Д.Сүрэн

Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/,  “Оюу толгой” компанийнхан өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд хамтран "Амьдрал бэлэглэе” нэртэй донорын хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаараа мэдэгдсэн юм. Хүмүүнлэгийн сайн үйлсийн аяны хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагатай гэгддэг бизнесийн байгууллагууд, ялангуяа олон зуу, мянган ажилтантай уул уурхайн салбарын ажилтан, албан хаагчид бусдын амь насыг аврах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд нэгдэж цусаа өгч донорын эгнээг өргөжүүлэхээр болжээ.

МУЗН нь Донорын тухай хууль, эрүүл мэндийн холбогдох бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран Монголын нийт хүн амын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх сургалт, сурталчилгааны  ажлыг төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонтой хамтран өөрийн байгууллагын сүлжээгээр дамжуулан үндэсний хэмжээнд зохион байгуулж иржээ.

2000 онд 10845 донортой байсан бол энэ онд донорын тоо хоёр дахин нэмэгдэж цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гурав дахин өссөн тооцоо судалгаа байдаг ч Монгол улсын хүн амын өсөлт, нийгэм   эдийн засгийн хөгжпийн хурдацтай холбогдон цус цусан бүтээгэдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Тухайн улс орон цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангахын тулд хүн амынх нь гурван хувь нь цусаа өгдөг байх ёстой гэж ДЭМБ, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зөвлөдөг. Энэхүү зөвлөмжөөр манай улсад даруй 80 000 орчим донор хэрэгтэй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 20 853 донор цусаа өгсөн нь хүн амын дөнгөж 0,8 хувьтай тэнцэж байгаа нь донорын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага ямар их байгааг харуулж байна.

Өнгөрсөн жил цусаа өгсөн 20 853 донорын 15 295 буюу 73.9 хувь нь Улаанбаатар хотод цусаа өгчээ. Хөдөө орон нутагт 5405 донор өгсөн ба нийт донорын 83 хувийг 17-39 насны залуучууд бүрдүүлдэг нь манай улс харьцангуй залуу донортой орон юм.

Та 17-60 насны, 45 кг-аас дээш биеийн жинтэй, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй хэн нэгэн бол донор байх бүрэн боломжтой аж.

Таны өгсөн 450 мл цуснаас гурван хүний эрдэнэт амийг аварна

МУЗН нь “Оюу толгой” компанитай сүүлийн гурван жилд тодорхой ажлуудыг санхүүгийн дэмжлэг өгч хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 2011 оноос Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэх ёслолын ажиллагаанд хамт олноороо цусаа бэлэглэдэг байгууллагыг алдаршуулж урамшуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг уламжлал тогтсон ба өнгөрсөн онд “Та хүний амь нас авхараас бүү татгалзаарай ” сэдвийн дор 45 хоногийн аян зохион байгуулж их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд донорын хөдөлгөөнийг өрнүүлж 954 донор элсүүлсэн байна. Мөн “Оюу толгойн” дөрвөн оффисийн ажилтан, албан хаагчдаас донорын эгнээг өргжүүлэхээр 62 хүнийг донор болгож цусаа хандивлаж байжээ.

Энэ жил бид, “Оюу толгой”-н уурхайн ажилчдаас цус цуглуулах бэлтгэл ажлыг өнгөрсөн сар хагасын турш кемпийн эмнэлгийн хэлтэстэй хамтран нийт ажилчдад энэхүү ажиллагаатай холбоотой зар сурталчилгааг хүргэж сайн дурын авлагагүй цусны донор, донорын цусыг юунд хэрэглэдэг, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээний талаар сурталчилгааг интернэт орчин болох FасеЬоок, цахим хуудсаар өгч сурталчилгааны хэвлэмэл материал тараах, лекцээр мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулжээ. Энэ сарын 22-23-нд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь кемпд цус “нөөцлөх” ажлыг ЦССҮТ-ийн явуулын баг гүйцэтгэх юм.

Дэлхий дахинаа 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг Хүмүүнлэг үйлсийг дэмжигч “Оюу толгой” компани нь сүүлийн гурван жил ивээн тэтгэгчээр дэмжин оролцож бусад бизнесийн байгууллагыг манлайлж байгаа юм байна. Нийгмийн хариуцлагатай “Оюу толгой” ХХК -тай цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэн зурахаар төлөвлөжээ.