Залуу хуульчдын Хос дэнс клубын тэргүүн А.Гантамир өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьж, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүсэлт, Сонгуулийн Ерөнхий хороо, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нарт шаардлага хүргүүллээ.

Тэрбээр Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн С.Батболд нарт  Чингис бондоор юу хийсэн, гадаад дотоодын өр, авлагын тухай тус бүр гурван асуулга хүргүүлсэн бол МАН-ын дарга Ө.Энхтүвшинд тавьсан шаардлагадаа “...танай нам Хүүхэд залуучуудын ордныг нийслэлийн мэдэлд хүлээлгэн өгөх ба ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр 800 гаруй сая төгрөгөө барагдуулсан эсэх мэдээллээ нээлттэй болгох, төлөөгүй бол хэзээ төлөх тухай хариу өгөх...”, “...Лениний музейг хэрхэн өөрийн мэдэлдээ авсанаа нээлттэй зарлах ёстой. Бид энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулан, хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаардах болно.... ” гэжээ. Харин УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хандан “Үлэг гүрвэлийн үзмэртэй болцгооё” хандив цуглуулах хөдөлгөөнийг дэмжин Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн мэдээллийг ил тод болгох хүсэлт гаргажээ. Залуу хуульчид Сонгуулийн Ерөнхий хороог Сонгинохайрханы дахин сонгуулийг хүчингүйд тооцож, дахин явуулахыг шаардлаа. Тэдний шаардлагыг нь хүлээн авч, арга хэмжээ авахгүй бол Үндсэн хуулийн цэц, зохих байгууллагад хандана гэлээ.