Б.ТҮШИГ

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленкотой ярилцлаа.

 

-Виктор Васильевич, манай хоёр орны харил­цаанд жилээс жилд бен­зин, шатахуун нийлүүлэл­тийн асуудал босч ирдэг. Манай орон эдгээр бү­тээг­дэхүүнийг бараг 100 хувь ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. Урин цаг ирж барилга, газар та­риалан, уул уурхай гээд хаа сайгүй их ажил өрнөх гэж байхад тус компани манай улсад нийлүүлэх бүтээгдэхүүнээ 20 хувиар бууруулахаар болсон. Мэдээж “Рос­нефть” бол хувийн ком­пани. Гэхдээ юуны учраас тэр вэ?

-Юуны өмнө шатахуун нийлүүлэлтийг хоёр орны Засгийн газар хоорондын ч юм уу, салбар хоорондын  ямар нэг хэлэлцээрээр зохицуулдаггүй гэдгийг хэлмээр байна. Тийм гэ­рээ хэлэлцээр манай хоёр орны хооронд байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ асууд­лыг ний­лүүлэгч, ху­далдан авагч компаниуд л хоорондоо ярилцан шийддэг.

Үүнийг хамгийн тү­рүүнд хэлэх нь зөв байх.

Оросоос Монголд ша­тахуун нийлүүлдэг хэд хэдэн компани байдаг. Тэдгээрээс Монголын талд илүү ашигтай санал тавьдгаараа “Роснефть” үнэхээр зонхилох байр суурь эзэлж байна. Өмнө нь Монголын тал “ТНК-BP”, өөр бусад компаниу­даас ч шатахуун, тослох материал авдаг байсан. Тэгэхээр шатахуун ний­лүүлэлтийн хэмжээ, үнэ зэрэг нь улс төрийн бус компани хоорондын аж ахуй, бизнесийн талын асуудал гэж болох юм.

Би “Роснефть” Мон­голд нийлүүлэх шата­хуу­ны хэмжээгээ 20 хувиар бууруулсан тухай хэвлэ­лээс уншиж байсан ч энэ тухай Оросоос албан ёсны баталгаажуулсан мэдээ­лэл аваагүй. Хамгийн сүүлд би өнгөрсөн жилийн намар “Роснефть” шата­хууны нийлүүлэлтээ 29 хувиар өсгөх тухай албан ёсны мэдээлэл авч байс­наа харин санаж байна.

Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-д “Евро-2” стандартын бензин үйлдэрлэж, бор­луу­лахыг бүрэн хориг­лосон. Хамгийн чанар муутай, октан багатай бензиний стандарт гэвэл “Евро-2” шүү дээ. Ер нь сүүлийн хэдэн жил манай улсад илүү өндөр стан­дартын “Евро-3” бүтээг­дэхүүнд шилжихийн тулд нефть боловсруулах үйлд­вэрүүдийг шинэчлэн то­ног­лох үйл явц өрнөсөн.  Үүнтэй уялдуулан “Рос­нефть” бусад ижил төр­лийн ихэнх компаниудын адил А-80 бензин үйлд­вэрлэхээ бүрэн зогсоосон. 

-А-80 бензиний үйлд­вэрлэл, экспортоо зог­соос­ноор “Роснефть” ком­панийн манай улсад ний­лүүлэх шатахууны хэмжээ буурч байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм гэж би баттай хэлж чадахгүй ч ямар нэг хэмжээгээр энэ хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна.  Урьд нь А-80 бензин авдаг байсан бол одоо А-92-оос доошгүй октантай бензин л авах болж байна шүү дээ. Өөр нэг тэмдэглэх зүйл гэвэл “Роснефть” болон Мон­голын худалдан авагчдын хооронд урт хугацааны гэрээ байдаггүй, нийлүү­лэлтийг захиалгын дагуу гүйцэтгэсээр ирсэн. За­хиал­гаар шатахуун ний­лүүлэхэд нэг асуудал бай­даг юм. Захиалга авахад бензин байвал өгнө, байхгүй бол юугаа өгөх вэ дээ, тийм үү.  Дэлгүүрт ороход талх байвал ав­чихна, байхгүй бол хоосон гараад явдагтай л адил. Мөн тухайн үед ямар үнэтэй байна, тэр үнээр нь авахаас өөр аргагүй шүү дээ. Энэ бол зах зээлийн зарчим.

-Монгол-Оросын хам­тар­сан аж ахуйн нэгж дотроос аль ч талаараа хамгийн чухал нь Улаан­баатар төмөр зам. Тус төмөр замын үйл ажил­лагаа ямар байгаа бол?

-УБТЗ 2011, 2012 онд муугүй ажилласан. Харин одоо ачаа тээвэр­лэлтийн хэмжээ  багасч, ашиг орлого ч буурч эхэллээ.

-Яагаад тэр вэ?

-Энэ нь юуны түрүүнд Монголын уул уурхайн зарим компани олбор­лолтоо зогсоох юм уу, багасгасантай холбоотой.  Жишээ нь, Хятад руу тээ­вэрлэдэг төмрийн хүдрийн хэмжээ багассан. Өөр нэг шалтгаан гэвэл 2012 он болон энэ оны эхний гур­ван сард Мон­голоор өн­гөр­дөг транзит тээвэрлэлт тогтмол  буур­саар ирлээ. Энэ бүхэнд янз бүрийн шалтгаан байгаа байх. Гэхдээ миний бодлоор гол шалтгааны нэг гэвэл УБТЗ-д иж бүрэн цогц шинэчлэл хийхгүй бол дэндүү хуучирч үйл ажил­лагаагаа орчин үеийн түв­шинд гүйцэтгэхэд хүнд­рэлтэй болсонд байгаа болов уу.  Бид энэ тухай аль 2008 оноос ярьж ир­сэн.  Талууд ийм асуудал тулгарсныг хүлээн зөвшөөрч байгаа ч хийсэн бодит ажил тун хомс. 2009 онд УБТЗ-ын ОХУ-ын талын хувьцааны багц “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгт шилжсэн юм. Үүний дараа “РЖД” УБТЗ-ыг шинэчлэх на­рийчилсан хөтөлбөр бэлд­сэн. Өөрөөр хэлбэл, хойд хормойноосоо авч урд хор­мойгоо нөхөх бус жин­хэнэ орчин үеийн тээвэр­лэл­тийн шугам болгох маш далайцтай шинэчлэ­лийн үйл ажиллагаа явуулахыг эрмэлзсэн.  Бид ийм хөтөл­бөрийг Монго­лын талд танилцуулахад бэлэн бай­гаа ч одоогоор тийм бо­ломж олдсонгүй.

-Учир нь?

-Монголын талаас ма­най хөтөлбөртэй танилцан биднийг сонсч, УБТЗ-ыг өөрчлөн байгуулах шийд­вэр гаргах хүсэл тэмүүлэл төдийлөн ажиглагдахгүй  байна.

Энэ замыг 60 гаруй жилийн өмнө барьсан. Гэтэл одоо хүртэл замын зарим хэсэг модон дэр модтойгоо л байна. Дэлхий даяар тусгай төмөр бетон дэр хэрэглээд удаж байгаа шүү дээ. Түүнчлэн одоо нэг км-ийн урттай цул рельс хэрэглэдэг болсон. Хуучин маш богино рель­сүүдийг залгадаг байсан. Галт тэргээр зорчиход “Түг түг, түг түг” гэх нь сон­согддог доо. Залгааснууд дээр тэгж дуугарч байна гэсэн үг. Урт цул рельсийн даац илүү сайн байдаг. Галт тэрэгний тээж явдаг ачааны жин эрс өсөөд байгаа . Урьд нь ихэвчлэн өргөн хэрэглээний бараа таваар зөөдөг байсан бол одоо хүнд жинтэй төмрийн хүдэр, нүүрс, мод , бензин шатахуун зэргийг тээвэр­лэдэг болж байна. Энэ төмөр замд илүү ачаа­лал өгч байгаа нь тодорхой.

ОХУ УБТЗ-ын хамт­ран эзэмшигчийн хувьд тулгамдсан зарим асууд­лыг түнштэйгээ ярил­цан шийдэж эхэлсэн. “РЖД” Монголын талтай хамтран хамгийн их ачаалалтай 200 гаруй км төмөр замын хэсэгт засвар хийсэн.  Зам зогсвол ямар ч орлого байх­гүй, алдагдал хүлээнэ шүү дээ.

Хоёр тал 2010 онд УБТЗ-ын дүрмийн санг өсгөхөөр тохиролцсон бө­гөөд 2012 оны хоёрдугаар хагаст талууд нэмэлт хө­рөнгөө байршуулж дуус­сан юм. Тэрхүү нэмэлт хөрөнгийг төмөр замын дэвсгэрийг бүрэн солиход зарцуулах гэж байгаа. Тө­мөр зам саадгүй ажил­лахад хамгийн гол нь дэвс­гэр буюу хөрсөн суурь, дэр, рельс зэрэг нь юуны түрүүнд найдвартай байх ёстой шүү дээ.

Түүнчлэн УБТЗ урьд нь зүтгүүр түрээслэдэг байсан. Ихэвчлэн ОХУ-ын Зүүн-Сибирийн төмөр замаас. Түрээсийн мөнгө төлнө гэдэг үрэлгэн шүү дээ. Иймд манай тал өөрийн хөрөнгөөр 37 зүтгүүр худалдан авч ний­лүүлсэн.  Одоо зүтгүүрийн хэрэгцээ бүрэн хангагд­сан. 30 магистраль буюу гол замын,  долоон манев­рийн буюу сэлгээний зүт­гүүр авсан нь Монголын нөхцөлд бүрэн зохицсон, 50 градусын халуунаас 50 градусын хүйтнийг ч тэсвэрлэх чадвартайн дээр элс, шороогоор шуурахад түүртэлгүй ажилладгаараа онцлог юм.   

-Хоёр орон эдийн зас­гийн салбарт ямар нэг томоохон төсөл эхлүүлэх төлөв байна уу?

-Хамгийн том төсөл бол яалт ч үгүй өнөөх  л УБТЗ-ын бүрэн шинэч­лэл. Хөтөлбөр бэлэн, хөрөнгө ч бэлэн. Гэрээнд гарын үсэг зурах л үлдээд байна шүү дээ. Монголд шинэ чиглэлийн төмөр зам барих тендер зэрэг янз бүрийн эргэлзээтэй төсөлд оролцож байснаас үүн дээр төвлөрөх нь дээр гэж “РЖД” үзэх болсон юм.  

-Та бид хоёрын ярилц­лага төмөр замын сэдэв дээр л их тогтоод байна. Далайд гарцгүй манай орны хувьд өнөөг хүртэл төмөр замын сүлжээгээ бензин шатахууныхаа нэ­гэн адил хойд хөршөөсөө хараат болгочихвол үндэс­ний аюулгүй байдалд аюул­тай гэж манай зарим улстөрч үздэг. Иймд до­тоодын төмөр замын сүл­жээг бүрдүүлэхдээ гурав­дагч орны түнш хайх хэ­рэгтэй гэсэн үзэл их байгаа?

-Энэ асуудалд улс төрийн янз бүрийн өнцгөөс янз бүрээр хандаж болох байх л даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний эрх. Гэхдээ миний бодлоор ийм үзэл бодол гэнэн юм шиг санагдах юм. Юу гэвэл, даяаршлын үед бүх дэлхий нэгдэн нийлж, интеграцчлагдаж байна шүү дээ. Аливаа эдийн засгийн төслийн өртгийг хямдруулах, үр ашгаа дээшлүүлэхийг л нэн түрүүнд тавьдаг болж. Гэтэл бусдаас, тэр тусмаа хөршүүдээсээ зай барих хиймэл алхмууд хийх нь алсыг хараагүй явдал бо­лох вий. Тэр тусмаа төмөр замын салбарт. Хятадыг, эсвэл Оросыг шууд алга­саад Өмнөд Со­лонгос юм уу Япон хүртэл төмөр зам яаж тавих вэ. Үүнийг утга­гүй утопи бо­дол гэж үзэж бол­моор. Бодит байдлаа бодитоор л харъя. Төмөр замыг хаа­шаа ч тавьсан Орос, Хятад хүрээд л тулна шүү дээ. Газар зүйг өөр­чилж бо­лохгүйгээс хойш үүнтэй­гээ уялдсан бодлого явуу­лах шаардлагатай.

Хараат байдлын ту­хайд гэвэл УБТЗ-аар тран­зит тээвэрлэлт нэмэгдэж байвал Монголд яаж муу­гаар нөлөөлөх билээ. Тран­зит тээвэрлэлтээс олох ашиг нэмэгдэх тусам Мон­­голд л сайн баймаар юм.

Яг одооных шиг асууд­лыг тойроод шинэчлэлийн ажлыг хойшлуулах тусам ашиг хажуугаар урсаад байна гэсэн үг. Цаг алдах тусам УБТЗ-аас өөр марш­рутаар тээвэрлэлтээ хийх сонирхол улам бүр ихсэх нь ойлгомжтой. Орос, Хя­та­дын транзит тээ­вэрлэлт өөр марш­ру­таар хөвөрч эхэлбэл УБТЗ-ын ач холбогдол улам бүр буурах болно.

Саяхан л гэхэд БНХАУ-ын Урумчи хо­тоос Киргиз, Узбекис­танаар дамжин Казахстан, Оросын төмөр замтай хол­бох төмөр зам барихаар болчихлоо. Ингэхдээ хя­тадууд өөрийн нутаг дэвс­гэ­рээрээ хил хүртлээ тавих  төмөр замын хэсгийг 15-20-ийн өргөн царигаар тавихаар болсон.

-Монгол малаар баян. Хөрш зэргэлдээ Сибирийн мужууд манайхаас малын махыг их хэмжээгээр авах хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн. Гэвч энэ тал дээр ахисан зүйл мөн л бага байх шиг?

-Сибирийн бүс нутаг үнэхээр ойр орших Мон­голоос махны хэрэгцээгээ хангах нь ашигтай.  Ийм ч учир 2010 онд Засгийн газрын тэр­гүүнээр ажил­лаж байсан В.Путин Мон­голын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр зарласан юм. Тэрхүү хөтөлбөрийн хү­рээнд Монголд 37 сая тун шүлхийн эсрэг вакциныг 22 ширхэг ариутгах ма­шины хамт үнэ төлбөр­гүйгээр нийлүүлэхээр бол­сон. 2010 оны найм­дугаар сард Монголд шүл­хийн тахал дэгдэж малын бараг тал хувь нь энэ өв­чинд нэрвэгдсэн шүү дээ. Бид хэрэв Монголоос мах­ны хэрэгцээгээ хан­гахыг хүсч л байгаа бол энэ өвчинтэй тэмцэхэд нь туслах ёстойг ойлгож бай­сан юм. Өнөөдөр Мон­голын ихэнх мал, нэн ялан­гуяа шүлхий дэгдсэн голомтуудад вакцинжсан. Үүнд манай Засгийн газар 13 сая ам.дол­лар зарцуул­сан байдаг.  

-Гэлээ ч Монголоос нийлүүлэх махны хэмжээ тоймтой ахисангүй?

-Россельхознадзор гэж Оросын хөдөө аж ахуйн хорио цээрийн газар бий. Энэ байгууллагын төлөө­лөгчид Монголд ирж 18 нядалгаа хийж мах бо­ловсруулдаг газрын ажил­тай танилцан томоохон илтгэл гаргасан. Үнэнийг хэлэхэд ихэнх газарт ду­тагдал илэрсэн. Олон ул­сын эрүүл ахуйн шаард­лага байдаг шүү дээ. Түү­ний дагуу экспортонд гар­гах мах боловсруулахдаа заавал үйлдвэрийн аргаар тусгай зөвшөөрөл авсан газар нядлах хэрэгтэй байдаг. 

Дээр нь хадгалалтын стандарт гэж байна. Үхэр, хонины махыг нэг зоорьт хадгалж болдоггүй юм билээ. Мөн хаанаас хэзээ нядалсан, хаана ямар ху­гацаагаар хадгалсан гээд нарийвчилсан бичиг ба­римт бүрдүүлсэн байх ёс­той гэдэг. Манай хөдөө аж ахуйн хяналтын бай­гуул­лага дээрх шаардла­гуудыг бүрэн хангасны дараа Мон­­голоос мах им­портлох боломжтой гэсэн албан бичгийг өнгөрсөн оны сүү­л­чээр Хөдөө аж ахуйн яаманд явуулсан байна лээ.

Тус байгууллага түүнч­­­­­­­лэн зөвхөн Монго­лоос ястай мах импортлох зөвшөөрөл олгосон. Бусад орноос бол олон улсын стандартын дагуу төрөл­жүүлсэн, гуя, сээр, өв­чүүнийх гээд ангилж сав­ласан махыг л авдаг гэсэн.

Өөр нэг асуудал бол үнэ. Хөрш зэргэлдээ Мон­голоос мах авснаас Ар­гентинаас импортлох нь хямдхан байвал яах вэ. Мэдээж хямдыг нь л авна шүү дээ.

-Москвад манай хоёр их хөршийн төрийн тэр­гүүнүүд уулзсан. Дуул­гаваргүй Монголыг эдийн засгийн аргаар боомилох уулзлалт боллоо гэж дүг­нэх хүмүүс цөөнгүй байна?

-Хятадад тав дахь үеийн удирдагчид гарч ирээд удаагүй байна. Си Жинпин үнэхээр ямар ч өөгүй намтартай, шинэ үеийн шилдэг удирдагч. Орос, Хятадын төрийн тэргүүнүүд 37 маш чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Орост ч, Хятадад ч өөрийн гэсэн ашиг сонир­хол бий. Аль алинд нь өөрсдийн хөрш Монголыг гомдоох санаархал байх­гүй гэдгийг цохон тэм­дэглэмээр байна. Бидний хувьд найрсаг харил­цаа­тай, улс төрийн тогтвортой байдалтай, хөгжин дэвж­сэн Монгол Улс хамгаас чухал.

Орос, Хятадын страте­гийн түншлэлийн тухай баримт бичигт нэг чухал заалт байдаг. Хоёр орны түншлэл аль нэг улсын эсрэг чиглэх ёсгүй гэж.  Япон, аль эсвэл АНУ, тэр тусмаа Монголын эсрэг. Бид Хятадтай Монголоос ч урт газар нутгаар хил­лэдэг. Энэ улстай эдийн засгийн тал дээр сүүлийн жилүүдэд идэвхтэй хамт­ран ажиллаж байна. Хоёр орны худалдааны эргэлт ч огцом өссөөр.

Миний бодлоор Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанаас Монгол хожно уу гэхээс алдахгүй.

-Та сайд байх хуга­цаандаа хөдөө орон нут­гаар нэлээд явсан байх?

-Баруун аймгуудаас Завханд л очиж үзсэн. Түүнээс биш хойшоо Сэ­лэнгэ, урагшаа Өмнөговь, зүүн тийш Дорнод гээд Монголын ихэнх нутгаар очсон. Хаа ч явсан малч­дын гэрээр зочилдог бай­лаа. Баян, ядуу гээд биш­гүй олон  айлаар орсон. Нүүдэлчин малчдын уламжлалт зочломтгой зан сайхан шүү . Ямар хэрэг зоригоор, яах гэж ирсэн тухай асууж лавлахгүй шууд л хоол цай болно.

Энд нэг зүйл хэлэхэд жил бүр ноолуурын худал­даачид гуравдугаар сард малчин айлуудаар явж энэ түүхий эдийг авах талаар тохиролцон мөнгө төгрөгөө өгч авалцдаг. Гэтэл энэ жил худал­даа­чид ирэхгүй байна гэж малчид ярьж байна лээ. Юунаас болж байгаа юм бол доо. Малчдын амь­жир­гаанд ноолуураа зарах нь чухал шүү дээ.

-Та орос хүн. Ер нь загасчилна биз?

-Тэгэлгүй яахав. Үнэ­нийг хэлэхэд хээр талын голд загасчлах нэг л сонин байдаг. Гол дагаад нэг ч мод, бут байхгүй хоосон оргиод л. Харин хойд нут­гийн Орхон, Онон, Сэ­лэнгэд сайхан. Яг л ну­тагтаа загасчилж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг юм.

-Манай орны чухам юу нь танд хамгийн ихээр таалагддаг вэ?

-Хязгааргүй тал нутаг. Монгол газрын нутгийн хувьд дэлхийд хамгийн том нь биш. Харин хүний нүдэнд хамгийн алс хол харагддаг газар бол Мон­гол гэж би боддог. Нүдэнд тэрийх зүйлгүй хязгааргүй тал чухам энд л байна.

Дээр нь би нэг маш  сонин үзэгдлийг ажиг­ласан.

-Тэр нь юу вэ?

-Солонгон үүл.  Со­лонгын долоон өнгөтэй үүл ажиглагддаг тухай өмнө нь би хаа нэгтээгээс уншиж байсан л даа. Харин өөрийн нүдээрээ харна гэж төсөөлж ч явсангүй. Тийм үүл харах сайхан юм билээ. Үгээр илэрхий­лэхийн аргагүй.

Мөн амьтны ертөнц гайхалтай. Халхын голд явж байхад зээрийн сүрэг­тэй таарч билээ. Ямар их зээр вэ гээд намайг дуу алдахад монгол андууд маань харин ч цөөрөөд байгаа юм гэнэ лээ шүү. Машинтай явж байхад чоно хээвнэг зам хөндлөн гарах өөр улс ер нь энэ дэлхий дээр үлдсэн гэж үү.

-Эцэст нь та манай уншигчдад хандан юу гэж хэлэхсэн бол?

-Монголчуудтай уул­заж явахад ЗХУ-ын үед хоёр орны харилцаа ямар сайхан байв аа гэж ярих хүмүүстэй олон ч удаа таарсан. Хуучнаа дурсан санагалзах мэдээж сайхан. Гэвч тэр цаг нэгэнт түүх болон ард үлджээ. Одоо хамгийн гол нь шинэ нөх­цөл байдалд шинээр, нэг нь нөгөөгөө тэтгэх бус жинхэнэ ёсны харилцан ашигтай хамтын ажил­лагааг идэвхжүүлэх хэ­рэгтэй байна. Тийм нөөц бололцоо хоёр оронд хан­галттай бий. Манай улсын хуучны найрсаг анд, хөрш зэргэлдээ Монгол Улс төрийн хувьд тогтвортой байж эдийн засгийн хувьд дэвжин дээшлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч явдгаа эцэст нь хэлье.