Эдийн засгийн харилцан туслал­цах зөвлөлийн хүрээнд төрөлжилт хийгээд Орос Монгол хоёр хамтран Эр­дэнэт үйлдвэрийг байгуу­лахаар болж усан хангам­жийн системийн байгуу­ламжийн ажлыг  1972 оноос эхлүүлж байжээ. Усан хангамжийн систем 1976 онд ажилласнаас хойш 37 дахь жилдээ хэ­вийн ажиллаж Сэлэнгэ мөрний усны түвшин хэ­вийн хэмжээнд байна. Тус систем хоногт 58 мян­ган шоо метр ус хуримт­луулж байгаагийн 15 000 шоо метрийг ахуйн усны хэ­рэг­цээнд зориулагддаг. Харин үлдсэн хувийг үйлд­вэрлэл бусад зүйлд ашигладаг байна. Тус сис­тем бүрэн хүчин чад­лаараа ажиллавал хоногт 108 мянган шоо метр ус хуримтлуулах чадалтай. Одоогоор 50 хувийн хүчин чадлаа ашиглаж байгаа аж.

Эрдэнэтийн усан хангамжийн байгуу­ламжид усны нөөц, нэв­чилт, уур­шилт зэрэг бүх талын судал­гааг 2003-2006 онд ОХУ, Голланд, Мон­гол эрдэмтэд хамтран хий­жээ. Энэ су­дал­гааны хү­рээнд Эрдэнэ­тийн уулын баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, устай холбоотой тооцоолол, усан хангам­жийн шинэчлэл, систе­мийг боловсронгуй болгох санал дүгнэлт гэсэн үндсэн дөрвөн зүйлийг шийдсэн байдаг.

Энэ систем Эрдэнэт үйлдвэрээс 63 км-ийн зайтай байрладаг. Сэлэнгэ мөрний дагуу хоорондоо 83 метрийн зайтай  14 худаг бий. Усны гүн 43 метр. Хамгийн их ашиглалтын ундрага нь 100 литр секунд гэж тогтоожээ. Ус цуглуу­лах талбай нь голын дагуу 2300 метр газрын доогуур уртаашаа 1000 метр юм. Усны түвшингийн буурал­тыг тооцох нь хамгийн  чухал үзүүлэлтийн нэг. Тухайлбал, 12 цооногийг 22.00-06.00 цагт ажиллуу­лахад ундарга нь 1200 литр/сек аж.  Энэ нь 20 сая гаруй шоо метр ус юм. Ийм ундаргаар усыг ава­хад түвшингийн бууралт таван метрээр буурч бай­жээ. Энэ нь нөхөн сэргээх чадвар өндөр байгаагийн илрэл юм. Анхны тоо­цоонд 16-23 метр буурахыг зөвшөөрсөн байдаг аж. Гэхдээ одоогоор 5.5 мет­рийн бууралттай байгаа учраас санаа зовохгүй байж болох юм байна. Эрдэнэт хотын байранд амьдардаг нэг хүн хоногт дунджаар 230 литр ус хэрэг­лэдэг гэж тооцдог байна. 80 мянган хүн ам хоногт 22000-25000 шоо метр ус хэрэг­лэдэг аж. Харин үйлдвэр­лэлд 45.900 шоо метр ус хэрэглэдэг бол нийт 68000 шоо метр болж байна. Су­дал­гаа хийж байх үед хүн амыг 2024 он гэхэд 93000 болно гэж үзэж усны хэрэг­лээг 74.4 00 шоо метр бай­хаар тооцоо гаргажээ. Усны хэрэгцээ ихэссэн ч Сэлэн­гэ мөрний урсац, нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.