Б.ЗАЯА
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Тэд аймгийн тусгай зориулалтын шилжүүлгийн тухай, “Ном”, “Авъяас” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлуулах болон бүтээгдэхүүн үйлчилгээний заавал баталгаажуулалтын ажлын төлбөрийн хэмжээг тогтоох талаар хэлэлцжээ. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” дэд хөтөлбөр батлах, “Дархан-Ус суваг” компанийн ус түгээх хуучин байруудыг акталж, данснаас хасах, аймгийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах талаар санал солилцсон байна. Тэргүүлэгчид аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Боловсрол соёлын газраас санал оруулсан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих соёлын болон нийтийн биеийн тамирын үйлчилгээ үзүүлэх Биеийн тамир, спортын газар, Залуучууд театр, сумдын соёлын төв, номын сан, музей, хүүхдийн номын ордон зэрэг байгууллагын төсвийн хуваарьт хийх зохицуулалт, төсөвт хийх тодотголын саналыг дэмжжээ. Түүнчлэн тус аймагт өсвөр үе, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх, мэдлэгийг баяжуулах “Ном” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжиж буй юм. Дархан-Уул аймгийн хувьд “Ном” хөтөлбөрийн хүрээнд номын сан, музейг байртай болгох шаардлагатай байгаа аж. Номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлснээр номын фонд 10 мянга буюу 0,6 хувиар өсч, хүүхдүүд ном унших, номыг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадварт ахиц гарахыг мэргэжилтнүүд онцлов. Харин орон даяар хэрэгжиж буй “Авьяас” хөтөлбөрийн төлөвлөгөөнд холбогдох албан тушаалтнууд Дархан хотын хүүхэд багачууд спорт, математикийн хичээлийн амжилтаараа улсад тэргүүлдэг байсан амжилтыг сэргээж IQ сэтгэн бодолтын, математикийн хичээлийн сонгоныг чанартай хичээллүүлэх, олимпиад уралдаан зохион байгуулах ажлыг хийх шаардлагатай гэлээ. Тухайлбал, номын сайн нөхрийг урамшуулах орон нутгийн шагналын сантай болох, ном солилцоо бий болгох хэрэгтэй гэсний дагуу баталжээ. Хурлын үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж буй өнөөгийн байдал, аймгийн орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн 2012 оны тайланд өгсөн аудитын дүгнэлтийн тухай ч мөн хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын цол, одон медальд уламжлах талаар ярилцаж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” дэд хөтөлбөр батлах асуудлыг буцаав. Учир нь аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараагаар Тэргүүлэгчдийн хурлаар оруулах юм байна. Дархан-Уул аймагт Япон улсын буцалтгүй тусламжаар Дархан сумын V, VI багийн нутаг дэвсгэрт төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд шинээр ашиглалтанд орж буй юм. Тиймээс “Дархан-Ус суваг” компанийн ус түгээх есөн худгийг актлах, Дархан сумын ЗДТГ-ын соёлын төвийн барилгыг актлуулах саналыг оруулж, дэмжлэг авчээ.